Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00030

 

“Хөвсгөл АЗЗА” төрийн өмчит хувьцаат

компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга  Э.Мөнхгэрэл, хариуцагч С.Өлзийням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 659 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт  холбогдох гэм хорын хохирол 212.207.983 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан Н.Болд- Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нарт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 212.207.983 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан ба хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нар нь Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 212.207.983 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 419 дугаартай Прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нараас 212.207.983 / Хоёр зуун арван хоёр сая хоёр зуун долоон мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийг хохиролгүй болгож өгнө үү өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн 2011 оноос 2013 оны хоорондох санхүүгийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийсэн. Захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Өлзийням, нярваар ажиллаж байсан н.Чинболд нар байгууллагад 135.661.900 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон юм. Нийт 15 төрлийн актаар тогтоогдсон байгаа. Гаргасан акт дээр энэ хүмүүс нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хариуцагч нар нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлнө гэж хэлээд Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг юм. Түүнээс хойш энэ хохирлоо барагдуулсан зүйл байхгүй байна. Манай байгууллагыг аудитын газраас хохирлоо энэ хүмүүсээс нөхөн төлүүлж ав гэсэн чиглэл ирсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ өр төлбөр нь татвартай холбоотой үүссэн өр биш, улсын байцаагчийн актаар тогтоосон өр төлбөр юм. Иймд хариуцагч нараас байгууллагад учруулсан хохирол 212.207.983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарын хэн алиных нь буруутай үйл ажиллагаанаас энэ өр төлбөр үүссэн учир хариуцагч нараас байгууллагад учруулсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцуулж гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тэдгээрт холбогдуулан гаргасан 212.207.983 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт Эрүүгийн хуулийн зүйл заалтаар эрүү үүсгэн шалгаж байх явцад 212.207.983 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлийг бий болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь их хэмжээний төгрөгийн төлбөрийг Хөвсгөл АЗЗА гэдэг хуулийн этгээд өөрт нь тавьсан акт болохоос биш Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдуулан тавьсан төлбөр биш юм. Иймд Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдолгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням, Б.Чинболд нарт тавьсан 135.661.900 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 9 актын өр төлбөрийг ч мөн ойлгохгүй байна. Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирал Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогч Б.Өлзийням нар нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 212.207.983 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэл гаргажээ гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа гол баримт нь 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн прокурорын тогтоол юм. Энэ тогтоол дээр Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар тогтоосон актын төлбөрт үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт хийх явцад Хөвсгөл аймгийн Эдийн засгийн орон тооны бус комиссын шинжилгээний дүгнэлтээр бүгд 27.442.300 төгрөгийн зөрчил, нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 180 хэдэн сая төгрөг бүгд 212.207.983 төгрөг байгаа юм. Энэ нийт мөнгөн дүн маань татвартай холбоотой өр төлбөр юм. Энэ 212.207.983 төгрөгийг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани өөрөө барагдуулах учиртай. Энэ асуудал нь татвартай холбоотой байна гэдэг нь шууд нотлогдож байгаа учраас хувь хүмүүс хуулийн этгээдийн нэрийн өмнөөс татвар төлөх ёсгүй. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нар нь албан тушаал эрхэлж байсныхаа хувиар эрүүгийн хэрэгт учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Ингэж хэлснээрээ иргэний маргаан дээр энэ асуудал нь нотлох баримт болохгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, ямар ч байсан акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосон бол нярав байсан Чинболдыг энэ асуудал дээр татаж оруулж ирэх ёстой байсан. Өмнө нь актын төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан байгаад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон. Тэгэхээр татвартай холбоотой 212 сая төгрөг бол байгууллагад тавьсан татварын өр. Байгууллагын өмнөөс хувь хүн энэ мөнгийг төлнө гэж байхгүй. Эсвэл байгууллагад учруулсан хохирлыг байгууллага өөрөө төлснийхөө дараа тухайн хохирол учруулсан хувь хүн ажилчнаас дараа нь гаргуулах хуулийн заалттай. Гэтэл энэ хохирлыг байгууллага одоо ч гэсэн төлж барагдуулаагүй байдаг. Татвартай холбоотой энэ өр төлбөрийн асуудлыг татварын өршөөлийн хууль гарч нэг мөр шийдвэрлэгдсэн байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 659 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнээс 14.157.000 төгрөгийг, хариуцагч С.Өлзийнямаас 24.042.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 174.008.583 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугара зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнээс 263.950 төгрөгийг, хариуцагч С.Өлзийнямаас 283.912 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: Миний бие Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 659 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал тус аймгийн прокурорын газрын 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 419 дугаар бүхий прокурорын тогтоолд дурьдсан татвартай холбоотой 212,207,983 төгрөгийг хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нараар төлүүлэх шаардлага гаргасан бөгөөд дээрх төлбөр нь байгууллагад тавигдсан, тухайн үеп нэг нь дарга, нөгөө нь нягтлан бодогч байсны хувьд тэдний нэрээр Хөвсгөл АЗЗА компанид тавигдсан хохирол болно. Байгууллагад тавигдсан татварын өр төлбөртэй асуудлыг хувь хүн төлөх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэхийн оронд нэг талыг баримталж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлээгүй, шаардлагаа болгоогүй зүйлээр буюу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад улсын байцаагчийн акт гэх зүйлээр хариуцагч нараас нийт 28,314,000 төгрөгийн хохирол, С.Өлзийнямаас 24,042,400 төгрөгийг гаргуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллага нь дээрх татварын өр төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжилснээс биш улсын байцаагчийн акттай холбоотой төлбөрийг нэхэмжлээгүй, миний бие шүүх хуралдаанд оролцсоны хувьд мэдэхийн дээдээр мэдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй юм. Нөгөөтэйгүүр улсын байцаагчийн акттай холбоотой асуудлаар нэхэмжлэгч байгууллага өмнө нь гаргасан нэхэмжлэлээ хариуцагч нарын зөвшөөрөлгүй татан авсан бөгөөд ийнхүү татан авсан нь тухайн акттай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байхад актыг үндэслэн төлбөр гаргуулсан нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, утга авцалдаа муутай болжээ. Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 659 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж С.Өлзийнямаас 24,042,400 төгрөгийг гаргуулсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэргийн байдалтай нийцээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА Төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдуулан  хохирол 212,207,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр 212,207,983 төгрөгийн өр төлбөрийг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани хариуцах ёстой гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарыг  нэхэмжлэгч байгууллагын захирал, нягтлан бодогчоор ажиллаж байхдаа НӨАТатвартай холбоотой 187,776,776 төгрөг, бусад татвартай холбоотой 24,434,207 төгрөгийн татварыг санхүүгийн тайландаа тусгаагүй, Гашууны гол ХКомпанид  5,000,000 төгрөгийн  авлага үүсгэсэн атлаа санхүүгийн баримтгүйгээр хаасан, Алтандуулга ХХКомпанид үүсгэсэн авлагаас 6,391,000 төгрөгийг дутуу орлого авсан, Эрдэнэтийн Шунхлай салбар 24,667,500 төгрөгийн асфальт, бетоны хольцийн зам талбай хийснийг баримтгүйгээр хассан  гэх мэт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааны явцад  хариуцагч нар гэмт хэргийг улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхийг мөн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7,1 дэх хэсэгт    заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэний дагуу нэхэмжлэгч талаас шүүхэд зөвхөн татвартай холбоотой хохирол 212,207,983 төгрөг /187,776,776 төгрөг +24,434,207 төгрөг/ нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад санхүүгийн үйл ажиллагааны зөрчлийн улмаас үүссэн хохирлыг тооцсон эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад байхгүй хохирлыг хариуцагч нараас гаргаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатар прокурор оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагад байхгүй хохиролыг хариуцагч нараас гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй....” гэх давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  659  дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,912 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Т.ГАНБАТ