Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/01403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т ХХК-д холбогдох

 

Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид  даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М- шүүхэд болон төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-ийн Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байсан Ш.М-ыг Тны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 2016 оны автомашины засварын батлагдсан төсвөөс 2.800,000 төгрөгийн зардлыг хэтрүүлэн гаргасан, салбарын кассын лимит, бэлэн мөнгөний зохистой үлдэгдэлд хяналт тавьж ажиллаагүйгээс нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1, 3.4 дах заалтыг зөрчсөн, Тны зээлийн бодлого 10.5 дах заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын зээлийн багцын чанарыг 4.7 хувьд хүргэсэн, нийт зээлийн багцын 6.4 хувь нь хугацаа хэтэрсэн, ажлын гүйцэтгэлийг улирал бүрээр дүгнэхэд 2016 оны 1, 2, 3 дугаар улирлуудад дараалан сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэйгээр дүгнэгдсэн, тус салбарын харьяа Номгон тооцооны төв нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2.900.000 төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халсан. Ажилтан Тинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, биенесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байна.  Иймд Тны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  18 426 952 төгрөгийг гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М- нь 2013 оны 09 сарын 11-ний өдрөөс Т ХХК-ийн Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар Ш.М-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн цуцалсан. Ш.М- нь өөрийн ажлын байрны тодорхойлолт дахь Салбар нэгжийн түвшинд зардлын удирдлагыг хэрэгжүүлэх, зарцуулалтанд хяналт тавьж ажиллах, тухайн жилийн гаргасан санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, мөнгөн болон бусад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалтыг зөрчиж 2016 онд 9.300,000 төгрөгийн автомашины засварын зардал батлагдсан байхад 2.800,000 төгрөгийн зардал зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэн гаргасан, Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд их засвар тусгагдаагүй байхад 2.900,000 төгрөгөөр үүдний амбаар бариулж, үндсэн хөрөнгийн санхүүжилт дансанд бүртгэж, төлөвлөгдөөгүй зардал гаргасан нь Хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон. Ажлын байрны тодорхойлолт дахь Бэлэн мөнгөний зохистой үлдэгдэл хүргэлт, татан авалт түүний аюулгүй байдалд хяналт тавих, зохион байгуулах гэсэн заалт, Тны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1-д АПУХ-оос нэгжийн кассын үлдэгдэл тогтоосон лимитийг тухайн нэгжийн захирал, ерөнхий нягтлан бодогч, ахлах теллер хариуцах ба лимитийг мөрдөж ажиллана, 3.4-д нэгжийн тухайн сарын өдөр бүрийн дундаж кассын үлдэгдэл нь тогтоосон лимитээс хэтрэхгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж АПУХ-оос салбарын кассын үлдэгдлийг 829000 төгрөгөөр тогтоож өгсөн байхад 2016 оны 06 сараас бусад саруудад кассын лимитийг хэтрүүлсэн, удирдлагын зүгээс журамд заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй байх бөгөөд уг зөрчил нь Хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон. Ажлын байрны тодорхойлолтод  заасан үндсэн чиг үүрэг болох Салбар харъяа нэгжүүдийн харилцагчийн тоог өсгөх, зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, банкны нэр хүндийг олон нийтэд таниулан дээшлүүлэх талаар бизнесийн гадаад орчинд илүү анхаарал хандуулах гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбар болон харъяа нийт 20 нэгжийн 11 нэгж нь 2016 оны 10 сард дотоод хүү тооцсоны дараах байдлаар 736.600,000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь Орон нутгийн Банкны газрын дүгнэлтээр тогтоогдсон. Тны зээлийн бодлогын 10.5 дах хэсэгт нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2.5 хувиас хэтрүүлэхгүй байлгана гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын хувьд 2016 оны 11 сарын 24-ний өдрийн байдлаар нийт зээлийн багцын 4.7 хувь буюу нэг тэрбум чанаргүй ангилалд шилжсэн буюу чанаргүй зээлд байгуулсан нийт сан 821.200,000 төгрөг хүргэсэн. Тны нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэж, нэмэгдэл цалингийн сан хуваарилах журмын 2.4 дэх хэсэгт Улаанбаатар, Орон нутгийн нэгжүүдийг улирлын ажлын үзүүлэлтээр байр эзлүүлэхэд сүүлийн 5 байранд гурван улирал дараалан орсон бол..., тухайн нэгжийн захиралд холбогдох арга хэмжээний санал боловсруулан Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу дүгнэхэд Өмнөговь салбар нь 2016 оны 1, 2, 3 дугаар улиралд сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэй байх бөгөөд Салбарын захирлын хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажил, үүргээ ханалттай биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4., 40.1.5., Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2., 5.28.4., 5.28.17 дах заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2., 7.4.5., 7.4.18 дах заалтууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 82 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                ҮНДЭСЛЭХ нь:   

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.М- хариуцагч Т ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ш.М- нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Ажилтан Ш.М- Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 09 сарын 10-ны өдрийн Б/179 тоот тушаалаар Өмнөговь салбарын захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх-ийн 6 талд/ тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5.,Тны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.2, 5.28.4, 5.28.17 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.18 дах заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 82 тоот хурлын шийдвэрийг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2.Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.5. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.18. ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна.  

 

Тны Өмнөговь салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 56 дугаартай хурлаар “Номгон тооцооны төвийн тамбарын засварын ажлыг хийхээр хэлэлцэн шийдвэрлэж, Номгон тооцооны төвийн захирал Р.Одхүү Ө.Мөнхдэлгэр нарын хооронд 2016 оны 08 сарын 12-ны өдөр Барилгын тампарын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 2016 оны 08 сарын 31-ний өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна. Гүйцэтгэх захирлын 2014 оны 05 сарын 29-ний өдрийн А/268 дугаартай “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх олгох тухай” тушаалаар 5.000.000 төгрөгөөс доош төсөвт өртөгтэй орон нутгийн салбар нэгжүүдийн барилгын засварын ажил хийж гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрхийг салбарын захиралд олгосон байна.

 

Тны автомашины ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д Орон нутгийн нэгж нь зээлийн барьцаат хөрөнгийг шалгах, зээлийн ашиглалт төлөлтөд хяналт тавих, өр төлбөрийг барагдуулах, бэлэн мөнгө татан авах, мөнгө хураах, АТМ цэнэглэх, тооцооны төвүүдэд очиж ажиллах, зочин төлөөлөгчдөд үйлчлэх, аж ахуйн хангамжтай холбоотой үйл ажиллагаанд автомашин ашиглана” гэж заажээ.

 

Тны Өмнөговь салбарт 2004 онд үйлдвэрлэгдэж, 2004 оны 08  сарын 16-ны өдөр Монгол Улсад импортлогдсон ** улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашин, 2012 онд үйлдвэрлэгдэж, 2013 оны 05 сарын 03-ны өдөр Монгол Улсад импортлогдсон ** улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашин ашигладаг бөгөөд ** улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашиныг 2016 оны 07 сарын 27-ны өдөр “Хурд автосервис” оношилгооны төвд оношлуулахад амартизатор 4ш, пүрш 2ш, урд хойд босоо тэнцүүлэгч, втулька 14ш /дээд доод гар бүгд/, чагтан гол 2ш, өндгөн тулгуур 4ш /дээд доод/, тиаг 2ш, шарнер 2ш, өндгөн тулгуур 4ш /дээд доод/ тус тус солих шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргаж, Өмнөговь салбарын техникийн комисс 2016 оны 07 сарын 27-ны өдөр хуралдаж ** автомашинд дээрх эд ангийг худалдан авах саналыг Захиргаа аж ахуйн хэлтэст явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Захиргаа аж ахуйн хэлтсээс холбогдох хариу ирээгүй байтал ** автомашинд дахин эвдрэл гарч “Хурд автосервис” оношилгооны төв “джанам” шатсан тул солих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан тул 2016 оны 08 сарын 15-ны өдөр дээрх Техникийн комисс дахин хуралдаж ** автомашинд джанам худалдан авах саналыг хүргүүлэхэд Захиргаа аж ахуйн хэлтсийн автомеханик инженер Д.Уяач 2016 оны 08 сарын 19-ний өдөр, 2016 оны 09  сарын 29-ний өдөр автомашины эд ангийг сольж автомашины эвдрэлийг яаралтай засварлах  шаардлагатай дүгнэлт гаргасан нь Тны Өмнөговь салбарын үйл ажиллагаанд ашигладаг байсан автомашинуудын эвдрэлийг баталгаат оношилгооны газар оношлуулан салбарын техникийн комиссын хурлаар хэлэлцэж, орон нутгийн баталгаат засварын газраар засварлуулна гэж заасантай бүрэн нийцсэн байх тул 2.800,000 төгрөгийн зардлыг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тны Хяналтын газраас Өмнөговь салбар, түүний харъяа 19 тооцооны төвд 2016 оны 05 сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 сарын 06-ны өдрийн хооронд ээлжит иж бүрэн шалгалт хийгдэж Төв банкнаас баталсан кассын лимитийг харъяа тооцооны төвүүдэд хуваарилахдаа бодитоор хуваарилаагүйгээс салбарын кассын лимит хэтэрүүлсэн байна. Цаашид Төв банкнаас баталсан кассын лимитийг харъяа тооцооны төвүүдэд хуваарилалт хийхдээ бодитоор хуваарилаж байхыг Тны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.3-д “Нэгжийн кассын үлдэгдлийн лимитийн хангалтад УБСУТ. OHCVT. ББГ давхар хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана” гэж заасны дагуу зөвлөгөө авч ажиллахыг үүрэг болгосон байна.

 

“Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах. түүнд хяналт тавих журам”-ын 3.1, 3.4 дэх заалтыг зөрчиж, Тны зээлийн бодлогын 10.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын чанаргүй зээлийн багцыг 4,7 хувьд хүргэсэн, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллах, зээлийн багцыг чанартай гүйцэтгэх ажил хангалтгүй хийгдсэнээс нийт зээлийн багцын 6.4 хувь нь хугацаа хэтэрсэн” болох нь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй, Ш.М-ын ажлын байрны тодорхойлолтод зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллах заалт байхгүй, зөвхөн салбарын захирлаас шалтгаалан зээлийн хугацаа хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Өмнөговь салбарын хүүгийн орлогын биелэлт 94.14 хувь, хүүний зардлын биелэлт 103.31 хувь, хүүгийн бус орлогын биелэлт 88.82 хувь, хүүгийн бус зардлын биелэлт 88.43 хувь, цэвэр хүүгийн бус орлогын биелэлт 87.79 хувь, эрсдэлийн сангийн дараах ашиг 27.58 хувь байсан нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5 дах хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ыг урьд эрхэлж байсан Т ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 2.850,000 төгрөгийг :21,5 =өдөрт 132.558 төгрөг х139 хоногийн олговор/ 18.426.952 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

 

Нэхэмжлэгч Ш.М-ын Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 14 талд/ тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын  2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ыг Т ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18.426.952 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 250,085 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАРАНГЭРЭЛ