Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2036

 

 

Х банк-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00312 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х банк-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д, Б.Э, “А” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 33 916 647 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 33 028 893 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Х.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Д, Б.Э нар нь тус банкны Багануур салбараас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1290013579 дугаар гэрээ байгуулан 39 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр өөрийн эзэмшлийн “А” ХХК ийн нэр дээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баталгаат ипотекийн 1290011662-1 дугаар гэрээгээр Улсын бүртгэлийн Y-2208004000 дугаартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоотын 74.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь муудсан нөхцөл байдлыг нь харгалзан зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр болон 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үндсэн төлбөр, төлөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулж байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2, 3.3-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээгээ цуцалж байна. Зээлийн үлдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 28 512 567 төгрөг, хүү 5 394 706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 374 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг бүгд 33 927 647 төгрөг болоод байна. Иймд зээлдэгч нараас 33 927 647 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө орлогоор хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь “Суман тэрх” ХХК-ийн манайд төлөх ёстой 2013 оны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй авлагын зарим хэсгээр “Хас” банкны зээлийг төлөх зорилготой байсан бөгөөд санхүүгийн хувьд төлбөрийн чадваргүй болоогүй байгаа болно. Иймд төлбөрийн чадваргүй болсон гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэлд дурдсанаар нэг л гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заагдсаны дагуу нэг гэрээнд нэг хариуцлага, нэг хугацаа үйлчилнэ. Гэтэл банк нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар биднийг хуурч, бид мөн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар нэг гэрээ гэж андууран төөрөгдөж 17 гэрээг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “А” ХХК, Алаг адуу овогт Б.Э нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33 017 893 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хохиролд 11.000 төгрөг, нийт 33 028 893 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банкинд олгож,

Нэхэмжлэгч Х банк нь 33 916 647 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 898 754 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Хариуцагч нар нь төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо 78 дугаар байрны 18 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулан, худалдан борлуулж 33 028 893 төгрөгийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 323 094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1729 дугаартай шүүгчийн захирамжийг шийдвэр биелэгдтэл хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбараас шүүгчийн захирамжаар шаардан гаргуулсан 37 хуудас эх баримтуудыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслахад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч нараас 495 000 төгрөгийг гаргуулж шинжээч Т.Одонтунгалагийн Хаан банкны 5003996125 тоот дансанд, 414 100 төгрөгийг гаргуулж шинжээч О.Оргилмаагийн Голомт банкны 1109264696 тоот дансанд, 720 000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкан дахь 100900012005 тоот харилцах дансанд тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Д нь 10 сая төгрөгийн зээлийг төлж чадахгүй байсан учир Хас банкнаас дуудан уулзаж "Та компаниараа ахиухан зээл ав." гэж хэлснээр "50 сая төгрөг авахаар өргөдөл өгөхөд" 39 сая төгрөгийн зээл гаргасан. Өөрөөр хэлбэл "Хас банкны төлөөлөгч нар шүүгчтэй ярилцаж тохиролцон шууд шүүх хурал дээр хуурамч баримт гарган өгч уг баримтыг шалгах боломж олгохгүйгээр шүүх хуралдаан хийхээр урьдчилан тохирсон" байх боломжтой. Өнөөдөр банкнууд шүүхэд хуурамч баримт гарган өгч шүүх уг баримтыг шалгалгүйгээр банк учраас баримт нь үнэн зөв байх ёстой гэсэн итгэл үнэмшлээр шийдвэр гаргадаг болсон байна.

Шүүх хуралдааны талаар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүх хурал болж байхад нэхэмжлэгч тал хуурамч баримтууд гарган ярьж эхэлсэн ба баримтуудыг үзэж хүсэлт гаргасан. Хурлын өмнө уг баримтыг бид үзэх эрхтэй байсан. Ингээд хүсэлтээ гаргахад шүүх хүлээж аваагүй учир шүүгчийг татгалзаж шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Иймд мэтгэлцэх боломж олгоогүй, албан ёсоор зарлагдаагүй хурлаар шийдвэр гаргасан, хэргийн материалыг хариуцагч нарт танилцуулаагүй, илэрхий хуурамч баримтыг шалгахаас татгалзсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож зохигчдын эрхийг эдлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Х банкны Багануур салбар нь хариуцагч Д.Д, Б.Э, “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 916 647 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 33 927 647 төгрөгийг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 898 754 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 33 028 893 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч 39 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 365 хоногт 30 хувийн хүүтэй, зээлүүлэх тухай 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1290013579 тоот зээлийн гэрээг хариуцагч “А” ХХК, Б.Э нартай, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баталгаат ипотекийн 1290011662-1 тоот гэрээг хариуцагч Д.Д-той байгуулан Д.Д-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл олгосон ба 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1290018936 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Дээрх зээл болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний зүйл 39 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон баталгаат ипотекийн гэрээ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд нэхэмжлэгч Х банкны Багануур салбар, хариуцагч “А” ХХК, Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваариас үзвэл нэхэмжлэгч Х банкны Багануур салбар, хариуцагч “А” ХХК, Б.Э нар зээл, зээлийн хүү төлөх хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.1-д “зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалттай нийцсэн. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ хариуцагч “А” ХХК гэрээнд заасан Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь гүйцэтгээгээгүй, зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 33 028 893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Багануур салбарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 136 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурж, мөн өдрийн шүүх хуралдаанд оролцсон ба шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулахаар тэмдэглэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь өөрийн эзэмшдэг дансны хуулгыг банкнаас өөрөө авах боломжтой тул дансны орлого, зарлагын хуулгыг банкнаас гаргуулах тухай түүний хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “А” ХХК-ийн эзэмшлийн Хас банкны дансанд 39 000 000 төгрөг орсон даруйд нь 38 610 000 төгрөгийг бэлнээр зарлагын баримтаар авсан болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан энэ талаарх нотлох баримтыг хариуцагч хуурамч баримт гэж тайлбарлаж байгаа боловч эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан, уг нотлох баримтыг хуурамч болохыг тогтоосон баримтгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 588 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ