Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй, 

               Хариуцагч: Ц.Б-д холбогдох

  Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “Б.С миний бие нь иргэн Ц.Б хүсэлтээр 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл Ц.Б нь үндсэн зээл түүний хүүг төлөлгүй удаа дараа шаардуулж байж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн хүүгээс 300 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш утсаар холбогдож, уулзаад өгдөггүй. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сард хаалга өгье гэсэн. Мөнгөө авч чадаагүй учраас 2018 оны 09 дүгээр сараас хойш шүүхэд хандаад хаягтаа амьдардаггүй гэж олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулаад олсон хаягаар дахин мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй гэсэн тодорхойлолт ирүүлдэг. Иймд үндсэн зээл болох 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ц.Б миний бие 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Саас 2 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр н.Банзрагчаас 3 000 000 төгрөгийг тус тус зээлж, нийт 5 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус Б.С, н.Банзрагч нарт төлөхөөр тохиролцсон билээ. Гэвч өнөөдөр Б.Снь н.Банзрагчаас зээлсэн 3 000 000 төгрөгийг өөрөөс нь зээлсэн 2 000 000 төгрөгтэй нэгтгэн тооцон, илүү 2 000 000 төгрөг нэмж, нийт 7 000 000 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Б.Суг мөнгийг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг нэмж нийт 5 000 000 төгрөг зээлсэн боловч 2013 оны 09 дүгээр сард уг зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон юм. Ингээд Б.Ст 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч анх зээл авснаас хойш 5 жил 5 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа дууссан, уг хуулийн 76 дугаар зүйл, 78 дугаар зүйл, 79 дүгээр зүйлд заасан хуулийн хугацаа зогсох үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэл гаргасан байна. Мөнгө өгсөн авсан харилцаа дуусгавар болсоор байхад Б.Снь шаардах эрхгүй нэхэмжлэл гаргаж, шүүхийн байгууллагаар айлган дахин мөнгө авах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С2 013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Бямбад зээлдүүлсэн гэх үндэслэлээр нийт 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, мөнгийг бэлнээр буцаан төлсөн, бодитоор 5 000 000 төгрөг авснаас 3 000 000 төгрөгийг н.Банзрагчаас зээлсэн тул нэхэмжлэгч Б.С шаардах эрхгүй, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул  гэж  татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Б.Саас 2 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй Ц.Бминий бие зээлэв” 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Ц.Бби 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2013.10.20 хүртэл зээлэв. Зээлдэгч Ц.Бямбаа” гэж гараар бичсэн тэмдэглэл бүхий дэвтэр нотлох баримтаар авагдсан байна. /эх хувиар хавсаргагдсан/

Зохигч 2013.05.06-ны өдрийн 2 000 000 төгрөгийн зээлийн тухайд маргаангүй бол 2013.05.20-ны өдрийн 5 000 000 төгрөгийг хэнээс хүлээн авсан, хэдэн төгрөг зээлдсэн, нийт зээлийн төлбөрийг буцаан төлсөн эсэх тухайд маргаантай. 

Шүүх, дээрх бичгийн баримтыг шинжлэн судлаад, зохигчдын хооронд 5 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгийн үнэ бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн боловч нэхэмжлэгчийг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Сын зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс үүссэн гэж тоолвол 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан ба энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан эсэх, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх аливаа үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч Ц.Бхаяг тодорхойгүйн улмаас 2018.04.12-ны өдрийн 182/ШШ2018/00706 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилсан болох нь  Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар  хэлтсийн албан бичгээр нотлогдох боловч уг ажиллагааг хөөн хэлэлцэх хугацаа  дууссаны дараа явуулжээ.

Нөгөө талаас нэхэмжлэгч удаа дараа шаардаж байсан, эвлэрэх, төлөх талаар тохиролцож байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа дууссан үр дагаварын талаар “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн ба тэрээр өөрийн эзгүйд өмгөөлөгчөө байлцуулан хэргийг хянан шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул  нэхэмжлэгчийн урьдчилж төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах Б.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ