Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1921

 

    "ГКП ББСБ" ХХК-ийн

    нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01440 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч "ГКП ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Х, Х.Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 47 124 896 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Х.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Хариуцагч Х.Т, Ч.Х

Хариуцагчийн өмгөөлөгч А.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч "ГКП ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Т, Ч.Х нар 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГО103150052 тоот зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Их Тойруу 67 дугаар байрны, 9 тоот 2 өрөө 44,10 м.кв талбайтай, Ү-2202016247 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0Ю3150052 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.3-т “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцно” гэж заасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч нар үндсэн зээлд 2 800 000 төгрөг, зээлийн хүүнд 3 463 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээлээ төлөөгүй тул үндсэн зээл 25 200 000 төгрөг, зээлийн хүү 18 874 093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 031 803 төгрөг, нотариатын төлбөр 19 000 төгрөг нийт 47 124 896 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их Тойруу 67 дугаар байрны 9 тоот, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Х, Х.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 28 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Үүнээс 6 263 000 төгрөг төлснийг 2 800 000 төгрөгийг үндсэн зээлд, 3 463 000 төгрөгийг хүүд авсан. Одоо зээлийн үлдэгдэл 25 200 000 төгрөг, хүү 4 014 400 төгрөг, нийт 29 214 400 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 17 910 496 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дууссан. Гэтэл ББСБ нь 2017 оны 5 дугаар сарын 17-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өрийн дарамтанд оруулж, хүүг өсгөх зорилгоор бүтэн жил гаруй хугацаа хэтрүүлсэн байна. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний 2.4, 2.5, 2.11, 5.1.1, 8.5-д заасан нөхцлийг биелүүлээгүй. Төлбөрийн чадваргүй болж байгаа тухайгаа өөрийн биеэр олон удаа хэлж хүсэлт гаргаж, зээлийн хүүг зогсоож өгөхийг хүсэж 2016 оны 5 дугаар сарын 12, 2017 оны 5 дугаар сарын 12-нд тус тус өргөдөл гаргаж шуудангаар хүргүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-З-ын 3.2-т ...зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана гэж заасныг ББСБ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү 17 910 496 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Х, Х.Т нараас 47 105 896 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ГКП ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2202016217 дугаар бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000111712 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол/15140/, Их Тойруу 67 байрны, 9 тоот хаягт байрлах, 44,10 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463 775 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Ч.Х, Х.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 393 479 төгрөгийг гаргуулж, Төрийн сангаас 70 201 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч "ГКП ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2 жилийн өмнө “"ГКП ББСБ-иас 28 000 000 төгрөгийн зээл аваад 6 263 000 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь намайг хэт хохироож бүтэн 2 жилийн дараа санаатайгаар хүүг нэмэгдүүлэн хуримтлуулж байгаад шүүхэд хандсан. Энэ талаар шүүхэд мэдүүлээд байхад авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Бие олон удаа ББСБ-д учир зовлонгоо тайлбарлаж, өргөдөл бичиж өгч байсан. Миний бие муу ажилгүй, эрүүл мэндийн 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группийн хэдэн төгрөгөөр амьдардаг. Иймд үндсэн зээл, хүү төлнө. Харин нэмэгдүүлсэн хүү 17 910 496 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй нөхцөл байдлыг харгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч "ГКП ББСБ" ХХК хариуцагч Ч.Х, Х.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 200 000 төгрөг, зээлийн хүү 18 874 093 төгрөг, нэмэгдүүүлсэн хүү 3 031 803 төгрөг, нотариатын төлбөрт 19 000 төгрөг буюу нийт 47 124 896 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нар үндсэн зээл, зээлийг хүүг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ0103150052 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч "ГКП ББСБ" ХХК нь зээлдэгч Ч.Х, Х.Т нарт 28 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /хх 14-16/

Мөн зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗБ0103150052 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч Ч.Х, Х.Тнар барьцаалагч буюу "ГКП ББСБ" ХХК-д буюу дээрх 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 67 дугаар байрны 9 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх 17-19/

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч "ГКП ББСБ" ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх /хх 7-10/ бөгөөд хариуцагч Ч.Х, Х.Т нар гэрээний 2.2 дахь хэсэгт заасан буюу хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг, түүнчлэн гэрээний хугацаа дуусахад төлөх үндсэн зээлийн төлбөрөөс 2 800 000 төгрөг, зээлийн хүүд 3 463 000 төгрөг, нийт 6 263 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү, хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг тус тус хариуцагч нараас шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...төлбөрийн чадваргүй болж байгаа талаарх хүсэлтээ 2016 оны 5 дугаар сарын 12, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус гаргаж байсан, зээлдэгч нь Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-3-ын 3.2-т заасныг биелүүлээгүй, Х.Т нь хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан” гэж тайлбарлажээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус тус хүлээдэг.

Хариуцагч Х.Т нь “зээлийн хүүг зогсоох талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргасан” гэх боловч талууд зээлийн хүү тооцох хугацааг зогсоосон, энэ талаар тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг эс зөвшөөрч буй татгазлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.7-д “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиролдолд гэрээний хүчинтэй байх хугацаа нь уг төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ” гэж заасан байх тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хэтрүүлсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын төлбөрт төлсөн 19 000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА