| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00248/И |
| Дугаар | 130/ШШ2017/00438 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00438
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 130/ШШ2017/00438 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Н***** харатай овогт С.Жийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Ж тус аймгийн Өлгий сумын 6-р багт оршин суудаг. Ам бүл 4. Миний бие улсад нийтдээ 19 жил ажилласан ахмад багш нарын нэг бөгөөд 2016 оны 5 -р сард үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үр дүнгээр Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон юм Миний бие ажиллах хугацаандаа ажлын үр бүтээлээр шат дарааллаар туслах багшаас өгсүүлээд дэвшин ажиллаж өдий зэрэгт хүрсэн тэргүүлэх зэрэгтэй багш юм. Энэ бүгдийг миний урьд урьдын ажиллаж байсан цэцэрлэгүүдийн хамт олон сайн мэдэж байгаа. Миний ажиллаж байсан хугацаанд тус цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил жигд сайжирч жил бүрийн хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байсан. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон засаг буюу шинэ Засаг дарга болон Боловсролын газрын дарга нар намайг өөрийн хүсэлтээр өг гэж хэлдэг байсан. Үүний учрыг асуухад "бид чамтай ажиллаж чадахгүй. Бид өөрсдийн багаа бүрдүүлж байгаа болно" гэж хэлдэг. Надад гаргасан алдаа дутагдал байхгүй учир "өгөхгүй" гэж хэлж байсан. Ингээд л бүх юм эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга надад 2 хүнийг ажилд авахыг үүрэг болгосон тухай албан бичиг ирүүлсэн. Миний бие аргагүй байдалд орж Засаг даргын үүрэг болгосны дагуу тэдгээр хүмүүсийг ажилд авсан юм. Гэтэл дараа нь аймгийн Боловсрол, урлагийн газрын дарга Х.З нь надад нэмж хүн авч ажиллуулах тухай хууль бус шаардлага тавьж эхэлсэн. Миний бие татгалзахад аймгийн Боловсрол, урлагийн газрын дарга Х.З нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр К.Серикгүл гэдэг хүнийг манай цэцэрлэгт ажиллуулах тухай 60 дугаар тушаал гаргаж байсан. Өөрөөр хэлбэл Боловсрол, урлагийн газар эрх мэдлээ хэтрүүлж буюу миний хуульд заасан эрх мэдэлд халдаж миний ажиллаж байсан цэцэрлэгийн боловсон хүчний буюу дотоод асуудалд оролцож эхэлсэн. Миний бие ажилгүй болохоос эмээсэн тул дуугүй яваад байсан. Гэтэл асуудал үүгээр дуусаагүй. Дахиад хүн нэмж авахыг шаардсан. Энэ удаа миний бие зүй ёсоор тэмцэж хууль бус шаардлагыг биелүүлэхийг татгалзаж эхэлсэн. Ингэснээр Боловсрол, урлагийн газрын дарга намайг дарамталж эхэлсэн. Гэлээ ч гэсэн би тэвчиж байсан. Шинэ он гараад Боловсрол урлагийн газрын дарга миний үр дүнгийн гэрээг нэр төдий дүгнэсэн болоод үндэслэлгүйгээр 50 гэсэн оноо өгсөн юм. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй ба энэ талаар холбогдох газруудад хандаж явж байгаа. Засаг дарга миний хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар боогдуулсан юм. Тухайлбал, захирамжийн үндэслэлдээ намайг удирдах дээд газраас тавьсан шаардлагуудыг удаа дараа хугацаандаа биелүүлээгүй гэжээ. Гэтэл бодит байдал дээр миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн. Үүнд түүний /хариуцагч/ хууль бусаар 2 хүнийг ажилд авах тухай үүргийг биелүүлсэн тухай асуудал багтаж байгаа болно. Гэхдээ сүүлдээ хууль бус шаардлагуудыг биелүүлэхээс татгалзсан нь үнэн. Үүнийг дээр дэлгэрэнгүй тайлбарласан болно. Нөхөр маань эрхэлсэн тодорхой ажилгүй тахир дутуугийн тэтгэмж авдаг. 2 хүүхдийн том нь оюутан бага нь энэ хавар бүрэн дунд сургуулиа төгсөх гэж байгаа. 2016 оны Зун болсон байгалийн гамшиг /үер усны/-аас болж ихээхэн хэмжээний материаллаг хохирол амссан. Одоо ажилгүй болсон надад цаашид амьдрахад үнэхээрийн хэцүү байна. Ялангуяа над шиг хүнд ажил олдох бараг боломжгүй юм. Улсад 19 гаруй жил ажиллахдаа үр бүтээлтэй ажлуудыг зөндөө хийж байсан. Тухайлбал өөрийн мэргэжлийн ур чадварын тэмцээнээс аймгийн хэмжээнд 1-р байр эзэлж улсад зохиогдсон тэмцээнээс тусгай байр эзэлж байлаа. Энэ бүхнийг шинээр томилогдсон Боловсрол, урлагийн газрын дарга Х.З сайн мэдэж байгаа. Шаардлагатай бол дараа нь эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгөх болно. Эцэст нь дүгнэж хэлэхэд миний бие улс төрөөс болж буюу хэдхэн хүний үзэмжээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 тоот захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх ёстой ажил үүргээ гүйцэтгэж байсан учир урьд эрхэлж байсан эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна. Би ажлаас халагдсан үед миний орон цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон Жайнагүлийн орон тоонд арга зүйчээр томилж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Тухайн үед арга зүйчийн сул орон тоо байсан боловч намайг уг орон тоонд аваагүй тул би тэр хооронд маш их сэтгэл санааны дарамтад орсон. Тийм учраас шүүхэд хандсан.Би төрийн албаны шалгалтад орж тэнцээд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаагаа явуулсан. Би улсад 20 жил ажиллахад ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт томилогдож очоод зөвхөн хэдэн хүний гүтгэлгээр ажлаас хууль бус чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Манай цэцэрлэгийн зарим ажилчид өргөдөл гаргахдаа Сепбосын тэргүүтэй хэдэн хүн өргөдөл өгсөн байна. Би нэгэнт тийм дарамт үзэж байсан учир тайлангаа аятайхан хамгаалчихъя гэж бодоод ажилчдын хийсэн ажлыг нь дүгнэе гэхэд Сепбосын тэргүүтэй 3-4 хүн эсэргүүцсэн. Тэдгээр хүмүүс мөн өдөр Засаг даргад өргөдөл гаргасан байна. Тэдгээр 3-4 хүнээс бусад олон багш ажилчид байгаа. Тэдгээр хүмүүс намайг яаж ажилласан, ямар ажил хийсэн гэдгийг сайн мэдэж байгаа.
Хулганы баасны тухай хэлэхэд манай цэцэрлэгийн тогооч өөрийн мэдлийн дагуу өөрийнхөө хамаатныхаа хүнээс мах авч байсан. Тэгэхэд би ариун цэврийн бичигтэй юм чинь баталгаат газраас авч бай гэж хэлсэн. 11 дүгээр сарын үед Цагдаагийн газраас хувь хүнээс биш компаниас махаа борлуул гэж албан шаардлага ирсэн. Тэгэхэд манай тогооч даргаа надад боломж олгооч, би мах авъя гэж хэлэхэд би Цагдаагийн газраас гэрчилгээтэй, баталгаатай том компаниас махаа аваарай гэсэн шүү дээ, одоо болохгүй чи зөвөөр ойлгоорой гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаа явуулж эхлэхэд махны компанитай гэрээ хийгээд авсан байсан. Тэр махыг ямар ч хүүхдэд хэрэглээгүй мах байсан. Гэтэл тогооч маань уг маханд 2 ширхэг хулганы баас наагаад гал тогооны хаалгыг цоожлоод гадаа гараад Мэргэжлийн хяналтын албанаас хүмүүсийг дуудсан байсан. Мэргэжлийн хяналтын газрын хүмүүс Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт шалгалтаар очсон байсан. Тэгээд 13 дугаар цэцэрлэгээс ийм юм гарлаа гэхэд надаас түрүүлээд очсон байсан. Гэтэл махны бусад хэсэг бол зүгээр байсан. Тэгээд би нярав болон тогоочид махыг яагаад бүрэн бүтэн хүлээж аваагүй вэ гэхэд бид нар бүрэн бүтэн хүлээж авсан, бичиг нь энэ байна, үүнийг ямар учиртай хийсэн болохыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай цэцэрлэгийн багш ажилчид тогоочоос арга хэмжээ авахгүй бол хүүхдүүдийг алах юм байна гэхээр нь яаралтай хурал хийхэд Сепбосын зэрэг тэргүүтэй хүмүүс энэ хүнийг яагаад дарамталж байгаа вэ гэж хэлсэн. Тэр үед би тэдгээр хүмүүст би тэр махыг огт хэрэглээгүй, цэцэрлэгт оруулаад 1 цаг болоогүй, буцаагаад гаргасан гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл би тэр махыг хүүхдүүдэд хэрэглээгүй учир би хариуцлага хүлээхгүй гэдгийг хэлээд явуулсан байсан. Тэгэхлээр нь энэ бүх асуудал өс хонзонгийн сэдэлтээр хийгдсэн байна гэдгийг ойлгосон. Би хүн дарамталж тийм зүйл хийх хүн биш. Би улсад 20 жил ажилласан, олон жил хүүхдүүдийг хөгжүүлж, хүмүүжүүлж сургасан тэргүүлэх зэргийн багш. Намайг ажлаас халагдах үед Өлгий сумын 1-р цэцэрлэгийн арга зүйчийн орон тоо сул байсан. Эрхлэгч нь хүртэл намайг авна гэж байсан боловч надад өгөөгүй. Би цалингийн зээлтэй байсан учир аргагүй эрхэнд ажил асуугаад хүсэлт гаргасан. Манай цэцэрлэгийн 4 хэдэн хүн Зауре даргын хамсаатан учир Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан. Тэдгээр хүмүүс ажилдаа 10 цаг болж байхад ирдэг. Би сэтгэлзүйгээр бас хохирсон. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн С.Жийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.
С.Ж нь нэхэмжлэлдээ миний бие Өлгий сумын 13 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхад аймгийн Засаг дарга намайг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/115 дугаар захирамжаар үндэслэлгүй ажлаас минь халсан гэсэн байна. С.Жийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж байсан. Мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаанд биелүүлээгүй. С.Жийн ажиллаж байсан 13 дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байгаа махнаас хулганы баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авсан. Мөн 13 дугаар цэцэрлэгийн хамт олноос С.Ж нь ёс зүйн зөрчилтэй, хамт олны дотор хагарал үүсгэж ажилтан, албан хаагч нараа ялгаварлан гадуурхдаг гэсэн гомдол, мэдээлэл ирсний дагуу С.Жийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно. С.Ж нь 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж мэргэжлийн дагуу өөр ажилд томилж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан ба уг санал хүсэлтийг нь харгалзан үзэж Өлгий сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар томилуулан ажиллаж байгаа тул С.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ж удаа дараа зөрчил гаргаж байсан. Мөн С.Ж 2016 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байсан. С.Жтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6-д хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн. Үүний 6.3-д үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69 хувиас доош биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцно гэж заасан. С.Жийн хувьд 50 хувиар буюу F үнэлгээ авсан учир хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Энэ бол ажлаас халах нэг үндэслэл байсан.
С.Жанарүл Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад тухайн байгууллагын хүүхдүүдэд өгч байгаа хоол хүнс болон үйл ажиллагаанд хяналт тавиагүй учир хүүхдийн хоолны махнаас хулганы баас гарсан. Энэ нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нотлогдож байгаа. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэл болно гэж үзсэн. Мөн С.Ж Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад хамт олноос нь бид нарт удаа дараа өргөдөл ирж байсан. Энэ тухайн нэхэмжлэгч С.Ж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа хэлсэн. С.Ж ёс зүйн зөрчилтэй, хамт олны дунд хагарал үүсгэдэг, албан хаагч нараа ялгаварлан гадуурхдаг гэсэн гомдол удаа дараа ирж байсан. Тийм учраас С.Жийг ажлаас чөлөөлөхөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгосон. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.3-д заасныг, Хөдөлмөрийн гэрээний 4.7, 6.3, 6.4 дэх хэсгүүдийг үндэслэл болгож С.Жанарүлийг үүрэгт ажлаас нь халсан. Хөдөлмөрийн гэрээний 4.7-д хамт олны дунд зөв боловсон, ухаалаг, хамтач уур амьсгалыг бүрдүүлж дэг журмыг хангахад анхаарч төрийн албан хаагчийн мөрдлөг болгох 9 зүйлийг баримталж ажиллах ёстой гэдгийг тусгасан. С.Жанарүл тухайн үед албан хаагч нартай зүй бусаар харьцаж, ёс зүйн зөрчил гаргаж байсан гэдэг нь ажилчдаас гаргасан гомдлоор нотлогдож байна. Тухайн үед аймгийн Засаг даргаас С.Жанарүлд эдгээр зөрчлүүдийг арилга гэсэн үүрэг чиглэлийг амаар өгч байсан. Гэвч С.Ж уг зөрчлүүдээ арилгаагүй. Тийм учраас үүнийг ажлаас халах үндэслэл болгосон.
С.Ж ажлаас халагдсаны дараа би ажлаас халагдсан, гэхдээ олон жил ажилласан учир ажилтай болгож өг гээд өргөдөл гаргасан учир багшаар томилсон. Мөн орон тоо гарсан үед арга зүйчээр томилж өгөхийг хүссэн. Гэвч тухайн үед уг хүсэлтийг хангах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед арга зүйчийн орон тоо байхгүй байсан. Гэвч бид нар тухайн үед хувь хүний хувьд таны ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаад багшаар томилсон, арга зүйчийн орон тоо гарсан үед арга зүйчээр томилж өгье гэсэн саналыг удаа даргаа гаргаж байна. Зауре дарга намайг дарамталж байгаад ийм шийдвэр гаргуулсан гэж байна. Гэвч энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тийм учраас гүтгэлгийн шинжтэй тайлбар байна гэж үзэж байна. Мөн С.Ж манай цэцэрлэгийн ажилчид намайг гүтгэсэн шинжтэй гомдол гаргасан гэсэн тайлбар гаргасан байна. С.Ж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө та нар аймгийн Засаг даргад намайг гүтгэсэн шинжтэй гомдол гаргасан байна гэсэн үндэслэлээр тус цэцэрлэгийн нягтлан бодогч болон нэг туслах багшийг ажлаас нь хууль бус халсан байсан бөгөөд тэдгээр хүмүүс шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэлд ямар нэгэн хулганы баас гараагүй, тэр бол худлаа гэсэн зүйл бичигдсэн байсан. Хулганы баас гарсан гэдэг нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын дүгнэлт, торгуулиар нотлогдож байна. Мөн Нургулан намайг дуудаад намайг ажлаас халах гэж байна, гарын үсэг зурж өгөөрэй гэснээр гарын үсэг зурсан гэдэг нь үндэслэлгүй. Хэрвээ С.Ж ямар ч гэм буруугүй байсан бол нэг хүний хэлснээр гарын үсэг зурах үндэслэл байхгүй байсан. Өөрөөсөө гаргасан алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн учир торгуулийн хуудсанд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Байгууллага дотор ажиллаж байгаа ажилчидтай хамт ажиллаж чадахгүй, дарамт шахалт үзүүлдэг гэдэг нь ажилчдаас нь гаргасан өргөдөл, гомдолд дэлгэрэнгүй дурдагдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамжийг хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, ... С.Ж албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан, 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаандаа биелүүлээгүй, 13 дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байгаа махнаас хулганы баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авсан, С.Ж нь ёс зүйн зөрчилтэй, хамт олны дотор хагарал үүсгэж ажилтан албан хаагч нараа ялгаварлан гадуурхдаг гэсэн гомдол, мэдээлэл ирсэн гэж маргасан боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч тал маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаанд биелүүлээгүй тул хөдөлмөрийн хугацаагүй гэрээг цуцалж С.Жийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсугай гэж захирамж гарган С.Жийг ажлаас халсан байна.
Энэ нь ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал /захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч нэхэмжлэгч С.Жийг ажлаас нь халсан ажил олгогчийн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь халсан /чөлөөлсөн/ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай нь тайлбартаа ...Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байгаа махнаас хулганы баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авагдсан, үүнийг ажлаас халах үндэслэл болгосон гэх боловч энэ талаар нэхэмжлэгч С.Жийг ажлаас чөлөөлсөн захирамжид дурдаагүй байна.
Ажил олгогч ажилтан С.Жийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан гэх үндэслэлийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
Ажил олгогч 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажилтан С.Жтэй 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцэн тохиролцож, хөдөлмөрийн гэрээний 1.10-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 5.3-т ... гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах саналыг 2 тал бичгээр илэрхийлж, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ хэмээн энэхүү гэрээг байгуулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байх ба энэ гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажил олгогч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай захирамжаар ... хөдөлмөрийн хугацаагүй гэрээг цуцалж гэж С.Жтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамжаар Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Жийг хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Ажил олгогч нь ажилтантай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3-т үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69 %-иас доош биелүүлсэн бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж дурдсан боловч хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Байгууллагын дарга, сургуулийн захирал, Хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнэх, үр дүнгийн гэрээ байгуулах тухай А/02 дугаартай тушаалаар ... хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэх, 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулах ажлын хэсгийг байгуулж, 2016 оны эрхлэгч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг хүснэгтээр харуулсан хүснэгтийн 16 дугаарт 13 цэцэрлэг С.Ж авсан оноо 15, нийт оноо үнэлгээ 50 F, тайлбар хэсэгт тайланд өмнөх оны зураг оруулсан байна, үр дүнгийн гэрээнд эцэг эхийн оролцооны ажил болон ажилчид хувиасаа мөнгө гарган цэцэрлэг тохижуулсан ажлыг тусгасан байна, тусгай ажил үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэсэн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн комисс: дарга БСУГ-ын дарга Х.З, нарийн бичгийн дарга А.Еркегүл, гишүүд: мэргэжилтэн Б.Ризагүл гэж бичиж тус тус гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан боловч уг үр дүнгийн гэрээг яаж үнэлсэн нь тодорхойгүй, уг үнэлгээг С.Ж зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байх тул шууд ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзлээ.
2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын тайлан тавьсан талаарх хурлын тэмдэглэлд: ... санаачлан хийсэн гэсэн эрхлэгчийн тайлан гарсангүй, нэг хэвийн тайланг тавьсан. Бүх эрхлэгч нарт тухайн үед хэлж өгсөн, иймэрхүү байдлаар тайлан тавих нь хангалтгүй байна гэж дурджээ.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.7-д ... гэрээний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор дээд шатны байгууллагад нь хүргүүлнэ. Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь өөртэй нь болон тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэнэ гэж заасан байна.
Мөн журмын 6.7-д гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас бичиж, уг илтгэх хуудсанд талууд тус тус гарын үсгээ зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр байна, 6.8-д илтгэх хуудсыг 3 хувь үйлдэж, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна, 7.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд ...арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно гэжээ.
Мөн журмын 8.2-т Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх, төрийн албанаас халахтай холбогдсон маргааныг ТАТХ-ийн 39 дүгээр зүйл, Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасныг тус тус зөрчсөн байхад ажил олгогч ажилтныг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69%-иас доош биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтныг шууд ажлаас нь чөлөөлсөн нь учир дутагдалтай болсон байна. Ажил олгогчоос гаргасан дүрэм, журамт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн журмын үнэлгээг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй байна.
Мөн ажилтныг ажлаас халах захирамждаа хөдөлмөрийн гэрээний 4.7, 6.4-т заасан үндэслэлүүдийг баримталсан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ж нь хамт олны дунд зөв боловсон, ухаалаг, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, дэг журмыг хангахад анхаарч, төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийг мөрдөж ажиллаагүй, удирдах дээд газраас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаандаа биелүүлээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бичсэн С.Жийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан танаа гэх өргөдөл нь ажилтан С.Ж нь ажлаас халагдсаны дараа сул орон тоо гарсан үед ажиллуулж өгөхийг хүссэн өргөдөл байна.
Мөн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байгаа махнаас хулганы баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож, торгуулийн арга хэмжээ авч, уг торгуулийг төлж барагдуулснаар дуусгавар болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
С.Жийн гаргасан гэх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн зөрчлийн тэмдэглэлд дурдагдсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байдаг боловч энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй талаар зохицуулсан байдаг.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулна гэсэн хуулийн заалтад нийцээгүй байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамж нь үндэслэлгүй гарсан эрхийн акт байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Жийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай С.Жийг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, Н****** овогт С.Жийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН