Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01348

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01348

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Капитал хаузын байр, 2 давхарт байрлах, “Апутрейдинг” ХХК /Регистрийн дугаар:5105935/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хоме плаза үйлчилгээний төв, 3 давхарт байрлах, “Тэнүүн-Эрдэнэ” ХХК /Регистрийн дугаар:5491746/-д холбогдох

Гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамьян,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.     

                                                                                    

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Апу трейдинг ХХК нь Тэнүүн Эрдэнэ ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12/00041 тоот Хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр “Тэнүүн Эрдэнэ” ХХК нь гэрээний хугацаанд 2012 онд 136,800,000 төгрөгний, 2013 онд 180,000,000 төгрөгийн, 2014 онд 43,200,000 төгрөгийн нийтдээ гурван жилд 360,000,000 төгрөгийн манай үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн болох шар айраг, ундаа ус, архи зэрэг бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүр үйлчилгээгээр дамжуулан борлуулж өгөх, “Апу трейдинг” ХХК нь үүний оронд сурталчилгаа борлуулалтыг нь дэмжиж 17,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байдаг. Уг дэмжлэгийг 2012 оны 4 сард 60 хувь, 2012 оны 12 дугаар сард 30 хувь, 2014 оны 4 дүгээр сард 10 хувиар хувааж төлөхөөр гэрээнд тусгагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 189.5-д заасан шаардлагыг хангасан гэрээ гэж үзэж байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх ёстой.

“Апу трейдинг” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 10,000,000 төгрөгийн урьдчилгаа дэмжлэгийг үзүүлсэн боловч “ТэнүүнЭрдэнэ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж нийтдээ энэ хугацаанд 34,171,588 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулж өгсөн байна. Гэрээний хавсралтад заасны дагуу сар бүрийн борлуулалтын төлөвлөгөө тасарсан тухай бүрд дараа сард нь манай зүгээс гэрээгээ биелүүлэхийг анхааруулж байсан. Бид “Тэнүүн Эрдэнэ” ХХК-иас ирүүлсэн захиалгын дагуу тухай бүрт тоо хэмжээгээр нь барааг хүргэж өгдөг байсан.

Гэрээний 2.6-д “гэрээний хугацаанд борлуулалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж чадаагүй тохиолдолд төлөвлөгөөнөөс дутуу үлдсэн хэсэгт ногдох дэмжлэгийг хувь тэнцүүлэн нөгөө тал нөхөн төлнө” гэж заасны дагуу “Тэнүүн Эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэсэн нийт дүнгээс тооцвол 9,5 хувьтай байх тул урьдчилгаа болгон төлсөн 10,000,000 төгрөгөөс дээрх хэмжээгээр хувь тэнцүүлэн тооцож 8,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн гэрээний 5.7-д “гэрээний гүйцэтгэл дутуу болон зөрчил илэрсэн тохиолдолд нийт санхүүжилтийн 50 хувиар торгууль төлнө” гэж заасныг үндэслэн гэрээний нийт үнийн дүн болох 17,000,000 төгрөгийн 50 хувь буюу 8,500,000 төгрөгийг торгуульд нэмж нэхэмжилж байна. Нийтдээ  хамтран ажиллах гэрээний дагуу 16,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Торгуулиа 17,000,000 төгрөгнөөс бус буцаан авах 8,400,000 төгрөгнөөс тооцон 4,200,000 төгрөг болгон багасгаж, нийтдээ 12,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч компанийн эрхийг 2014 онд шилжүүлсэн, тухайн үед өөр удирдлага байсан тул хариуцахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаас үзвэл уг компани үндсэндээ Э.Нандинзүрх, Б.Цогзолмаа, Н.Сэргэлэн гэсэн гурван хувьцаа эзэмшигч төлөөлөх эрхтэй этгээдүүдэд хоорондоо өөрсдийн “Голден минт” ХХК, “Сирис” ХХК-ийн нэрээр нааш цааш олон удаа компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлсэн болох нь харагддаг. Одоогийн “Тэнүүн Эрдэнэ” ХХК-ийн  хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Нандинзүрх нь гэрээг байгуулах үед мөн л тус компанийн  хувьцаа эзэмшигч байсан байна. Иймд үүргээс чөлөөлөх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Тэнүүн Эрдэнэ” ХХК нь “Апу трейдинг” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүнийг 2012 оны 4 дүгээр сарын 01-ний 12/0041 тоот гэрээний дагуу борлуулж байсан байна. Гэхдээ уг гэрээний хугацаа дууссанаас хойш компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн. 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр компанийн эрх, хувьцааг шилжүүлж авахаар гэрээг байгуулж, улсын бүртгэлд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлж баталгаажуулсан. Уг компанийн эрхийг шилжүүлсэн гэрээгээр өмнөх үүргийг хариуцахгүй тухай тусгасан байгаа тул өмнөх удирдлагын байгуулсан гэрээний дагуу одоогийн удирдлага хариуцлага хүлээх үндэсгүй. Түүнчлэн хэрэгт баримтаар өгсөн гэрээг үзвэл “Хамтран ажиллах гэрээ” нэртэй ч талуудын хооронд барааг нь борлуулж өгөх үүрэг хүлээгээд байгаагаас харвал ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн дээрх гэрээ хуульд нийцээгүй, хуулиас давсан гэрээ байна. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулаагүй, тоо хэмжээнд хүрээгүй гэж төлбөр болон алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн гэрээнд заасан тоо хэмжээ тухайн сардаа хүрсэнгүй гэж шаардаж байсан тухай баримтгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК хариуцагч “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 16,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч урьдчилгаанд төлсөн 8,400,000 төгрөг, гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйн торгуульд 4,200,000 төгрөг нийт 12,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх ба түүнд олгосон 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлд компанийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, бүрэн төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэв.

“Апу трейдинг” ХХК, “Тэнүүн Эрдэнэ” ХХК нар харилцан тохиролцож 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12/00041 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.  /хх-8-11/

Дээрх гэрээгээр “Тэнүүн Эрдэнэ” ХХК нь өөрийн “М клуб” үйлчилгээний газарт 2012 оны 4 сараас 2014 оны 4 сарын хооронд нийт 360,000,000 төгрөгний “Апу трейдинг” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүнийг жил, сар бүрээр тогтоосон хэмжээгээр худалдан борлуулах, “Апу трейдинг” ХХК нь захиалгын дагуу стандартын шаардлага хангасан нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, 17,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тохиролцсон хуваарийн дагуу өгөх, түүнчлэн “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн хийсэн борлуулалт  тохиролцсон төлөвлөгөөнд  хүрээгүй тохиолдолд  дутуу үлдсэн хэсэгт ногдох дэмжлэгийг хувь тэнцүүлэн буцаан төлөх, гүйцэтгэл дутуу талаар анхааруулсан боловч зөрчлийг арилгаагүй бол нийт санхүүгийн дэмжлэгийн 50 хувиар тооцон торгууль төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигч хэн алин нь гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй тул шүүх зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байна гэж үзэв. Хариуцагчийн өмгөөлөгч дээрх гэрээг Ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбарлаж байх боловч гэрээний зорилго, агуулга, гэрээгээр тохиролцсон тохиролцооноос үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж, агуулгатай нийцэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч нь компанийн эрх, хувьцааг 2014 онд шилжүүлэн авахдаа өмнөх компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг хариуцахгүй байхаар харилцан тохиролцсон, энэ тухай компанийн эрх шилжүүлэх тухай  2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд тусгасан тул хариуцахгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохоор заасан, хэрэг авагдсан баримтаар уг хуулийн этгээд татан буугдаагүй байх тул “Тэнүүн Эрдэнэ” ХХК-ийн хувьцаа, компанийн эрх, үүрэг нэг этгээдээс нөгөөд шилжсэн асуудал компанийн зүгээс гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн дээрх тайлбар мөн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгчээс гэрээний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг “Тэнүүн Эрдэнэ” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр тогтоогдож байх бөгөөд зохигчид мөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй байна. /хх 7 дахь тал/

Нэхэмжлэгч нь “Тэнүүн-Эрдэнэ” ХХК гэрээний дагуу 2012 онд 136,800,000 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулахаас 24,080,450 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан, 2013 онд 180,000,000 төгрөгөөс 10,091,138 төгрөгийн, 2014 онд 43,200,000 төгрөгийн борлуулалтаас нэг ч төгрөгийн борлуулалт хийгээгүй тул гэрээний хугацаанд 360,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан борлуулах үүрэгтэйгээс биелүүлсэн 34,171,588 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, ногдох хэмжээгээр санхүүгийн дэмжлэг, торгуулийг гаргуулна гэж нэхэмжилж байх боловч шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч 2012 онд 136,800,000 төгрөгийн, 2013 онд 180,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч байгууллагад нэхэмжлэгч талаас захиалгын дагуу бүрэн нийлүүлсэн гэж зөрүүтэй тайлбарлаж байх бөгөөд  нэхэмжлэгчээс гэрээний хугацаанд хэдэн төгрөгийн бүтээгдэхүүнийг “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-д нийлүүлсэн, хэдийг хариуцагч байгууллага худалдан борлуулж, хэдийг борлуулаагүй зэрэг төлбөр тооцоог нотлосон баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. Түүнчлэн нэхэмжлэгч нь сар бүрийн хуваарь зөрчигдөхөд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтгүйг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр тохиролцсон 2012 онд 136,800,000 төгрөгийн борлуулалт хийх үүрэг, 2013 онд 180,000,000 төгрөгийн борлуулалт хийх үүргээс ногдох хувиар тооцон төлсөн дэмжлэгийг буцаан шаардах хөөн хэлэлцэх 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан түр зогссон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-иас 12,600,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч “Апу трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ