| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00248/И |
| Дугаар | 103/ШШ2017/00303 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2017/00303
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2017/00303 | Улаанбаатар хот |
2017 07 19 103/ШШ2017/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******-******* дүүргийн 9 дүгээр хороо, *******-******* *******-******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт ******* ******* /ЧО8111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ХХК-д холбогдох 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал цалин хөлсөнд 9.622.125 төгрөг, мөн 2017.03.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч тухайн өдөр 11 цаг өнгөрөөж ажилдаа ирсэн шалтгаанаар 3,8 цагийг дутуу бодож олгосон тул тухайн дутуу бодсон цалин 33.855 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, урамшууллын гэрээгээр миний бие 604,047 төгрөг олгсон тул нийт 10.260.027 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тус компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн албан тушаалд 2015.01.13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 4 дүгээр сард ажил олгогч гүйцэтгэх захирал Э. нь үндэслэлгүй хууль ёс болон ёс зүйг илт зөрчсөн байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн учраас хуулийн дагуу шүүхэд хандахад Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 394 тоот шийдвэр гарсан. Тус компани шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хуулийн дагуу сайн дураараа шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус шүүхэд гарган 2017.02.13-ны өдрийн 75 дугаартай гүйцэтгэх хуудас, 242 тоот шүүгчийн захирамж тус шүүхээс гаргасан. Тус гүйцэтгэх хуудсыг хүлээн авсны дараа 2017.02.*******-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт хандан 85 дугаарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, 88 дугаарын Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон. Тус компанийн удирдлагууд Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан шаардлага удаа дараа тавьсны дагуу арга буюу тус компани түүний гүйцэтгэх захирал Э. Б.******* надтай 2017.03.27-ны өдөр №17/030 тоот Хөдөлмөрийн гэрээ, мөн тухайн өдрийн огноо бүхий №17/035 тоот Б.*******ыг эгүүлэн томилох тухай тушаалыг 2017.03.28-ны өдөр тус тус гаргаж нэг хувийг надад өгсөн нь үнэн болно. Иймд ХХК-иас шүүхийн шийдвэр биелүүлээгүй буюу 2016.09.16-ны өдрөөс 2017.03.26-ны өдөр хүртэлх цалин хөлс 9.622.125 төгрөг, 2017.03.27-ны өдөр 11 цаг өнгөрөөж ирсэн шалтгаанаар тухайн өдрийн цалингаас 3.8 цагийг дутуу бодож олгосон зөрүү 33.855 төгрөг, Шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж урамшуулалын гэрээгээр олгосон 604.047 төгрөг, нийт 10.260.027 төгрөг гаргуулж, 2016.09.16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, гэжээ.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулъя гэсэн шаардлага гаргасан. Өмнөх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдалд нэхэмжлэгч өөрөө Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаанаа хийж магадлал гаргасан. Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр магадлалыг хүлээн авсан байгаа. Энэ хугацаанаас хойш тоолж байж аль нэг тал гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон гэж үзэх ёстой. Үүнээс харахад он дуустал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага ирж ажилдаа орооч гэж хэлэх гээд утас руу нь залгаж мессеж хүртэл бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сард энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байсан. Нэхэмжлэгчийг ажилд нь оруулах гээд дуудахад ирэхгүй байсан. 2017 оны 3 дугаар сарын 21-нд албан байгууллага дээр очсон байгаа. Нэхэмжлэгч өөрөө энэ ажилд ажиллах сонирхол байхгүй байсан. Энэ ажилдаа оронгуутаа ээлжийн амралтаа аваад ажлаасаа гарсан байгаа. нэхэмжлэгч энэ хугацаанд ажлаа хийж чадаагүйд хариуцагч байгууллага буруугүй. Дутуу бодож олгосон ажлын цагийн хөдөлмөрийн хөлсийг нэхэмжилсэн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Нэгэнт дутуу ажилласан нь үнэн учраас ажилласан цагт нь цалин бодож олгох нь зүйд нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн зардал гэж нэхэмжилсэн. Энэ мөнгийг төлсөн баримт хэрэгт харагдахгүй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой мөнгөнөөс 5 сая гаран төгрөг үлдсэн байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар дамжуулан төлсөн. Хариуцагч байгууллага нийт 4 удаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгийг төлж байсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг 2016 онд багтаагаад төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Багануур ХХК-нд холбогдуулан, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цалин хөлсөнд 9.622.125 төгрөг, мөн 2017.03.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч тухайн өдөр 11 цаг өнгөрөөж ажилдаа ирсэн шалтгаанаар 3,8 цагийг дутуу бодож олгосон тул тухайн дутуу бодсон цалин 33.855 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, урамшууллын гэрээгээр миний бие 604,047 төгрөг олгсон тул нийт 10.260.027 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежер Б.*******ыг тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16/03 тушаалаар ажлаас чөлөөлсөн байх ба Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 394 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1865 тоот магадлалаар тус тус нэхэмжлэгчийг уг албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж ажилтантай ажил олгогч 2017.03.27-ны өдөр 17/030 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор шаардах эрхтэй бөгөөд тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилогдсон өдөр хүртэлх буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор шаардах эрхтэй байна.
Мөн Б.*******ын нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын цалин нь ээлжийн амралтийн цалин хөлс байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэх заалтын дагуу түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх, сүүлийн 3 сар буюу 2016 оны 7 дугаар сард 1.639.302 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 1.639.302 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 1.496.754 төгрөгийн цалин тус тус авсан байх ба тухайн үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 1.591.786 төгрөг байна.
Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нийт ажлын 135 хоногийн цалин 9.994.860 төгрөг /дээрх нэг сарын дундаж цалин 1.591.786 төгрөгийг сарын ажлын дундаж хоног 21,5-аар хуваан гарсан нэг өдрийн 74.036 төгрөгийн цалинг 135 хоногт үржүүлэв/-ийг ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох үндэслэлтэй гэж үзэв.
2017.03.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч тухайн өдөр 11 цаг өнгөрөөж ажилдаа ирсэн шалтгаанаар 3,8 цагийг дутуу бодож олгосон тул тухайн дутуу бодсон цалин 33.855 төгрөг гаргуулахаар Б.******* нэхэмжилсэн ба тухайн өдөр 11 цаг 50 минутанд ажилдаа очсон талаар хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн БНЦМҮ ХХК-ийн ажилтнуудын ирцийн хуудас, ирсэн цаг бүртэлийн 21 дугаарт ******* 2017.03.27-ны өдрийн 11 цаг 50 минутад ирсэн талаар тэмдэглсэн байх тул түүний уг шаардлагыг хангах боломжгүй, тэрээр уг баримтын талаар маргаагүй байна.
Ажил олгогч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, урамшууллын гэрээгээр ажилтны төлсөн 604,047 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэгч шаарджээ. Хэргийн материалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах 2017.02.*******-ны өдрийн 85 тоот, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2017.02.*******-ны өдрийн 88 тоот гэрээнүүд авагджээ. /хх-ийн 8-9/
Б.******* уг 2 гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн зардал, урамшуулалд 604.047 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХХК даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 174.867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч байгууллагын шүүх хуралдаанд өгсөн ажилтны ажлын цаг ашиглалтын дэлгэрэнгүй бүртгэл /2017.03.*******-2017.04.22 *******/, БНЦМҮ ХХК-ийн ажилтнуудын ирцийн хуудас /ирсэн цаг 2017.3 сараас 2017 оны 4 сар/, БНЦМҮ ХХК-ийн ажилтнуудын ирцийн хуудас /явсан цаг 2017.3 сараас 2017 оны 4 сар/ баримтуудын эх хувийг механкийн ХХК-нд буцаан олгож, нотариатаар батлуулсан хуулбарыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ын ажилгүй байсан хугацааны /2016.09.16-2017.03.27 хүртэл/ дундаж цалин хөлс 9.994.860 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж, ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 637.902 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг үйлдвэр ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 174.868 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО