Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзулыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор МА ХХК-ийн захирал Ц.Дийн нэхэмжлэлтэй ЭС ХХК-ийн захирал Ц.Нд холбогдох Түрээсийн гэрээний төлбөр болон засан сайжруулсан зардал нийт 50.031.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч МА ХХК-ийн захирал Ц.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МА ХХК нь 2014 оны 11 сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар Алтанбарга ХХК-тай гэрээ байгуулсан юм. Уг компани нь 509 тоот буюу 40м2 өрөөг түрээслэж байгаад 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс 601 тоот 100м2 түрээслэж эхэлсэн. 601 тоот өрөө 100м2 түрээслэхийн тулд Алтанбарга ХХК нь манай компани үүнийг түрээслэхийн тулд эрэгтэй, эмэгтэй 00-ын өрөө шинээр бий болго, сайн чанарын паркетан шал шинээр тавьж өгөх, гэрэлтүүлэг болон хана болгоныг 4 янзын эмульсээр будах зэрэг барилга засварын ажил хийж өгөхийг шаардсан болно. Уг түрээсийн төлбөрт засварын ажлын зардлыг шингээж төлөхөөр тохирсон юм. Уг компани нь 1 жил суусны эцэст түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг төлөхгүйгээр удаа дараа шаардсан боловч манайх жоншны үйлдвэрээ зараад түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг бөөнд нь төлнө гэж удаа дараа хууран мэхэлж байгаад 2016 оны 01 сарын 05-наас хойш сураггүй алга болсон. Иймээс уг компаниас манай компанийн 2014 оны 11 сарын 11 өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх 509 тоот өрөөний түрээсийн төлбөр болох 17,100,000 төгрөг, 601 тоот өрөөний засварын ажлын төлбөр 11,556.000 төгрөг болон түрээсийн төлбөр 21,375,000 төгрөг нийт 50,031,000 төгрөгөөр манай компани хохирч байна. Хариуцагч Ц.Алтангэрэл нь тухайн үед Алтанбарга ХХК-ны бичиг бартимтыг ашиглан гэрээ байгуулсан, Алтанбарга ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан нь тогтоогдсон тул түүнээс байрны түрээсийн төлбөр 38,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Н анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ...Мон-Ар ХХК ба Алтанбарга ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ /Мон-Ар ХХК-г Мон-Ад ХХК болгон гэхчилэн нилээн хэдэн газар үг, үсэг тоо засварласан, тамга тэмдэг огт харагдахгүй байдлаар хуулбарласан г.м/ нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаас хасаж өгнө үү. Мөн миний бие МА гэгчийн нэр болон Ц.Д гэдэг бүтэн нэрийг энэ нэхэмжлэлтэй холбогдуулан мэдэж авч байгаа Мон-Ар ХХК-ний Н.даваа гэдэг хүнтэй гэрээ байгуулж төлбөрийн нийлсэн. Тиймээс миний бие Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль-ийг үндэслэн нэхэмжлэл, төлбөр, тооцоо хуулийн дагуу хийгдсэний дараа төлбөр төлнө. Мөн гэснээр Н.Даваа нь манай оффис доторх бүх эд хөрөнгийг авсан.

Иймд Н.Даваагийн манай компанид учруулсан хохирол болон эд хөрөнгийн байдалд шүүхийн үзлэг хийлгэсний дараа түрээсийн төлбөрийг 11,400,000 төгрөг төлөх тооцоог шийдэх нь зүйтэй гэж байгаа юм гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дүгээр баг, Ганзам 5 дугаар хэсэг 58-31 тоотод оршин суух, ЭС ХХК-ийн захирал Ц.Нээс түрээсийн төлбөр нийт 31,761,638 төгрөг гаргуулан МА ХХК-нд /захирал Ц.Д/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,238,362 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч засан сайжруулсан зардал 1,155,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Алтанбарга ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нээс 316,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шүүх түрээсийн обьектын эзэмшигч, эзэмшигчийн олж буй орлогыг нуух зорилгоор Мон Ар" ХХК, Н.Даваа гэж худал нэр, тамга тэмдэг ашиглан байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ, мөн шинжээчийн дүгнэлтээр няцаагдсан Н.Даваа гэгчийн өөрөө бичсэн гэх 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн түрээсийн гэрээ гэгдэх хуурамч нотлох баримтыг тус тус хууль ёсных хэмээн үнэлэн үндэслэсэн явдал нь хууль дээдлэн хуулинд захирагдах зарчмыг уландаа гишгэсэн явдал болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тов тодорхой заасан байтал эдгээр шаардлагыг хангах бүү хэл түрээслэгч талд нэр, усаа ч зөв хэлээгүй төөрөгдүүлсэн, гэрээг засварласан, нэмж гэрээ бичсэн зэрэг үйлдлийг дэмжиж зөвтгөн Иргэний хуулийн 318.1 дэх хэсгийг журамлан тогтоож байгаа нь Н.Даваа буюу Ц.Д гэгчийн ...шүүх. цагдаа манай ТУЗ-ын гарт..." гэсэн үг ямар үнэн үг гэдгийг нотлон харуулсан явдал боллоо. Үүнд:

1. Хэрвээ шүүх хуульд захирагдсан бол Иргэний хуулийн 318.3 дахь хэсэг дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгчийг солих тухай миний хүсэлтийг хүлээн авах ёстой байсан. Гэтэл түрээсийн объектын эзэмшигч бус болох нь тогтоогдсон, давхар түрээслэгч болохоо нотлоогүй Ц.Д гэгчийг яагаад нэхэмжлэгч гэж үзэх тухай хууль зүйн нэг ч тайлбар хийсэнгүйгээр үл барам түрээслэгчийг нэхэмжлэх гаргах хүртлээ Мон-Ар" ХХК, Н.Даваа гэж төөрөгдүүлсэн ноцтой үйлдлийг нь хууль зүйн ямар үндэслэлээр хэрхэн яаж тайлан МА" ХХК, Ч.Даваадорж гэж тайлан нэхэмжлэгч гэж хүлээн зөвшөөрөх тухай тайлал, тайлбарыг ч мөн хийж тодорхойлсонгүй.

2. Цаашлаад Мон Ар" ХХК, Н.Даваа гэж регистрийн дугааргүй хуурамч тамга дарсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг засварласан болохыг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзах замаар энгийн нүдээр ч илэрхий гараар засварласан гэрээг 509 тоот өрөөг түрээслэсэн түрээсийн гэрээ мөн гэж үнэлэн тодорхойлж үндэслэсэн.

3. Мөн Н.Даваа гэгч бичсэн 2015 оны 1 дүгэр сарын 6-ны өдрийн түрээсийн гэрээ гэгч дээр зурагдсан Ц.Н гэх гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр Ц.Нийн миний гарын үсэг биш болох нь тогтоогдсоор байтал хариуцагч энэ талаар маргаагүй гэж миний гаргасан удаа дараагийн тайлбаруудыг мушгин тодорхойлж, шинжээчийн дүгнэлтийг үл хэрэгсэх замаар уг гэрээг 601 тоот өрөөг турээслэсэн түрээсийн гэрээ мөн гэж үнэлэн тодорхойлж үндэслэсэн. 4. Түүнчлэн нэхэмжлэлийг дэмжихдээ Ч.Даваадоржийн х тайлантай "МА" ХХКомпаний улсын бүртгэлийн бичиг баримтуудыг тоочин дурдах аргаар үйл ажиллагаа явуулж байгаа компани гэж тодорхойлон үндэслэжээ. Зүй нь миний хүсэлтээр цугларсан нотлох баримтуудаас МА" ХХК-иас "ЭС" ХХК-иар рүү бичигдсэн татварын цахим сангийн дахин давтагдашгүй дугаар бүхий түрээсийн нэхэмжлэх бий эсэх. нэхэмжилж буй мөнгөн дүн нь тухайн оны санхүү, татварын тайланд тайлагнагдсан эсэх, Ман Ад" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгч мөн эсэх, тус компанийн татварын албанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь түрээслэсэн гэх обьектын улсын бүртгэлийн дугаартай таарч буй эсэх зэрэг түрээсийн үйлчилгээ явуулсан болохыг нотлох санхүү, татварын албаны бүртгэл дэхь нотлох баримтуудтай тулган шинжилсний үндсэн дээр үнэлэн үндэслэх хууль зүйн зарчим, зохицуулалтыг хэрэгжүүлэх учиртайсан билээ. Ийнхүү түрээслэгч гэгдэх нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл бүрийг гаргасан нэхэмжлэлийнх нь дагуу бүрэн ханган шийдэхдээ миний хохирсон асуудлыг үл хэрэгсэв. Бид түрээслэгч талд хууль ёсны шаардлагад нийцсэн түрээсийн гэрээ байгуулах, татварын нэгдсэн санд бүртгэгдсэн дахин давтагдашгүй дугаар бүхий нэхэмжлэлд үндэслэн төлбөр тооцоог түрээслэгчийн дансанд шилжүүлэх шаардлага гаргасныхаа төлөө компанийн дансанд бүртгэлтэй эд хөрөнгө болон хувийн эд зүйлсээ, хамгийн чухал нь дахин бүрдүүлэх боломжгүй ном, судалгаа. бүртгэлийн бичиг баримтаа Ц.Д гэгчид алдаж хохироод байгаа байдалд шүүх ямар ч тайлбар хийхгүйгээр үл барам процессын хуулийг буруу тайлбарлан хэрэглэх замаар миний сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж намайг олон талаар хохироосон явдалд тун их гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Алтанбарга ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ЭС ХХК-ийн захирал Ц.Нээс түрээсийн төлбөрөө гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан бол хариуцагч нь татгалзлалаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарлажээ.

Дээрх зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан гэж үзэхээр байна.

 

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд түрээслэгчийн нэр Мон Ар ХХК-ийг МА ХХК болгон нилээн хэдэн газар үг үсэг тоо засварласан, хариуцагч гарын үсэг зураагүй байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 509, 601 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар тохижуулан улмаар хариуцагч нь тус хоёр өрөөг тодорхой хугацаанд ашиглаж байгаад ашигласан хугацааны төлбөрөө төлөөгүй, мөн өрөөг өмчлөгчид буцаан хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь өрөөгөө чөлөөлж авахын тулд хариуцагчийн түрээсэлж байсан өрөөнд байсан хариуцагчийн эд хөрөнгүүдийг өөр өрөөнд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангаагүй боловч хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, түрээсийн тооцоо нийлсэн тухай баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 04168 дугаартай нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хариуцагчийн болон зохигчдын шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбар, хүсэлт зэрэг бичгийн баримтаар зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1961.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан тул зохигчдын хооронд Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жуулчны гудамж 37 байр 5 давхарт байрлах, 509 тоот өрөөг 2014 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар ажлын байрны зориулалтаар, 601 тоот өрөөг 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатайгаар тус тус түрээслэх сарын түрээсийн төлбөр 950,000 төгрөг байхаар тохиролцон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан бөгөөд нэхэмжлэгчид тохиролцсоны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчид холбогдуулан гаргасан түүний түрээсийн төлбөр гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зохих дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Н нь удаа дараа хүсэлт гарган шийдвэрлүүлж байсан бөгөөд энэхүү хүсэлтүүд нь хариуцагчийн татгалзал түүнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байсан ба тухайн хүсэлтийг шийдвэрлүүлснээрээ хэргийн ямар үйл баримт, хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үгүйсгэж байгаа талаараа тодорхой тусгаагүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхээс хариуцагч Ц.Нийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь түүнийг цаашид нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж буй явдал биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой бичин жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь хариуцагчид нээлттэй байгаа болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 21-ны өдрийн 596 дугаартай захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН