| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00332/И |
| Дугаар | 130/ШШ2017/00455 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2017/00455
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 130/ШШ2017/00455 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, Барах сүйиндик овогт Т.Мы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газар /дарга С.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг мөн даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оны 9 дүгээр сард Баяннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 10 жилийн сургууль, сумын Засаг даргын тамгын газар-ийн санхүүг хариуцсан нягтлан бодогчоор анх томилогдон ажиллаж байсан. Улмаар 2005 онд Баяннуур суманд Санхүүгийн алба байгуулагдсантай холбоотой Баяннуур сумын Засаг Даргын Тамгын газарт Бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор үргэлжлэн томилогдон 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй ба он удаан жил тус албанд ажиллаж ирсэн юм. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг удаа дараа сахилгын зөрчил гаргасан хэмээн ажлаас халсан явдалд гомдолтой байна. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр миний бие эрүүл мэндээ аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр болж ажил олгогчоос цалинтай чөлөө авч Баяннуур сумаас Өлгийд ирсэн юм. Өлгийд ирж 30, 31-ний өдөр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 4 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаа хийлгүүлэхээр эмнэлэгт хэвтэж, 4 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан юм. Би энэ хугацаандаа чөлөөтэй байсан юм. Гэтэл ажил олгогчоос намайг өвчтэй байхад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын шийтгэлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтны хувьд багш Тилекийн Анаргүлд 2017 оны 3 дугаар сарын цалинг тооцож олгоогүй" хэмээн дурдсан байна. Намайг ажлын байранд архи ууж, Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулсан гэж байгаа нь илт гүтгэлэг юм. Би ажлын байранд архи ууж байгаагүй. Багш Т.Анаргүл нь 3 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралтаас орж ирсэн бөгөөд 3 дугаар сарын цалин нь сумынхаа төрийн сангийн сүлжээ эвдэрсэн учраас алдаа гарч орхигдсон байсан юм. Түүний энэхүү дутуу олгогдсон цалинг нь 4 дүгээр сард бүрэн олгосон. Үүнээс болж Т.Анаргүл болон байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд аудит болон хяналт шалгалтын газраас ямар нэгэн акт тавьж байгаагүй.
Ажил олгогч нь надад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг сарын хугацаагаар 20 хувь цалинг буруулах шийтгэл ногдуулсан гэдгээ бичиж үүнийг Т.М зөвшөөрч цалингаас суутгал хийлгэсэн гэжээ. Гэтэл энэхүү шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ийм арга хэмжээ авсан тушаал, шийдвэр гарч байсныг ч мэдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд миний цалингаас 20 хувийн суутгал хийгдэж байгаагүй. Энэ бол миний 2017 оны 1, 2, 3 дугаар саруудад авсан цалингийн зэсээр нотлогдож байна. Мөн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны дарга Х.Хайратханы 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 тоот албан бичгээр Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Хонайд хандаж Т.М нь зөрчилгүй ажилласан, арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Иймд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 01, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 09 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баяннуур сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Хонай нэхэмжлэгч Т.Мыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай тушаалаар Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-ыг тус тус үндэслэл болгож сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тухайн үед уг тушаалыг хууль бус гаргасан байсан. Учир нь аймгийн Аудитын албанаас Шилэн дансны тухай хууль хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр зохих албан тушаалтнуудад нэр зааж арга хэмжээ авахуулахаар албан тоот явуулсан байсан. Уг албан бичигт нэхэмжлэгч Т.Мы нэр ороогүй. Яагаад гэвэл Т.М зохих ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байсан нь аймгийн Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байсан. Тухайн үед аймгийн Аудитын албаны дарга Х.Хайратхан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 06 тоот албан тоотоор хандаж нэхэмжлэгч Т.Мд сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ. Т.М Шилэн дансны тухай хуулийг зохих ёсоор хэрэгжүүлсэн байна, иймд үүнийг залруулна уу гэсэн албан тоот явуулсан. Үүнээс хойш Баяннуур сумын ЗДТГ-аас уг тушаал үндэслэлгүй гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч Т.Мы цалинг бүрэн олгож сануулах арга хэмжээ аваагүй байна. Тийм учраас тухайн үед Т.М тухайн тушаалын талаар гомдол гаргаагүй. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 09 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Т.Мд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 4.4 дэх заалтыг үндэслэл болгож Т.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон гол шалтгаан нь Т.М сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажлын цагаар ажлын байранд архи ууж согтуурсан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулсан, сахилгын шийтгэлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд Баяннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Иргэний боловсролын хичээлийн багш Анаргүлийн 2017 оны 3 дугаар сарын цалинг тооцож олголгүй ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан байна. Эдгээр үндэслэлүүдийг нэг бүрчлэн дараах байдлаар тайлбарлая. Үүнд:
1. Т.М ажлын байранд архидан согтуурсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Яагаад гэвэл түүнтэй хамт нэг өрөөнд суудаг хүмүүс Т.М ажлын байранд архи уугаагүй, архи уудаггүй болох талаар тодорхойлолт гаргаж гэрчилж өгсөн. Мөн тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Нурлан нь Т.М ямар нэгэн байдлаар ажлын цагаар архи ууж журамлагдаж байгаагүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Тийм учраас энэ үндэслэл ор үндэслэлгүй байна.
2. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа боловч Т.М шалгалтад саад учруулсан асуудал бахгүй. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар зохих ёсны шалгалтаа хийсэн. Гэхдээ Т.М санхүүгийн ажил хийж байгаа учир аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалт Т.Мд хамааралгүй гэдгийг хэлье.
3. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд тус сумын бүрэн дунд сургуулийн Иргэний боловсролын багш Анаргүлийн 480000 төгрөгийн цалинг тооцож олголгүй итгэлийг алдаж буруутай үйлдэл гаргасан гэж байна. Анаргүл ажил олгогч биш учраас ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг тогтоосон гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор тайлбарласан. Үүнийг тухайн байгууллагад зохих ёсны хохирол учруулж итгэл алдсан үйлдэл гаргасан байхыг ойлгох ёстой. Гэтэл Анаргүлийн цалинг олгоогүй үйлдлийг үйлдэлд Т.Мыг буруутгах үндэслэл байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж байна. Т.М ноцтой зөрчил гаргасан асуудал тогтоогдоогүй, хариуцагч тал үүнийг нотолж чадаагүй. Мөн талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үүнийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцож гэрээнд гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч Т.М сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байна. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баяннуур сумын ЗДТГ-ын дарга аймгийн Аудитын албаны даргын албан бичгийг үндэслэж Т.Мд сануулах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна. Сануулах арга хэмжээ авсан талаар тушаалыг тухайн үед Т.Мд гардуулж өгөөгүй байсан. Яагаад гэвэл аймгийн Аудитын албанаас шаардсанаар Т.Мд тушаал гаргаж аймаг руу явуулсан болохоос биш Т.Мд албан ёсоор гардуулж өгөөгүй. Гэхдээ хариуцагч тал энэ талаар нотлох баримт ирүүлж чадаагүй. Мадениетийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалыг эс зөвшөөрч зохих байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Иймд давтан зөрчилд тооцох боломжгүй учир Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ЗДТГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баяннуур сумын Засаг Даргын Тамгын газрын дарга С.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.М нь дээрх албан тушаалд ажиллаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сумын ЗДТГазрын №10 дугаартай тушаалаар ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр ня-бо Ш.Айнур, К.Б, С.Гүлдана нарын хамт сануулах арга хэмжээ авагдаж байсан юм. Сануулах арга хэмжээ авагдсаныг хүлээн зөвшөөрч дээд шатны холбогдох байгууллагад болон хууль, шүүхийн байгууллагад тэрээр гомдол гаргаагүй юм. Арга хэмжээ авагдсаны дараа ч Т.М нь дутагдалдаа дүгнэлт хийгээгүй, хариуцсан ажил албандаа хариуцлагагүй хандаж Аймгийн Санхүүгийн Хяналт аудитын албаны шалгалтаар зөрчилтэй ажилласан нь илэрсэн тул ня-бо Ш.Айнур, К.Б, С.Гүлдана нарын хамт сарын цалинг нэг сарын хугацаагаар 20%-иар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн юм. Т.М нь Сахилгын шийтгэлээр сарын цалинг нэг сар 20%-иар хасуулснаа мэдэж цалингаа 20% дутуу авч зөрчлөө хүлээн зөвшөөрч мөн холбогдох дээд шатны байгууллага, шүүхэд гомдол гаргаагүй. Тус Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш Тилекийн Анаргүл 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надад өргөдөл гаргасан. Уг өргөдөл нь: Ня-бо Т.М нь миний 2017 оны 3 дугаар сарын цалинг минь санаатайгаар гаргаж өгөлгүй хохироолоо. Сургуулийн менежер нь миний цагийн бүртгэлийг бүртгэж ня-бо Т.Мд хүргүүлсэн байхад цалин тооцож гаргаагүй. Би цалингийн зээлтэй тул хохирсон. Иймд цалинг минь яаралтай гарган өгч ня-бо Т.Мд арга хэмжээ авч өгнө үү гэсэн утгатай байсан. Уг өргөдөл нь ЗДТГазрын даргын ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн №42 дугаартай бүртгэгдэж надад дамжиж ирсэн юм. Түүнээс гадна Т.М нь ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч, аймгийн мэргэжлийн хяналтын газрын албанаас ирсэн шалгалтад баримт материал гаргаж өгөлгүй саад учруулсан зэрэг зөрчлийг дахин давтан гаргасан тул шат шатны сахилгын зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан. Т.Мыг дахин сануулах, цалинг нь хасах боломжгүй тул би 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зөрчил илэрсэн сард нь багтаан №10 дугаар тушаалаараа холбогдох хууль, дүрэм, журмын зүйл заалтуудыг үндэслэл болгон түүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийн буюу гурван шийтгэлийн хамгийн сүүлчийнх болох ажлаас халах, шийтгэлийг оногдуулан ажлаас нь халсан юм. Би Т.Мы гаргасан зөрчлүүдэд шат шатны дагуу шийтгэл оногдуулсан бөгөөд, миний энэ оногдуулсан шийтгэл хуульд нийцэж байна гэж үзэж байна. Т Муратхан нь гомдолдоо Т.Анаргүлийн цалинг гаргаж өгөөгүй байдлаа хүлээн зөвшөөрсөн байгаа бөгөөд нэг өрөөнд суудаг, хамт ажилладаг хүмүүст гуйж, хүсэж байгаад баримт бичүүлж авснаа нотлох баримт болгон хавсаргасан байдаг. Би Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр энэ албан тушаалыг хашиж байсан Мадениет гэгчээс албаны бичиг, баримт, материалын хамт хүлээн авсан. Хүлээн авсан тушаалуудын дотор Т.М нарт сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай тушаал байсан. Дээрх тушаалаар сумын өмнөх Засаг даргын тамгын газрын дарга З.Мадениет нь Сануулах арга хэмжээ авсан байсан бөгөөд энэ тушаалд арга хэмжээ авсан үндэслэлээ дурдсан байсан. Энэ тушаалаар арга хэмжээ авагдсаны дараа арга хэмжээ авагдсан Т.М нар гомдол гаргаж байгаагүй юм байна. Нэгэнт Захиргааны эрхийн акт гарсан нь үнэн бөгөөд энэ эрхийн акт одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Хэн ч хүчингүй болгоогүй. Харин тус шүүхэд З.Мадениет нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө:-Би аймгийн Аудитын газрынхны Т.М нараас арга хэмжээ ав, гэж шаардсан дарамтад орж 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай тушаалаар Т.М нарт сануулах арга хэмжээ авсан юм. Энэ арга хэмжээ авснаа Т.М нарт мэдэгдээгүй гэж худал гэрчилсэн байна. Учир нь: 1. З.Мадениет нь Баяннуур сумын ЗДТГазрын даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж одоогийн миний хашиж буй албан тушаал болох сумын ЗДТГ-ын даргын ажилд эгүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 2. З.Мадениет нь урьд өмнө Т.Мтай хамт ажиллаж байсан, нэг намынхан гэж тэрүүхэндээ дотно байдлаар үзэл бодлоо нэгтгэж явдгийн хувьд түүнийг өмөөрч, хамгаалан шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Түүнээс гадна З.Мадениет нь ажлаасаа чөлөөлөгдөхдөө Т.М нарыг хамгаалж арга хэмжээ авсан хурлын материал болон мэдэгдсэн тухай албан бичиг зэргийг үгүй хийж устгасан байх гэж бодож байна. Ямар ч байсан 3.Мадениет нь сумын ЗДТГ-ын дарга байхдаа Т.М нарт арга хэмжээ авсан тухай хэрэгт авагдсан 10 тоот тушаалыг гаргаснаа шүүхэд хүлээн мэдүүлж гэрчилсэн болохоор уг 10-р тушаалыг хүчинтэйд тооцож өгөхийг шүүхээс хүсэж байна. Би Баяннуур сумын ЗДТГ-ын дарга болсны дараа Т.М нарт 2017 оны 01-р сарын 02-ны өдөр 01 дугаартай тушаалаараа зохих хууль, журам, дүрэм, үндэслэлийг дурдаж байгаад цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан юм. ЗДТГ-ын өрөөнд Т.М болон тушаалд дурдагдсан бусад албан тушаалтнуудыг дуудан ирүүлж ЗДТГ-ын аппаратын ажилтан нарын өмнө дээрх шийтгэлийг хүлээлгэж хурлын тэмдэглэлийг хөтөлсөн юм. Сумын Засаг даргын тамгын газрын өмнөх дарга З.Мадениетийн болон миний гаргасан 2016 оны 10 дугаар тушаал болон 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01-ны тушаалуудыг тус тус хүчин төгөлдөр эрхийн акт гэж шүүх нотлох баримтаар үнэлж, Т.Мы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баяннуур сумын Засаг Даргын Тамгын газрын дарга С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ЗДТГ-ын даргын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Баяннуур сумын бүрэн дунд сургуулийг хариуцан ажиллаж байсан Т.Мд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сануулах арга хэмжээ авсан байна. Аймгаас бид нарт Шилэн дансны тухай хууль Баяннуур сумын хэмжээнд хэрэгжихгүй байна, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, гарсан зөрчлийг арилгахын тулд хариуцаж байгаа албан тушаалтанд арга хэмжээ тооцож хариу мэдэгдэнэ үү гэсэн бичиг 2 удаа ирсэн. Би нягтлан бодогч нарын хэн нэгнийг ялгаварлан гадуурхаагүй. Бүх хүмүүсийг цуглуулж байгаад хурал хийгээд дээрх асуудлын хариуг яаж өгөх вэ гэдгийг тэдгээр хүмүүсийн өөрсдийг нь байлцуулж байж шийдвэрлэсэн. Би зөвхөн Т.Мд цалинг хасах сахилгын шийтгэл ногдуулаагүй. Өөрөөр хэлбэл ажил хариуцаж байсан бүх нягтлан бодогч нарт сарын цалинг 20 хувиар хасах сануулах арга хэмжээ авсан. Тэрийг ямар байдлаар хасах асуудлыг цалин гаргаж байгаа нягтлан бодогч нар хариуцах ёстой. Т.Мы цалингаас суутгах эрх бүхий албан тушаалтан Баяннуур сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Б байсан. Тухайн үед би Бад 2 удаа энэ талаар сануулж хэлэхэд энэ удаа боломж байхгүй байна гэж хэлж байсан. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргаж өгсөн Бын тодорхойлолтод гайхаж байна. Хэрвээ би тэр хүнийг дарамталж байсан бол өнөөдөр энэ шүүх хуралдаанд орж ирээд нотлох баримттай ярих хэрэгтэй. Түүний гаргаж өгсөн тодорхойлолт миний нэр төрийг гутаасан асуудал болсон байна. Б нь Т.Мтай байнга хамт архи уудаг, үгсэн гуйвалддаг хүн. Т.Мы цалингаас суутгаагүй асуудал нь Б тэр хоёрын үгсэн гуйвалдаж хийсэн хэрэг. Би цалингийн цэсийг баталж өгдөг болохоос биш цалингаас суутгахыг сумын Санхүүгийн тасагт даалгасан. Тэр цалинг яагаад суутгаагүй асуудлыг нягтлан бодогч Б хариуцах ёстой. Сум бүрэн дунд сургуулийн багш Анаргүл нь миний 3 дугаар сарын цалинг гаргаж өгөхгүй байна, Т.Мд арга хэмжээ аваад өгөөч гэж өргөдөл гаргасан. Уг өргөдөл манай бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдээд надад орж ирэхээр нь би уг өргөдлийг шалгасан. Шалгаж үзэхэд цагийн бүртгэл гарч сургуулийн захирал гарын үсэг зураад Т.Мд өгсөн байсан. Дараа нь цалингийн цэсийг үзэхэд Анаргүлийн нэр байхгүй байсан. Тэгээд би сумын Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах гээд дараагийн шатны арга хэмжээ болох ажлаас халах асуудал байсан. Тийм учраас би шат дараалсан арга хэмжээ авсан. Хэрвээ миний авсан шат дараалсан арга хэмжээ буруу гэвэл шударга шүүх та бүхэн өөрсдөө хэлэх байх. Би хэн нэгнээс баримт цуглуулж хуурамч баримт үйлдэхийг хүсээгүй. Яг бодит байдлаар хуулийн дагуу арга хэмжээ авсан. Хэрвээ надад хуурамч нотлох баримт цуглуулъя гэсэн санаа байсан бол үүнээс илүү баримт цуглуулах боломж байсан. Би нэгэнт хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан учир шударга шүүх шударга шийдвэр гаргана гэж бодоод хуурамч нотлох баримт цуглуулаагүй. Тийм учраас үнэн шударгаар шүүж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь анх шүүхэд хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Т.Мыг Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төвийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор томилж мөн өдөр ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Т.Мыг тус сумын Бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор өөрчилж томилсон ба ажил олгогчоос ажилтны ажлын байр өөрчилсөнтэй холбогдуулан ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... мөн зүйлийн 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэснийг мөн ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа түүнтэй хариуцлага тооцсон нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасныг тус тус зөрчжээ.
Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалаар: сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд Бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш Тилек овогтой Анаргүлийн 2017 оны 3 дугаар сарын 480000 төгрөгийн цалинг тооцож олголгүй ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтан Т.Мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
1.Нэхэмжлэгч Т.Мы Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөл шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
-Ажил олгогч ажилтан Т.Мд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалаар сарын цалинг нэг сарын хугацаагаар 20%-иар буруулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэхэмжлэгчийг ажлаас халах буюу 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацааны цалингаас нэг ч төгрөг суутгаагүй мөн санхүүгийн албанд Т.Мд арга хэмжээ тооцсон тухай тушаал ирүүлээгүй болох нь тус сумын санхүүгийн албаны дарга М.Зангар, нягтлан бодогч К.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон нэхэмжлэгч Т.Мы цалингаа бүрэн авч байсан тухай 01 дүгээр сараас 03 дугаар сарын 31-ний хүртэлх цалин олгох хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн ажил олгогчийн дээрх тушаалыг хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцах үед мэдсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Т.Мд сарын цалинг нэг сарын хугацаагаар 20%-иар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай 01 дугаартай тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн буюу гардуулснаа нотлох баримтаар нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуулийн хугацаандаа гаргасан байна гэж үзлээ.
-хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалаар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 45 тоотын дагуу Шилэн дансны тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 5.1.4, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэгжүүлээгүй тул Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн ня-бо Т.М,... сарын цалинг нэг сарын хугацаагаар 20%-иар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан:
-2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн Хяналт Аудитын албаны дарга Х.Хайратханы 45 дугаартай албан бичигт:... Байгууллагын нэр, шилэн дансны хуулийн зөрчигдсөн заалтуудыг хавсаргав гэсэн ба уг албан тоотын хавсралтын 23 дугаарт Баяннуур сумын Засаг дарга, 81 дүгээрт Баяннуур сумын ИТХурал, 82 дугаарт Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар, 83 дугаарт Баяннуур сумын Эрүүл мэндийн төв, 84 дүгээр Баяннуур сумын Цэцэгт бага сургууль, 85 дугаарт Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэг, 86 дугаар Баяннуур сумын Соёлын төв зэрэг байгууллага орсон ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн нэр ороогүй байдал,
-мөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн Хяналт Аудитын албаны дарга Х.Хайратханы 06 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт: Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 45 тоотын дагуу Шилэн дансны тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 5.1.4, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр Засаг Даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн ня-бо Т.Маас арга хэмжээ авсан нь хуулийн үндэслэлгүй байна. Ня-бо Т.М нь Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган зөрчилгүй ажилласан байна гэх албан бичиг,
- 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн Хяналт Аудитын албаны дарга Р.Хуатханы 19 дугаартай албан бичигт: Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн нягтлан бодогч Т.М нь 2016 онд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган зөрчилгүй ажилласан болно. Тус албанаас 2016 оны 45 дугаар Зөрчлийг арилгуулах тухай албан тоотоор хүргүүлсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулаагүй сумдын байгууллагуудын нэрсийн дунд Баяннуур сумын Бүрэн дунд сургуулийн нэр ороогүй гэх албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
2. Нэхэмжлэгчийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Ажил олгогчоос ажилтан Т.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 40.1.5 дахь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэж маргажээ.
-ажил олгогчоос Т.Мыг ажлаас халах тушаалдаа ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан гэсэн үндэслэл нь:
-2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Баяннуур сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Ш.Нурланы Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Т.Мд Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар болон иргэдээс ажлын байранд архи уусан, хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулсан ямар нэгэн өргөдөл гомдол ирээгүй бөгөөд Т.М нь 2017 оны 02, 03, 04 дүгээр саруудад ажлын байранд архи ууж, согтуурлын хэмжээг шалгуулсан захиргааны шийтгэл ногдуулсан ажиллагаа хийгдээгүй болохыг тодорхойлов гэх Б/22 дугаартай албан бичиг,
-мөн хамт ажилладаг тус сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр ажилладаг Н.Менидгүль, Соёлын төвийг хариуцсан нягтлан бодогч С.Гүлдана, Санхүү албаны дарга М.Зангар, Засаг даргын Тамгын газрын даргын нярав М.Есен, Засаг даргын Тамгын газрын ня-бо К.Б, Цэцэгт бага сургуулийн ня-бо Ш.Айнур нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
-Ажил олгогчоос Т.Мыг ажлаас халах тушаалдаа аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд Бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш Тилек овогтой Анаргүлийн 2017 оны 3 дугаар сарын 480000 төгрөгийн цалинг тооцож олголгүй ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан доорх бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үүнд:
-хариуцагч Бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш Т.Анаргүлийн 2017 оны 3 дугаар сарын цалинг хугацаандаа тооцож олгоогүй гэж Т.Анаргүлийн тус сумын Тамгын газрын даргад хандаж гаргасан өргөдөл, дунд ангийн багш нарын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг өгсөн боловч Т.Анаргүлийн 2017 оны 3 дугаар сарын цалин нь нэхэмжлэгч Т.Мы буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаалаагүй болох нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал А.Есений 15 дугаартай албан бичиг, иргэний боловсролын багш Т.Анаргүлийн 3 дугаар сарын цалинг олгосон цалингийн хүснэгт, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгосон 73 дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтаар,
Нэхэмжлэгч Т.М нь 2017 оны 4 дүгээр сарын 03-наас 4 дүгээр сарын 17-ны хүртэл өвчтэй байсан болох нь эмчийн эмнэлэгт хэвтсэн тухай эмкриз, 0982623 дугаартай эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадалгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Ажил олгогчоос 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авсан байх бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Т.М нь ажил олгогчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төвийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор томилогдож, тус сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ажил олгогчийн 11 дугаартай тушаалаар томилогдсон байжээ.
Ажил олгогчоос нэхэмжлэгч Т.Мыг ажлаас халах тушаалдаа үндэслэл болгосон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл нь тогтоогдоогүй мөн зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нэхэмжлэгч гаргасан нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт болон тухайн байгууллагын дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон талаарх хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч түүнийг нотлох баримтаар үгүйсгэж нотолж чадаагүй болно.
Хариуцагч Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу ажил олгогчоос Т.Мыг ажлаас халах тушаалдаа ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш Тилек овогтой Анаргүлийн 2017 оны 3 дугаар сарын 480000 төгрөгийн цалинг тооцож олголгүй ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын Т.Мд холбогдох хэсгийг мөн даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мыг Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэх ногдуулах тухай 01 дугаартай тушаалын нэхэмжлэгч Т.Мд холбогдох хэсгийг, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 09 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мыг Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ