Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 01941

 

 

 

 

 

 

 

 

 

А.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01841 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ҮСАХ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

А.М нь тус байгууллагад 2015 оны 7 дугаар сард гидромеханикчаар орсон бөгөөд ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын эхээр хүний нөөцийн ажилтан Г.Одончимэг орон тооны цомхтгол хийж байгаа учраас таны ажлын байрны орон тоо байхгүй болсон гэж хэлсэн.

 Ажлаас халсан тушаалаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан. Эрхэлсэн ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад урьдчилан ямар нэг байдлаар ажлаас халах тухай мэдэгдээгүй байж гэнэт үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд А.Мягмардоржийг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ҮСАХгийн гидромеханикчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 555 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

А.Мягмардорж нь тэтгэвэрт гарсан учир нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлөхггүй. Иймд шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.М туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Гэвч энэ шалтгаанаас хамаарахгүйгээр А.Мийн орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн.

Орон тоо хасагдсан талаар А.Бат-АМалан захирал түүнд утсаар мэдэгдсэн. Тэрээр улирлын ажилтай, ажлын байран дээрээ байгаагүй тул түүнд утсаар мэдэгдсэн. Өөрөө ирж тушаалаа авч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тойрох хуудас зуруулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу бид ажилтанд утсаар мэдэгдсэн. Хуульд заавал бичгээр мэдэгдэх ёстой гэсэн заалт байхгүй, мэдэгдэх ёстой л гэсэн заалт байгаа. Зөвхөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болсоныг ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдсэн байхыг л хууль шаардаж байгаа.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь хасагдсан тул энэ тухай түүнд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр утсаар мэдэгдэж, үүнээс хойш сар гарангийн дараа хөдөлмөрийн гэрээг цуцласан тул тушаал үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “ҮСАХ” ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Тохижилт үйлчилгээний албаны Гидротехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай А.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “ҮСАХ” ХХК-аар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч А.Мийн нэхэмжлэлийн энэ шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн ярьсан гэснийг өөрөөр нотлоогүй байхад нэхэмжлэгчийг ажлын байр нь байхгүй болсоныг мэдсэн байна гэж дүгнэсэн нь бодитой бус хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдлийг бичгээр өгөөгүй байдалд маргаагүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичгээр өгөөгүй тул мэдэгдээгүйд тооцно гэж маргасан гэжээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгчийг шүүхэд 100 хувь бүрэн төлөөлөхөөр нэхэмжлэгчээс хуулийн шаардлага хангасан итгэмжлэл авсан тул нэхэмжлэгчийг тухайн асуудал дээр маргаагүй гэж дүгнэсэн нь шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд, тал бүрээс нь шинжлэн судлаж, үнэн бодитоор хянан хэлэлцсэнгүй гэж үзэж байна.

Ажил олгогч нь хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй ч ажилтан нь хөдөлмөрийн гэрээ хэний санаачлагаар, ямар үндэслэлээр хэдийд цуцлах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдсэн байх тул шүүх ажил олгогчийг ажилтанд урьдчилан мэдэгдэлгүйгээр түүнийг ажлаас гэнэт халсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Анхан шатны шүүхээс ажил олгогчийн буюу хариуцагчийн хийх ёстой үүргээ биелүүлээгүй буюу хэрэгжүүлээгүй гэж үзсэн мөртлөө үүнийгээ үгүйсгэсэн байгааг үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд бус зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслээд нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “ҮСАХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч А.М нь хариуцагч байгууллагатай 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15/127 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн гидротехникчийн албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 47 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

           

“ҮСАХ” ХХК-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 47 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогчийн гаргасан дээрх тушаалын үндэслэлээ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бизнес төлөвлөгөөний дагуу бүтэц, орон тооны цомхотголд орж байгаа гэж тайлбарлажээ.

 

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон орон тооны цомхтгол хийсэн талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт байхгүй, “ҮСАХ” ХХК-ийн “Бизнес төлөвлөгөө 2017” гэх баримтаар тус байгууллагыг бүтцийн өөрчлөлт хийсэн гэх дүгнэлт өгөх боломжгүй, нотлох баримтын хувьд эргэлзээтэй байхад шүүх тодруулалгүй, шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байгаа учраас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01841 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧИД                                                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА