Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2019

 

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02019

 

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Е

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б, Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТБ” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байсан Ш.М-ыг Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 2016 оны автомашины засварын батлагдсан төсвөөс 2 800 000 төгрөгийн зардлыг хэтрүүлэн гаргасан, салбарын кассын лимит, бэлэн мөнгөний зохистой үлдэгдэлд хяналт тавьж ажиллаагүйгээс нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1, 3.4 дах заалтыг зөрчсөн, Төрийн банкны зээлийн бодлого 10.5 дах заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын зээлийн багцын чанарыг 4.7 хувьд хүргэсэн, нийт зээлийн багцын 6.4 хувь нь хугацаа хэтэрсэн, ажлын гүйцэтгэлийг улирал бүрээр дүгнэхэд 2016 оны 1, 2, 3 дугаар улирлуудад дараалан сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэйгээр дүгнэгдсэн, тус салбарын харьяа Номгон тооцооны төв нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2 900 000 төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халсан.

Ажилтан Төрийн банкинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байна.

Иймд Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Ц-гийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 18 426 952 төгрөгийг гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ТБ” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М- нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс “ТБ” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар Ш.М-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн цуцалсан.

Ш.М- нь өөрийн ажлын байрны тодорхойлолт дахь Салбар нэгжийн түвшинд зардлын удирдлагыг хэрэгжүүлэх, зарцуулалтанд хяналт тавьж ажиллах, тухайн жилийн гаргасан санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, мөнгөн болон бусад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалтыг зөрчиж 2016 онд 9 300 000 төгрөгийн автомашины засварын зардал батлагдсан байхад 2 800 000 төгрөгийн зардал зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэн гаргасан, Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд их засвар тусгагдаагүй байхад 2 900 000 төгрөгөөр үүдний тамбар бариулж, үндсэн хөрөнгийн санхүүжилт дансанд бүртгэж, төлөвлөгдөөгүй зардал гаргасан нь Хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон.

Ажлын байрны тодорхойлолт дахь “бэлэн мөнгөний зохистой үлдэгдэл хүргэлт, татан авалт түүний аюулгүй байдалд хяналт тавих, зохион байгуулах” гэсэн заалт, Төрийн банкны нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1, 3.4 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж, салбарын кассын үлдэгдлийг 829 000 төгрөгөөр тогтоож өгсөн байхад 2016 оны 06 сараас бусад саруудад кассын лимитийг хэтрүүлсэн, удирдлагын зүгээс журамд заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй байх бөгөөд уг зөрчил нь Хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон.

Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох Салбар харьяа нэгжүүдийн харилцагчийн тоог өсгөх, зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, банкны нэр хүндийг олон нийтэд таниулан дээшлүүлэх талаар бизнесийн гадаад орчинд илүү анхаарал хандуулах гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбар болон харъяа нийт 20 нэгжийн 11 нэгж нь 2016 оны 10 сард дотоод хүү тооцсоны дараах байдлаар 736 600 000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь Орон нутгийн Банкны газрын дүгнэлтээр тогтоогдсон.

Төрийн банкны зээлийн бодлогын 10.5 дахь хэсэгт нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2.5 хувиас хэтрүүлэхгүй байлгана гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт зээлийн багцын 4.7 хувь буюу нэг тэрбум чанаргүй ангилалд шилжсэн буюу чанаргүй зээлд байгуулсан нийт сан 821 200 000 төгрөг хүргэсэн. Төрийн банкны нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд Өмнөговь салбар нь 2016 оны 1, 2, 3 дугаар улиралд сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэй байх бөгөөд Салбарын захирлын хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажил, үүргээ ханалттай биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4., 40.1.5., Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2., 5.28.4., 5.28.17 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2., 7.4.5., 7.4.18 дахь заалтууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсж өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ын “ТБ” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 426 952 төгрөгийг “ТБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “ТБ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 250 085 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/268 тоот "Худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх олгох тухай" тушаалын 1 дүгээр хэсэгт "Төрийн банкны Хөрөнгө оруулалтын болон Санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан 5 000 000 төгрөгөөс доош төсөвт өртөгтэй орон нутгийн салбар, нэгжүүдийн барилгын засварын ажил хийж гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлын зохион байгуулах, засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрхийг тухайн орон нутгийн салбарын захирлуудад олгосугай” гэж дурдсан байдаг бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тус тушаалын "Хөрөнгө оруулалтын болон Санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан" гэсэн хэсгийг анхаарч үзэлгүй тус тушаалыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Төрийн банкны 2016 оны Санхүүгийн төлөвлөгөөнд Өмнөговь аймагт байшингийн урсгал засварт 15 399 900 төгрөг төсөвлөгдсөн байдаг. Харин их засвар хийх мөнгөн хөрөнгө төсөвлөгдөөгүй байтал Өмнөговь салбарын захирал нь Номгон тооцооны төвд 2 952 500 төгрөгийн засварын ажил хийлгэж, тамбар бариулсан. Номгон тооцооны төв нь 53 000 000 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийп 12.2 дахь хэсэгт заасны дагуу Номгон тооцооны төвийн үлдэгдэл өртөгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнд тааруулан урсгал засвар хийх ёстой байтал үлдэгдэл өртгийн 2 хувиас хэтэрсэн үнийн дүн буюу 2 952 500 төгрөгөөр засвар хийж, төлөвлөгдөөгүй зардлыг гаргасан. Энэ нь "Төрийн банкны Санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Гэтэл холбогдох нотлох баримтууд болох Өмнөговь салбарын Санхүүгийн төлөвлөгөө, Төсөв гүйцэтгэлийн тайлан, хяналт шалгалтын газрын 16/A/162 тоот илтгэх хуудас болон Санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам зэрэг нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн.

Мөн Төрийн банкны "Автомашин ашиглалтын журам", "Санхүүгийн гүйлгээний баримтыг хянах, зөвшөөрөх, батлах эрх хэмжээний журам", мөн Өмнөговь салбарын санхүүгийн төлөвлөгөө, "Төсөвт гүйцэтгэлийн тайлан” Хяналт шалгалтын газрын 16/А/162 тоот илтгэх хуудаст тус тус заасан дүрэм журмын нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй.

Кассын лимит удаа дараа хэтэрсний улмаас Төрийн банкны "Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам"-ын 3.7 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь салбарт 35 474 000 төгрөгийн кассын лимит хангаагүйн торгууль оногдсон байдаг бөгөөд алдагдлын хэмжээ 672 576 000 төгрөгт хүрсэн байна. Гэтэл кассын лимитийн тайлан болон Өмнөговь салбарын 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ашиг, алдагдлын тайлан, нарийвчилсан мэдээ зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх тайлан, мэдээ болон холбогдох журамд үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн

Мөн Төрийн банкны "Зээлийн бодлого"-ын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Өмнөговь салбарын нийт зээлийн багцад чанаргүй зээлдэгчийн эзлэх хувь 4,7 хувьд хүрсэн, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн багц нийтдээ 6,4 хувьд хүрсэн байгаа нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд Өмнөговь салбарын зээлийн багцын чанарын үзүүлэлт бүхий тайлангаар тогтоогдож байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн.

Мөн Ш.М-ын ажлын байрны тодорхойлолтын удирдлага зохион байгуулалтын хэсгийн 5 дахь хэсэгт зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олдоггүй активыг хэрэгцээнээс илүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй ажиллах гэж заасан байхад шүүх "зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллах заалт байхгүй..." гэж шийдвэрлэсэн байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Ш.М-ыг ажлын байдлын тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, ажлын гүйцэтгэлийг улирал бүрээр дүгнэхэд муу үзүүлэлттэй дүгнэгдсэн гэсэнд үнэлэлт хийлгүй орхисон. Энэ нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/1628 дугаар тушаалд дурдагдсан нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх нь үндэслэлтэй байгааг нотлож байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар дүйлийн 116.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ш.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/179 тоот тушаалаар Өмнөговь салбарын захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1628 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.

 

 Уг тушаалын үндэслэлийг Ш.М- хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 2016 оны автомашины засварын батлагдсан төсвөөс 2 800 000 төгрөгийн зардлыг хэтрүүлэн гаргасан, салбарын кассын лимит, бэлэн мөнгөний зохистой үлдэгдэлд хяналт тавьж ажиллаагүйгээс нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журмын 3.1, 3.4 дах заалтыг зөрчсөн, Төрийн банкны зээлийн бодлого 10.5 дах заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын зээлийн багцын чанарыг 4.7 хувьд хүргэсэн, нийт зээлийн багцын 6.4 хувь нь хугацаа хэтэрсэн, ажлын гүйцэтгэлийг улирал бүрээр дүгнэхэд 2016 оны 1, 2, 3 дугаар улирлуудад дараалан сүүлийн 2 дугаар байранд орсон муу үзүүлэлттэйгээр дүгнэгдсэн, тус салбарын харьяа Номгон тооцооны төв нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2 900 000 төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан гэж тодорхойлсон байна.

 

1. Төрийн банкны Өмнөговь салбарын захирлын зөвлөл 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж тооцооны төвүүдийн засварын талаар хэлэлцэхэд Номгон тооцооны төвийн тамбар бариулах ажил хэлэлцэх асуудалд оржээ. Энэ хурлаар Номгон тооцооны төвийн тамбар бариулах ажлыг хийхээр зөвлөлийн 5 гишүүн шийдвэрлэсэн /1хх 97/. Энэ ажлын нийт өртөг нь 2 952 500 төгрөг байх бөгөөд ажил гүйцэтгэгдсэн, банкны хөрөнгөд бүртгэгдсэн.

 

Түүнчлэн 56 тоот хурлын тэмдэглэлээс үзвэл 15 400 000 төгрөгийн засварын ажилд салбар, Цогтцэций тооцооны төв, Шивээхүрэн тооцооны төвийн гадна тал цементлэх, Номгоны тооцооны төвийн үүдний тамбар барих ажлууд багтаж байгаа ба 2 220 000 төгрөгийн түрээсийн байр засвар хийх ажил Даланзадгад, Ханхонгор, Ноён, Сэрвэй тооцооны төв хамаарах талаар салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн байна.

 

Төрийн банкны 2016 оны Санхүүгийн төлөвлөгөө-Өмнөговь салбар гэх баримтад орон байшингийн урсгал засвар 15 399 900 төгрөг, түрээсийн байрны урсгал засвар 2 220 000 төгрөг гэж тусгагджээ. /1хх 68-71 дэх тал/

 

Номгон тооцооны төвийн үүдний тамбар барих ажлыг их засвар гэж хариуцагч тодорхойлж урсгал засварын ажилд хамааруулахгүй гэх тайлбарыг гаргасан боловч төлөвлөгөөнд тусгагдсан засварын хэмжээнээс хэтэрсэн, өөрөөр хэлбэл 15 399 900 төгрөгийн төсвийг хэтрүүлсэн, хэтрүүлсэн хэмжээ нь 2 900 000 төгрөг болсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд батлагдсан төсвийн хүрээнд шаардлагатай засварын ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн зөвлөлийн хурлын шийдвэр болон хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/268 дугаар тушаалаар батлагдсан  "Худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх олгох" асуудлын хүрээнд Төрийн банкны хөрөнгө оруулалтын болон санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан 5 000 000 төгрөгөөс доош төсөвт өртөгтэй орон нутгийн салбар нэгжүүдийн барилгын засварын ажил хийж гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрхийг салбарын захиралд олгосон эрх хэмжээг харьцуулан дүгнэж, Ш.М-ыг олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилласан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. /1хх 96 дахь тал/

 

 2. Төрийн банк 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш “Автомашины ашиглалтын журам”-ыг баталж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ба журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар автомашины ашиглалтын хүрээг зээлийн барьцаат хөрөнгийг шалгах, зээлийн ашиглалт төлөлтөд хяналт тавих, өр төлбөрийг барагдуулах, бэлэн мөнгө татан авах, мөнгө хураах, АТМ цэнэглэх, тооцооны төвүүдэд очиж ажиллах, зочин төлөөлөгчид үйлчлэх, аж ахуйн хангамжтай холбоотой үйл ажиллагаагаар зааглан тодорхойлжээ.

 

Тус салбарт 2004 онд үйлдвэрлэгдэж, 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад импортлогдсон 92-20 ӨМА улсын дугаартай “Тоёота Прадо” маркийн автомашин, 2012 онд үйлдвэрлэгдэж, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад импортлогдсон 50-77 ӨМА улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн автомашин ашигладаг байна.

 

Төрийн банкны 2016 оны Санхүүгийн төлөвлөгөө-Өмнөговь салбар гэх баримтад автомашины засварт 9 331 500 төгрөгийн төсвийг тусгажээ. /1хх 68-71/

 

92-20 ӨМА улсын дугаартай “Тоёото Прадо” маркийн болон 50-77 ӨМА улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн автомашинд сэлбэг хэрэгсэл шаардлагатай болсон, баталгаат оношлогооны газраар оношлуулсан, салбарын техникийн комиссийн хурлаар хэлэлцсэн, Захиргаа аж ахуйн хэлтсийн автомеханик инженер Д.Уяач дүгнэлт гаргасан, хэргийн 1 дүгээр хавтасны 76-91 дэх талд авагдсан баримтаар 92-20 дугаартай автомашинд 2 288 000 төгрөгийн, 55-77 дугаартай автомашинд 585 000 төгрөгийн зардал гарсан байна.

 

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/А/162 тоот илтгэх хуудаст “2016 онд 9.3 сая төгрөгийн автомашины засварын зардал батлагдсан боловч 12.1 сая төгрөгийн зардал гаргаж, 2.8 сая төгрөгийн зардал зөвшөөрөлгүй дур мэдэн хэтрүүлэн гаргасан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтыг хүрээнд тогтоогдсонгүй.

 

Автомашин ашиглалтын журмын 4.6.2 дах хэсэгт “Сэлбэг, засвар үйлчилгээний зардал 2 000 000 төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд ОНСУГ-т хандан төв банкны авто инженерийн дүгнэлт гаргуулан төв банкны техникийн комисст шилжүүлж, төв банкнаас зөвшөөрөл авсны дагуу засварлуулна” гэж заажээ.

 

92-20 дугаартай автомашинд 1 удаа хийсэн сэлбэг, засварын үнэ 2 158 000 /700 000+1 320 000+138 000/ төгрөг буюу журмын 4.6.2 дах хэсэгт заасан хэмжээнээс 158 000 төгрөгөөр хэтрүүлсэн нь ажилтныг ажлаас халах хэмжээний зөрчилд хамааруулан дүгнэх боломжгүй. 130 000 төгрөгийн зардал нь 2016 оны 10 дугаар сард гарсан зардал тул журмын 4.6.2 дах хэсэгт хамааруулж ойлгохгүй юм.

 

Иймд зардлыг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Хяналт шалгалтын газрын 16/А/162 тоот илтгэх хуудаст дурдсан зөрчлүүд нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримттай харьцуулан дүгнэвэл үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Уг илтгэх хуудаст бичигдсэн зөрчил үнэн зөв, баримтаар тогтоогдож байгаа эсэхийг хэлэлцсэн баримтгүй тохиолдолдолд Хүний нөөцийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 82/14 тоот шийдвэрийг мөн эргэлзээтэй гэж дүгнэхээр байна.

 

3. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/1628 тоот тушаалд ажилтныг “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын 3.1, 3.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх боловч хэрхэн, яаж зөрчсөн байдлыг тушаалд заагаагүй тул тушаалын холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хариуцагчийн тайлбараас үзвэл ажилтныг салбарын кассын үлдэгдлийг 829 000 төгрөгөөр тогтоосон байхад кассын лимитийг 2016 оны 6 дугаар сараас бусад саруудад хэтрүүлсэн зөрчил гаргасан, зөрчил Хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон  гэжээ.

 

Хяналт, шалгалтын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/А/162 тоот илтгэх хуудаст “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу нийт 35.5 сая төгрөгийн алдагдсан боломжийн зардал тооцогдох нөхцөл бүрдсэн гэж дүгнэжээ.

 

Уг зөрчил нь ямар хугацаанд хамаарах, ямар баримтыг үндэслэн талаар уг илтгэх хуудаст бичигдээгүй байна.

 

4. “Төрийн банкны зээлийн бодлогын 10.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс салбарын чанаргүй зээлийн багцыг 4,7 хувьд хүргэсэн, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллах, зээлийн багцыг чанартай гүйцэтгэх ажил хангалтгүй хийгдсэнээс нийт зээлийн багцын 6.4 хувь нь хугацаа хэтэрсэн" гэх зөрчлийг ажилтан гаргасан гэж тушаалд заажээ.

 

 Төрийн банкны зээлийн бодлогын 10.5 дах хэсэгт “Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2.5 хувиас хэтрүүлэхгүй байлгана” гэж зохицуулсан байна.

 

Хүний нөөцийн хорооны хурлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82/14 тоот шийдвэрт ажилтны гаргасан зөрчлийг хянахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.4, 5.28.17 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.5, 7.4.18 дахь заалтыг үндэслэл болгосон гэжээ.

 

 Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2-т: “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт, шалгалтаар тогтоосон” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор заажээ. Энэ агуулга бүхий заалтыг ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2 дах заалтад тусгасан байна.

 

Хүний нөөцийн хорооны хурлын 82/14 тоот шийдвэрийг хариуцагч байгууллага  гаргахдаа ажилтан Ш.М- хариуцсан салбарынхаа чанаргүй зээлийн багцийг 4.7 хувьд хүргэсэн болохыг хэрхэн тогтоосон нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хурлаар Орон нутгийн банкны газар, зээлийн хэлтсийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Өмнөговь салбарын зээлийн багцын үзүүлэлт” баримтыг хэлэлцсэн эсэх, энэ баримт нь шийдвэрийн үндэслэл болсон байдал эргэлзээтэй.

 

Энэ тохиолдолд зөрчлийг олж тогтоогоогүй гэж дүгнэх тул зөрчил нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

 Ажилтны ажлын байрны тодорхойлолтын ажилтны гүйцэтгэх үндсэн үүрэгт   “Салбар, нэгжийн активыг оновчтой удирдаж ОН-ийн зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олдоггүй активыг хэрэгцээнээс илүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй ажиллах” гэж тусгагдсан байхад уг заалтыг байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь алдаатай боловч уг зөрчлийг олж тогтоосон гэдэг нь эргэлзээтэй гэсэн дүгнэлтэд хамаарна.

 

Иймд дээрх үндэслэлтэй холбоотой хэрэгт байгаа баримтыг үнэлээгүй, буруу дүгнэсэн гэх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтны гаргасан гэх зөрчлийг олж тогтоосны үндсэн дээр тушаалыг гаргах бөгөөд тушаал гаргахдаа зөрчлийг олж тогтоох ажиллагааг хийгээгүй, хийсэн гэдгээ нотлоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хожим гаргаж өгсөн баримтыг тушаалын үндэслэл болсон гэж дүгнэх боломжгүй.

 

Хариуцагч байгууллага нь 2016 оны 5 дугаар сард хийсэн хяналт шалгалтаар Өмнөговь салбарын хүүгийн орлогын биелэлт 94.14 хувь, хүүний зардлын биелэлт 103.31 хувь, хүүгийн бус орлогын биелэлт 88.82 хувь, хүүгийн бус зардлын биелэлт 88.43 хувь, цэвэр хүүгийн бус орлогын биелэлт 87.79 хувь, эрсдэлийн сангийн дараах ашиг 27.58 хувь байсан гэж дүгнэсэн ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан  Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Ажлын гүйцэтгэлийг улирал бүрээр дүгнэхэд 2016 оны 1, 2, 3 дугаар улиралд дараалан сүүлийн 2 дугаар байранд муу үзүүлэлттэй дүгнэгдсэн гэх үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх боловч Өмнөговь салбарыг бусад аймаг дахь салбартай харьцуулахад орон нутгийн онцлогийг анхаараагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй байх бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл нь зөрчилтэй харьцуулан дүгнэвэл зөрчилд тохирохгүй байна.  

 

Учир нь ээлжит иж бүрэн шалгалтын тайланд дурдагдсан дүгнэлтүүдээс үзвэл зах зээлийн эзлэлтэд тодорхой ахиц гаргахааргүй тул татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийн өөрчлөлтөд салбарын өөрчлөлт хамаарал ихтэй байгаа ба төв банкнаас Өмнөговь салбарт өгөх төлөвлөгөөг тухайн орон нутгийн онцлогтой уялдуулан өгч байх зэрэг байдал тогтоогдож байна.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсны үр дагавар болох олговрыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн 18 426 952 төгрөгөөр тогтоож хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 250 058 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА