Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 117

 

Э.А ад

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 811 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1152 дугаар магадлалтай, Э.А ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.А ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2007 онд эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2010 онд эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд багтаан, 4 жил 2 сар 10 хоног хорих ялаар,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шүүгчийн захирамжаар  95 цагийн албадан ажил хийлгэх ялаас чөлөөлөгдсөн,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, прокурорын тогтоолоор Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж, уг ялаа биечлэн эдлээгүй байгаа Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.А ыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчих гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн”,

“гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,”

“гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”,

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сар жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялууд болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлсэн 90 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 9 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 9 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, нийт 62 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 2 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.А ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.А ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А  гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар тодорхой дүгнэлт хийсэн бөгөөд харин 1 жил 6 сарын хорих ялаар... гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа тул давж заалдах шүүхийн дүгнэлтийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Намайг М.Б-ийн биед хайч, отвёртка хэрэглээгүй болохыг гэрч Х.Н, Э.Б , Б.Б , хохирогч М.Б- , сэжигтэн М.О  нарын мэдүүлгээс харагдана. Мөн шинжээчийн 10896 дугаар дүгнэлтээр отвёртканд цус илрээгүй. Хохирогч М.Б-  өөрөө М.О ыг хайчаар хатгасан болохыг мэдүүлдэг бөгөөд яллагдагч М.О ын үйлдлийг тусгаарласныг зөвшөөрөхгүй. Нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхийг зөрчсөн. Учир нь 2 жилээс 8 жил хүртэл хорих ялтай гэмт хэрэгт цагдан хорих 18 сарын хугацаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусч байгаа. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлд заасан зохицуулалт хүчингүй болж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зохицуулалт байхгүй зэргээс үзвэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар хэлсэн саналдаа “...Яллагдагч М.О  нь хохирогч М.Б-ийг хайчаар хатгасан гэдгээ мэдүүлсэн. Хохирогч нь “Э.А ыг хатгасан” гэх боловч шинжээчийн дүгнэлтээр отвёрткаас ямар нэгэн цус илрээгүй. М.О  Монгол Улсын хилээр орж ирээд баригдаад одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд Э.А  хэргийг хамтад нь шийдвэрлүүлэх гомдол гаргасныг дэмжиж байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Э.А ад холбогдох хэргийг прокуророос буруу зүйлчилж шүүхэд шилжүүлсэн учраас хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийг орхигдуулсан байна. Хохирогч М.Б- д хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.А ыг М.О тай бүлэглэн, согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г т” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, иргэн М.Б-ийг хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, отвёртка зэргийг хэрэглэн үйлдэж, мөн дээрх үйлдлийн улмаас иргэн М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр,

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн хашаанд байрлах Вьетнам засварын газарт Ж.Т, Ө.Т нарын Вьетнам Улсын иргэн Н, Н нараас дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг IPhone-6 загварын гар утсыг мэдсээр байж өөртөө авч эзэмшин мөнгө угаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр,  

2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргээр,

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  Баянгол дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” баарны үүдэнд иргэн Р.Б-г зодож,

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 23-наас 25-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 147-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” бааранд иргэн Г.Ш-г зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” бааранд иргэн Н.Г-ыг Э.Э-той бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” бааранд иргэн Л.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Э.А ын дээрх үйлдлүүдэд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хохирогч М.Б-ийн биед хүнд гэмтэл учирсан баримт, нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй учир шалтгаанаа бичээгүй, энэ талаар прокурор ч дүгнэлт хийгээгүй, М.Б-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт Э.А  холбогдолтой эсэх асуудал орхигдсон байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор энэ талаар дүгнэлт гаргаж, хэргийг прокурорт буцаан авч ажиллагаа хийх шаардлагатай гэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Вьетнам улсын иргэдийг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэх үед Э.А  хамт явсан талаар Ж.Т, Ө.Т нар мэдүүлдэг бөгөөд уг дээрэмдэх гэмт хэрэгт Э.А  оролцсон эсэх, ямар үндэслэлээр дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэж буй үндэслэл, нотлох баримт, дүгнэлт яллах дүгнэлтэд огт тусгагдаагүй байна.

Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл тус бүрт зайлшгүй дүгнэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бий болгосон үйлдэл хоорондын шалтгаант холбоо, түүний хүрээг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлт өгөх нь хэргийн бодит үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг дээд шатны шүүхүүдээс үнэлэх гол шалгуур болдог.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж дүгнэхдээ оногдуулсан ялын хэмжээний асуудлыг хөндсөнөөс бус дээрх зөрчлүүдийг огт илрүүлж чадаагүй байна.

Дээрх үндэслэлүүд нь шүүхийн шийдвэр, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох илтэд харагдах нөхцөл байдал атал баталсан эсхүл няцаасан аль ч дүгнэлт прокурор, анхан, давж заалдах шатны шүүхийн шатанд хийгдээгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хуралдаанд оролцсон прокурорын “хэргийг прокурорт буцаах” саналыг хүлээн авлаа.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалд хэргийг прокурорт буцаах гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.А ын гэм буруугийн асуудлаар гаргасан гомдолд эцэслэн хариу өгөх боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1152 дугаар магадлалд тогтоох хэсэгт “Э.А ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

                 ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН