Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00858

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02511 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК, “Г” ХХК, “Га” ХХК, Ц.Д, Л.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 200 000 000 төгрөгийг хариуцагч С" ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Д нараас гаргуулах,

-Иргэн Б.О-ь болон “С” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох,

-Худалдан авагч иргэн Б.О-ь, худалдагч тал болох иргэн Л.Ц болон иргэн Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

-Иргэн Б.О-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг “Га” ХХК-иас гаргуулах,

-Барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35 650 903 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

-Гэрээ цуцалсаны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103 341 299 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Га” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.О-ь нь “С” ХХК-ийн захирал Л.Цэнд-Аюуш, хувьцаа эзэмшигч Ц.Д нартай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөг, нэмж 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Үйлдвэр туул гол” гудамж 56 в байр 5 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг мөн байгуулсан. Хариуцагч “С” ХХК-ийн захирал Л.Цнь “Г” ХХК-ий өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Г” ХХК-ийн захирал түүний эхнэр Ц.Д нь 20 хувийн хувьцааг нийт 50 хувийн хувьцааг 2015 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр зээлдсэн 55 000 000 сая төгрөгт тооцон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ байгуулан надад худалдаж, би “Г” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, 55 000 000 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан дээрх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн.

Гэтэл Л.Цэнд-Аюуштай байгуулсан “хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний гол зүйл болох хувьцааны нэг бүрийн үнэ 3 төгрөг, нийт үнэ 3000 төгрөг, “эрх шилжүүлэх гэрээ”-ний 2-Б-д: компанийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 30 хувь буюу 3000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэхээр, харин Ц.Дтэй байгуулсан “хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-нд: хувьцааны нэг бүрийн үнэ 2 төгрөг, нийт үнэ 000 төгрөг, “эрх шилжүүлэх гэрээ”-ний 2-Б-д: Компанийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувь буюу 2000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэхээр тус тус заасан.

“Г” ХХК-ийн дүрмийн 5.2-д: “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 5 000 000 төгрөг ба нэг бүр нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500 ширхэг энгийн хувьцаа байна”, 5.2.1-д: Компанийн хувь нийлүүлэгчид дараахь байдлаар хувьцаа эзэмшинэ” Үүнд: Б.О-ь хувьцааны тоо 5 ширхэг, нэрлэсэн үнэ нэг бүрийн 1000 төгрөг, бүгд 5000 төгрөг, 50 % гэж заажээ.

Ийнхүү “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний болон “Г” ХХК-ийн дүрэмд заасан хувьцааны үнэ миний зүгээс тухайн компаний хувьцаа худалдаж авсан үнэ зэрэг нь илтэд зөрүүтэй ба бидний хооронд байгуулсан гэрээний зорилго, гэрээний гол нөхцөл, эдлэх эрх, үүрэг тодорхойгүй бус байгаагаас гэрээ агуулгын хувьд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн дүр үзүүлж хийгдсэн, надаас зээлдсэн 55 000 000 сая төгрөгийн зээлийн гэрээг халхавчилж хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Д нартай байгуулсан “Г” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

Хувьцааг Л.Цэнд-Аюуш, Ц.Д нарт буцаан шилжүүлж, хувьцааны үнэ 55 000 000 төгрөг, нэмж оруулсан 65 650 903 төгрөг, нийт 120 650 903 төгрөгийг гаргуулах,

Компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, бүртгэхийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Б.О-ь болон “С” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй 30 сараар хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл болох 50 000 000 төгрөг, нэг сарын хүү 4 000 000 төгрөгөөр тооцож нийт 30 сарын зээлийн хүү болох 120 000 000 төгрөг, гэрээний дагуу бодогдсон алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 25 000 000 төгрөг, гэрээ байгуулахгүйгээр зээлсэн 5 000 000 төгрөг нийт 200 000 000 төгрөгийг хариуцагч “С" ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Д нараас гаргуулах,

Нэхэмжлэгч болон “С” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр саырн 27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг, худалдан авагч иргэн Б.О-ь, худалдагч тал болох иргэн Л.Цболон иргэн Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах-худалдах авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,

Б.О-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг “Га” ХХК-иас, барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35 650 903 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...”С” ХХК нь Б.О-ьтай 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Улмаар талууд харилцан тохиролцож Б.О-иас зээлсэн мөнгөний хэмжээнд тэнцэх хэмжээний “Г” ХХК-ийн хувьцааг Б.О-ьд шилжүүлж, үүгээр зээлийн гэрээний төлбөр тооцоо дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д, Л.Цнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Б.О-ийн нэхэмжилсэн үнийн дүн нь худал баталгаагүй байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаа зөв тодорхойлох ёстой. Зээлийн гэрээ “С” ХХК болон Б.О-ь нарын хооронд байгуулагдсан учраас гэрээний үүрэг Л.Цэнд-Аюуш, Ц.Д нарт холбогдохгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3-т зааснаар өмнөх зээлийн үүргийн үнийн дүнгийн хэмжээнд “Г” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн өгч, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох хэлцлийг байгуулж нотариатаар баталгаажуулсан.

Улмаар талууд “Г” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж, “Га” ХХК-иас зээлээр барилга худалдан авч засвар үйлчилгээ хийн тохижуулан ажлын байр бий болгохоор хамтран ажиллахаар болсон. Юуг үндэслэн дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35 650 903 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Талууд хамтын ажиллагаа явуулж, барилга зээлээр худалдан авч, засварлан тохижуулж, ажлын байр бий болгохоор ажилласан ба хариуцагч нараас 155 650 903 төгрөгийн зардал гарсан. Зээлээр барилга худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж, алдагдалтай ажиллагаа болсон атал мөнгө нэхэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Засварын ажилд зарцуулсан хөрөнгө нь “Га” ХХК-ийн барилгын засварын ажилд зарцуулагдсан байхад “Г” ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.О-ь нь “Г” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байж, 35 650 903 төгрөгийг өөрийн хувь оруулсан компаниас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

... Нэхэмжлэгч Б.О-ь нь барилгын засварын ажилд өөрөө хяналт тавьж ажиллаж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Га” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...манай компани нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Га” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний 79 тоот хаягт байрлах 1209 мкв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр зээлээр худалдахаар гэрээ хийсэн. Гэрээний 1.3-т хариуцагч тал төлбөрөө графикийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл өгч, цуцалсан.

Хариуцагч нар уг барилгын зориулалтыг өөрчлөн засах нэрийдлээр барилгын зураг төсөлгүйгээр объектын бүх цахилгааны монтаж шугамыг өөрчлөн тасалсан, агааржуулалтын системийг бүтүүлснээс болж суурийн давхрын хана, таазны эмульс, гипсэн уналттай таазны засварын 70-80 хувь чийг татсан, хана нь мөөгөнцөртсөн, гипсэн хавтангууд нь салж унасан, мөн шинээр өрөө тасалгаа үүсгэж засварыг дутуу орхисноос болж барилга дахин ашиглагдах нөхцөлгүй болсон.

Иймд гэрээ цуцалсаны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103 341 299 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-ны захирал Ц.Д, Б.О-ь нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...”Га” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцаа, төлбөрийн маргаан нь иргэн Б.О-ьд хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Тухайн хэрэг маргаанд “Г” ХХК, “Га” ХХК нар хариуцагчаар оролцож байхад хариуцагч нь хариуцагчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, зохигчдыг мэтгэлцүүлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчиж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02511 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар ззүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-аас зээлийн төлбөрт 98 000 000 төгрөг гаргуулж Б.О-ьд олгож, зээлийн төлбөр нэхэмжилсэн шаардлагын үлдэх хэсэг 102 000 000 төгрөгийг болон хувьцаа эзэмшигч Л.Цэнд-Аюуш, Ц.Д нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар Б.О-ь, С ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Цэнд-Аюуш, Ц.Д нарын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус Б.О-ьтай байгуулсан эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /нийт 4 гэрээ/-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Га ХХК-аас 30 000 000 төгрөг, Г ХХК-аас 35 650 903 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Г ХХК-ийн захирал Ц.Д, хувьцаа эзэмшигч Б.О-ь нарт холбогдуулан гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103 341 299 төгрөгийг шаардсан Га ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02511 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 98 000 000 гэснийг 92 000 000 гэж, 102 000 000 гэснийг 108 000 000 гэж, 6 дахь заалтын647 950 гэснийг 617 950 гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч нарын гаргасан тайлбарыг хавтаст хэрэгт цугларсан баримттай харьцуулан бодитоор үнэлж, дүгнээгүй, зөвхөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт тулгуурлан илт үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцааг талууд дүгнэж, дуусгавар болгосон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг харьцуулан үнэлж, дүгнэхгүйгээр зөвхөн зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байсан мэтээр эрх зүйн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

.. зээлийн гэрээний үүргийг талууд харилцан тохирч дуусгавар болгосон тохиолдолд зээлийн төлбөрийг төлөх тухай ойлголт үүсэхгүй, мөн тооцох үндэслэл байж боломгүй.

... шүүх “Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй атлаа "2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг” хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

... “Үүрэг дуусгавар болгох тухай” хэлцлийг талууд хэн нэгний дарамт шахалтан дор бус өөрсдийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж хийсэн талаар баримт, тайлбараар нотлогдсоор байхад шүүх “....өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, дүр үзүүлэн хийгдсэн хэлцлийн нэг төрөл байх тул хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.1.2,56.1 3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй юм.

... Түүнчлэн нэхэмжлэгч Б.О-ь нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хувьцааны үнэ 55 сая төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байсан нь анхнаасаа энэхүү хэлцлийг өөрөө хүсч хийсэн болохыг нотлох үйл баримт болсон бөгөөд шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4-5 удаа өөрчлөхдөө ямар ямар тайлбар гаргаж байсныг харьцуулан үзэж үнэлж, дүгнэхгүйгээр, зөвхөн сүүлд өөрчилсөн шаардлагыг нь илт нэг талыг баримтлан дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

... Давж заалдах шатны шүүх энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд зөвтгөж дүгнэсэн, мөн “Иргэний хуулийн 39.1, 41.1, 41.2 дахь хэсгийн зохицуулалтыг нэмж дурдаад, “Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл”-д зээлийн гэрээний үүргийг хэрхэн төлсөн талаар тодорхой тусгаагүй байгаа нь талууд хүсэл зоригоо бүрэн хангалттай илэрхийлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна“ гэсэн дүгнэлт хийсэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлгийг огт үнэлээгүй, зөвхөн нотлох баримтын нэхэмжлэгчид ашигтай хэсгийг дүгнэсэнд гомдолтой байна.

... Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон тохиолдолд хуульд зааснаар өгсөн авснаа буцаах үүрэг үүсдэг. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэж дүгнэж, үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хууль бусаар хүчин төгөлдөр бусд тооцсон мөртлөө зээлийн гэрээний оронд хувьцааг шилжүүлсэн үйлдлийг нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь илтэд нэхэмжлэгчийн талд хууль бусаар үйлчилж шийдвэр гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндэслэлгүйгээр татагдсан хариуцагч бидний зөрчигдсөн эрх ашгийг хангаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О-ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “С” ХХК, “Г” ХХК, “Га” ХХК, Ц.Д, Л.Цнарт холбогдуулан дараахь шаардлагыг тодорхойлсон байна:

1.Зээлийн гэрээний үүрэгт 200 000 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК болон компанийн хувьцаа эзэмшигч Ц.Д, Л.Цнараас гаргуулах,

2.”С” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,

3.Үүрэг дуусгавар болгох тухай “С” ХХК-тай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

4.Л.Цэнд-Аюуш, Ц.Д нартай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

5.Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан гэрээний төлбөрт төлсөн 30 000 000 төгрөгийг “Га” ХХК-иас гаргуулах,

6.Барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35 650 903 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулах.

 

Нэхэмжлэгч Б.О-ь нь хариуцагч “С” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн ба зээлдэгч “С” ХХК нь зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээж, талууд барьцааны гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн Туул гол гудамжны 56в-5 тоот хаягт байрлах 130 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч Б.О-ь дээрхээс гадна 5 000 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-д зээлүүлсэн талаар талууд маргаагүй ажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигч Б.О-ь болон “С” ХХК-ний хооронд дээрх байдлаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үүссэн нь үндэслэлтэй боловч энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар эрх зүйн хувьд хангалттай дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлээгүй байна.

Зохигч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “С” ХХК нь зээлдэгчийн үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч Б.О-ь нь хариуцагч Ц.Цэнд-Аюуш, Ц.Д нартай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “Г” ХХК-ийн хариуцагч тус бүрийн 1 000 ш нийт 2 000 ш хувьцааг нэхэмжлэгч худалдан авч, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийн эрхийг шилжүүлэн авсан байна.

Хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.О-ь болон “С” ХХК-ийг төлөөлж Л.Цэнд-Аюуш, Ц.Д нар нь “үүрэг дуусгавар болсон тухай” баримт үйлдэж, энэ баримтад “...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уул гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг үндэслэн дуусгавар болсонд тооцсон болно” гэжээ.

Иргэний хуулийн  236 дугаар зүйлийн 236.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн”, “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэх үүрэг дуусгавар болох гурван үндэслэл заагдсан байна.

Талууд “үүрэг дуусгавар болсон тухай” баримтад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д заасан дээрх гурван үндэслэлийн аль нэгийг тухайлан заагаагүй байхад шүүх тухайн баримтын хүчин төгөлдөр байдлын талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх үндэслэлүүдийг тухайн маргаанд бүхэлд нь хянаж дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Зохигч дээрх баримтад “үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж заасан хэдий ч үүргийг дуусгавар болгосон гэж үзээгүй харин “дуусгавар болсонд тооцсон” болохыг анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг зээлийн үүргээ гүйцэтгэсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч зохигчийн хооронд “Г” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаар зээлийн гэрээний үүрэг “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэх үндэслэлээр дуусгавар болсон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг өөр үүргээр солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талыг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй гэж үзсэн дүгнэлтээ “үүрэг дуусгавар болсон тухай” баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3.-т заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамааруулах үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлдэг бол мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн болох нь нотлогдоогүй бол гэрээг дуусгавар болсонд тооцсон талуудын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна зохигч нь ийнхүү зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцсон хэлцэл хийснээр ямар хэлцлийг ямар шалтгаанаар халхавчлах болсон нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна.

Ийнхүү талуудын зээлийн гэрээ, “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл, хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний хоорондын харилцан холбоог үндэслэл бүхий тогтоож, тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Хэрвээ зохигч нь “үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсантай холбоотойгоор буюу зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон, эсхүл нэхэмжлэгч зээлийн гэрээний зээлдэгчийн үүргийн оронд худалдах-худалдан авах гэрээний худалдагчийн үүргийг хүлээн авсан бол зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэхээс гадна хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосноор хариуцагч талын хүлээх үүрэг давхардаж буй эсэхийг анхаарах шаардлагатай болно.

Нэхэмжлэгч Б.О-ь нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардаагүй боловч хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, “үүрэг дуусгавар болсон тухай” баримт нь барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг агуулж буй  талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зааглан ялгах, шаардлага тус бүрийн үндэслэлийг анхаарч, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02511 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.Дгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 892 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН