Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 74

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч  П.Гандолгор, шүүгч Р.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
    Улсын яллагч: Н.Цогтбаяр 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.Удвал
    Хохирогчийн хууль ёсны төлөөлгч: А.Билгүүн 
    Иргэдийн төлөөлөгч: Н.Рина 
    Нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 
    Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяндалай овогт Очирын Батбаатарт холбогдох эрүүгийн 201503000469 тоот хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Ажилчдын 3-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 04  дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 157 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Баяндалай овогт Очирын Батбаатар РД:/ВМ73080616/. 
    Шүүгдэгч О.Батбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар, Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах “Чулуут тур” жуулчны баазын хашаанд хамт явсан А.Эрдэнэбатыг танхайн сэдэлтээр баруун эгэм тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөлгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч О.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгаас Оюунболд, Чинбат, Пүрэвсүх, Болдоо, Лэгцэгпил, Эрдэнэбат, Санжжамц, Хүрэлчулуунцэцэг бид хэд есүүлээ самар түүхээр Архангай аймгийн Тариат суманд ирсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр самраасаа бууж ирээд Тариат сумын “Чулуут тур” жуулчны баазад гэр авч байрласан. Очсон оройдоо Пүрвээ, Санжаа, Лэгцэг 3 ойрхон гүүр байдаг юм, гүүрний хажуу талын дэлгүүрээс идэж, уух юм аваад ирье гэсэн. Ирэхдээ 5 шил архи, хоол ундны юм авч ирсэн. Авч ирсэн архи, идэж, уух юмаа идэж уучихаад тэд нар хөзөр тоглолоо гээд хөзөр тоглосон. Би унтлаа гээд унтсан. Өглөө босоход тэд нар хөзрөө тоглоод л сууцгааж байсан. Орой нь 2 тарваганы мах авч ирчихсэн байсан. Өглөө босоход 1 нэгийг чанасан нэгээр нь боодог хийнэ гэж байсан. Би нөгөө тарваганых нь махаар боодог хийе гээд махаа янзалж байхад Эрдэнэбат надтай хамт хийе гэж байсан. Тэр нар өглөө босоод дахиад дэлгүүр яваад архи аваад ирчихсэн байсан. Бид авч ирсэн архинаас нь уучихсан, нэлээн халамцуу болчихсон байсан. Тэгээд Эрдэнэбат надтай маргалдаад байсан. Бид нар уулнаас бууж ирсний дараа сахлаа авъя гээд нэг удаагийн татуурга байхаар нь би сахлаа авсан. Гэтэл нөгөө татуурганых нь иш нь хугарчихсан. Талийгаач би бас сахлаа авах байсан юм гээд л надтай маргалдаад байсан. Уулнаас бууж ирэхдээ маргалдаад “Чулуут тур” гэдэг бааз дээр ирсэн. Намайг боодгоо хийх гээд байж байхад Эрдэнэбат хүрч ирээд хамт хийе, би амыг нь бариад өгье, чи хий, би хий гээд л маргалдаад байсан. Тэгэхээр нь за за чи хий гээд намайг боссон чинь, чи ер архи ч уудаггүй, дуугардаггүй яадаг хүн бэ, би барилддаг хүн, чамайг ер нь баруун зүүнгүй савна энэ тэр гээд доромжлоод байсан. Тэгэхэд Оюунболд, Хүрэлсүх, Лэгцэгпил 3 саун оръё гээд гараад явахад талийгаач Эрдэнэбат би саун галлаадахъя гээд явсан. Удалгүй талийгаач Эрдэнэбат саун галлачихаад орж ирээд чи яагаад саун галладаггүй хүн бэ, чамайг ер нь шаачихъя гээд л махтай төмпөнд байсан хар иштэй хутгыг аваад надруу дайрсан. Тэгэхээр нь би чаддаг юм бол тэг л дээ гээд дуугүй байгаагүй. Би тухайн үед хутгыг нь л булааж авъя гэж бодож байсан. Тэгээд намайг нөгөө гараараа нэг цохисон. Бид 2 ноцолдоод хаалга руу түлхэлцээд цаашаа хутгатайгаа давхаралдаад унасан. Тэгээд би хутгыг нь аваад наашаа босоод ир гэхэд талийгаач ёо ёо гээд байсан. Цамцыг нь сөхөөд үзэхэд цус гарч байсан. Тэгэхээр нь нөгөө хэдийгээ дуудаад энэ хутгалагдчихлаа гээд дуудсан. Тэгтэл нөгөө хэд намайг хутгалчихлаа гэж дуулсан юм байна лээ. Уг нь талийгаач уначихаад босч ирээд хэд хойшоо алхаж байгаад унасан. Гэрчүүд өмнө нь бид хоёрыг ноцолдож байсанг хараагүй, зөвхөн талийгаачийг хойшоо хэд алхаад унаж байхыг харсан гээд байгаа. Тэгээд би хутгыг нь аваад л, гэрийн хаяанд очиж суучихаад түргэн дуудаарай гэсэн гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр намайг уурхай дээр ажлаа хийж байхад манай эгч надруу залгасан. Архангай аймгийн Цагдаагийн газраас утсаар яриад Эрдэнэбат гэдэг хүн нас барсан байна гэж хэлсэн гэсэн. Тухайн үед овог зөрөөд байсан учраас биш байх гэж бодож байсан. Тэгээд дахин утсаар яриад бие дээр байгаа шинж тэмдгийг нь асуухад таарч байсан. Тэгээд шөнөдөө ирээд хэргийн материалтай танилцаад шарилаа аваад явсан гэв.
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүний: “...манай талийгаач ах маань надтай Дархан-Уул аймагт манай гэрт амьдардаг байсан юм. Талийгаач энэ намар Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд хадлангийн ажил хийхээр 2015 оны 08 сарын сүүлээр хүргэн ах Баярсайханы хамт явсан. Хадлангийн ажлаасаа ирээд шууд самарт явчихсан байсан. Би өөрөө хөдөө уурхайд ээлжээр байрлаж ажилладаг болохоор уулзаж амжаагүй. Ингээд байж байтал 2015 оны 10 сарын 05-ны өдөр манай эгч Эрдэнэбилэг надад ахыг маань Архангай аймаг руу самарт яваад хамт явсан хүндээ зодуулж нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн цагдаа руу дахин холбогдож байж ахыгаа хамт явсан хүндээ алуулсан гэдгийг мэдсэн. Би хажууд нь байгаагүй болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй байна. №87, №34, №385 тоот дүгнэлтүүд үнэн зөв гарсан байна.  О.Батбаатар гэх хүнийг танихгүй. Талийгаач энэ хүнтэйгээ өмнө нь ямар харьцаатай байсан талаар мэдэхгүй. Гомдолтой байна. Одоогийн байдлаар талийгаачийн оршуулгын зардалд гарах мөнгийг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирлыг дахин байцаалт өгөхдөө нэхэмжилнэ. Талийгаач ах маань 1978 оны 04 сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд Алтанхуяг гэдэг хүний ууган хүү болж төрсөн. Ах маань доороо 3 дүүтэй 2 эмэгтэй, 1 эрэгтэй. Ах маань бага насаа Сэлэнгэ аймгийн Сант сумын цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1985 онд уг сумын 10 жилийн дунд сургуульд 10 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд Сант сумынхаа Техник мэргэжлийн сургуульд суралцаж автын засварчинаар төгссөн. Тэгээд 1998 онд хөдөө гарч ээжтэй хамт 2008 он хүртэл мал маллаж амьдарсан. 2008 онд ээж, ах хоёр Дархан-Уул аймагт над дээр нүүж ирсэн. Дархан-Уул аймагт ах маань ирээд тогтсон ажил хийлгүй, хувиараа өвс, хадлан, ногоо тарианы ажил хийж амьдарч байсан. Цэргийн алба хааж байгаагүй. Ах маань албан ёсоор хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй. Амьдарч байх хугацаандаа 2 эмэгтэйтэй хамтран амьдарч 2 хүүхэдтэй болж байсан. 2 хүүхэд нь өөртөө нь холбоотой байдаг байсан. Тамхи татна. Архи ууж хэрэглэнэ, гэхдээ хэтрүүлэн хэрэглэж тасартлаа уудаггүй байсан. Оршуулгын зардалд гарсан мөнгөө нэхэмжилнэ. Зардлын баримтаа эх хувиар нь өгч хэрэгт хавсаргуулъя. Нийт 26 хуудас материал байна. Оршуулгын зардал болон нааш цаашаа явсан зардалд нийт 9.794.605 төгрөгийн зардал гарсан. Оршуулгын зардлыг ерөнхийдөө миний эгч А.Эрдэнэбилэг хариуцаж байсан. Баримтууд нь бүгд эгчийн нэртэй байгаа болно. О.Батбаатарын ар гэрээс нэг ч төгрөг өгөөгүй. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Ганболдын: “...би баазынхаа хашаанд цэвэрлэгээ хийгээд рестораны урд явж байтал нэг нь надад хөөе ахаа болохоо байлаа, та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тойроод гэр рүү гүйгээд очиход өндөр залуу нь гартаа хутга барьчихсан, нэг залуу нь газар уначихсан хэвтэж байсан. Тэгээд би 103, 102 дуудах гэхэд болохгүй байсан. Би эхнэр рүүгээ ярьж цагдаагийн утсыг авч 7033102-т залгаж хэлсэн. Намайг ярьж байхад тэр залуу амьсгал хураасан. Эмнэлэг дуудах боломж байгаагүй. Өөрсдийнх нь хутга гэсэн хар бариултай том балиус байсан. Юунаас болж хутгалах болсныг мэдээгүй, хэрэлдэж маргасан нь надад мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-23-25х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Оюунболдын: “...Бид 3 саун руу алхаж байтал талийгаач Батбаатар хоёр чанга чанга дуугаралдаад унасан. Эргээд хартал Батбаатар зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан. Талийгаач ухарч явж байгаад саваад унасан. Батбаатар би хүн алчихлаа шдээ, хутгалчихлаа шдээ гээд орилж байсан. Бид 3 буцаж ирээд хартал талийгаачийн баруун талын эгэмний хажууд хутгалчихсан, цус нь гараад байсан. Талийгаач газар дээрээ удалгүй нас барсан. Эмнэлэг дуудаж амжаагүй. Нилээн том ангайсан шарх харагдсан. Уг хар иштэй хутгыг бид нар өөрсдөө хүнсэндээ, хоол ундаа хийх гэж Дарханаас худалдаж аваад гарсан. Талийгаачийн согтолт гайгүй байсан, О.Батбаатар согтолттой байсан. Бид нар шөнө 3 шил архи, өглөө 3 шил архи уусан...” гэх мэдүүлэг /хх-26-27х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Оюунболдын: “...талийгаач бид 3-тай бид нарын байрлаж байсан гэрээс ертөнцийн зүгээр зүүн зүгээс ирж байхдаа зөрсөн. Бид 3 талийгаачтай байрлаж байсан гэрээс 10 орчим метр зайд л зөрсөн. Тэгээд л бид нарын ард О.Батбаатар би хүн алчихлаа гээд орилсон. Тэр хооронд нэг минут ч хүрэхгүй хугацаа болсон байх. Бид нар талийгаачтай зөрснөөс хойш талийгаач Батбаатартай ноцолдох хугацаа болоогүй. О.Батбаатар хүн алчихлаа гэж хэлэхээр эргэж хартал зүүн гартаа хутганы үзүүрийг доош харуулан барьсан байсан. Тэгээд талийгаачийн хажууд очоод хутгаа газар руу зоож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-30-31х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Лэгцэгпилийн: “...бид гурав цаашаа саун руу алхаад явж байтал намайг хутгалчихлаа гээд талийгаач орилох шиг болсон. Эргээд харахад талийгаач гэрийнхээ үүдэнд ухарч алхаж байгаад унаж байсан. О.Батбаатар сөхөрч унаад би хүн алчихлаа ш дээ гэж хэлээд хутгаа газар хатгасан. Баруун талын эгэмний хавьцаа цус гарч байсан. Би яг хутгалж байхыг нь хараагүй. Бид нарын хоол хийхдээ ашиглаж байсан хар иштэй балиус байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж авч унасан зүйл ерөөсөө болоогүй. Талийгаач хутгалуулчихаад өөрөө хойшоо ухарч алхаж байгаад саваад унасан.
Бид нарын байрлаж байсан гэр болон Сауны газар 2-ын хооронд 40-50 метр зай байгаа ойролцоогоор 2 минут л алхах байх. Зөрж алхаад удаагүй байж байтал бид нарын ард О.Батбаатар би хүн алчихлаа гээд орилсон. Талийгаач бид нартай зөрсөнөөс хойш удаагүй хэрэг гарсан. Талийгаач бид нартай зөрөөд Батбаатар хүн алчихлаа гэж хэлэх хооронд О.Батбаатар болон талийгаач 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж, ноцолдох хугацаа болоогүй. Намайг харах үед О.Батбаатар хутгаа өөрийнхөө зүүн талд газар зоочихсон, газар сөхрөөд суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33, 35-37х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Хүрэлчулуунцэцэгийн: “...усанд орчихоод байж байтал Лэгцэг хүрч ирээд Бужгай О.Батбаатар хоёр бие биенийгээ хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд сандраад саунаас гараад гэрийн гадаа иртэл талийгаач гэрийн урд талд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би айгаад тийшээ очоогүй. Цагдаад мэдэгдээд цагдаа иртэл тэр газраас цогцсыг хөдөлгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-38х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Пүрэвсүхийн: “...Байрлаж байсан гэр дотроо би Лэгцэг, Улаанаа, О.Батбаатар бид дөрөв байсан. О.Батбаатар гарч ороод Эрдэнэбатад туслаад байсан. Тэгж байгаад А.Эрдэнэбат, О.Батбаатар хоёр хоорондоо тар тур хийгээд байгаа бололтой талийгаач би чамайг баруун солгойгүй тонгорон шүү дээ гээд байсан. Тэгж байгаад боодог болоод хувааж идээд нөгөө хэддээ тавиад талийгаач А.Эрдэнэбат саун руу нөгөө хэд чинь усанд орж дууссан болов уу гээд явсан. Тэгээд бид гурав явж байтал удаа ч үгүй гэрийн гадаа О.Батбаатар би Эрдэнэбатыг хутгалчихлаа шүү дээ гээд орилохоор нь эргээд хартал тэр хоёр урд урдаасаа хараад нилээн зайтай зогссон байсан. Талийгаач подвалка сөхөөд хойшоо ухарч байгаад саваад унасан. Тэгээд бид гуравыг очих хооронд талийгаач нас барсан. Талийгаач гэр рүү орох завдал болоогүй очиж явсан. О.Батбаатар гэрийн гадаа зогсож явсан тэгээд гэрийн гадаа асуудал болсон. О.Батбаатар тэр хутгыг гэрээс авч гарч ирсэн байх. Талийгаачийн баруун цээжин дээр нь хутгалсан байсан. О.Батбаатар өөрөө солгой гартай. 
О.Батбаатар би хүн алчихлаа гэж орилхоор нь эргээд харахад талийгаач өмссөн байсан подвалкаа сөхөөд цусаа харчихаад арагшаагаа саваад унасан. Талийгаач бид нартай зөрөөд нэг минут ч болоогүй хэрэг болсон. Намайг харахад талийгаач гэрийн үүднээс 3 метр орчим зайд зогсож байсан. О.Батбаатар хутгаа зүүн гартаа үзүүрийг доош нь харуулан бариул хэсгээр нь барьсан байгаа харагдсан. О.Батбаатар хоол унд бэлтгэж гараа исгэж зүссэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-43, 47-48х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Чинбатын: “...А.Эрдэнэбатыг О.Батбаатар хутгалчихлаа гээд нэг нь хэлсэн тэгэхээр нь байрлаж байсан гэртээ гүйгээд очтол бид нарын байрлаж байсан гэрийн хаалганы харалдаа урд 4-5 метр зайтай талийгаач А.Эрдэнэбат дээшээ хараад хэвтсэн цээжний баруун дээд хэсгээс цус гоожсон байсан. Би хальт хараад сайн харж чадаагүй нас барсан байна гэж байсан. О.Батбаатар найз нь ийм юм хийчихлээ гээд хажууд нь сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-50х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Санжаажамцын: “...2015 оны 10 сарын 04-ний үдээс  өмнө Б.Чинбат, С.Энхболд, Б.Хүрэлчулуунцэцэг бид хэд саунд сууж байгаад гарч ирсэн чинь Эрдэнэбат байрлаж байсан гэрээс урагшаа 6 метр орчим зайд толгой нь урд зүг рүү байрлаж эгц дээшээ харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би яваад очтол Эрдэнэбатын баруун эгэм орчимоос нь цус маш ихээр гарч хувцас нь их цус болсон байсан. Би шархан дээр нь гараараа дарж хиймэл амьсгал хийсэн боловч тухайн үед А.Эрдэнэбат амь тэмцэж байгаад нас барсан, би энэ юу болов оо гэхэд тэнд байсан хүмүүс О.Батбаатар хутгалчихлаа гэж байсан. Би яг хутгалахыг нь бол хараагүй, тэгсэн О.Батбаатар гэрийн хажууд доошоо харчихсан сууж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би маргалдаж зодоон хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна.  Тэр хоёрыг хоорондоо маргалдсан гэж байсан. Ямар шалтгаанаар хутгалсаныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-53х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Энхболдын: “...бид нарыг саунд сууж байхад  гадаа хүмүүс орилдоод байхаар нь Чинбат гараад буцаж орж ирээд О.Батбаатар Бужгайг /А.Эрдэнэбат/ хутгаар хутгалаад алчихсан байна гэж хэлээд бид нар саунаас гарч очиход талийгаач жуулчны баазын хоносон гэрийнхээ урд талд дээшээ харчихсан хэвтэж байсан. Би очиж харахад талийгаач нас барсан бололтой харагдсан. О.Батбаатар хажуухан талд нь би хүн алчихлаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-56х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Цэвэлмаагийн: “...манай дүү О.Батбаатар нэг хүнтэй гэр бүл болоод 7 жил хамт амьдраад 1 охинтой болоод тэр хүнээсээ салаад өөр хүнтэй гэр бүл болж мөн охинтой болоод одоог хүртэл амьдарч байгаа. Манай дүү ажил хийхийн төлөө л явдаг ах, дүү нартаа их санаа зовж амьдардаг ах, эгч нартаа л их туслах гэж хичээдэг. Юм хийхдээ маш нямбай, хүний юмыг өөриймсөг хийдэг, ер нь өрөвчхөн сэтгэлтэй ганц муу охиндоо их амь байдаг. Миний дүүгийн амьдрал их хэцүү хорооны тусламжинд багтсан сар бүр хорооноосоо хүнс авдаг...” гэх мэдүүлэг /хх-58х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Бямбацэрэнгийн: “...би дүүгээ ёс суртахууны доголдолгүй хүн гэж боддог. Хүнд тусархаг зан байдлын хувьд эвдрээгүй, манай дүү их гарын уртай хүн байгаа юм. Манай дүү багадаа тархины бэртэлтэй байсан. Бөөрны даралттай. Амьдралын төлөө их зүтгэдэг тууштай, 4 хүүхэдтэй хүнтэй гэр бүл болж амьдралаа авч яваа сайхан сэтгэлтэй хүн...” гэх мэдүүлэг /хх-60х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Ганчимэгийн: “...манай дүү гажиг буруу зан байхгүй, их томоотой, барилгын ажил хийдэг, хүнд тусархуу, уур омог гээд байх юм байхгүй,  дөлгөөхөн ааштай элдэв хоёрын буруу санаа байхгүй сайхан сэтгэлтэй хүн...” гэх мэдүүлэг /хх-62х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч З.Нямжаргалын: “...талийгаач нь гэр бүлгүй, дүү Билгүүнийдээ хамт амьдардаг байсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй барилгын туслах, хавар намарт нь хадлан тэжээлийн ажил хийж мөнгө олж өөрийгөө болгоод, дүү нараасаа тус аваад явдаг байсан. Хоёр ч эмэгтэйтэй хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад хүүхэд нь гараад салчихсан. Хоёр хүүхэд нь байдаг гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-64х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Баярсайханы: “...Эрдэнэбат нь хүнтэй зодолдоод байдаггүй аймхаа талдаа, 2015 оны 08 сарын 20-нд надтай хадланд цуг гараад 2015 оны 09 сарын 10-д хүртэл цуг байж байгаад самарт явлаа гээд гараад явсан. А.Эрдэнэбат нь хүнд тусархуу хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-66х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Эрдэнэбилэгийн: “...Талийгаач ах маань зан аашийн хувьд алиа хошин зантай төлөв даруу хүн байсан. Ах маань тодорхой эрхэлсэн ажил хийж байгаагүй. Ээжтэй хамт хоёулаа амьдарч байгаад 2013 онд ээжийг нас барснаас хойш дүү А.Билгүүнийд хамт амьдарч байсан. Ахын амь насыг хохироосон хүнд маш их гомдолтой байна. Холбогдогчийн ар гэрийнх нь ирж уулзана гэж хэлчихээд ирээгүйд нь маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-68х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Нарангэрэлийн: “...би нөхөртэйгөө 2006 онд гэр бүл болж амьдарсан. Бид хоёр суугаад нэг охинтой болсон. Охин маань одоо 6 настай. Би өөрөө 2 дагавар хүүхэдтэй О.Батбаатартай суусан. Нөхөр маань тогтсон ажилгүй барилгын туслах ажил гарахаар барилга дээр ажиллаад,  өвөлд нь гэрээрээ мужааны ажил хийдэг байсан. Тамхи татдаг, архийг хааяа нэг найз нөхөдтэйгөө нийлээд уудаг байсан...” гэх мэдүүлэг /хх-70х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Баяраагийн: “...О.Батбаатар над шиг мөн барилгын өрлөг, мужааны ажил хийдэг байсан. Тамхи бага зэрэг татдаг. Хааяа нэг найз нөхдийн хүрээнд уулзалдах үедээ архийг бага зэрэг хэрэглэдэг байсан. Бага байхдаа сургуульд байхдаа өндөр биетэй учраас сагсан бөмбөг их сайн тоглодог байсан...” гэх мэдүүлэг /хх-72х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Ганболдын: “...нэг намхан биетэй онгорхой шүдтэй хөгшиндүү хүн нь орж гэрээс даавуу гаргаж ирээд талийгаачийнхаа дээрээс бүтээж тавьсан. Тэр гэр рүү орсон хүний гар ямар нэгэн цус болоогүй байсан.тэр хүмүүс цагдаа нар иртэл манай цайны газрын хажууд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-208х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Лэгцэгпилийн: “...тухайн үед гэр доторх зүйлс одоо надад үзүүлж байгаа зурган дээрх шигээ байсан. Бид нар цусаар бохирлох зүйл болоогүй хэргийн дараа цустай зүйл барьж гэр рүү ороогүй...” гэх мэдүүлэг /хх-209х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Оюунболдын: “...Одоо энэ зургаар харуулж байгаа шиг эмх замбараагүй байсан. Бид нар хэрэг болсны дараа гэр рүү ойртоогүй. Шөнө боодгоо зуухны хажууд тавьж гисгээсэн. Боодгийг гэрийн гадаа үүдэнд талийгаач хийсэн. О.Батбаатар түүнд гарч орон тусалж байсан. Боодогнаас цус шүүс гарсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-210х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Пүрэвсүхийн: “...гэр дотор юм тавих ширээ байгаагүй бүх зүйлээ зуух тойруулж эмх замбараагүй тавьсан байсан. Жуулчны баазын хажууд /гал тогооны хэсгийн/ хажууд цагдаа иртэл хүлээсэн. Гэрийн гадаа хаалганы зүүн урд хэсэгт довжооны хажууд тарваганы боодог хийсэн. Тэгэхдээ л тарваганы махны цус болсон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-211х/

* Мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан гэрч Д.Оюунболд, Г.Пүрэвсүх нарын: “...гэрч Д.Оюунболдын ...Би Г.Пүрэвсүх, А.Эрдэнэбат, О.Батбаатар нарыг танина. Пүрэвсүхтэй найз нөхдийн холбоотой. Талийгаачтай танилцаад 3, 4 жил болж байгаа найз нөхдийн холбоотой байсан. О.Батбаатарыг сүүлийн 2 жилээс эхэлж таньдаг болсон. Дархан-Уул аймагт нэг нутагт байдаг гэдгээрээ таньдаг болсон. Энэ гуравтай төрөл садангийн холбоо байхгүй. Батбаатар тэр үед чанга дуугараад байсан. Юу гэж ярисныг нь мэдэхгүй. Бид гурав буруу хараад явж байсан болохоор яг юу ярьсаныг нь сонсоогүй. Эргээд хартал Батбаатар зүүн гартаа хутга барьчихсан гэрийн үүдэнд зогсож байсан. Талийгаач ухарч явж байгаад саваад дээшээ хараад унасан. Батбаатар би хүн алчихлаа шдээ, хутгалчихлаа шдээ гээд орилсон. Миний ярьсаныг надаас байцаалт авсан байцаагч буруу ойлгоод биччихэж би эргээд харахад Батбаатар хүн алчихлаа шдээ, хутгалчихлаа шдээ гэж хэлж мэдүүлсэн. Бид нарын ард тэр хоёр чанга чанга яриад байхаар нь бид гурав эргэж харсан... 
Гэрч Г.Пүрэвсүхийн ...Талийгаач болон Оюунболд нартай нэг нутгийн найзууд байгаа юм. Батбаатарыг өмнө зүс таньдаг байж байгаад 2015 оны намар самарт хамт яваад сайн таньдаг болсон. Төрөл садангийн холбоо байхгүй. Талийгаач А.Эрдэнэбат нь юу гэж орилсоныг мэдэхгүй. Чанга чанга дуугараад байхаар нь эргээд хартал Батбаатар хүн хутгалчихлаа шдээ гэж орилж байсан. Талийгаач ухарч 2, 3 алхаад дээшээ хараад унасан. Батбаатар сөгдөж суугаад гартаа байсан хутгаа зоосон. Оюунболд, Лэгцэгпил бид гурвыг явж байхад тэр хоёр ард чанга чанга дуугарсан. Тэгэхээр нь бид гурав эргэж харсан. Эргэж харахад Батбаатар хүн алчихлаа шдээ гэж хэлсэн. Бужгай буюу Эрдэнэбатыг хутгалчихлаа гэж би хэлээгүй. Тэр үед надаас байцаалт авсан Тэрбиш байцаагч тодотгож оруулж өгсөн юм. Би тэр үед талийгаачийн бүтэн нэрийг мэддэггүй байсан. Бужгай гэдгээр нь л мэддэг байсан. Шүүх хурал дээр бол би нэг их юм яриагүй, надаас ч асууж эхлэхэд нь миний биеийн байдал муудаж хямарч шүүх хурал завсарласан. Шүүх хурал дээр би юу ярьснаа санахгүй байна...” гэх мэдүүлгүүд /хх-346-347х/
    
* Мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан гэрч Д.Оюунболд, С.Лэгцэгпил нарын: “...гэрч Д.Оюунболдын ...би Лэгцэгпилтэй хуучны найзууд байгаа юм. Талийгаачтай танилцаад 3, 4 жил болж байгаа найз нөхдийн холбоотой байсан. О.Батбаатарыг сүүлийн 2 жилээс эхэлж таньдаг болсон. Дархан-Уул аймагт нэг нутагт байдаг гэдгээрээ таньдаг болсон. Би энэ гуравтай төрөл садангийн холбоо байхгүй. Талийгаач нь зөрж явсны дараа Батбаатар тэр үед чанга чанга дуугараад байсан. Бид гурав буруу хараад явж байсан болохоор яг юу гэж ярисныг нь сонсоогүй. Эргээд хартал Батбаатар зүүн гартаа хутга барьчихсан гэрийн үүдэнд зогсож байсан. Талийгаач ухарч явж байгаад саваад дээшээ хараад унасан. Батбаатар би хүн алчихлаа шдээ, хутгалчихлаа шдээ гээд орилсон. Би шүүх хурал дээрх ярьсан зүйлээ ярьсан. Өмнөх мэдүүлгээсээ өөрөөр ярисан зүйл байхгүй. Миний ярьсныг надаас байцаалт авсан мөрдөн байцаагч буруу ойлгоод биччихэж би эргээд харахад Батбаатар хүн алчихлаа шдээ, хутгалчихлаа шдээ гэж  хэлж мэдүүлсэн. Бид нарын ард тэр хоёр чанга чанга яриад байхаар нь бид гурав эргэж харсан. Талийгаач юм хэлж орилоогүй хойшоо 2, 3 алхаад савж унасан. Батбаатар хутгалчихлаа, алчихлаа гэж орилсон... 
Гэрч С.Лэгцэгпилийн ...би Оюунболдтой найз. Талийгаач болон Батбаатартай тийм их дотно найз нөхөд биш. Нэг нутгийнх болохоор зүс таньдаг байсан. Би энэ гуравтай төрөл садангийн холбоо байхгүй. Оюунболд, Пүрэвсүх бид гурвыг цаашаа саун руу алхаад явж байтал намайг хутгалчихлаа гээд талийгаач орилох шиг болсон. эргээд харахад талийгаач гэрийнхээ үүдэнд ухарч алхаж байгаад унаж байсан. Батбаатар сөхөрч суугаад би хүн алчихлаа шдээ гэж хэлээд хутгаа газар хатгасан. Би талийгаачийг хутгалчихлаа шдээ гэж орилсон гэж бодоод анхны мэдүүлгээ өгсөн. Сүүлд нь бодоод байхад Батбаатар хутгалчихлаа, алчихлаа шдээ гэж хэлсэн юм байна. Намайг эргэж харах үед бол Батбаатар сөхөрч суугаад хүн алчихлаа шдээ гэж хэлж байсан. Оюунболд, Пүрэвсүх хоёр надаас арай түрүүлж эргэж харсан учраас Батбаатарыг хутаглчихлаа, алчихлаа шдээ гэж хэлэхийг харж сонссон байна. Миний хувьд Батбаатарыг алчихлаа шдээ гэж хэлэхийг харж сонссон...” гэх мэдүүлгүүд /хх-348-349х/

* Мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан гэрч Г.Пүрэвсүх, С.Лэгцэгпил нарын: “...гэрч Г.Пүрэвсүхийн ...Лэгцэгпил бид хоёр багийн найзууд байгаа юм. Талийгаачтай найз нөхдийн холбоотой байсан. Батбаатарыг өмнө нь зүс таньдаг байж байгаад 2015 оны нөмөр самарт хамт яваад сайн таньдаг болсон. Би энэ гуравтай төрөл садангийн холбоо байхгүй. Талийгаач А.Эрдэнэбат намайг хутгалчихлаа гэж орилоогүй. Ард чанга чанга дуугараад байхаар  нь эргээд хартал Батбаатар хүн хутгалчихлаа шдээ гэж орилж байсан. Тэгэхэд талийгаач ухарч 2, 3 алхаад дээшээ хараад унасан. Батбаатар сөгдөж суугаад гартаа барьсан хутгаа зоосон. Би Батбаатарыг алчихлаа шдээ гэж хэлэхийг нь анзаарч сонсоогүй. Батбаатар хүн хутгалчихлаа шдээ гэж хэлээд талийгаачийг хойшоо саваад унахад нь би хараад айж сандарсан... 
Гэрч С.Лэгцэгпилийн ...Би Пүрэвсүхтэй багийн найзууд. Талийгаач болон Батбаатартай тийм их дотно найз нөхөд биш. Нэг нутгийнх болохоор зүс таньдаг байсан. Би энэ гуравтай төрөл садангийн холбоо байхгүй. Би талийгаачийг хутгалчихлаа шдээ гэж орилсон гэж бодоод анхны гэрчийн мэдүүлгээ өгсөн. Сүүлд нь бодоод байхад Батбаатар хутгалчихлаа, алчихлаа шдээ гэж хэлсэн юм байна. намайг эргэж харах үед бол Батбаатар сөхөрч суугаад хүн алчихлаа шдээ гэж хэлж байсан. Оюунболд, Пүрэвсүх хоёр надаас арай түрүүлж эргэж харсан учраас Батбаатарыг хутгалчихлаа, алчихлаа шдээ гэж хэлэхийг харж сонссон...” гэх мэдүүлгүүд /хх-350-351х/ 
    
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч О.Батбаатарын: “...Махаа идчихээд гутлаа өмсөөд баруун талын үүдэнд байх орон дээр сууж байтал гаднаас талийгаач ганцаараа орж ирсэн. Тэгээд хэрүүл болсон. Талийгаач ширээн дээрээс хутга аваад надруу дайрсан. Ер нь бид  хоёр хоёулаа согтуу байсан. Бид хоёр барилцаж аваад гэрээс гарсан. Гэрээс гарч ноцолдоод гэрийн урд бид хоёр газар унасан. Би босоод иртэл ёо гээд талийгаач хэлсэн.  Хартал цээжнээс нь цус гарч байсан. Талийгаачийн хажууд хутга нь хэвтэж байсан. Би хутгыг нь авч гэрийн хаяа руу шидчихээд эргээд талийгаач дээр очсон. Талийгаач ёо ёо гээд хэвтээд байсан. Тэгээд би хөөе хөөе сэрээрэй гэж хэлээд хажууд нь 30 минут байсан байх. Саунд байсан надтай хамт явсан хүмүүс хүрч ирээд өнгөрч байна ш дээ болохоо байлаа гэж хэлсэн. Би хутгалснаа мэдэхгүй байна. Бид хоёр барьцалдаж аваад унахад хутга хажууд нь хэвтэж байсан. Уг хутга нь хар иштэй гал тогооны том балиус хутга байсан. Энэ хутгыг бид нар гал тогоондоо ашиглаж байсан. Талийгаачийн баруун талын эгэмний доороос нь цус гарч байсан. Миний цээж рүү хутга барьсан гараараа цохисон. Би тэрийг нь санаад байгаа юм. Талийгаач миний баруун гарын алгыг хутгаар зүссэн. Өөр цохиж зодоогүй. Талийгаач намайг талбай сайтай юм хутгална гээд байсан. бид хоёр нилээн согтуу байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Бид нар 10 гаруй шил архи уусан. Талийгаач гаднаас орж ирээд намайг лалар пизда гээд, талбай сайтай пиздаг хутгалчихад яадаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад, хоорондоо жаахан муудалцаад бие биенийгээ түлхэлцээд байж байтал талийгаач махан дээр байсан хутгыг аваад над руу дайрсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад хаалга түлхэж гараад гэрийн урд давхралдаад унасан. Тэгээд босоод өндийгөөд ирэхэд талийгаач ёоё гээд баруун талынх нь эгэмний доороос цус гарч байсан. Би цусыг нь гараараа дараад толгойг нь өвдгөн дээрээ тавиад нилээн суусан. Хутга нь хажууд нь хэвтэж байсан. Би хутгыг нь аваад гэрийн баруун хаяанд шидчихээд цагдаа, түргэн дууд гэж орилсон. Тэгээд байрнаас нь хөдөлгөөгүй, нас барсан байсан. Хажууд нь би нилээн суусан. Тэгээд нилээн байсны дараа Тариат сумын 2 цагдаа ирсэн. Бид хоёр гэрт ч барьцалдаж аваад гэрийн гадаа ч өөд өөдөөсөө барьцалдаж аваад би талийгаачийн дээр нь дарж унасан. Би талийгаачийг танхайн сэдэлтээр хутгалаагүй. Талийгаач гэрт орж ирээд би заавал юм хийж байдаг юм уу, гал тогоо ч гэсэн би хийдэг, саун галлачихаад ирлээ пизда минь талбай сайтай юм чинь гээд төмпөн дээр байсан хутга аваад над руу дайрсан. Би гэрээс гарч түүнийг түлхэн холдуулсан. Тэгтэл над руу хутгаа бариад чичрээд дайраад байсан. Тэгээд би хутгатай нь бариад хойш дараад давхралдаад унасан. Би босч ирэхэд талийгаач ёоё гэж хэлсэн баруун гарынх нь урд талд газар хутга нь байсан. би хутга орчихсон байна гээд шархан дээр нь дарсан, хүн байна уу гээд орилоход манай хэд сауны зүгээс ирсэн. Энэ асуудлаас өмнө нь боодог хийж байхад талийгаач  надтай би насаараа боодог хийсэн гээд маргалдаад намайг баруун зүүнгүй тонгорно шүү, манай эцэг Дамирангийн Энхбат гэдэг Францаас баригдаж ирсэн гээд томроод байхаар би боодогноос нь хийлцээгүй гэрт орсон. Би танхайраагүй, хохирогч надтай муудалцаагүй бол ийм хэрэг гарахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-106, 108, 109, 194-195х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд ял өөрчлөн сонсгосон яллагдагч О.Батбаатарын: “...би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрнө. Надад ял сонсгож байгаа зүйл ангийг ойлгож байна. Талийгаач бид хоёр боодог хийж байхдаа гэр рүү орж гараад архинаас ууж байсан. Тэгээд талийгаач надтай бөх яриад, би Сэлэнгийнхээ сумуудад бөхийн тайлбарлагч хийдэг байсан, би өөрөө барилддаг байсан, чамайг зүүн баруунгүй тонгорно гэж хэлээд байсан. Тэгээд талийгаач бид хоёрын дунд хэрүүл болох шинжтэй байхаар нь би орлоо гээд гэрт орсон. Талийгаач би энэ боодгыг насаараа хийлээ, их зугаалж явлаа гэж яриад томроод байсан. Тэгээд би гэрт ороод байж байтал боодог болсон. Боодгоо идэж уугаад байж байтал Санжаажамц, Энхболд, Чинбат, Хүрэлцэцэг нар саунд орлоо гээд гараад явсан. Талийгаач хэзээ гарч явсныг би анзаараагүй гэрт байгаагүй, талийгаач мах идэж байхдаа би саун галлачихъя гэж ярьж байсан. Гэрт Лэгцэгпил, Оюунболд, Пүрэвсүх бид дөрөв үлдсэн байсан. Тэгээд би гутлаа өмсөх гээд сууж байхад тэр гурав гараад явсан. Би хойноос нь гараад шээсэн. Тэр гурав саун байсан зүүн хойд зүг рүү гэрүүдийн урдуур явж байсан. Би үүдэднд байсан жижиг хөх өнгийн дрож /гишгүүр/ салхинд хийсээд урагшаа хийсэхээр нь авчирч үүдэнд тавьчихаад буцаж гэртээ ороод баруун талын үүдний орон дээр суугаад гутлаа үдэж байтал гаднаас талийгаач ганцаараа орж ирсэн. Орж ирээд талийгаач над руу чи саун галладаггүй ямар том пизда вэ талбай сайтай пиздаг хутгалчихад яадаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгтэл талийгаач баруун гартаа хутга барьж босч ирээд хутганыхаа үзүүрийг над руу харуулаад чичлээд байсан. Би хойшоо ухартал миний цээж рүү хутгагүй гараараа 2 цохисон. Би чаддаг юм бол шаачих гэж хэлээд хутгатай гараас нь барь авъя гэж бодож байсан. Тэгээд нэг нэгийгээ түлхэлцээд гэрийн хаалга руу би түүнийг түлхсэн. Талийгаач намайг гараад ир гэж хэлсэн. Би түүнийг түлхээд араас нь гарсан. Өөдөөс хутгаараа чичээд дайрахаар би зүүн гараараа талийгаачийн хутга барьчихсан байсан баруун гарын бугалганаас нь бариад хөлөө ард нь тавиад түлхтэл бид хоёр хоёулаа газар унасан. Тэгээд би эргэж нэг хөврөөгөөд босоод иртэл баруун гарынх нь хажууд хутга байсан. Талийгаач өөрөө ёоё гээд дуугарч байсан. Би шууд босч ирээд хутгыг нь авсан. Хөөе бос гээд хэлтэл өндийгөөд босоод ирсэн. Тэгээд цээжнээс нь цус гарч байхыг нь би харсан. Тэгээд талийгаач хойшоогшоо 2, 3 ухарч алхаад унасан. Би яасан бэ гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд би нөгөө хэд рүүгээ хутгалагдчихлаа гэж орилсон. Тэр хэд гүйгээд ирсэн. Удалгүй нас барчихлаа гэж хэлсэн. Би хутгаа гэрийн довжооны хажуу руу шидсэн. Хамгийн гол нь над руу талийгаач хутга бариад дайраад байхаар нь хутгыг нь салгаж авъя гэж бодож байсан. Би гэрийн хаяанд сууж байхад миний гарнаас цус гараад байсан. Ийм л хэрэг болсон. Би талийгаачийг хутгалаагүй. Хамгийн гол нь би хутгатай гарыг нь барьж байгаад хутгыг нь салгаж авъя гэж бодож байсан. Давхралдаж унахад хутга орчихлоо гэж бодож байна. Талийгаач баруун гартаа үзүүрийг нь урагш нь буюу над руу харуулаад барьчихсан байсан. Би хутгатай гарых нь бугалганаас барьчихсан байсан. Талийгаач над руу хутга бариад дайрах үед хутгатай гарыг барьж байхад гарыг минь исгэсэн байсан. Талийгаач над руу хутга барьж дайраагүй бол ийм асуудал болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-358-359х/

    * Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 069 тоот шинжээчийн дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас бэхжүүлж авсан гэх гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй..” гэх дүгнэлт /хх-74х/

    * Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 87 тоот шинжээчийн дүгнэлт: “...1. Талийгаач А.Эрдэнэбатын биед оношын 1-рт тусгагдсан цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, 2-рт тусгагдсан түүний хүндрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн цохилтоор үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. 4. Талийгаач нь дээрх гэмтлин улмаас хурц цус алдаж нас баржээ. 5. Шинжилгээгээр уушигны гялтангийн архаг наалдацат үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /хх-81х/

    * Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот шинжээчийн дүгнэлт: “...1.Сэжигтэн О.Батбаатарын гэх цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-91х/

    * Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 385 тоот шинжээчийн дүгнэлт: “...1. О.Батбаатарын биед баруун гарын шууны гадна доод хэсэг, алганы дунд хэсэгт жижиг өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн зүсэх зүсэгдэх үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй гэмтэл байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт /хх-93х/
* Фото зургийн үзүүлэлтүүд /хх-8-10, 13, 18, 85-87, 355х/
    * Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1909 тоот тодорхойлолт /хх-120х/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-125-126, 133-134х/
    * Сэлэнгэ аймгийн Сант сум Ивэн 1 дүгээр багийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 81 тоот тодорхойлолт /хх-131х/
    * Талийгаачийг оршуулахтай холбоотой болон мөрдөн байцаалтын шатанд ирсэн зардал, хохирлын баримтууд /хх-150-175, 182-183, 186-189х/
* Туршилт хийсэн тухай тэмдэглэл /хх-352-353х/, шүүх хуралд шинээр гаргаж өгсөн хохирлын баримт, эд мөрийн баримт зэрэг болно. 

Шүүгдэгч О.Батбаатар нь  2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах “Чулуут тур” жуулчны баазын хашаанд хамт явсан А.Эрдэнэбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас баруун эгэм тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч А.Билгүүний “...манай ах А.Эрдэнэбилэг надад ахыг маань Архангай аймаг руу самарт хамт явсан хүндээ зодуулж нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Пүрэвсүхийн “...тэгж байгаад А.Эрдэнэбат, О.Батбаатар хоёр хоорондоо тар тур хийгээд байгаа бололтой талийгаач би чамайг баруун солгойгүй тонгорно шүү дээ гээд байсан. Тэгж байгаад боодог болоод хувааж идээд нөгөө хэддээ тавиад талийгаач А.Эрдэнэбат саун руу нөгөө хэд чинь усанд орж дууссан болов уу? гээд явсан. Тэгээд ард чанга чанга дуугараад байхаар  нь эргээд хартал Батбаатар хүн хутгалчихлаа шдээ гэж орилж байсан. Тэгэхэд талийгаач ухарч 2, 3 алхаад дээшээ хараад унасан. Батбаатар сөгдөж суугаад гартаа барьсан хутгаа зоосон. Тэгээд бид гурвыг очих хооронд талийгаач нас барсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунболдын “...Бид 3 саун руу алхаж байтал талийгаач О.Батбаатар хоёр чанга чанга дуугаралдаад унасан. Эргээд хартал Батбаатар зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан. Талийгаач ухарч явж байгаад саваад унасан. Батбаатар би хүн алчихлаа ш дээ, хутгалчихлаа шдээ гээд орилж байсан. Бид 3 буцаж ирээд хартал талийгаачийн баруун талын эгэмний хажууд хутгалчихсан, цус нь гараад байсан. Талийгаач газар дээрээ удалгүй нас барсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Лэгцэгпилийн “...бид гурав цаашаа саун руу алхаад явж байтал намайг хутгалчихлаа гээд талийгаач орилох шиг болсон. Эргээд харахад талийгаач гэрийнхээ үүдэнд ухарч алхаж байгаад унаж байсан. О.Батбаатар сөхөрч унаад би хүн алчихлаа шдээ гэж хэлээд хутгаа газар хатгасан...” гэх мэдүүлэг, гэрч Санжаажамцын “...А.Эрдэнэбат амь тэмцэж байгаад нас барсан, би энэ юу болов оо гэхэд тэнд байсан хүмүүс Батбаатар хутгалчихлаа гэж байсан. Би яг хутгалахыг нь бол хараагүй, тэгсэн Батбаатар гэрийн хажууд доошоо харчихсан сууж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би маргалдаж зодоон хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна.  Тэр хоёрыг хоорондоо маргалдсан гэж байсан. Ямар шалтгаанаар хутгалсаныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ганболдын “...өндөр залуу нь гартаа хутга барьчихсан, нэг залуу нь газар уначихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хүрэлчулуунцэцэгийн “...Лэгцэг хүрч ирээд Бужгай О.Батбаатар хоёр бие биенийгээ хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд сандраад саунаас гараад гэрийн гадаа иртэл талийгаач гэрийн урд талд дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч гэрч  Б.Чинбатын “...А.Эрдэнэбатыг О.Батбаатар хутгалчихлаа гээд нэг нь хэлсэн тэгэхээр нь байрлаж байсан гэртээ гүйгээд очтол бид нарын байрлаж байсан гэрийн хаалганы харалдаа урд 4-5 метр зайтай талийгаач А.Эрдэнэбат дээшээ хараад хэвтсэн цээжний баруун дээд хэсгээс цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Санжаажамц “...Эрдэнэбат байрлаж байсан гэрээс урагшаа 6 метр орчим зайд толгой нь урд зүг рүү байрлаж эгц дээшээ харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би яваад очтол Эрдэнэбатын баруун эгэм орчимоос нь цус маш ихээр гарч хувцас нь их цус болсон байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 87 тоот шинжээчийн “... Талийгаач А.Эрдэнэбатын биед оношын 1-рт тусгагдсан цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, 2-рт тусгагдсан түүний хүндрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн цохилтоор үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. 4. Талийгаач нь дээрх гэмтлин улмаас хурц цус алдаж нас баржээ. 5. Шинжилгээгээр уушигны гялтангийн архаг наалдацат үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.

Иймд шүүгдэгч О.Батбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүн нь оршуулгын зардал, ирж очсон замын зардал  болон өмгөөлөгчийн хөлсөнд нийт  13753105 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд мөн хохирогч А.Эрдэнэбатын 2000 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Ануд  тэжээгчээ алдсаны тэтгэмж, сэтгэл санааны хохиролд 12 сая төгрөгийг тус тус  нэхэмжилжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ирүүлсэн баримтыг хуульд заасны дагуу үнэлж нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд хохирлыг гаргуулан, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д зааснаар өмгөөлөгчийн хөлс нь байцаан шийтгэх ажиллагааны зардал мөн байх тул Эрүүгийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулан нийт 12.405.105 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүнд олгохоор шийдвэрлэв. 
Хавтаст хэргийн 182, 183, 186, 187, 188, 189 дүгээр хуудсанд байгаа баримтууд эх хувиараа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулахтай холбогдсон баримтыг ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүн сэтгэл санааны хохиролд 12.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “...эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө...” гэж заасан бөгөөд сэтгэл санааны хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул 12.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна .
Шүүгдэгч О.Батбаатар нь 2001 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 157 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 80000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар ялгүй болжээ.
Иймд шүүгдэгч О.Батбаатарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 
Шүүгдэгч О.Батбаатарын цагдан хоригдсон 263 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй балиус хутга 1 ширхэг, хар хөх өнгийн малгайтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволка 1 ширхэг, ногоон цоохор өнгийн подволка 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн ноосон оймс 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 


1.  Шүүгдэгч Баяндалай овогт Очирын Батбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч О.Батбаатарыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Батбаатарт оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Батбаатарын цагдан хоригдсон 263 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар 12.405.105 төгрөгийг шүүгдэгч О.Батбаатараас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүнд олгож, хохирогч бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Билгүүний сэтгэл санааны хохиролд 12.000.000 /арван хоёр/ төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй балиус хутга 1 ширхэг, хар хөх өнгийн малгайтай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволка 1 ширхэг, ногоон цоохор өнгийн подволка 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн ноосон оймс 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай. 
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Батбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
9. Шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 


                                                 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               В.ЦЭЦЭНБИЛЭГ

                 ШҮҮГЧИД                               Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                               П.ГАНДОЛГОР