Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 961

 

Л.М-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Эрдэнэбат,

хохирогч Ш.М-

шүүгдэгч Л.М-өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.М-холбогдох 1811018710657 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л М, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр ........................ төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......................., хэрэгт холбогдох үедээ “...............” ХХК-д үйлчлэгч ажилтай байсан, ам бүл .. нөхөр, ... хүүхдийн хамт ................ дүүргийн .. дүгээр хороо, .... .. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Л.М нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Тахилтын ...дугаар гудамжны ......... тоотод оршин суух иргэн Ш.М-гэрт нэвтэрч, 32 инчийн “ELKO” загварын зурагт хулгайлж, ........... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.М-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Л М хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Л.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.М-оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.М-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн нөхөр М.Н-2009 онд гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. Бид бусад гэр бүлийн адил үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байсан. Хэрэг болохоос хэдэн өдрийн өмнө хоорондоо муудалцсан ч эвлэрч, намайг араасаа хүрээд ир гэхэд нь би өөрт нь “хадам аавын зурагтыг ломбардад тавьчихаад араас нь очъё” гэхэд нөхөр маань тухайн үед “би аавд хэлчихье” гэж байсан. Гэтэл ийм байдалд хүрнэ гэж мэдэлгүй хоёр хүүхдээ орхиод хоригдоно гэж бодолгүй ийм үйлдэл хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаа тул энэ хэргийг дахин хянах боломж байдаг бол тийм боломжоор хангаж өгч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин шалгаж, зурагтын үнэлгээг дахин хийлгэж, хэргийн үнэн зөвийг тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Л.М-өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Миний бие Л.М-холбогдох хэргийн материалтай танилцахад, хохирогч Ш.М-мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх 23-24/ “зурагтаа 2018 оны 5 дугаар сард 32 худалдааны төвөөс эхнэр бид хоёр 390,000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн байдаг. Гэтэл Ш.М-эхнэр нь “4 жилийн өмнө нас барсан. Тэгэхээр энэ зурагт нь 2018 онд худалдаж авсан гэдэг нотлогдохгүй бөгөөд хэрэгт авагдсан “Дамно” ХХК гэх үнэлгээний компани нь хохирогчийн мэдүүлэгт үндэслэж бодит үнэлгээг тогтоолгүй хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хэргийн байдлыг бүх талаас нь бүрэн бодитой шалгаж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.

Энэхүү зурагтын бодит үнэлгээг үнэн зөв тогтоолгох, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоолгох, гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ш.М-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай бэр Л.М 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь эхийгээ санаад хэцүү байна. Мөн дахиад жирэмсэн байгаа. Манай зурагтыг хулгайлаагүй, авч ломбардад тавьсан. ...” гэв.

 

Прокурор Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хулгайлах гэмт хэргийн шинжийг тусгайлан хүндрүүлж заасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэний орон байр халдашгүй дархан байх эрхтэй бөгөөд гэр бүлийн гишүүн ч бай хууль бус аргаар нэвтэрч орохыг Монгол Улсын Үндсэн хуулиар хориглосон. Дээрх хэргийн улмаас 332,100 төгрөгийн хохирол учруулсан. Уг “ELKO” загварын телевизорыг захиран зарцуулах ямар нэгэн эрх байхгүй болох нь хохирогч Ш.М-/хх 23-24/ хохирогчоор өгсөн мэдүүлэгт авагдсан. Шүүгдэгч Л.М-үйлдэл нь гэм буруутай, санаатай үйлдэл. Өөрөөр хэлбэл, эд мөрийн баримтаар хураагдсан отверткаар цоожийг эвдэж, нэвтэрч орсон үйлдэл байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзээд анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Л.М 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 367 тоотод оршин суух хадам эцэг Ш.М-байнга амьдардаг байрны хаалганы цоожны цүүг нь отверткаар эвдэн нэвтрэн орж, 32 инчийн “ELKO” загварын телевизорыг хулгайлж, 332,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хохирогч Ш.М-гэрт хүнгүй буюу эзэнгүй хойгуур нь гэрийнх нь хаалганы цоожийг отверткаар эвдэн орж, телевизорыг нь аваад явсан байсан талаар тэрээр /хх 22-23/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч М.Н /хх-ийн 28/, яллагдагч Л.М /хх 27, 37-38/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар дээр авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх 13/ зэргээр нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.М-бусдын гэрт эзэнгүй хойгуур нь хаалганых нь цоожийг эвдэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар зурагтыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба Л.М-үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.М болон түүний өмгөөлөгч Ю.Батболд нар “...Хадам эцгийнхээ гэрээс зурагтыг нь нөхөртөө хэлж авч ломбардад тавьсан, телевизорын үнэлгээг дахин хийлгэж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоолгох. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.  

 

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эзэнгүй байхад нь гэрийнх нь цоожийг эвдэн, гэрээс нь телевизорыг нь хулгайлсан талаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ш.М-цагдаад гомдол гаргахдаа хэлж байснаас гадна тус өдрөөс хойш 3 хоногийн дараа 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ /хх 22-23/ ч мэдүүлж байсан байх тул шүүгдэгч Л.Мг иргэн Ш.М-гэрээс зурагтыг нь авч ломбардад тавих эрх бүхий этгээд байсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хохирогч Ш.М-нь хулгайд алдсан 32 инчийн хар өнгийн ЛСД загварын Элко маркийн телевизороо 390,000 төгрөгөөр худалдан авсан талаар мэдүүлсэн /хх 2/ ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйл, 27.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу томилогдсон эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий шинжээч уг телевизорыг 332,100 төгрөгөөр үнэлсэн /хх 29-31/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь хууль тогтоогчийн “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн /Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан/ улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй...” гэж хуульчлан тайлбарласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн Л.М-үйлдэлд хохирлын хэмжээ нөлөөлөхгүй юм.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн Л.М-хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэсэн байх ба үүнээс өөрөөр түүнд ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.  

 

Иймд шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт зааснаас өөрөөр “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар...” гэж бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт давж заалдах шатны шүүхээс оруулах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар...” гэж өөрчилсүгэй,

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧИД                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                            Д.ОЧМАНДАХ