Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/01440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Г ББСБ ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Х-

 

Хариуцагч: Х.Т- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 47,124,896 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батбаяр, хариуцагч Ч.Х-, Х.Т-, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Г ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч Л.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т-, Ч.Х- нар 2015 оны 04 сарын 03-ны өдөр ЗГО103150052 тоот Зээлийн гэрээ байгуулан 28,000,000  төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож ** тоот 2 өрөө 44,10 м.кв талбайтай, Ү-22** тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0Ю3150052 дугаартай Барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний 2.3-т заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх улдсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдэлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцно. Иргэний хуулийн 452.2-т зааснаар үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Зээлдэгч Х.Т-, Ч. Халиун нар  үндсэн зээлд 2,800,000 төгрөг, зээлийн хүүнд 3,463,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2016 оны 04 сарын 03-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үндсэн зээл 25,200,000 төгрөг, зээлийн хүү 18,874,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,031,803 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 47,124,896 төгрөг гаргуулж, Барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар ** тоот 2 өрөө 44,10 м.кв талбайтай Ү-22** тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар  зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ББСБ-аас 2015 оны 4 сарын 03-ны өдөр 28,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж авсан. Үүнээс 6,263,000 төгрөг төлсөнийг 2,800,000 төгрөгийг үндсэн зээлд, 3,463,000 төгрөгийг хүүнд суутган авсан байсан. Одоо зээлийн үлдэгдэл 25,200,000 төгрөгийг хүүгийн төлбөр 4,014,400 төгрөг нийт 29 214 400 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 17,910,496 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 сарын 03-ны өдөр дууссан. Гэтэл Банк бус санхүүгийн байгууллага нь 2017 оны 5  сарын 17-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь хэт өрийн дарамтанд оруулж, хүүг өсгөх зорилгоор бүтэн жил гаруй хугацаа хэтрүүлсэн байна. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний 2.4, 2.5, 2.11, 5.1.1, 8.5-д заасан нөхцөлийг биелүүлээгүй. Төлбөрийн чадваргүй болж байгаа тухайгаа өөрийн биеэр олон удаа очиж хэлж хүсэлт гаргаж зээлийн хүүг зогсоож өгөхийг хүсэж 2016 оны 05 сарын 12, 2017 оны 05 сарын 12-нд тус тус өргөдөл гаргаж УБ шуудангаар хүргүүлсэн боловч авч хэлэлцэж байгаагүй.  Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын Б-З-ын 3.2-т заасан “...зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана...” гэж заасныг Г ББСБ огт хэрэгжүүлээгүй. Иймд энэ зааврын дагуу нэхэмжлэлээс 17,910,496 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн хувьд 2005 оноос эхлэн группд орсон бөгөөд одоогоор 12 жилийн турш хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хөдөлмөрийн чадварыг харгалзан чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Ч.Х-, Х.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,124,896 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Х- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 тоот тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-3-ын 3.2-т зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлагдсан хүүг буцаана гэж заасныг Банк бус санхүүгийн байгууллага биелүүлээгүй гэж маргажээ.

Хариуцагч Х.Т- хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоогдсон тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Ч.Х-, Х.Т- нартай 2015 оны 04 сарын 03-ны өдөр 28,000,000 төгрөгийг, сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-22** дугаар бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00** тоот гэрчилгээтэй, Ч**тоот хаягт байрлах, 44,10 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалж гэрээ байгуулж зээлийг шилжүүлсэн болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Ч.Х-, Х.Т- нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,800,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,463,000 төгрөг нийт 6,263,000 төгрөг төлж, тооцооллын талаар маргахгүй байна.

Хариуцагч Х.Т- хөдөлмөрийн чадвар алдалтыг 2005 оноос 80 хувиар тогтоогдсон тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэж, хариуцагч Ч.Х- төлбөрийн чадваргүй болж байгаа тухайгаа 2016 оны 05 сарын 12-ны өдөр, 2017 оны 05 сарын 12-ны УБ шуудангаар болон өөрийн биеэр хүсэлт хүргүүлсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.дах хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 17,910,496 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан байна.

Иймд зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл 25,200,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 18,874,093  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3,031,803 төгрөг нийт 47,105,896 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Харин нэхэмжлэгч нь гэрээ, өргөдөл, барьцааны мэдэгдэл зэргийг нотариатчаар гэрчлүүлсэн зардал төлсөн болох нь Мөнгөний тасалбар /хх-ийн 26 талд/-аар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас  нотариатын төлбөр 19.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-22** дугаар бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00** тоот гэрчилгээтэй, Ч**тоот хаягт байрлах, 44,10 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьд илүү төлөгдсөн 70,201 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Х-, Х.Т- нараас 47,105,896 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ  гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-22** дугаар бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00** тоот гэрчилгээтэй, Ч**тоот хаягт байрлах, 44,10 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд  даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463,775 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Ч.Х-, Х.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 393,479 төгрөгийг гаргуулж, Төрийн сангаас 70,201 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ