Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00899

 

Ж--гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрхийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж--гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.М-, Ч.М- нарт холбогдох,

Гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 5 612 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд хүү Х.Ганзоригийн нэр дээрх 3 га газарт чацарганы мод тарих, жимс хураах, хүлэмжид ногоо тарих зэргээр ажил эрхэлж, байнга тэнд оршин суудаг бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.М-ын эхнэр Ч.М-тай гэрээ байгуулж, 2 000 000 төгрөг төлж, тэдний цахилгааны кабелиас хугацаагүйгээр хэрэглэж тог татсан.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед Д.М- нь цахилгаанчин н.Эрдэнэ-Очир нарын 5 хүнтэй ирж, тогийг тасалсан. Энэ үед нэхэмжлэгч нь Ш.Ариунтунгалагийн хамт уртаашаа 35 м, өргөн нь 10 м ногооны хүлэмжид бэхэлгээний гагнуур хийж байсан гэх бөгөөд тог тасалсан, 2017 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд цас их орсноос барьж байсан 2 500 000 төгрөгийн үнэ бүхий ногооны хүлэмж дахин сэргэх боломжгүйгээр унаж эвдэрсэн. Чацарганы суулгац 500 ширхэг авсан байтал тог тасарсны улмаас, худгаас ус гаргах боломжгүй болж суулгацууд хатаж, дахин сэргэх боломжгүй болсон. Хөргөгчид байсан 25 кг 112 500 төгрөгийн үнэтэй мах үнэр орж идэх боломжгүй болсон.

Иймд ногооны хүлэмжид учирсан хохирол 2 500 000 төгрөг, чацарганы суулгацын төлбөр 1 000 000 төгрөг, 25 кг бүтэн хонины махны үнэ 112 500 төгрөг, нийт 3 612 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хариуцагч нарт 2 000 000 төгрөг өгсөн. Хариуцагч нар гэрээнээс татгалзсан тул 2 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 5 612 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Ж- нь 2013 онд цахилгааны кабелаа суурилуултал түр хариуцагч нарын цахилгааны кабелиас тог татаж хөлсөнд нь 2 000 000 төгрөг төлөхөөр удаа дараа гуйсны үндсэн дээр, зөвшөөрч тог өгсөн.

Гэтэл үүнээс хойш Ж- нь цахилгаанаа салгаж, тусгаарлах, кабел татах талаар ямар ч арга хэмжээ авалгүй бүтэн 4 жил болсон тул түүнээс цахилгаанаа салгаж тусгаарлахыг удаа дараа шаардаж, салгахгүй бол албан ёсны байгууллагад нь хандаж салгуулах тухай мэдэгдэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тог салгасан бөгөөд салгах тухай урьд нь болон тухайн өдөр Ж-д өөрт нь мэдэгдсэн. Мөн тухайн үед их хэмжээний нойтон цас орсны улмаас хүлэмж нь нурсан бөгөөд цастай байсан тул чацарганы суулгац хатаж үхэх, хөргөгч ажиллаагүй ч махаа хадгалах бүрэн боломжтой байсан.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд уг 2 000 000 төгрөг нь цахилгааны шонгоос тогны утас татсан төлбөрт төлсөн мөнгө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрхийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-, Ч.М- нараас 5 612 500 төгрөг гаргуулах тухай Ж- /ZHAO QINGZAI/-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 119 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэрийн цахилгаан тоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-, Ч.М- нараас 1 112 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн махны үнийн 112 500 төгрөгийн баримт, чацарганы суулгацын үнэ 1 000 000 төгрөгийн баримт нь зөвхөн мөнгөний баримт болохоос мах муудсан, чацарганы суулгац хатаж, устсан болохыг нотолсон баримт биш байхад хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

... Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.М-ыг ямар үндэслэлээр цахилгаан таслах эрхгүй этгээд гэж үзсэнээ тайлбарлаагүй. ... Д.М- нь цахилгаанчин н.Эрдэнэ-Очирын хамт явж тог тасалсан байдаг.

... Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт үндэслэлгүйгээр хамгаалж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах болохоос өөрийн санаачлагаараа талуудыг эвлэр гэж шүүх хуралдааныг хойшлуулах нь шударга бус гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч Ж- нь хариуцагч Д.М-, Ч.М- нараас эд хөрөнгөд нь учирсан гэм хорын 5 612 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн задгайд байрлах Ч.Батжаргалын эзэмшлийн АТП-8280 диспетчер дугаартай трансформатороос хамтран цахилгаан татаж, тус тусын тоолуураар төлбөрөө төлөх, зардлыг тэнцүү хуваахаар тохирч, нэхэмжлэгч Ж- нь Ч.М-т 2 000 000 төгрөг төлсөн байна. Ч.Батжаргалын эзэмшлийн АТП-8280 дугаартай трансформатороос Ч.М-, Д.М-, Ж- нар цахилгаан эрчим хүч авдаг байна.

Хариуцагч Д.М- 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж-гийн талбай руу татсан цахилгааныг тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Д.М- нь цахилгаан таслах эрх бүхий этгээд биш бөгөөд цахилгааны хэрэглээ ихсэж, хүч нь хэлбэлзэлтэй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж шүүх үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар  бусдын эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 31 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН