Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 01840

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/01840

 

 

“АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01348 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ТЭ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АТ” ХХК нь “ТЭ” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12/00041 тоот Хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр “ТЭ” ХХК нь гэрээний хугацаанд 2012 онд 136 800 000 төгрөгийн, 2013 онд 180 000 000 төгрөгийн, 2014 онд 43 200 000 төгрөгийн нийтдээ 360 000 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүр үйлчилгээгээр дамжуулан борлуулж өгөх, “АТ” ХХК нь үүний оронд сурталчилгаа борлуулалтыг нь дэмжиж 17 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байдаг. Уг дэмжлэгийг 2012 оны 4 сард 60 хувь, 2012 оны 12 дугаар сард 30 хувь, 2014 оны 4 дүгээр сард 10 хувиар хувааж төлөхөөр гэрээнд тусгагдсан.

 “АТ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 10 000 000 төгрөгийн урьдчилгаа дэмжлэгийг үзүүлсэн боловч “ТЭ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж нийтдээ энэ хугацаанд 34 171 588 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулж өгсөн байна. Гэрээний хавсралтад заасны дагуу сар бүрийн борлуулалтын төлөвлөгөө тасарсан тухай бүрд дараа сард нь манай зүгээс гэрээгээ биелүүлэхийг анхааруулж байсан. Бид “ТЭ” ХХК-иас ирүүлсэн захиалгын дагуу тухай бүрт тоо хэмжээгээр нь барааг хүргэж өгдөг байсан.

Гэрээний 2.6-д “гэрээний хугацаанд борлуулалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж чадаагүй тохиолдолд төлөвлөгөөнөөс дутуу үлдсэн хэсэгт ногдох дэмжлэгийг хувь тэнцүүлэн нөгөө тал нөхөн төлнө” гэж заасны дагуу “ТЭ” ХХК-ийн гүйцэтгэсэн нийт дүнгээс тооцвол 9,5 хувьтай байх тул урьдчилгаа болгон төлсөн 10 000 000 төгрөгөөс дээрх хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцож 8 400 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн гэрээний 5.7-д “гэрээний гүйцэтгэл дутуу болон зөрчил илэрсэн тохиолдолд нийт санхүүжилтийн 50 хувиар торгууль төлнө” гэж заасныг үндэслэн гэрээний нийт үнийн дүн болох 17 000 000 төгрөгийн 50 хувь буюу 8 500 000 төгрөгийг торгуульд нэмж нэхэмжилж байна. Нийтдээ  хамтран ажиллах гэрээний дагуу 16 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Торгуулиа 17 000 000 төгрөгнөөс бус буцаан авах 8 400 000 төгрөгнөөс тооцон 4 200 000 төгрөг болгон багасгаж, нийтдээ 12 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТЭ” ХХК нь “АТ” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүнийг 2012 оны 04 дүгээр сарын 01-ний 12/0041 тоот гэрээний дагуу борлуулж байсан байна.

Гэхдээ уг гэрээний хугацаа дууссанаас хойш компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн. 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр компанийн эрх, хувьцааг шилжүүлж авахаар гэрээг байгуулж, улсын бүртгэлд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлж баталгаажуулсан. Уг компанийн эрхийг шилжүүлсэн гэрээгээр өмнөх үүргийг хариуцахгүй тухай тусгасан байгаа тул өмнөх удирдлагын байгуулсан гэрээний дагуу одоогийн удирдлага хариуцлага хүлээх үндэсгүй.

Түүнчлэн хэрэгт баримтаар өгсөн гэрээг үзвэл “Хамтран ажиллах гэрээ” нэртэй ч талуудын хооронд барааг нь борлуулж өгөх үүрэг хүлээгээд байгаагаас харвал ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн дээрх гэрээ хуульд нийцээгүй, хуулиас давсан гэрээ байна. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулаагүй, тоо хэмжээнд хүрээгүй гэж төлбөр болон алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн гэрээнд заасан тоо хэмжээ тухайн сардаа хүрсэнгүй гэж шаардаж байсан тухай баримтгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ТЭ” ХХК-иас 12 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс санхүүгийн дэмжлэгийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл талууд хамтран ажиллах гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд талуудын зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцалсан асуудал байхгүй, гэрээ үргэлжилж байсан. Cap бүр “ТЭ” ХХК-ийн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан бөгөөд бараа бүтээгдэхүүний төлбөрийн хувьд “ТЭ” ХХК нь ямар нэг өр төлбөргүй, тухайн сардаа багтаан борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг төлж байсан нь мөн гэрээг үргэлжлүүлэх шалтгаан болж байсан. Хэдий тухайн сарын төлөвлөгөөт борлуулалтанд хүрэхгүй байсан ч гэрээний 2.4-д "...төлөвлөгөө гэрээнд заасан хугацаанаас өмнө биелж болох ба энэ нь гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хавсралтаар баталсан cap, жил бүрийн төлөвлөгөөг хатуу баримтлахгүй, төлөвлөгөө өмнө нь болон дараа биелж болохыг зөвшөөрч гэрээг байгуулсан нь харагдаж байна.

Мөн “ТЭ” ХХК нь “Мобиком” ХХК-ийн байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2014 онд “Мобиком” ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээг цуцалсан учир түрзэсийн байрнаасаа гарсан, өөр газар байр түрээслэх гэж байгаа, түр хүлээнэ үү гэж удаа дараа хүсэж байсан учир манай компани гэрээний 5.8-д "талууд гэрээгээр хүлээсэн үүргээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд талуудын эрх үүрэг хэвээр хадгалагдаж, давагдашгүй хүчин зүйл өнгөрсөн хугацаанаас эхлэн гэрээний нөхцөл хэвээр үргэлжилнэ" гэж заасны дагуу “ТЭ” ХХК-аас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас бүтээгдэхүүн борлуулах боломжгүй болсон гэж үзэн гэрээг дуусгавар болголгүй үргэлжлүүлж байсан.

Ингээд гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болоход гэрээг дүгнэж, гэрээний 2.6-д заасны дагуу “ТЭ” ХХК-ийн борлуулсан бараанд хувь тэнцүүлэн санхүүгийн дэмжлэгийг буцаан нэхэмжилсэн болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасны дагуу гэрээ дуусгавар болж, гэрээг дүгнэсний дараа буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхэлсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “ТЭ” ХХК-аас нийт 12 600 000 төгрегийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “АТ” ХХК нь хариуцагч “ТЭ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ТЭ” ХХК нь нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн 360 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарын хүртэл хугацаанд борлуулалтын төлөвлөгөөний дагуу худалдан борлуулах, нэхэмжлэгч нь стандартын шаардлага хангасан нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, 17 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тохирсон хугацааны дагуу өгөхөөр тохиролцсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний урамшуулалтай холбоотой хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч “АТ” ХХК нь хариуцагч “ТЭ” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн буюу бараа бүтээгдэхүүнийг төлөвлөгөөнд заасны дагуу борлуулаагүй гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байна.

 

            Хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн албан бичиг дээр хамтран ажиллах гэрээний дагуу гэрээт хугацаанд хийсэн борлуулалтын тооцоог нотлох баримтаар шүүхэд өгсөн ч уг баримт нь хариуцагч талын эрх бүхий этгээдүүдийн зүгээс тооцоо нийлсэн, баталгаажуулсан акт гэж үзэхгүй. Учир нь энэ баримтыг нэхэмжлэгч тал үйлдсэн бөгөөд хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй байх тул энэхүү гэрээний нэг талын дангаар үйлдсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь нотлох баримт гэж дүгнэх боломжгүй болно.

 

Иймд хариуцагч нь гэрээний үүргийг хэрхэн зөрчсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 2.6 дахь хэсэгт заасан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг энэ дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээг цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрээний хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусан байх бөгөөд уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хуулиар тогтоосон 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа учраас анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 216 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                        Э.ЗОЛЗАЯА