Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0628

 

2016 оны 9 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0628

Улаанбаатар хот

М.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Э.Б, гуравдагч этгээд Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 492 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Г-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-с гаргасан 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэн Б.Г, Ч.Г нарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсангийн гудамж 74/1 тоот барилгын зоорины давхрын 1, 2 тоотод байршилтай авто зогсоол, агуулахын зориулалттай тус бүр 18 м.кв талбайтай 2 зогсоол, 4 м.кв талбайтай агуулахын зориулалтаар олгогдсон Ү-2206022718 дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр Б.Г, Ч.Г нарт олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000224889 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Б.Г, Ч.Г нар нь хуульд заасан журмын дагуу гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд тухайлбал “Х” XXK-тай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралтад нэхэмжлэгч М.Ганхөлөг нь "Зоорины давхартаа хоёр машины зогсоолыг бэлгэд өгсөн болно" гэх хүсэл зорилгоо илэрхийлсэн, “Х“ ХХК-иас төлбөр тооцоогүй болохыг тодорхойлсон тодорхойлолтыг гаргаж өгсөн зэргийг үндэслэн бүртгэл хийснээр 40 м.кв талбай бүхий авто зогсоолыг өмчлөх эрх иргэн Б.Г, Ч.Г нарт шилжиж дуусгавар болжээ. Иймд 2011 оны 09-р сарын 09-ний өдөр М.Г-д олгосон авто зогсоолын 166 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл түүний үндсэн дээр олгосон гэрчилгээ нь 2013 онд З6 м.кв талбайг А.Б-д худалдсанаар хүчингүй болсон. Үүнээс өмнө 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Г, Ч.Г нарын нэр дээр олгосон 40 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр байхад хариуцагч захиргааны байгууллага 2013 оны 04 дүгээр сарын 24-нд М.Г-д 130 м.кв талбайгаар бүртгэн гэрчилгээг олгосон нь гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нарын шаардлагыг хангаж шийдвэрлэснийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй.

М.Г миний бие 2011 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил /17012/ зайсангийн гудамжинд доороо авто зогсоол зоорины давхартай 830 м.кв 4 давхар хувийн орон сууц барьж 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ү-2206018973 тоот улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Дараа нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр авто зогсоол агуулахын зориулалттай талбайгаас иргэн А.Б-д 36 м.кв талбайг зохих журмын дагуу шилжүүлж хасалт хийлгэж миний өмчлөлд 130 м.кв талбайг үлдээж 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 0002448035 тоот гэрчилгээг олгосон. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахад миний нэр дээр 130 м.кв талбай өөрчлөлт ороогүй хэвээрээ байсан. Гэтэл Б.Г, Ч.Г нар нь 2012 оны 10 дугаар сард авто зогсоол агуулахын зориулалттай 166 м.кв талбайгаас 40 м.кв талбайг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байсныг энэ хавар мэдээд судлахад “Х” XXK иргэн Б.Г нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хийсэн 20 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000224889 тоот гэрчилгээг гаргуулж авсан байсан. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь иргэн М.Г миний хувийн өмчийг “Х” XXK, иргэн Б.Г нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах 20 дугаартай гэрээ болон түүний хавсралтыг үндэслэн миний өмчлөлийн 166 м.кв авто зогсоол агуулахын зориулалттай талбайгаас Б.Г-д 40 м.кв талбайг түүний өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгосон нь Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэсэн заалтыг зөрчсөн. “Х” XXK нь миний өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх эрхгүй юм. Орон сууц захиалгын 20 дугаартай гэрээний хавсралтад хаана байрлалтай ямар орон сууцны зоорины хэд хэдэн м.кв талбай бүхий хоёр машины зогсоолыг бэлэглэсэн нь тодорхой бус, бэлэглэлийн гэрээ байхгүй байхад түүний өмчлөлд иргэн М.Г миний хувийн өмчөөс миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдад шилжүүлсэн нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан заалтуудыг ноцтой зөрчсөн тул Б.Г, Ч.Г нарт олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000224849 тоот гэрчилгээ нь хүчингүй гэж үзэж байна.

Иргэн М.Г намайг өөрийн өмчлөлийн агуулах авто зогсоолын зориулалттай 166 м.кв талбайгаас А.Б-д 36 м.кв талбайг хасалт хийлгэн шилжүүлж байхад Б.Г, Ч.Г нарт 40 м.кв талбай бүхий гэрчилгээ нь олгогдоогүй байсан. Хэрвээ хуулийн дагуу олгогдсон байсан бол миний өмчлөлийн 166 м.кв талбайгаас хасалт хийгдсэн байх ёстой. Мөн 2015 онд авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар хасалт хийгдсэн нь харагддаггүй. Иймд сүүлд 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 20 дугаартай орон сууцны захиалгын гэрээ түүний хавсралтыг үзүүлж эрх бүхий албан тушаалтантай хуйвалдан гаргуулсан байж магадгүй гэж хардаж байна. Шүүх дээрх 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 20 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг болон түүний хавсралтыг шүүхийн шийдвэрт үндэслэл болгож байгаа юм бол Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ба агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй. Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэсэн байдаг. Тэгэхээр уг гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ болох нь тодорхой байна. Харин энэ гэрээнээс хойш дөрвөн сарын дараа 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Г, М.Г бид хоёрын хооронд байгуулсан хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд зоорины давхрын авто зогсоолын хоёр автомашины зогсоолыг түүнд бэлгэд өгөөгүй болох нь харагдаж байхад М.Г миний Б.Г, Ч.Г-н нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000224889 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Б.Г, Ч.Г нараас М.Г миний 000248035 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 492 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Г-с “миний өмчлөлд байгаа 130 м.кв талбай бүхий зоорины давхрын талбайгаас иргэн Б.Г нь хасалт хийлгээгүйгээр давхцуулан 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40 м.кв талбай бүхий авто зогсоол, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар баримт бүрдүүлэн авсан” гэж, гуравдагч этгээд Б.Г-с “...бидний өмчлөлд хууль журмын дагуу бүртгэгдсэн авто зогсоолуудыг иргэн М.Г-д 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар бүртгэж, дугааргүй гэрчилгээ олгосон” гэж тус тус бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл, бие даасан шаардлага гарган маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.Г нь анх Хан-уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 тоот хаягт байрлах зоорины давхрын хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргаж, уг мэдүүлэгт хавсаргасан баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 166 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Ү-2206018973 дугаарт бүртгэж, 000155988 дугаар бүхий гэрчилгээ олгожээ.

Улмаар нэхэмжлэгч М.Г нь “Х” ХХК-ийн захирлын хувьд иргэн Б.Г, Ч.Г нартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр байранд 166 м.кв талбай бүхий орон сууц /пентхаус/-ыг зоорины давхрын 2 авто зогсоолын хамт /2 авто зогсоолыг бэлгэд өгсөн/ гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, төлбөр тооцоогүй талаар тодорхойлолт гаргаж өгснөөр гуравдагч этгээдүүд зоорины давхрын 1, 2 тоот нийт 36 м.кв талбай бүхий авто зогсоол, 4 м.кв талбай бүхий агуулахыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206022718 дугаарт  бүртгүүлж, 000224889 дугаартай гэрчилгээ авсан байна.

 Үүний дараа нэхэмжлэгч М.Г 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн А.Б-тэй “Авто зогсоол худалдах худалдан авах гэрээ” хийж, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн талбайгаас 36 м.кв талбай бүхий авто зогсоолыг иргэн А.Б-д худалдсанаар нэхэмжлэгч М.Г дээрх хаягт байрших барилгын зоорины давхрын 130 м.кв талбайг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасан байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллага М.Г-н нэр дээр 130 м.кв талбай бүхий авто зогсоолыг Ү-2206018973 дугаарт бүртгэж. 000248095 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгожээ.

Улсын бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 14 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үүрэгтэй.

Нэхэмжлэгч М.Г-с гуравдагч этгээдүүдэд зоорины давхрын 2 авто зогсоолыг бэлэглэсэн болохоо үгүйсгээгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд холбогдох баримтуудыг бүрдүүлэн бэлгэд өгсөн 2 зогсоолын өмчлөх эрхийг гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нар өөрсдийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авсан бүртгэл хүчинтэй байхад нэхэмжлэгч М.Г-н нэр дээр тухайн хаягт байрлах барилгын зоорины давхарт 130 м.кв талбай бүхий авто зогсоолыг бүртгэж, гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар зоорины давхрын бэлгэд өгсөн 2 авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс гуравдагч этгээдүүдэд бэлэглэсэн тул хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг хавсаргахаар заасны дагуу гуравдагч этгээдүүд худалдах худалдан авах гэрээ, 2 авто зогсоолыг бэлгэд өгсөн тухай гэрээний хавсралт, төлбөр тооцоогүй талаарх тодорхойлолт болон холбогдох бусад баримтуудыг бүртгэлийн байгууллагад хавсарган өгснөөр маргаж буй 2 авто зогсоолыг гуравдагч этгээдүүдийн нэр дээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин 2 авто зогсоолыг бүртгэж, гэрчилгээ олгохдоо 4 м.кв талбай бүхий агуулахыг гуравдагч этгээдүүдийн нэр дээр хамт бүртгэсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 492 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-н “2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Г, Ч.Г нарт Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр барилгын зоорины давхрын 36 м.кв талбай бүхий 1, 2 тоот авто зогсоол, 4 м.кв талбай бүхий агуулахыг бүртгэсэн Ү-2206022718 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000224889 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас “4 м.кв талбайтай агуулахын зориулалтаар бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг” хүчингүй болгож, гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нарын “2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн М.Г-н нэр дээр Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, Зайсангийн гудамж 74/1 дүгээр барилгын зоорины давхрын 130 м.кв талбай бүхий  авто зогсоолыг бүртгэсэн Ү-2206018973 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000248035 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагаас “36 м.кв талбай бүхий 1, 2 дугаартай авто зогсоолыг бүртгэсэн бүртгэлийг” хүчингүй болгож, бусад шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.