Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг, хохирогч Ш.Мижиддорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Лхамсүрэнгийн Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн “1811018710657” дугаартай, 186/2018/0603/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сары 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, Скай сервис ХХК-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 366 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Л,

Холбогдсон хэргийн талаар : Л.М нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Чингэлтэй 19 дүгээр хороо Тахилтын 3 дугаар гудамжны 367 тоотод оршин суух иргэн Ш.Мижиддоржийн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн “ELKO” маркийн телевизорыг авч бусдад 332.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:      

 1.1. Шүүгдэгч Л.М нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Тухайн үед хадам аав руугаа залгаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Би бусдын гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч эд зүйл авч болохгүй гэдгийг мэдэж байна. Ийм зүйл болно гэж бодоогүй, өөрийнхөө гэм буруутайг ойлгож байна, намайг хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

1.2.Хохирогч Ш.Мижиддорж хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэв. Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Хохирогч Ш.Мижиддорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...Миний бие 2018 оны 06 дугаар сарын 29-ны өглөө 09 цагийн үед гэрээ цоожилж орхиод гадагшаа гарсан юм. Тэгээд орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3-367 тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн хаалга цоожийг эвдэн хулгай орж цоожийг манай байшингийн урд хананд байрлуулж тавьсан байсан. 32 инчийн ЭЛКО маркийн зурагт алдагдсан байсан. Зурагтаа 2018 оны 05 дугаар сард 32 худалдааны төвөөс 390.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрээс алдагдсан зурагт, алчуурыг Мягмаржаргал захиран зарцуулах эрх байхгүй. Уг зурагтыг эхнэр бид хоёр зурагт зардаг газраас өөрсдийн мөнгөөр авч байсан гэх мэдүүлэг. /хх 23-24/, 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Нэргүй гэрчээр мэдүүлэхдээ:... 2018 оны 06 сарын 29-ны өдөр 17 цагийн үед би Баянхонгор аймаг руу явсан юм. Баянхонгор аймаг руу явж байх замд цагийг нь тодорхой санахгүй байна 18 цагийн үед байх манай эхнэр Мягмарсүрэн миний утас руу залгаад би аавын зурагтыг аваад ломбарданд тавьсан шүү, би араас чинь яваад очьё гэж хэлсэн. Тухайн үедээ би эхнэр Мягмарсүрэнг аавын зурагтыг зөвшөөрөл аваад унааны зардал олох гээд барьцаанд тавьсан байх гэж бодсон юм. Тэгээд Баянхонгор аймаг руу оччихоод маргааш нь эцэг Мижиддорж руу утсаар ярихад гэрийн зурагт алдагдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг зөвшөөрөл авалгүй, цоожийг нь эвдэж ороод зурагтыг нь авчихсан байна гэдгийг нь мэдсэн. Хэрэг болохоос 3 хоногийн өмнө эхнэр бид хоёр маргалдаад эхнэр Мягмарсүрэн зугтаад явчихсан. би хүүхдүүдээ өөрийн эгч Нямзаяагийн гэрт хүргээд өгчихсөн байж байсан юм. Тэр үеэр аав гадуур гарсан үед ирээд хулгайлчихсан байна лээ гэх мэдүүлэг. /хх-28/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/458 тоот актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,3 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрийг папилон санд 2018-296-ЧД дугаараар кодлон оруулж, харьцуулан шинжлэхэд папилон санд бүртгэлтэй гарын мөр дардасуудтай тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Бадамсайхан гэх дүгнэлт. /хх-34/, Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд 3.1. , / 7-15/ /-16/, , /-17/, , /-18/, . / 22-24/, /-28/, /-30/, . , /-41/, /- 40/ . Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов. Шүүгдэгч Л.М нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3 дугаар гудамжны 367 тоотод оршин суух иргэн Ш.Мижиддоржийн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн ELKO маркийн телевизорыг хулгайлан авч бусдад 332.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Мижиддоржийн... миний бие 2018 оны 06 дугаар сарын 29-ны өглөө 09 цагийн үед гэрээ цоожилж орхиод гадагшаа гарсан юм. Тэгээд орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3-367 тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн хаалга цоожийг эвдэн хулгай орж цоожийг манай байшингийн урд хананд байрлуулж тавьсан байсан. 32 инчийн ЭЛКО маркийн зурагт алдагдсан байсан. Зурагтаа 2018 оны 05 дугаар сард 32 худалдааны төвөөс 390.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрээс алдагдсан зурагт, алчуурыг Мягмаржаргал захиран зарцуулах эрх байхгүй. Уг зурагтыг эхнэр бид хоёр зурагт зардаг газраас өөрсдийн мөнгөөр авч байсан гэх мэдүүлэг, гэрч М.Нэргүйн 2018 оны 06 сарын 29-ны өдөр 17 цагийн үед би Баянхонгор аймаг руу явсан юм. Баянхонгор аймаг руу явж байх замд цагийг нь тодорхой санахгүй байна 18 цагийн үед байх манай эхнэр Мягмарсүрэн миний утас руу залгаад би аавын зурагтыг аваад ломбарданд тавьсан шүү, би араас чинь яваад очьё гэж хэлсэн. Тухайн үедээ би эхнэр Мягмарсүрэнг аавын зурагтыг зөвшөөрөл аваад унааны зардал олох гээд барьцаанд тавьсан байх гэж бодсон юм. Тэгээд Баянхонгор аймаг руу оччихоод маргааш нь эцэг Мижиддорж руу утсаар ярихад гэрийн зурагт алдагдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг зөвшөөрөл авалгүй, цоожийг нь эвдэж ороод зурагтыг нь авчихсан байна гэдгийг нь мэдсэн. Хэрэг болохоос 3 хоногийн өмнө эхнэр бид хоёр маргалдаад эхнэр Мягмарсүрэн зугтаад явчихсан. би хүүхдүүдээ өөрийн эгч Нямзаяагийн гэрт хүргээд өгчихсөн байж байсан юм. Тэр үеэр аав гадуур гарсан үед ирээд хулгайлчихсан байна лээ гэх мэдүүлэг. /хх-28/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлнотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Мг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэв. Шүүгдэгч Л.Мгийн гэм буруутай үйлдлээс хохирогч Ш.Мижиддоржид 332.100 төгрөгний хохирол учирсныг шүүгдэгч хохирогчид төлж барагдуулсан, хохирогч Ш.Мижиддорж нь алдсан бүх зүйлээ буцаан авсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Л.Мг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см урттай багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Л.Мг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.          

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.БАТЖАРГАЛ