Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2018/04346/И |
Дугаар | 001/ХТ2019/00996 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2019/00996
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00267 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 532 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Б-т холбогдох,
Гэм хорын хохиролд 41 438 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Энх-Амгалан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минут орчимд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 109 байрнаас Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал Тауэрт байрлах ажилдаа ирж явах замд гарцаар гарч явахад нь 17-44 улсын дугаартай автобусны жолооч Б.Б- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 7.6, 2.3 “а” заалтуудыг зөрчиж, явган хүний гарцан дээр мөргөж, түүнд хүнд гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан.
Ажилтан маань зам тээврийн осолд орсноор Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д заасны дагуу энэ ослыг үйлдвэрийн осолд тооцож, акт тавигдсан.
Мөн жолооч Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас манай ажилтан Ц.Энх-Амгалангийн бие махбодь, эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирч, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 54814 тоот шийдвэр болон актаар хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болох нь тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ажил олгогч 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр заасны дагуу дээрх актуудыг үндэслэн “Э” ХХК-ийн Ерөнхийлөгч 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар ажилтан Ц.Энх-Амгалан ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан байх тул түүнд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 41 438 375 төгрөгийн нөхөн төлбөр олгох тушаал гарган, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус нөхөн төлбөрийг олгосон.
Иймд зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээд болох Б.Б-оос компанийн Ц.Энх-Амгаланд олгосон нөхөн төлбөр болох 41 438 375 төгрөгийг төлүүлж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлд дурдагдаад байгаа ослын актыг мэдэгдэх, судлан бүртгэх, нөхөн төлбөр олгох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон уг хуулиудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 269 тоот тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмээр зохицуулдаг.
Дээр дурдсан хуулиудад зааснаар нөхөн төлбөр олгох үүрэг нь ажил олгогчид хамаардаг байна. Хохирогч Ц.Энх-Амгалангийн ажил олгогч нь хариуцагч Б.Б- би бус “Э” ХХК юм. Нэхэмжлэгч компанийн ажилтан байсан бөгөөд тус компанид ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг гаргахдаа Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн байдаг. ...үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүргийг хуулиар ажил олгогчид хүлээлгэсэн байхад иргэн надаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.
Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч хохирол бүрэн төлөгдсөн талаар хэлсэн. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байгаа. Мөн уг шийтгэх тогтоолд хохирогчийг болон Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан байдаг. Зөрчигдсөн гэж үзсэн хэн ч шүүхэд хандах эрхтэй боловч хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр шүүхэд хандах эрхгүй.
Хэрвээ нэхэмжлэгч нь нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж үзсэн бол Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар харъяалах этгээдэд нь гомдол гаргах эрхтэй байсан. Харин “Э” ХХК нь өөрийн үүргийг хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөрийг хохирогчид төлсөн байдаг. Нэгэнт өөрийн байгууллагын үүрэг гэдгийг хүлээн зөвшөөрч төлсөн бол одоо надаас нэхэмжлэх учиргүй. “Э” ХХК нь миний өмнөөс хохирлыг төлсөн бус өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлсэн. Энэхүү нэхэмжлээд байгаа 41 438 375 төгрөг нь хохирогчид учирсан гэм хор, хохирол бус харин хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн баталгаа бол ажил олгогчоос ажилтанд олгогдсон нөхөн төлбөр.
Хариуцагч миний хувьд санаатайгаар хүний бие эрхтэнд хохирол учруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрх нь зөвхөн хохирогчид байхаар хуульчилсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00267 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Жаавай овогт Борын Б-оос 41 438 375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 142 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 365 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 532 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ... Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйлдвэрлэлийн осол бол зөрчлийн шинжтэй үйлдэл болсон эсэхээс үл хамааран тогтоогдож, ажил олгогчоос нөхөн төлбөр олгодог процесс.
... Хохирогч тухайн үед хохирлоо гаргуулсан бөгөөд хуульд заасан гэсэн үндэслэлээр “Э” ХХК нь давхардуулан 41 438 375 төгрөгийг олгосон. Хохирогч Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг Нийгмийн даатгал болон халамжийн сангаас авч байгаа.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00267 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 532 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Б-оос гэм хорын нөхөн төлбөрт 41 438 375 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ. Хариуцагч Б.Б- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааны дагуу гүйцэтгэсэн үүрэг нь гэм хор биш гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Хариуцагч Б.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Daewoo-106 маркийн автобус жолоодоож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар гарч байсан Ц.Энх-Амгаланг мөргөж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулжээ. Ц.Энх-Амгалан нь хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болох нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар тогтоогдсон байна.
Ажилтан ажилдаа ирэх замд явган явж байх үедээ гэмтсэн учир Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 29.2.-т заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь Ц.Энх-Амгалангийн ажил олгогчийн хувьд үйлдвэрлэлийн ослын акт гаргаж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч актыг баталгаажуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д зааснаар “Э” ХХК нь үйлдвэрлэлийн осолд орсон ажилтан Ц.Энх-Амгаланд 41 438 375 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хариуцагч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон Ц.Энх-Амгаланд нэхэмжлэгч “Э” ХХК-иас олгосон нөхөн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг шүүх хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102\ШШ2019\00267 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 532 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 365 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН