Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч М.Айдус, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0-463/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ботагара овогт Манарбекийн Айдус-т холбогдох 201626010741 дугаартай,  188/2016/0025/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, казак, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 38-25 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Ботагара овогт Манарбекийн Айдус /РД:МЗ96112318/ 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

М.Айдус нь 2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гудамжинд Ю.Балжиннямыг урьдны танил Цэцгээтэй тааралдаад гэрт нь хүргэж өгөөд буцаж явахад нь “Эхнэр хүүхэдтэй байж манай нөгөө ангийн охинтой уулзлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрах хэргийг догшин авирлан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Айдусын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 00 цаг болоогүй байхад гудамжаар Дөлгөөн, Зулсар, Тэмүүжин нарын хамт явж байтал Дөлгөөн танидаг хүнтэйгээ таарсан, тэр хүн нь 10-н жилд манай нөгөө ангид сурч байсан охин Гэрлээтэй уулзаад зогсож байсан. Дөлгөөнөө эхлээд гал асуугаад юм яриад сууж байсан. Би тэр Балжинням гэх залуутай намайг ахын дүү гээд байхаар нь би тийм аймар дүү шиг харагдаад байна уу гээд маргасан. Манай нөгөө ангийн охинтой уулзаж байхаар нь ах биш гэж бодсон. Бид дөрөв явъя гэтэл Дөлгөөнөө Балжинням ахтай жаахан юм яръя гээд үлдсэн. Бид гурав цаана хүлээгээд зогсож байсан чинь Зулсар, Тэмүүжин хоёр гялс Дөлгөөнөөг дуудчих гэж хэлэхээр нь очоод Дөлгөөнөөг дуудахад байж бай гэсэн. Би юм ярьж байгаад Балжиннямаас чи Гэрлээг яаж танидаг юм гэж асуухад юм дуугарахгүй байсан. Ахиад танайх хаана байдаг юм гэж асуухад энүүхэнд гэсэн. Эхнэр хүүхэдтэй гэлүү салсан гэлүү …эхнэр хүүхэдтэй юм байж Гэрлээтэй юу хийж яваа юм гэж хэлсэн чинь Балжинням чамд ямар хамаатай юм гэсэн. Би зүгээр л асууж байна шүү дээ гэсэн чинь өөдөөс зүгээр байгаарай гээд жаахан пээдийсэн. Би тэр үед хоёулаа ингэж эмэгтэй хүн шиг бие биетэйгээ хэрэлдэж байхаар нэгэлчие гэсэн Балжинням тэгье гээд зодолдсон. …Би Балжиннямын биед учирсан гэмтлүүдийг гараараа цохиж учруулсан. Надтай явсан хүмүүс зодоогүй. …Би Гэрлээтэй үерхэж байгаагүй. …Би Отгон-Эрдэнэ-н бүтэн нэрийг Отгон-Эрдэнэ гэж мэдэж байсан, мэдүүлэг өгөхдөө Цэцгээ гэж хэлэх гэж байгаад Гэрлээ гэж андуураад хэлчихсэн байна. …Би 2.5 литрийн том пивоноос 1 аягыг уусан, согтоогүй байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 х/

 

            Шүүгдэгч М.Айдусын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 21-ний орой шөнийн 12 цагийн үед найзыгаа хүргэж өгчихөөд явж байгаад Дөлгөөнтэй таарсан. Тэгсэн чинь Дөлгөөн хамт явж манай найзтай уулзчихаад харъя гэсэн. Бид 2 тэгж яваад Тэмүүжин, Зулсар гэж 2 хүүхэдтэй таарсан. Тэгээд дөрөвүүлээ яваад Дөлгөөний найзтай уулзчихаад гэр рүүгээ явж байгаад саравчинд жаахан сууя гэсэн. Тэгсэн чинь тэр саравчинд Балжинням, Гэрэлээ, Цэцэгээ нар сууж байхаар нь би очоод юу хийж байгаа юм бэ? гэсэн чинь Цэцэгээ найзтайгаа уулзаж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Дөлгөөн Балжиннямыг энэ эхнэр хүүхэдтэй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхэдтэй юм байж манай найзтай юу хийгээд байгаа юм бол гэж бодоод манай найзтай юу хийгээд байгаа юм бэ? гэж асуухад чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд Дөлгөөнөө явъя гээд бид 2 явсан. Балжинням бас Цэцэгээг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд ахиж явж байгаад Балжиннямтай таарсан чинь Дөлгөөнөө Балжиннямтай уулзана гээд Зулсар, Тэмүүжин бид 3 цаана нь зогсож байсан чинь Зулсар, Тэмүүжин 2 намайг Дөлгөөнийг дуудаад ир гэж хэлсэн. Тэгээд би очоод Дөлгөөнийг явъя гэж хэлсэн чинь Балжинням байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ер нь Цэцэгээтэй ямар холбоотой юм бэ? гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь эхнэр хүүхэдтэй юм байж болохгүй шүү дээ гэсэн. Тэгсэн чинь босч ирээд намайг өөрөө эхэлж цохисон. Тэгэхээр нь би 2, 3 цохисон. Тэгээд сүүлд нь уучлалт гуйсан. Миний буруу, гэм буруугаа ойлгож байна. Өөр ярих зүйлгүй. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 

            Хохирогч Ю.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 03 дугаар сарын 21-ний 00 цаг өнгөрч байхад Сонгинохайхархан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 19 дүгээр гудамжны тоглоомын сааданд найз охины найз болох Цэцгээтэй хамт юм яриад зогсож байхад 4 залуу гудамжаар гүйсэн байдалтай гарч ирсэн. Тоглоомын сааданд ирээд Дөлгөөнөө гэх залуу нь гал байна уу гэж асуухаар нь гал өгтөл хамт явсан гурван залуу руугаа буцаад явсан. ...Тэгээд дөрөвүүлээ над дээр ирээд Дөлгөөнөө нь намайг таниад шийдэн дээр сагс тоглодог ах байна гэж хэлсэн. Цаанаас нь Айдус би яахаараа энэнийг ах гэж дуудах ёстой юм гэсэн. Би Айдус гэдэгт нь чи надаас 2 дүү юм чинь ах л гэж хэлнэ гэсэн чинь Айдус хоёулаа зодолдох уу  гээд байсан. Би зодолдохгүй эрүүл дээ ирж уулзаарай гэж хэлтэл Дөлгөөнөө нь цаасны хутга гаргаж ирсэн. Би, чи наад хутгаараа яах гэж байгаа юм гэхэд энэ чинь хэрэг болдог юм гэсэн. Манай найз Цэцгээ Айдусыг боль гээд хорисон. Би Цэцгээг гэрт нь хүргэж өгөх гээд хойшоо гудамжаар явсан, нөгөө дөрөв ард алхаж байсан. Цэцгээг оруулж өгөөд буцах гээд гудамжаар явж байтал нөгөө дөрөвтэй таараад Дөлгөөнөө нөгөө гурван залуугаа явж бай гээд надтай юм яриад үлдсэн. Найз охин зулбасан хэцүү байгаа гэж ярьж байсан. Цаанаас Айдус ирээд чи яагаад Цэцгээтэй юм яриад зосгож байгаа юм гэсэн. Манай найз охины найз охин гэж хэлсэн чинь Айдус намайг чи яасан “банзал” юм гэсэн. Чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь Айдус хоёулаа зодолдьё гээд куртикээ тайлсан. Дөлгөөнөөд хандаж би найзыгаа аваад яв би маргааш эрүүлд нь уулзая гэж хэлж дуустал Айдус шууд уруул руу гараараа цохиод язалсан. Би уруулаа дараад байж байтал доороос гараараа 2-3 удаа цохиж баруун талын шанаа руу цохихоор нь зуураад авсан. Тавиулах гэж би Айдусыг жийж холдуулсан чинь Дөлгөөнөө нь орж ирээд салгаад одоо болио би наадахтай чинь зодолдоно гэж хэлэхэд миний амнаас цус гарсан. Цусаа дараад зогсож байтал Айдус яасан цус гараад байгаа юм уу гээд инээгээд байсан. Дөлгөөнөө надтай зодолдоно гээд Айдуст хэлэхээр нь хутгатай явсан болохоор нь айгаад зугтсан. …Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. …Би ГССҮ-ний төвд 60,000 төгрөгөөр урууландаа оёдол тавиулсан, баримт байхгүй, 14 дүгээр төв рүү цэвэрлэгээ хийлгэхээр 2 өдөр нааш цаашаа явсан, шүүх эмнэлэг рүү такси бариж явсан нийт төлбөр нь 40,000 төгрөг, эм тариа 120,000 төгрөг болсон, баримт нь байхгүй. 10 хоног алдагдсан цалингаа нэхэмжилж байна. Өдөрт 30,000 төгрөг авдаг байсан. Миний урууланд үлдсэн сорвийг арилгаад өгвөл зүгээр байна. …Айдус намайг чи эхнэр хүүхэдтэй юм байж яагаад энэ охинтой уулзаж байгаа юм гэж хэлсэн, тэгэхээр нь би Отгон-Эрдэнэ-г манай найзын найз зүгээр уулзаж байна гэсэн …Айдусаас архи, пиво үнэртэж байсан. …Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, сэтгэл санааны хохиролд 600,000 төгрөг авсан. …Би шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 х/

 

            Гэрч Б.Отгон-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 21-ний орой 00 цаг болж байхад Балжинням ирээд надтай уулзаад зогсож байхад танихгүй дөрвөн залуу ирээд гал асуусан. Тэгээд тэд нар хоорондоо юм яриад зогсож байхад тэр дөрвөн залуу зодчихьё гээд хоорондоо яриад байсан. Тэгээд салахдаа Айдус гээд залуу нь Балжиннямаас уучлалт гуйгаад байсан. Тэгээд салаад Балжинням намайг хүргэж өгөөд явсан. Би унтах гэж байхад Балжинням над руу залгаад тэр залуугийн нэрийг хэн гэдэг билээ гээд асуусан би Айдус гэдэг гэж хэлсэн. …Айдус 10 жилд манай нөгөө ангид сурч байсан юм. …Надруу Балжинням залгахдаа уруулаа сэтлүүлчихлээ гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 х/

 

            Гэрч Д.Сувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний хүү Балжинням 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед ажлаас ирээд хоол цайгаа идээд гадагшаа гарсан. Шөнө 02 цаг болж байхад уруул ам нь цус болчихсон орж ирэхээр нь гэмтэл рүү авч явж оёдол 60,000 төгрөгөөр тавиулсан. Эмч нь баримт хийж өгөөгүй. Дараа нь хоёр удаа 14 дүгээр төв, шүүх эмнэлэг рүү таксигаар явсан. Ажилдаа 10-аад хоног яваагүй. Айдус гэдэг хүүхдэд зодуулсан гэж ярьж байсан. …Хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Н.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би найз Айдустай 65 дугаар сургуулийн тэнд таараад дараа нь шөнийн дэлгүүрийн ойролцоо Зулсар, Тэмүүжин нартай тааралдаад хамт манай Ууганаатай уулзах гээд гудамжаар явж байгаад Балжинням ахтай таараад сайн уу гээд юм ярисан. Тухайн үед Балжинням Айдусын ангийн охинтой уулзаж байсан. Айдус эхнэр хүүхэдтэй байж манай ангийн хүүхэдтэй уулзлаа гээд уурлаад Балжиннямтай маргалдсан. …Тэмүүжин, Зулсар хоёр гэртээ харих гээд явсан байсан. Би бие засаад ирэхэд Айдус Балжинням хоёр зодолдож байхаар нь дундуур нь ороод болиултал Балжиннямын хамраас нь цус гарчихсан харагдсан. …Айдусаас яагаад маргалдсан талаар асуухад Балжиннямыг яагаад манай ангийн охинтой уулзаж байгаа юм гэсэн чинь пацаан минь зүгээр байгаарай гэж хэлсэн гэсэн. …Би балын харандаа бариж явсан цаасны хутга бариагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

            Шинжээчийн ¹3992 тоот дүгнэлт

            -Ю.Балжиннямын биед уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд няцарсан шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх-ийн 24 х/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 х/

            Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

М.Айдус нь 2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд иргэн Ю.Балжиннямыг урьдны танил Цэцгээтэй тааралдаад гэрт нь хүргэж өгөөд буцаж явахад “Эхнэр хүүхэдтэй байж манай нөгөө ангийн охинтой уулзлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлан үйлдсэн болох нь:

М.Айдусын хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би тэр Балжинням гэх залуутай намайг ахын дүү гээд байхаар нь би тийм аймаар дүү шиг харагдаад байна уу гээд маргасан. Манай нөгөө ангийн охинтой уулзаж байхаар нь ах биш гэж бодсон. ... Би юм ярьж байгаад Балжиннямаас чи Цэцгээг яаж танидаг юм гэж асуухад юм дуугарахгүй байсан. Ахиад танайх хаана байдаг юм гэж асуухад энүүхэнд гэсэн. …эхнэр хүүхэдтэй юм байж Гэрлээтэй юу хийж яваа юм гэж хэлсэн чинь Балжинням чамд ямар хамаатай юм гэсэн. ... Би тэр үед хоёулаа ингэж эмэгтэй хүн шиг бие биетэйгээ хэрэлдэж байхаар нэгэлчие гэсэн Балжинням тэгье гээд зодолдсон. …Би Балжиннямын биед учирсан гэмтлүүдийг гараараа цохиж учруулсан. ...” /хх-ийн 37-38 х/

            Хохирогч Ю.Балжиннямын “… Айдус ирээд чи яагаад Цэцгээтэй юм яриад зосгож байгаа юм гэсэн. Манай найз охины найз гэж хэлсэн чинь Айдус намайг чи яасан “банзал” юм гэсэн. Чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь Айдус хоёулаа зодолдьё гээд куртикээ тайлсан. Дөлгөөнөөд хандаж би найзыгаа аваад яв би маргааш эрүүлд нь уулзая гэж хэлж дуустал Айдус шууд уруул руу гараараа цохиод язалсан. Би уруулаа дараад байж байтал доороос гараараа 2-3 удаа цохиж баруун талын шанаа руу цохихоор нь зуураад авсан. ... Би шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” /хх-ийн 5-7 х/

 

            Гэрч Б.Отгон-Эрдэнэ /Цэцгээ/-н “... Би унтах гэж байхад Балжинням над руу залгаад тэр залуугийн нэрийг хэн гэдэг билээ гээд асуусан би Айдус гэдэг гэж хэлсэн. …Надруу Балжинням залгахдаа уруулаа сэтлүүлчихлээ гэж байсан. ...”  /хх-ийн 8-9 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Н.Дөлгөөний “… Тухайн үед Балжинням Айдусын ангийн охинтой уулзаж байсан. Айдус эхнэр хүүхэдтэй байж манай ангийн хүүхэдтэй уулзлаа гээд уурлаад Балжиннямтай маргалдсан. … намайг бие засаад ирэхэд Айдус Балжинням хоёр зодолдож байхаар дундуур нь ороод болиултал Балжиннямын хамраас нь цус гарчихсан харагдсан. …Айдусаас яагаад маргалдсан талаар асуухад Балжиннямыг яагаад манай ангийн охинтой уулзаж байгаа юм гэсэн чинь пацаан минь зүгээр байгаарай гэж хэлсэн гэсэн. …” /хх-ийн 20 х/,

 

            Ю.Балжиннямын биед хөнгөн гэмэл учирсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

М.Айдус нь урьд сайн таниж мэдэхгүй хүнийг түүний ангийн хүүхэдтэй гудамжинд уулзаад зогсож байхад очиж хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдлыг нь алдагдуулан улмаар хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн нь танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан. Мөн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох догшин авирлаж үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Прокуророос М.Айдусын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон. Хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ю.Балжиннямд хохирлын төлбөрт 600,000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 51 х/ тогтоогдож байна.

 

М.Айдус нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

М.Айдус нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, урьд гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бусдад учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч М.Айдусын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ботагара овогт Манарбекийн Айдусыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Айдусыг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Айдуст оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. М.Айдусын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Айдуст оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Айдуст авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ