Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

 

 

  2022          03          10                                     2021/ШЦТ/192

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Шүүгдэгч: Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Чинбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Б.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000205 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн халааснаас “Самсунг А-51” маркийн 550.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан хохирогч Б.Л-гийн халааснаас түүний эзэмшлийн Ай Фоне-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юкэй таур” төв дотор байсан хохирогч Э.Д-гийн халааснаас “Айфоне Экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э-ын шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ баталж байнагэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн ээж Ү.Анхтуяа, төрсөн дүү Ганзориг нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд явж байсан бөгөөд манай ээж, дүү 2 эмийн сан орсон. Би ардаас нь орох гээд явж байгаад утсаа халаас руугаа хийсний дараа хаалга онгойлгоод орох үед миний халаас хоосон оргих үед халаасаа шалгахад утас байгаагүй эргээд харсан чинь хар саарал куртиктэй саарал өнгийн юүдэн малгайтай хүн зугтаж байсан. Би тэр хүний ардаас гүйсэн боловч барьж чадаагүй. ...352349114719177, 352350114719175 имей кодтой, хар өнгийн гадаргуутай гар утас байсан. .....би алдсан Самсунг А51 загварын гар утсаа цагдаа ахаас буцааж авсан. Тиймээс одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 11-12, 148/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Л-гийн мэдүүлэг “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны 19:10 цагийн орчимд 2 найзтайгаа хамт дөрвөн замаас ТБД Андууд худалдааны төв рүү алхсан. Тэгээд замдаа Хаан банкны орчим явж байхад манай найз болох Сувд надад зураг харуулсан. Тэр зургийг харах гээд халааснаасаа гараа авах үед миний утас байсан. Тэгээд бид гурав цааш алхаж ТБД Андууд худалдааны төвийн урд гарцан дээр салах үед утсаа шалгатал гар утас маань алга болсон байсан. Миний утас ай фоне 11 маркийн гар утас байсан. Бүдэг чернилэн ягаан өнгөтэй, гаднаа цэцэг болон шүртэй кейстэй. Өвдөгөө хүрсэн хар куртиктэй, саарал малгайтай цамцтай, хар масктай хүн миний ард ойрхон хувцсаа гөвөөд зогсож байсан. Тэр хүн авсан байх” /хх-н 60-61/,

Хохирогч Э.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн охины хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах U&K таур луу Парадоксын автобусны буудал дээр автобуснаас буух үедээ гар утсаа шалгаад Парадоксын автобусны буудал дээр буугаад U&K таур луу ороод урсдаг шатаар өгсөж байх үедээ гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. ...Би 2021 оны 8 дугаар сард хувь хүнээс Iphone X маркын гар утсыг 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...би алдсан Айфоне Экс загварын гар утсаа эргүүлэн цагдаагийн байгууллагаас авсан. Тиймээс одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 105-106, 150/,

Гэрч П.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би сүүлийн 5-6 жил халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна. ...би халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдийн судалгаанд байдаг Э- гэгчийг таньдаг мэддэг болоод 1 жил гаран болж байна. Тиймээс биеийн ерөнхий шинж байдал, алхаа гишгээ, өмссөн хувцас зэргээр нь түүнийг  таньж чадна. Таны үзүүлсэн бичилгүүдийг харлаа. Дээрх бичлэгийг би өмнө ч гэсэн хэрэг үйлдэгдсэний дараа үзэж харж байж Э- мөн болохыг тогтоосон. Тухайн үед үзэхэд Э-ын алхаа, гишгээ биеийн ерөнхий хэлэмж нь түүнийг мөн байна гэдгийг илтгэж байсан. Учир нь уг бичилгүүд дээр Э- 1 л төрөл загварын гуталтай явж байдаг. Түүнийгээ ч өмнө байнга өмсөж явдаг байсан. Надад энэ хэргүүд үйлдэгдсэний дараах үеийн Э-тай тааралдаад авсан зураг байгаа. Тэр зурган дээр Э- тухайн бичлэгэн дээр байх үеийн гуталтайгаа явж байсан” /хх-н 152/,

Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “....Сүүлийн 4 жил халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тогтмол ажиллаж байна. ...би Э-ыг халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг болсноосоо хойш таньдаг болсон буюу 4 жил гаран болж байна. Тиймээс түүний гадаад байдал, алхаа гишгээ, содон шинж тэмдэг буюу биеийн ерөнхий шинж байдал зэргээр нь таньж чадна. Таны үзүүлсэн 3 бичлэгийг харлаа. Дээрх бичлэгийг би өмнө ч гэсэн хэрэг гарсны дараа үзэж байсан ба тэгэхдээ Э- гэгчийг мөн болохыг мэдсэн. Тухайн үед Э-ын алхаа, гишгээ, хувцаслалт, байгаа байдал зэрэг нь мөн байсан. Дээрх 3 бичилгүүд дээр Э- 1 л төрөл загварын гуталтай явж байдаг ба өмнө ч гэсэн тэр гутлаа байнга өмсөж явдаг байсан. Надад энэ 3  хэрэг гарсны дараа Отгонбаттай хамт явж байгаад Э-тай тааралдаад гар утсан дээр авсан зураг байгаа. Тэр зурган дээр Э- тухайн бичлэгэн дээр байх үеийн гуталтайгаа явж байдаг. Тэр зургийг танд гаргаж өгч хавтаст хэрэгт тусгуулья” /хх-н 155-156/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...гэмт хэрэг үйлдсэн этгээд 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ойр орчимд сэлгүүцэж байгааг харуулав. ...уг этгээд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа ертөнцийн зүгээр баруун тийш зугтаж байгааг харуулав. Дээр хар хөх өнгийн малгайтай, хар хөх өнгийн куртиктэй 25-30 орчим насны этгээд нь энэхүү төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдон шалгагдаж байсан Батсайханы Э- гэгчтэй адил төстэй байгааг тэмдэглэл болгон бичив гэжээ. ...сэжигтэй этгээдийн халаасны хулгай хийж байх үеийн дүрсийг харуулав. ...Сэжигтэй этгээд гар утсыг авч явж буй үеийн дүрсийг үзүүлэв. ...гэмт этгээд ...хохирогчийг дагаж орж байгааг харуулав. Хохирогчийн гар утсыг хулгайлахаар халаасных нь цахилгааныг тайлж байгааг харуулав. ...хар хөх өнгийн малгайтай, хар хөх өнгийн куртиктэй, 25-30 орчим насны этгээд нь энэхүү төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдон шалгагдаж байсан Батсайханы Э- гэгчтэй адилт төстэй байгааг харуулав” гэжээ. /хх-н 27-29, 50-51/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 47, 100/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 32/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 19-21, 72-75, 117-119/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 158-170/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн халааснаас “Самсунг А-51” маркийн 550.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан хохирогч Б.Л-гийн халааснаас түүний эзэмшлийн Ай Фоне-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юкэй таур” төв дотор байсан хохирогч Э.Д-гийн халааснаас “Айфоне Экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч насанд хүрээгүй хохирогч Г.Г-, Б.Л-, хохирогч Э.Д- нарын мэдүүлэг, гэрч П.О-, М.Э- нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Э- нь 3 удаагийн үйлдлээр хохирогч нарын халааснаас тэдгээрийн гар утсыг зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Г.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Э.Д- нар нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Л-, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо авсан, годмол саналгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Э-т улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбатаарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР