Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00994

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00268 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 610 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.С- миний бие нь иргэн Ц.Б-д 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч хариуцагч Ц.Б- нь үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхгүй удаа дараа шаардуулсны үндсэн дээр зээлийн хүүнд 3 000 000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч Ц.Б-гаас үндсэн зээл 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.С-аас 2 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр н.Банзрагчаас 3 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Гэвч Б.С- нь н.Банзрагчаас зээлсэн 3 000 000 төгрөгийг өөрөөс нь зээлсэн 2 000 000 төгрөгтэй нэгтгэн тооцон, илүү 2 000 000 төгрөг нэмж, нийт 7 000 000 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Б.С- уг мөнгийг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. 2013 оны 09 дүгээр сард уг зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь анх зээл авснаас хойш 5 жил 5 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа дууссан, 76 дугаар зүйл, 78 дугаар зүйл, 79 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн хугацаа зогсох үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00268 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 610 дугаар магадлалаар ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй уг зээлийн гэрээгээр хүү төлөх үүрэгтэй байсан гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаагүй болно.

Харин өгсөн зүйлээ буцаан авахаар шаардахад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байгаа тул уг хугацааны дотор нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч Ц.Б-гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Ц.Б- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө бүрэн төлсөн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ байхгүй боловч шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан тэмдэглэлийн дэвтрийн зээл авсан тухай бичилтийг үндэслэн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тооцоолсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183\ШШ2019\00268 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 610 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН