Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2017/00312

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

    2017          07             28                                     103/ШШ2017/00312

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хас банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хороолол, 82-18 тоотод  байрлах Ахиад ДД ХХК, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж эко 26-2 дугаар байрны 21 тоотод оршин суух, Алаг адуу овогт Буриадын Энхтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33.927.647 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгондулам, Х.Батдэлгэр,  нарийн бичгийн дарга Э.Шинэхүү   нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Даваа-Очир, Б.Энхтуяа нар нь тус банкны Багануур салбараас 2014 оны 04 сарын 30 ны өдөр 1290013579 дугаар гэрээ байгуулан 39.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр өөрийн эзэмшлийн Ахиад ДД ХХК ийн нэр дээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013.10.03-ны өдрийн баталгаат ипотекийн 1290011662-1 дугаар гэрээгээр Улсын бүртгэлийн Y-2208004000 дугаартай Багануур дүүргийн 1-р хороо 78-р байрны 18 тоотын 74.23 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь муудсан  нөхцөл байдлыг нь харгалзан зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд 2015.05.05 ны өдөр болон 12.07 ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үндсэн төлбөр,  төлөх хугацааг 2016.09.15-ныг хүртэл хойшлуулж байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2, 3.3-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээгээ цуцалж байна. Зээлийн үлдэгдэл 2016.10.03 ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 28.512.567 төгрөг, хүү 5.394.706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.374 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг бүгд 33.927.647 төгрөг болоод байна. Иймд зээлдэгч нараас 33.927.647 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө орлогоор хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ахиад ДД ХХК, хамтран зээлдэгч  Б.Энхтуяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33.927.647 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар  гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө сайн дураараа биелүүлэхгүй байгаа учраас барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. 2013.10.03 ны өдөр Даваа-Очиртой ипотекийн гэрээ байгуулсан , уг гэрээний дагуу зээлдэгч манай банканд барьцаалуулагчийн батлах мэдэгдэл гаргаж өгсөн, энэ мэдэгдэл нь Иргэний хуулийн 167 дугаар зүйлйин 167.1-д  үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр  зөвхөн өөрийн шаардлагыг  нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар  хэлэлцэн тохиролцож болох бөгөөд  уг ипотекийг  Улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ гэж  зааснаар хүчин төгөлдөр үйлчлэхээр гэрээнд заасан байгаа,  зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүгээ хуульд зааснаар 20 хувиас хэтрүүлэхгүй гэж бодвол нэмэгдүүлсэн хүү нь 1.500.000 төгрөг орчим болж байна, анх нэмэгдүүлсэн хүүгээ манай салбар буруу тооцож багаар нэхэмжилсэн байна, гэхдээ одоо нэмэгдүүлсэн хүүгээ нэмчихээр дахин процессын ажиллагаа явагдах учраас 9.374 төгрөгөөрөө нэхэмжлээд одоо 33.017.893 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөгийнхөө хамт нэхэмжилж үлдэх 898.754 төгрөгөөсөө татгалзахаас өөр аргагүй байна, манайх хариуцагчаас 2016.10.04 ний өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх төлбөрийг л нэхэмжилсэн, өнөөдрийг хүртэлх төлбөрийг нэхэмжлэх боломжтой байсан  гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгондулам шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн төлбөрийг 28.512.567 төгрөг гэж андуурсан байна. Энэ төлбөрт 2015.12.08 ны өдөр хүртэлх  хүү, нэмэгдүүсэн хүү нийлээд орсон, энэ дүнгээс хүүгээ бодсон нь хүүгээс хүү бодож буруу тооцоо гаргасан байна. Үндсэн зээлийн төлбөр 2015.12.08 ны өдрийн байдлаар 25.300.000 төгрөг байгаа, үүнийг Даваа-Очир өөрөө сайн мэдэж байгаа, энэ дүнгээс 2016.10.04 хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүү 7.708.519 төгрөг  болж байна гэв.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар нь хариуцагч Ахиад ДД ХХК, Алаг адуу овогт Буриадын Энхтуяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33.916.647 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг , бүгд 33.927.647 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхээс шаардаж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 33.916.647 төгрөгийн зарим хэсэг болох 898.754 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Зээлдүүлэгч Хас банкны Багануур салбар, зээлдэгч  Ахиад ДД ХХК,  хамтран үүрэг гүйцэтгэгч Буриадын Энхтуяа нарын хооронд  2014 оны 04 сарын 30 ны өдөр 1290013579 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж уг зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь 39.000.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд   үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

          Зээлдүүлэгч Хас банк, зээлдэгч Данзангийн Даваа-Очир нарын хооронд 2013.10.03-ны өдөр баталгаат ипотекийн 1290011662-1 дугаартай гэрээ байгуулагдаж  Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоот  74.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд гэрээний 1дэх хэсгийн 1.6-д “Зээлдэгч болон банкны хооронд цаашид байгуулагдах зээлийн гэрээний хувьд энэ гэрээ хүчин төгөлдөр байна” гэж талууд тохиролцсон, мөн зээлдэгч Д.Даваа-Очир нь 2014.04.30 ны өдөр Хас банканд “Барьцаалуулагч Д.Даваа-Очир би зээлдэгч Ахиад ДД ХХК-ийн Хас банктай байгуулсан 1290013579 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хас банкны шаардлагыг 2013.10.03 ны өдрийн 1290011662-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэдгээ үүгээр батлан мэдэгдэж байна” гэсэн барьцаалуулагчийн батлах мэдэгдлийг бичгээр гарган гарын үсгээ зурж баталгаажуулсан, энэ нь Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасан заалттай нийцэж байх тул 2014.04.30 ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 1290013579 дугаартай зээлийн гэрээнд 2013.10.03 ны өдрийн баталгаат ипотекийн 1290011662-1 дугаартай гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр байна гэж шүүх үзэв.

          Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад 2015.05.04 ний өдөр Хас банкны Багануур салбарт хандаж “Манай компанийн хөрөнгө оруулалт түр хойшлогдсон учраас 2014.04.30 нд авсан 39.000.000 төгрөгийн зээлийн 2015 оны 5, 6, 7-р сарын үндсэн төлөлт, хүүгийн төлөлтийг 3 сараар хойшлуулж өгч тусална уу” гэж гаргасан хүсэлтийн дагуу Хас банк 2015.05.07 ны өдөр  1290013579 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлдэгчийг 2015 оны 06-07 саруудад үндсэн төлбөрүүдөөс чөлөөлсөн,  2015.11.25 ны өдөр дахин “Манай компани нь тус банкнаас 39.000.000 төгрөгийн зээл авснаас үлдэгдэл 25.000.000 төгрөгийг  хүүгийн хамт хугацаандаа төлж амжихгүй байгааг харгалзан нэг жилээр сунгаж өгч тусална уу” гэсэн хүсэлтээр 2015.12.08 ны өдөр  гэрээнд “2016.05.05 ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2017.05.15 ны өдөр хүртэл 12 сараар сунгаж ,сар бүрийн эргэн төлөлтөөс 2016.01-08 саруудад зөвхөн хүүний төлбөр төлүүлж үндсэн төлбөрөөс чөлөөлж, үлдсэн саруудад үндсэн төлбөрийг  тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр “ өөрчлөлт оруулсан болох нь 2015.05.07 ны өдрийн 1290018936, 2015.12.08 ны өдрийн 1290021037 дугаартай гэрээнүүдээр тогтоогдож байна.

Зээлдүүлэгч нь барьцаат зээлийн  гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх ба талуудын хооронд ипотекийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 169 дүгээр зүйлийн 169.1-д зааснаар гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг зээлдэгч нар хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэх хугацаа болсон учраас үүргийн гүйцэтгэлээ зээлдэгч нараас шаардах, зээлдэгч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс шаардлагаа хангуулах, 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.

        Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, өөрсдийн ашиг сонирхолыг бүрэн тусгасны үндсэн дээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулсан ба зээлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байна.

           Зээлдүүлэгч Хас банк, зээлдэгч Данзангийн Даваа-очир нарын хооронд 2013.10.03 ны өдөр баталгаат ипотекийн 1290011662-1 дугаартай гэрээ,   зээлдүүлэгч Хас банкны Багануур салбар, зээлдэгч  Ахиад ДД ХХК,  хамтран үүрэг гүйцэтгэгч Буриадын Энхтуяа нарын хооронд  2014 оны 04 сарын 30 ны өдөр 1290013579 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь гэрээнүүд болон барьцаалуулагчийн батлах мэдэгдэл зэргээр тогтоогдож байх тул барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүргийг  Б.Энхтуяа, Ахиад ДД ХХК-иас тус тус шаардах эрхтэй байна. 

           2014 оны 04 сарын 30 ны өдрийн 1290013579 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй”, 3.2.7-д” зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү болон гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлнө”,3.3 дугаар зүйлийн 3.3.4-д “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил эрх үүрэгтэй байна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ зээлийн төлөгдөөгүй  үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна”, 5 дугаар зүйлийн 5.2-д “зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч банкны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд  банк барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна”, 2013.10.03 ны өдрийн баталгаат ипотекийн 1290011662-1 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр  хангуулах шаардах эрх банканд үүссэн тохиолдолд  барьцаалуулагч  нь энэ гэрээний 2.1-д заасан барьцаа хөрөнгөөр хангуулахыг банканд зөвшөөрч байна” 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, батлан даагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн  гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус гэрээгээр харилцан тохиролцсон үүргийн дагуу зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр  хангах үүрэгтэй.

        Хууль болон гэрээнд зааснаар зээлдэгч нар нь  үндсэн зээлд 25.300.000 төгрөг, зээлийн хүүд 7.708.519 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9.374 төгрөг, нийт 33.017.893 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2014.04.30 ны өдрийн 1290013579 дугаартай зээлийн гэрээ, 2013.10.03 ны өдрийн 1290011662-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, барьцаалуулагчийн батлах мэдэгдэл, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, 2015.12.08 ны өдрийн 1290021037 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээлийн үлдэгдэл  25.300.000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 28.512.566.82 төгрөг байгаа болохыг гэрээний 2 тал харилцан тооцож гарын үсгээ зурж баталгаажуулсан, Монгол банкны шинжээч нарын 2017.02.25 ны өдөр гаргасан “…2015.05.07 ны өдрийн 1290013579 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээг харахад уг гэрээ хийх өдрийн байдлаар өмнө олгосон 39.000.000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл 25.300.000 төгрөг байсан байна…Энэ гэрээ нь банкны хууль тогтоомжид нийцсэн байна, ...2014.04.30 ны өдөр зээлж авсан 39.000.000 төгрөгийг тухайн өдөр Ахиад ДД ХХК-ийн  харилцах дансанд шилжүүлэх замаар  бэлэн бусаар олгосон, харилцах данснаас Д.Даваа-Очир 38.610.000 төгрөг  /390.000 төгрөгийн зээл олголтын хураамж хассан дүн/ зарлагын ордер бичин бэлнээр авсан байна…” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч нарын 2017.06.30 ны өдрийн 142 дугаартай “…2014.04.30 ны өдөр Ахиад ДД ХХК нь Хас банкнаас 1290013579 дугаартай зээлийн гэрээгээр  39.000.000 төгрөгийн зээл авсан байна, зээлийн төлбөр Ахиад ДД ХХК-ийн Хас банкны 5001130766 тоот харилцах дансанд 2014.04.30 нд  “1290013579 жижиг бизнесийн зээл бэлэн бусаар олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар 39.000.000 төгрөгийг шилжүүлсэн, тухайн өдөр 5001130766 тоот харилцах данснаас Д.Даваа-Очир 38.610.000 төгрөгийг бэлнээр авсан, 390.000 төгрөгийг зээл олголтын шимтгэлд суутган авсан байна” гэсэн дүгнэлт, зээлдэгч Даваа-Очирын Хас банканд хандаж 2015.11.25 ны өдөр гаргасан “Манай компани нь тус банкнаас 39.000.000 төгрөгийн зээл авснаас үлдэгдэл 25.000.000 төгрөгийг  хүүгийн хамт хугацаандаа төлж амжихгүй байгааг харгалзан нэг жилээр сунгаж өгч тусална уу “ гэсэн хүсэлт   зэргээр тогтоогдож байгаа ба зээлдэгч Ахиад ДД ХХК-ийн захирал Д.Даваа-Очир нь 2015.11.25 ны өдрийн байдлаар банканд 25.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөө хүлээн зөвшөөрч байсан байна.

        Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 11.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 327.588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 323.094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар хэрэгт  2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Монгол банкны шинжээч нарын ажлын хөлс 909.100 төгрөг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын ажлын хөлс 720.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч нараас гаргуулж шинжээч нарт олгохоор шийдвэрлэв.

                2017.07.28 ны өдрийн 10 цагт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүгчдийн зөвөлгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 14 цаг хүртэл хойшлуулсан боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэдсээр байж шүүхэд шалтгааныхаа талаар мэдэгдэлгүй явсан, шүүгчийн туслах гар утаснууд руу нь залгасан боловч хариуцагч Даваа-Очир, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын гар утаснууд холбогдох боломжгүй байсан, нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хуралдааныг үргэлжүүлэх хүсэлт гаргасан тул шүүх  нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийг оролцуулахгүйгээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ахиад ДД ХХК, Алаг адуу овогт Буриадын Энхтуяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33.017.893 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хохиролд 11.000 төгрөг, нийт 33.028.893 /гучин гурван сая, хорин найман мянга, найман зуун ерэн гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Багануур салбарт олгосугай.
  2. Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар нь 33.916.647 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 898.754 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
  3. Хариуцагч нар нь төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулан, худалдан борлуулж 33.028.893 төгрөгийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн Багануур дүүрэг дэх  Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 323.094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  5.  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21 ний өдрийн 1729 дугаартай шүүгчийн захирамжийг шийдвэр биелэгдтэл хэвээр үлдээсүэй.
  6. Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбараас шүүгчийн захирамжаар шаардан гаргуулсан 37 хуудас эх баримтуудыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч нараас 495.000 төгрөгийг гаргуулж шинжээч Т.Одонтунгалагийн Хаан банкны 5003996125 тоот дансанд, 414.100 төгрөгийг гаргуулж шинжээч О.Оргилмаагийн Голомт банкны 1109264696 тоот дансанд, 720.000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкан дахь 100900012005 тоот харилцах дансанд тус тус шилжүүлсүгэй.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ЦЭЦЭГДУЛАМ