Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 27

 

Ц.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, хохирогч Ц.Г, шүүгдэгч Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Нд холбогдох эрүүгийн 1835002190144 дугаартай хэргийг хохирогч болон шүүгчдэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг, 28-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОТ78070379, Их тугтан ургийн овогтой Цэнджавын Н.

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч төрсөн дүү Ц.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их тугтан ургийн овогтой Цэнджавын Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Ц.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах””-аар тус тус заан шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ах Ц.Н нь надад авдар хийх материал ав хэмээн 100.000 төгрөг өгсөн ба материал авахаар гарсан.

Гэтэл найзууд тааралдаад архи ууж, ахтайгаа таарч согтуугийн гайгаар агсам тавьж уг хэрэг миний буруутай үйлдлээс болсон. Ахыгаа хэрэгт оруулан гэж бодоогүй, Ц.Г миний бие нь төрсөн ахыгаа өөрийн буруугаас хэрэгт оруулсандаа гэмшин харамсаж байна.

Миний хувьд ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй биеийн байдал сайн байгаа тул ах Ц.Н-г минь ар гэрийн амьдрал нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг өршөөн өөр төрлийн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж гомдол гаргасан” гэжээ.   

Шүүгдэгч Ц.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Н миний бие 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч төрсөн дүү Ц.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдон, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт

зааснаар 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний ээж О нь энэ жил 63 настай, нүдний хараа муутай, зүүн нүдэндээ болор суулгуулсан, мөн нойр булчирхай, хөл, гар нь байнгын өвддөг, өвчин нь даамжирсан үед чичирч, таталт өгдөг учраас миний байнгын асрамжид байдаг.

Өөрөө бие даан амьдрах чадваргүй хүн юм. Миний аав Ц нь 2018 оны 1 сард ходооны өвчний улмаас Улаанбаатар хотод хагалгаанд ороод мөн оны 2 сарын 27-нд хотоос ирээд нэг хоноод нас барсан. Бид эцэг эхээс 6-уулаа бөгөөд би доороо 4 эрэгтэй дүү, 1 эгчтэй. Аав маань нас барах үед 6 сая төгрөгийн зээлтэй байсан бөгөөд сард 510.000 төгрөг төлдөг.

Аавын зээлийг би өдөр шөнөгүй ажил хийж төлж байснаас гадна эрэгтэй дүү нартаа аавын оронд аав болж, зөв амьдруулах гэж хичээж, болохгүй зүйлийг нь хэлж ойлгуулж байсан.

Хохирогч Ц.Г нь миний төрсөн дүү мөн боловч бид нэг гэрт биш тусдаа амьдардаг, Ц.Г нь эхнэр хүүхдүүдийн хамт манай ээжийн хашаанд тусдаа гэрт амьдардаг бөгөөд хувийн байдлын хувьд Ц.Г нь байнгын архи ууж, ар гэртээ агсан согтуу тавьж, гэр бүлийн гишүүдээ айлган сүрдүүлдэг.

Би дүү Ц.Г-ыг урьд өмнө нь байнга зодож дарамталж байгаагүй, ахын хувьд түүний архи ууж, ар гэрээ зовоодог байдлынх нь талаар хэлж сануулж, архи уухаа больж, амьдралаа бод гэж хэлдэг байсан. 2018 оны 6 сарын 15-ны өглөө би дүү Ц.Г-д авдар хийх материал аваад, авдар хийж заран олсон мөнгөө амьдралдаа хэрэглээ гэж 100.000 төгрөг өгсөн.

Гэтэл Г нь миний өгсөн мөнгөөр архи уучихсан согтуу байсан. Би тухайн үед гэртээ харихаар Чандмань явах автобусны буудал дээр зогсож байтал зүс таних залуу надад Гантулгыг архи уучихсан шал согтуу явна гэж хэлэхээр нь би түүнийг гэрт нь аваачиж амраая гэж бодоод очоод '"явъя" гэж хэлэхэд миний үгэнд ороогүй, намайг элдвээр доромжилж эсэргүүцээд байхаар нь ер нь энэ яахаараа дандаа архи ууж, гэртээ ч тэр, гудамжинд ч тэр эхнэр хүүхэд, ээж биднийг зовоож байдаг юм гэж бодож байгаад гэнэт уур хүрээд Гантулгын толгой руу нь нэг удаа цохиод, хавирч унагаагаад хэвлий орчим газарт нь нэг удаа өшиглөснөө санаж байна. Тэгээд л нэг мэдэхэд автобусанд суугаад явж байсан.

Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж гэмшиж дүүгээсээ уучлалт гуйж түүнд учирсан эрүүл мэндийн хохирлыг төлж барагдуулсан.

Одоо миний дүүгийн биеийн байдал сайжирч хэвийн болсон байгаа. Би хувиараа орлого олж, ээжийгээ тэжээн тэтгэхээс гадна олсон орлогоосоо дүүгийнхээ амьдралд мөн боломжийн хирээр тусалж дэмжиж явдаг гэдгийг манай ах дүү нар бүгд мэднэ.

Намайг ингээд ял эдлээд явахаар миний өвчтэй, өндөр настай ээжийг минь харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй, ар гэрийн амьдрал маш хүнд нөхцөлд байна. Гантулта хэдийгээр ойр зуурын ажил хийдэг ч түүний олсон орлого эхнэр хүүхдээ тэжээхээс өөрөөр хүрэлцдэгтүй учраас дээр нь би ажил хийж олсон орлогоосоо илүү гарсныг нь нэмэрлэдэг байсан.

Миний бие нь 1978 онд төрсөн, 40 настай, одоо Улаангом сумын 1 дүгээр багт өөрийн өндөр настай ээжийн хамт амьдардаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэрийн амьдралаа авч явж, олсон мөнгөө ээжийнхээ эм тарианд зарцуулдаг.

Миний ээж Отгонбаяр нь банкинд зээлтэй, мөн эрүүл мэндийн хувьд бие даан амьдрах чадваргүй хүн бөгөөд намайг ял авч хоригдсоноос хойш биеийн байдал нь эрс муудаж, сэтгэл санааны гүн дарамтад орж, байнгын хэвтэх болсон тухай ах дүү нар надтай уулзахдаа хэлж ярьж байгаад миний сэтгэл маш их зовж шаналж байна.

Би Ц.Г-ыг байнга зодож, дарамтандаа байлган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, бид хэдий ах дүү боловч тусдаа өрх гэрт амьдардаг, үргэлж тааралдаад байдаггүй, би хувиараа давс олборлохоор ийш тийш хөдөө явах нь элбэг байдаг.

Урьд өмнө нь намайг дүүгээ зодож дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар цагдаад дуудлага өгч шалгуулж байсан удаа байхгүй, ийм баримт хэрэгт байхгүй.

Гэтэл миний холбогдсон хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлж байгаад гомдолтой байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:” ... шүүгдэгчийн гаргасан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа ба шүүгдэгч Ц.Н нь төрсөн дүүгийнхээ бие, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Шүүгдэгч Ц.Н урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй ба гэр бүлийн хүчирхийллийн аюулын түвшин байхгүй байхад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна.

.......Шүүгдэгч Ц.Нгийн ээж О нь 64 настай, Ц.Н-гийн асрамжид байдаг. Ээжийнхээ зүүн нүдэнд болор суулгуулсан ба нойр булчирхай, хөл гар нь өвддөг мөн тэтгэврийн зээлтэй ар гэрийн байдал хүнд нөхцөл байдалтай байгааг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Нд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/148 дүгаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангасан тул хохирогч Ц.Г, шүүгдэгч Ц.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч Ц.Г, шүүгдэгч Ц.Н нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Ц.Н нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн дүү Ц.Г-ыг зодож, “хэвлийн хөндийд битүү гэмтэл, давсагны урагдал“ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

1. Шүүгдэгч Ц.Н-гийн “...би Ц.Гантулгыг байнга зодож, дарамтандаа байлган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй байхад намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ялласанд гомдолтой байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх гомдлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах эгч, дүү“, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” / цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг “ ойлгоно гэж гэр бүлийн хүчирхийлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Н, хохирогч Ц.Г нар нь нэг хашаанд тусдаа амьдарч байгаа төрсөн ах дүү гэдэг нь тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай субъектүүд мөн “ байна.

Ц.Н нь өөрийн төрсөн дүү Ц.Г-ыг өөрийнх нь эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад хөлөөрөө өшиглөх, газар унагаах, дэвсэх, гараараа толгой руу нь зодох зэргээр биед махбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах цагдаагийн газрын камерийн бичлэг буюу түүнд үзлэг хийж бэхжүүлсэн үзлэгийн “...Ц.Г-ыг 2 гараараа зодож хөөж эхлэхэд Ц.Г нь ертөнцийн зүгээр хойш эргээд зугтаахад Ц.Н хойноос нь хөөж байгаад Г-гыг араас тэвэрч аваад хоёулаа хамт газар унаж Гантулгыг босож амжилгүй 4-н мөчлөсөн байдалтай байхад Ц.Н босож ирээд Ц.Г-ын зүүн хажуунаас эхлээд зүүн хөлөөрөө Ц.Г-ын хэвлий тус газар 1 удаа өшиглөж, дараа нь баруун хөлөөрөө хэвлий тус газар нь 1 удаа өшиглөж, гараараа толгой руу 4 /дөрөв/ удаа, хөлөөрөө 2 /хоёр/ удаа өшиглөж , Ц.Г-ыг дөрвөн мөчилсөн байдалтай байхад нь хөлөөрөө зүүн хавирга хэсэгт нь өшиглөж дээш харуулж унагаагаад хэвлийн доод хэсэгт нь 1 /нэг/ удаа дэвсэж, толгой руу нь гараараа 1 удаа цохичихоод автобусны буудал дээр гараад машинд суугаад явсан байна“ гэх  тэмдэглэл болон хохирогч гэрч нарын мэдүүлэг, Ц.Г-ын биед хүнд гэмтэл учирсан талаар гаргасан шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэсэн нэр томьёог хуульчлахдаа цаг хугацааны хувьд “ байнга зодсон, эсхүл байнгын дарамтанд байлгасан “ гэх объектив талын заавал байх нэгдмэл шинжийг хуульчлаагүй байна.

Иймээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодоогүй боловч нэг удаа зодож хүнд гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээр байна.

Мөн хууль тогтоогч “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнгын шинжтэй хүчирхийлэл үйлдсэн боловч хохирогчид ямар нэг гэмтэл учруулаагүй байвал” Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэхээр зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхэд мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэсэн шинжийг заавал байх шинж хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй юм.

2. Хохирогч Ц.Г, шүүгдэгч Ц.Н нарын “...Ц.Н-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү “ гэх гомдлуудын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Анхан шатны шүүх Ц.Н-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 4 сар хорих ял оногдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хорих ялыг дахин хөнгөрүүлэх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн боломж байхгүй байна.

Иймд хохирогч, шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Н нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/ 148 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н, хохирогч Ц.Г нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Н-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЖАМБАЛСҮРЭН   

                                                 ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

                                                                                                             Н.МӨНХЖАРГАЛ