Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00659

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Хүнсний үйлдвэрлэлийн ажилчдын байранд оршин суух Намсрайгийн Болд-Эрдэнэ /ЕП58051013/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 60 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Их мэргэд овогт Сэрээнэнгийн Өлзийням /РХ62102806/ нарт холбогдох,

Гэм хорын хохирол 212.207.983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч дугаар 155/2017/00446/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан Н.Болд- Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нарт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 212.207.983 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан ба хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нар нь Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 212.207.983 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 419 дугаартай Прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нараас 212.207.983 / Хоёр зуун арван хоёр сая хоёр зуун долоон мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийг хохиролгүй болгож өгнө үү өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн 2011 оноос 2013 оны хоорондох санхүүгийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийсэн. Захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Өлзийням, нярваар ажиллаж байсан н.Чинболд нар байгууллагад 135.661.900 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон юм. Нийт 15 төрлийн актаар тогтоогдсон байгаа. Гаргасан акт дээр энэ хүмүүс нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хариуцагч нар нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлнө гэж хэлээд Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг юм. Түүнээс хойш энэ хохирлоо барагдуулсан зүйл байхгүй байна. Манай байгууллагыг аудитын газраас хохирлоо энэ хүмүүсээс нөхөн төлүүлж ав гэсэн чиглэл ирсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ өр төлбөр нь татвартай холбоотой үүссэн өр биш, улсын байцаагчийн актаар тогтоосон өр төлбөр юм. Иймд хариуцагч нараас байгууллагад учруулсан хохирол 212.207.983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарын хэн алиных нь буруутай үйл ажиллагаанаас энэ өр төлбөр үүссэн учир хариуцагч нараас байгууллагад учруулсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцуулж гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тэдгээрт холбогдуулан гаргасан 212.207.983 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт Эрүүгийн хуулийн зүйл заалтаар эрүү үүсгэн шалгаж байх явцад 212.207.983 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлийг бий болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь их хэмжээний төгрөгийн төлбөрийг Хөвсгөл АЗЗА гэдэг хуулийн этгээд өөрт нь тавьсан акт болохоос биш Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдуулан тавьсан төлбөр биш юм. Иймд Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдолгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням, Б.Чинболд нарт тавьсан 135.661.900 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 9 актын өр төлбөрийг ч мөн ойлгохгүй байна. Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирал Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогч Б.Өлзийням нар нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 212.207.983 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэл гаргажээ гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа гол баримт нь 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн прокурорын тогтоол юм. Энэ тогтоол дээр Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар тогтоосон актын төлбөрт үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт хийх явцад Хөвсгөл аймгийн Эдийн засгийн орон тооны бус комиссын шинжилгээний дүгнэлтээр бүгд 27.442.300 төгрөгийн зөрчил, нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 180 хэдэн сая төгрөг бүгд 212.207.983 төгрөг байгаа юм. Энэ нийт мөнгөн дүн маань татвартай холбоотой өр төлбөр юм. Энэ 212.207.983 төгрөгийг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани өөрөө барагдуулах учиртай. Энэ асуудал нь татвартай холбоотой байна гэдэг нь шууд нотлогдож байгаа учраас хувь хүмүүс хуулийн этгээдийн нэрийн өмнөөс татвар төлөх ёсгүй. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нар нь албан тушаал эрхэлж байсныхаа хувиар эрүүгийн хэрэгт учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Ингэж хэлснээрээ иргэний маргаан дээр энэ асуудал нь нотлох баримт болохгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, ямар ч байсан акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосон бол нярав байсан Чинболдыг энэ асуудал дээр татаж оруулж ирэх ёстой байсан. Өмнө нь актын төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан байгаад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон. Тэгэхээр татвартай холбоотой 212 сая төгрөг бол байгууллагад тавьсан татварын өр. Байгууллагын өмнөөс хувь хүн энэ мөнгийг төлнө гэж байхгүй. Эсвэл байгууллагад учруулсан хохирлыг байгууллага өөрөө төлснийхөө дараа тухайн хохирол учруулсан хувь хүн ажилчнаас дараа нь гаргуулах хуулийн заалттай. Гэтэл энэ хохирлыг байгууллага одоо ч гэсэн төлж барагдуулаагүй байдаг. Татвартай холбоотой энэ өр төлбөрийн асуудлыг татварын өршөөлийн хууль гарч нэг мөр шийдвэрлэгдсэн байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА Төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдуулан гэм хорын хохирол 212.207.983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Болд-Эрдэнэ нь Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар, хариуцагч С.Өлзийням тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд буюу 2011 оноос 2013 оны эхний хагас жил хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 419 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтийн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нар нь байгууллагад учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлж Өршөөлд хамрагдсан учир байгууллагад учруулсан гэм хорын хохирол 212.207.983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх байгууллагад учруулсан хохирол нь татвартай холбоотой өр төлбөр биш, улсын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөр. Хариуцагч нарын хэн алиных нь гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол тул хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нараас хохирлыг тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулна гэж,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолд татвартай холбоотой нийт 212.207.983 төгрөгийн өр төлбөрийг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компани барагдуулах ёстой ба хувь хүн барагдуулах учиргүй. Хариуцагч нар нь тухайн байгууллагад албан тушаал эрхэлж байсныхаа хувиар эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа төлнө гэдэг тайлбарыг гаргасан. Улсын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөр, татвартай холбоотой үүссэн өр төлбөрийн мөнгөн дүн зөрүүтэй байгаа. Нэхэмжлэгч байгууллага нь татвартай холбоотой үүссэн өр төлбөрийн мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан учир зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Үүнд:

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Оюундаваагийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн

23-08-036/434 дугаар актаар тогтоогдсон 7.067.000 төгрөг,

23-08-036/428 дугаар актаар тогтоогдсон 594.000 төгрөг, нийт 7.661.000 төгрөгийг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийнямаар төлүүлэхээр тогтоосон, мөн өдрийн 23-08-036/427 дугаар актаар тогтоогдсон 2.224.400 төгрөгийг нягтлан бодогч, нярав нарт хамтран хариуцуулахаар тогтоосон төлбөр байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...няраваар ажиллаж байсан С.Чинболдод уг төлбөр хамааралгүй, нягтлан бодогч байсан С.Өлзийнямаар төлүүлнэ гэх тайлбарыг үндэслэн дээрх актын төлбөр 2.224.400 төгрөгийг хариуцагч С.Өлзийнямын төлөх 7.661.000 төгрөгийн төлбөр дээр нэмж нийт 9.885.400 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч С.Өлзийнямаас,

23-08-036/433 дугаар актаар тогтоогдсон 6.000.000 төгрөг,

23-08-036/431 дугаар актаар тогтоогдсон 6.391.000 төгрөг,

23-08-036/430 дугаар актаар тогтоогдсон 10.923.000 төгрөг,

23-08-036/429 дугаар актаар тогтоогдсон 5.000.000 төгрөг, нийт 28.314.000 төгрөгийг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нараар төлүүлэхээр тогтоосон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ...хохирлыг хариуцагч нарт тэнцүү хуваарилж гаргуулна гэх тайлбарыг үндэслэн хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт 28.314.000 төгрөгийг тэнцүү хувааж хариуцуулан, хариуцагч С.Өлзийнямаас нийт 7.067.000 + 594.000 + 2.224.400 +14.157.000=24.042.400 төгрөгийг, хариуцагч Н.Болд-Эрдэнээс 14.157.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 174.008.583 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хохирлыг тооцоолж гаргахдаа дараах баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Оюундаваагийн 2013 оны 10 сарын 30-ны өдрийн 23-08-036/432 дугаартай Дахин тодруулж шалгах тухай акт нь хариуцагч Н.Болд-Эрдэнэ, С.Өлзийням нарт холбогдуулан тогтоосон акт биш байх тул, мөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 419 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-ийн 5-7-р тал/ -ыг дараах үндэслэлээр үнэлээгүй болно. Үүнд:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхаар хуульчилсан. Тиймээс Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Өлзийням нарт холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь хариуцагч нарыг Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид хохирол учруулсныг нотлохгүй юм.

Мөн хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн Эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан Хөвсгөл аймгийн Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн Шинжилгээний дүгнэлтийн хуулбарыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэх боломжгүйг дурдаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагч Н.Болд-Эрдэнээс 14.157.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 228.735 төгрөгийг, хариуцагч С.Өлзийнямаас 24.042.400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 278.162 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч А.Содбаяр нь өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнээс 14.157.000 төгрөгийг, хариуцагч С.Өлзийнямаас 24.042.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 174.008.583 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугара зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнээс 263.950 төгрөгийг, хариуцагч С.Өлзийнямаас 283.912 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

 

Б.МӨНХТУЯА