Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

                                                        

 

 

 

 

2022           01           04                                        2022/ШЦТ/24

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Ц.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Ө.Ц- түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос З овогт Ө-ын Ц-т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000691 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ......... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ....  дугаар байрны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Ө-ын Ц-.

 

Шүүгдэгч Ө.Ц- нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цаг 10 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд Land Cruiser 100 маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зэрэгцээ эгнээнд явсан Х.П- жолоочтой Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Toyota Land Cruiser 200 маркийн ХХ-ХХ УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 7 хүний амь насыг хохироосон, уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ц- мэдүүлэхдээ: Би Ө- овогтой Ц- байна. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Эрдэнэцэцэг, ой 7 сартай охин Номинхүслэн бид гурав хүй 7 худаг руу 8 дугаар сарын 6-ны өдөр Даншиг болж байсан тул үзэх гэж И-март дэлгүүрээс юм худалдаж аваад тэгээд хүй 7 худгийн наад талаар Дархан-Уул аймаг руу салж явдаг замын дэлгүүрээс ус авъя гээд зогссон. Тэнд бас осол гарсан байсан. Тэгээд цаашаа хүй 7 худгаа өнгөрөөд цааш эргэх газар байхгүй байна. Арьс шир авдаг газрын тэндээс буцаж эргээд тэр эсрэг урсгалтай нэг зам явсаар байгаад 2 дугаар эгнээгээр залгадаг. Тэгээд тэр Солонгоо гээд байгаа гэрчийн байдаг газраас 20-30 метрийн цаанаас Prius маркийн автомашин гүйцэд түрүүлээд ороод ирсэн. Гүйцэд түрүүлж явсаар байгаад шороон хөвөөгөөр гараад эсрэг урсгалаас ирж байсан land cruiser 200 маркийн автомашинтай мөргөлдсөн. Бид хоёр 40-50 км хурдтай явж байсан. Бид хоёрын хажуу талаар асар хурдтай өнгөрсөн. Би замын хөвөө рүү гараад 70-80 метрийн зайтай очоод зогссон. Би замын хөвөөгөөс гүйж очоод нөгөө онхолдуулсан машинаас хүн амьтан дуугарч байна уу гэхэд дуугараагүй. Тэгээд land cruiser 200 маркийн машинаас өөрийнхөө автомашин руу гүйхэд гайгүй юу гэхэд гайгүй л гэсэн. Тэгээд би эхнэр дээрээ очоод цагдаа сэргийлэх бүгд рүү нь утсаар ярьсан. Тэр хооронд машинууд бужигнаад эхэлж байсан. Тэгээд туслах гээд нааш цааш явж байтал писс гээд цагаан хий гарч байснаа дүрэлзээд ассан.  Энэ талын айлаас нэг хүн лоом жоотуу бариад гараад ирсэн. Гал дүрэлзээд ассан. Харалдаа замын дагуу зогсож байсан 2 залуу галын хор бариад хүрээд ирсэн. Би бас өөрийнхөө машинаас галын хор, 5 литр ус гээд бүгд унтраах гэж үзсэн. Гал юу юугүй дүрэлзээд ассан. Тэгээд удаагүй байж байтал эмнэлэг давхиад ирсэн. Эмнэлэг ирээд land cruiser 200 маркийн автомашинтай хүмүүс дээр очоод үзсэн. Тэгээд шатаж байсан хүмүүс дээр очиход тэр машин дэлбэрсэн. Тэгээд тэр хавиар гэрэл цацраад л хүмүүс уйлаад тийм аймар осол харчихлаар чинь бүгд уйлсан. Дотор нь 4-5 хүн байсан гэж ойлгож байгаа. Тэгээд цагдаа сэргийлэх дуудчихаад, ийм осол харсан юм чинь гээд гэрч Солонгын яриад байгаа дээд талынх нь овоо гээд байгааг тойрчхоод явсан. Овоо тойроод буцаад явж байтал доороос онцгой байдлын машин зөрж байсан. Тэгээд тэр өдөртөө гэрч Алтанцэцэг гээд байгаа эгчийндээ очсон. Хаянхярваагийнд тэгээд болсон процессыг ярьсан. Иймэрхүү л үйл явдал болсон.  Энэ дээр намайг зугтаасан, шахсан гэдэг. Би цагдаа сэргийлэхээ дуудсан. Намайг дуудлагаа өгсөн гэдгийг шалгасан бол  90098551, 88828811 гэсэн дугаараас дуудлага өгсөн байгаа. Утасны дугаараар намайг олоогүй. Жилийн дараа гэнэт сенсацлаад гарч ирээд бүх юмаар цацуулаад нийгэмд буруу ойлголт төрүүлэхээр нэг талаас нь над руу дайруулаад, тэр зам 1 дүгээр эгнээгээр явсаар байгаад 2 дугаар эгнээ рүү явдаг.  Өргөссөн тал нь 1 дүгээр эгнээ рүү өргөсдөг. Эрдэнэбулган гэрч 3-4 км заагаад байгаа. Тэр өргөссөн хэсэг чинь ерөөсөө км гарантай яваад гэрч Солонгын байшингийн тэнд очдог. Би тэр замаар байнга л явж байна. Хүмүүс ч явж байгаа. Гэтэл тэр Солонгын байшингийн тэнд байсан харсан гэх хүмүүс бүр тэр доод талд надтай зөрсөн 20-30 км цаана зөрсөн. Засмал дээрээ зөрсөн хойно шороон зам руу орсон. Тэр талаар зурагнууд байгаа. 9 дүгээр сарын 29-ний өдөр 2 цагдаа манай гэрт ирсэн. Эрэн сурвалжлахаас явж байна гэсэн. Тухайн үед манай аавын бие муу байсан. Ирээд цагдаа нар тухайн үед тийм осол харсан уу гэхэд харсаан гээд бүх үнэнийг л хэлсэн. Нууж хаах зүйл надад байхгүй. Би яг үнэн бодитоор нь хэлсэн. Манай эхнэр бид хоёр эргэх замаа өнгөрсөн байсан. Орой сэрүүн орох гээд 8 цаг болж байсан. Манай хүүхэд ой 7 сартай гэтэл гэрч Солонгоо чинь 7-8 насны хүүхэд гээд манай эхнэрийг гэзэгтэй гээд байгаа. Гэрч Солонгоо манай байшингийн өмнө ирж зогсоод гэсэн. Би замын хөвөөн дээр зогссон байсан. Тэр машины урд талаар орсон гээд байгаа. Бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаахад хэлсэн шүү дээ. Ямар ч тийм тогтолцоо байхгүй гэж шинжээч нар ч бас хэлсэн. Өнхөрсөн зүйл байхгүй. Тэр зам дээр асар хурдтай явж миний хажуугаар өнгөрөөд өнгөрсөн хойноо 10, 20 метр явж байгаад шороон хөвөөгөөр ороод мөргөлдсөн. Бид хоёр тоормосоо гишгээд харахад цаанаас нь Land cruiser 200 маркийн автомашин дөнгөж цухуйгаад гарч ирсэн. Тэгээд түс тас хийсэн байхгүй юу. Миний анх заасан тэр үед би бүгдийг зааж өгсөн. Ерөөсөө болсон процесс нь л ийм” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б- мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт 7 хүний амь нас эрсэдсэн. Насанд хүрээгүй 3 хүүхэд байсан. Тухайн машины жолооч нь миний охин Х.П- явсан. Хэргийн газар үзлэг хийгээд хэрэг нээгээд үйл ажиллагаа нь үнэн нь зөв шийдэгдэхгүй байна. Өчнөөн олон хүүхдээ алдчихаад байна. Үнэнээр нь шийдэж өгнө үү. Хэргийн газар ажилласан цагдаагийн бүрэлдэхүүн байдаг. Өнгөрсөн хүмүүсийн амь авраарай гэсэн, хүүхдээ өгөөд араас нь цүнхтэй хувцсыг нь өгсөн байсан. Тэр хүүхдийн төрсний бүртгэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Би мэдүүлэг өгье гэж санал хүсэлт өгсөн. Би тэр ногоон цүнхэнд нь ач хүүхдүүдтэйгээ холбоотой баримтыг цүнхэндээ авч явж байсан.  Энэ хэргийг анхнаас нь нарийн судлах ажил дээр дутмаг ажилласан. Баримт ярих юм бол тэр хүүхдийн гэрчилгээ нь байгаа. Тэрийг бүртгэж үзэх байсан. Хүний амь нас эрсэдсэн хэрэг дээр бүрэн бүтэн шалгаж орж ирээгүй. Хэргийн газраас зугтсан жолоочийг гэрч Солонгоос мэдүүлэг аваад урагшаа даваад хаашаа явсанг хэлэхэд араас нь явж хайгаагүй санаачилгагүй ажилласан. Сүүлдээ гэмтлийн эмнэлгээр яваад өөр хүмүүстэй мөргөлдсөн болоод янз янзын юм яриад явсан. Дутагдалтай талууд зөндөө байгаа. Хэргийг  үнэнээр нь шийдэж өг. Энэ олон хүний амь насан дээр араас нь 4, 5 жил хөөцөлдөж үнэнээр нь шийдвэрлүүлж явах нь надад хэцүү байна. Нэлээн хэдэн өмгөөлөгч авсан. Шинжээч гаргаж ажиллаж байна. Land cruiser 200 маркийн автомашин дотор явсан жолооч Баатарсүрэн, мөн Ц-, П- 3 жолоочийн талаар гэрч ярьсан. Үүний дагуу цагдаагийн мөрдөн байцаах албаны 14 мөрдөгч хэрэг дээр орсон. Хэргийг 2, 3 удаа хаасан. Шийдэж чадахгүй байсан. Авлигатай тэмцэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгөхөд 29-ний өдөр нь хэрэг хийсэн хүнийг олчихлоо, телевиз радиогоор битгий яриарай гэж хэлсэн. Би үнэнээр нь шийдэх байх гэж хүлээсэн. Маш их харамсалтай байна. Олон хүний амь нас үрэгдсэн. Миний хүүхдийг согтуу явсан гэж хэлсэн. Хууль гэж байдаг байх. Би хуулийн дагуу шийдүүлнэ. Үхсэн хүн үг хэлэхгүй. Хохирол төлбөрт 141,884,894 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Л- мэдүүлэхдээ: “Би бурхан болсон 7 хүний гэр бүлийн хүн нь байна. Энэ хүн гүйцэд түрүүлж явж байгаад эргэж ирээд тусалсан гэж байна. Дотор нь амьд хүн байсан. Би ой 7 сартай хүүхэдтэй хурдтай явсан гэнэ. Манай эхнэр бас ой хүрээгүй хүүхэдтэй. Машин шахаад гарна уу гэхээс багтахгүй гарахгүй. Гэрч Солонгын мэдүүлэг үнэн. Баруун талаас орж ирдэг цонх байдаггүй гэдэг. Машин замаас гарахын тулд шахуулж байж замаас гарч осол болно. Би Солонгоог шүүх хуралдаанд оролцуулж байж шийдэгдэх байсан гэж үзэж байна. Энэ хүн уураа барьсан бол 7 хүн амьд байх байсан. Хэсэгхэн зуур уураа барьсан бол 7 хүн амьд байх байсан. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ө.Ц- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний  амь нас хохирсон”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтуудаар тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Зам тээврийн ослыг харсан гэрч С.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлэгт “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цаг 10 минутын орчимд би Төв аймгийн Аргалант сум Нөхөрлөл хорооны Ариун Ундарга түүхий эд авах цэгийнхээ байшин дотор цонхоороо зам руугаа хараад сууж байтал хөдөөнөөс хот руу чиглэлтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд маш хурдтай цайвар өнгийн суудлын Toyota Prius маркийн автомашин нь явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд цайвар өнгийн jeep автомашин нь хот руугаа чиглэлтэй зэрэгцээд явж байснаа гэнэт Toyota Prius маркийн автомашины урдуур аймар шахаад тэгтэл нөгөө Toyota Prius маркийн автомашин нь гэнэт тоормослох шиг болсноо зорчих хэсэгт эргэлдээд машиныхаа 4 дугуйн дээр бууснаа дахин онхолдоод 4 дугуйн дээрээ зогсох үед эсрэг урсгалаас ирж явсан хар өнгийн jeep автомашинтай мөргөлдсөн. Тэгсэн Toyota Prius маркийн автомашин нь замынхаа хойд тал руугаа 4 дугуй нь дээшээгээ хараад замын хажуугийн жалга руу орчихсон. Харин нөгөө хар өнгийн jeep автомашин нь зам дээрээ бүтэн эргэхэд ертөнцийн зүгээр зүүн зүг рүүгээ хараад зогсчихсон. Тэгээд би тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийг дуудсан.

... Тэгээд нөгөө Toyota Prius маркийн автомашиныг шахсан цайвар өнгийн jeep автомашин нь 1 дүгээр эгнээ рүүгээ зогсоод Toyota Prius маркийн автомашин дээр очиж жолооч нь туслаад байх шиг байсан. Тэгсэн машин шатаад дуусах үед нөгөө jeep автомашин нь сүүлдээ яваад өгсөн. Би тухайн үед тэр машины дугаарыг анзаарч хараагүй. Харин жолооч нь эрэгтэй махлагдуу 35-40 орчим насны залуу байсан. Тэр машин дотор эхнэр болон намхан охиныхоо хамт явж байсан. Харин эхнэр нь нөхрийгөө загнаад уйлаад байх шиг байсан. Toyota Prius маркийн маркийн автомашин зэрэгцээд явж байсан автомашинтайгаа огт мөргөлдөж, шүргэлцээгүй. Jeep автомашин нь Toyota Prius маркийн автомашины урдуур дарах шиг болсон. Тэгээд Toyota Prius маркийн автомашин нь тоормослох шиг болсноо зам дээр эргэлдсэн байгаа. Тэгээд эргэлдэж явж байхдаа өөдөөс буюу хотоос ирж явсан машинтай мөргөлдсөн байгаа.

... Би цонхоор харахад Toyota Prius эргэлдээд 4 дугуйн дээрээ 2 удаа буугаад байх үед жалга руу орох шиг болсон. Тэгээд хамт байсан хүмүүс маань унтаж байсан болохоор сэрээгээд цонхоор харахад Toyota Prius маркийн автомашин нь шатаж эхэлчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 95-97 дахь тал/

“...Toyota Prius 20 маркийн машин шаргал өнгийн jeep машин хоёр зэрэгцээд явж байсан. Миний бодлоор тэр хоёр машин хоёулаа их л хурдтай явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь би мэдэхгүй байна. Jeep машин нь 2 дугаар эгнээнд Toyota Prius машин наад талын 1 дүгээр эгнээнд явж байсан. Тэгтэл jeep машин нь 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр эгнээ рүү Toyota Prius машины урдуур нь шахаж өөрөө замаас гарч зогссон. Тэгтэл Toyota Prius машин огцом тоормос гишгээд тогтохгүй шууд зам дээр онхолдож бөмбөрөөд эсрэг урсгалд явж байсан хар өнгийн jeep машинтай мөргөлдсөн. Тэгээд замын хойд талын хөвөөний жалга руу ороод шатсан. Тэгтэл нөгөө шаргал өнгийн jeep машинаас жолоодож явсан махлаг 35-40 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд шатаж байгаа машиныг аврах гээд лоомоор хаалгыг нь хөшөөд байсан. Тэгтэл Toyota Prius машинаас гал гартал нөгөө хүн холдоод явчихсан. Яг тэр үед өөр маш олон хүн цугласан байсан. Тэгээд нөгөө шаргал машины жолооч машиндаа суугаад урд уул руу даваад явчихсан. Toyota Prius машиныг шатаад дууссаны дараа машинтай цагдаа нар ирсэн. Тэнд маш олон хүн цугласан. Тэр шаргал өнгийн машины марк дугаарыг мэдэхгүй байна. Том jeep машин байсан. Өнгө нь шаргал өнгөтэй байсан. Би машины марк мэдэхгүй учраас ямар төрлийн jeep машин гэдгийг мэдэхгүй байна. Нийтлэг байдаг л 4 хаалгатай том jeep машин байсан.

... Шаргал машинд 3 хүн байсан. Гэр бүлээрээ байх шиг байсан. 1 хүүхэд 2 том хүн байсан. Эхнэр, нөхөр хоёр бололтой байсан. Эхнэр нь бас махлаг үсээ сүлжсэн хүн байсан. Эхнэр нь уйлаад нөхрийгөө хэлээ биз дээ гэсэн утгатай загнаад байсан. ...” гэсэн мэдүүлэг, /4 дэх хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/

“... Тус jeep загварын автомашин Улаанбаатар хот тал руугаа хараад манай урд байх улаан ТҮЦ-ний урд зогссон байгаа. ... Тус автомашины жолооч нөгөө Toyota Prius шатааж дууссаны дараа манай хашаанаас зүүн талаар тойроод шороон замаар хашааны баруун хойно байдаг овоо руу чиглээд яваад өгсөн.

“... Toyota Prius 20 маркийн автомашин зам дээр онхолдоод эсрэг урсгалд ороход зорчих хэсэгтээ явж байсан Land 200 маркийн машин мөргөсөн байгаа. ...” гэж, /4 дэх хавтаст хэргийн 193-196 дахь тал/

“... Тэр машиныг уул руу даваад явсны дараа цагдаа нар ирсэн. Тэр цагдаа нарт урдуур нь ороод шахсан машин уул даваад яваад өглөө гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст 66-69 дэх тал/

 

Зам тээврийн осол гарах үед Toyota Land 200 маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн жолооч С.Баатарсүрэн ослын талаар өөрийн харсан нөхцөл байдлаа мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:

“2016 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд ХХ-ХХ УНА улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг би жолоодон ... Хүй 7 худгийн урд замаар ойролцоогоор 60-70 орчим км цагийн хурдтай зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байхад өөдөөс тоос манараад явчихлаар урагшаа хартал баруунаас зүүн тийш чиглэлтэй зам буюу эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн суудлын автомашин нь зорчих хэсгийнхээ урд талын шороон хөвөөгөөр тоос манаргаад нэг машиныг нөгөө цагаан өнгийн суудлын автомашин нь буруу талаар нь гүйцэд түрүүлээд миний өөдөөс ертөнцийн зүгээр машины урд хэсэг нь зүүн хойшоогоо чиглэл рүү харчихсан хөндөлдөөд миний зорчих хэсэг рүү яах ийхийн зуургүй ороод ирсэн.

Тэгээд би тухайн үед машиныхаа тоормосыг гишгэсэн. Тэгсэн түс гээд явчихсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Хэсэг шоконд орчихсон байсан. Тэгсэн нэг мэдсэн миний унаж явсан машин маань ертөнцийн зүгээр зүүн зүг рүүгээ хараад зогсчихсон байсан. Тэгээд би машинаасаа буух гэтэл миний машины жолоочийн хаалга нь онгойхгүй, машины ард талаас эхнэрийн толгойноос нь цус гарчихсан, хүүхэд маань орилоод бужигнасан. Тэгсэн тэр хавийн хүмүүс машиныг онгойлгож намайг гаргасан. Тэгээд машинаас гараад ирэхэд нөгөө цагаан өнгийн автомашин нь замынхаа хойд хэсэгт 4 дугуйнууд нь дээшээ харчихсан гал гарч эхлэх гэж байсан. Тэгээд би тэр хавийн хүмүүстэй хамт галыг унтраах гэж би өөрөө газраас шороо самардаад асаж байгаа гал руу шидсэн. Харин ойр орчмын хүмүүс галын хорыг цацаад байсан. Тэгтэл тэр хооронд машинаас нэг хүүхэд юм уу, нэг цагаан өнгөтэй жижиг юм авч байгаа шиг харагдсан. Тэр цагаан жижиг юмыг хойш нь аваачих машинаас холдуулж тавих шиг болсон. Тэгтэл тэндэхийн хүмүүс наадах чинь дэлбэрлээ холдоорой гэж хэлсэн. Тэгтэл удаагүй 2 ойрхон зайтай писс гээд дуу гарсан. Тэгээд гал дээшээгээ оволзсон. Тэгээд тэр хавийн хүмүүс машин дотроос ямар ч хүн гаргаж чадалгүй машин шатаж дууссан. Бид нар машин дотроос хүн гаргах гэж байхад машинаас ямар нэгэн хүний орилох дуу чимээ надад сонсогдоогүй байгаа. Тэндэхийн хүмүүс түргэн тусламж болон 102 дугаарт дуудлага өгөөд байх шиг байсан.

... Зорчих хэсгийн урд талд Түүхий эд авах цэг байсан. Тэрний харалдаа урдаас цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин нь зорчих хэсгийн урд талын хөвөөгөөр нэг машиныг буруу талаар нь гүйцэд түрүүлээд даялаад ороод ирэхэд л харсан. Харахад нэлээн зайтай юм шиг мөртлөө яах ийхийн зуургүй ороод ирсэн байгаа. Тэр цагаан машиныг ямар машин гүйцэж түрүүлснийг мөн хэддүгээр эгнээнд явж байсныг анзаарч хараагүй. Надад харагдсан зүйл нь гэвэл зорчих хэсгийн урд талын шороон хөвөөгөөр тоос манаргаад нэг машиныг буруу талаар нь гүйцэж түрүүлээд ороод ирэхийг л харсан байгаа.

... Машин бүтэн эргэж орж ирсэн зүйл ажиглагдаагүй. 4 дугуйгаараа зам дээр хөндөлдөж манай машины өөдөөс чиглээд ирж явсан. Тэгээд тухайн машин миний унаж явсан машины баруун урд хэсэг рүү мөргөчих шиг болоход манай машин эргээд хотруугаа чиглээд харчих шиг болсон. Харин Toyota Prius маркийн автомашин нь миний машинтай яаж мөргөлдсөний улмаас замын хажуу руу унасныг бол мэдэхгүй байна.

... Яг осол хэрэг болох үед миний зорчиж явсан зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машин байгаагүй. Харин эсрэг урсгалаас тухайн цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин нь урдаа яваа ямар маркийн, ямар өнгөтэй тээврийн хэрэгсэл байсныг нь мэдэхгүй байна. Нэг машиныг буруу талаар нь нэг машиныг гүйцэж түрүүлсэн байгаа.

... Би өөдөөс чиглээд ирж явахад нь машиныхаа тоормос дээр гишгэсэн. Яг хир зайнд ирж явахад нь машиныхаа тоормосыг гишгэснээ сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дэх тал/

“... Осол болох үед Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй цайвар өнгийн том jeep загварын автомашин байсан ба түүний улсын дугаарыг нь хараагүй, маркийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/

 

Зам тээврийн осол гарах үед Toyota Land 200 маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай автомашинд зорчиж явсан Д.Энхболд мөрдөн байцаалтад ослын талаар өөрийн харсан нөхцөл байдлыг талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө:

“... Хүй 7 худаг руу салдаг эхний уулзварыг өнгөрөөд гүвээн дээр гараад иртэл эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд цагаан өнгийн Toyota Land Cruiser 77 маркийн автомашин явж байхад араас нь буюу 1 дүгээр эгнээнд тал дугуй нь шороон хөвөөн дээгүүр тоос татуулаад цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин Toyota Land Cruiser 77 маркийн автомашины баруун талаар нь гүйцэж түрүүлээд гарч ирээд зорчих хэсэг дээр баруун талаараа хөндөлдөөд гулсаж орж ирээд эсрэг урсгалд буюу ХХ-ХХ УБА улсын дугаартай автомашины чанх урдаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг сэргээд хартал манай машин явж байсан чиглэлийнхээ эсрэг тал руу харчихсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90-93 дахь тал/

“... Би тэр машиныг 50 орчим метр зайнаас харсан. Осол жижиг хөтлийн орой дээр болсон болохоор ойрхноос харагддаг юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/

 

Түүнчлэн энэ хэрэгт зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл, осолд орсон тээврийн хэрэгслүүдийн замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байсан зэрэг байдлуудад тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэж удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх ба шүүхээс хэрэгт ач холбогдолтой дараах шинжээчийн дүгнэлтүүдийг шийдвэрийн үндэслэл болж байна гэж дүгнэв.

 

Дотоодын их сургуулийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №202005 дугаартай “... 2. Зам тээврийн ослын үе шат

Ослын өмнөх нөхцөл байдал-Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоомжид заасан хэм хэмжээ, техникийн норм дүрэм, зөрчигдөж байгаа үндсэн байдлаар илэрнэ. /Хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, эсрэг урсгал сөрөх гэх мэт/ Энэ үед ямар нэг бодитой аюул заналхийлээгүй боловч аюул саад бий болсон тохиолдолд учрах хор хохирол их байх боломжтой тэр л нөхцөл байдал юм. Жолоочийн /зөрчлийн шинж чанартай/ үйлдлээ таслан зогсоох, эсвэл үргэлжлүүлэх эсэх нь түүний сонголтоос шууд хамааралтай.

H.Grace маркийн 97-02 УНБ улсын дугаартай автомашины жолооч Э.Эрдэнэбулган дараах мэдүүлгийг өгсөн байна.

“Дархан мах гэсэн цэг юм. Тэгээд би Гантөмөрийн гэрээс гараад 60 орчим км цагийн хурдтай явж байтал миний зүүн захаар асар хурдтай T.Prius маркийн автомашин гүйцэж түрүүлтэл түүний араас мөн их хурдтай цайвар өнгийн land 100 маркийн автомашин намайг гүйцэж миний явж байсан” мөн мэдүүлэгтээ land 100 маркийн автомашин, T.Prius маркийн автомашинууд зэрэгцээд яваад байсан. Миний бодлоор 100 гаран км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн.

Гэрч Ө.Эрдэнэцэцэг land 100 маркийн автомашин 2 дугаар эгнээгээр явсныг гэрчилдэг нь гэрч Э.Эрдэнэбулган, Солонго, Энхболд нарын мэдүүлэгтэй ижил байна. Мөн ослын газрын давтан үзлэгээр холбогдогч Ө.Ц- өөрөө явж байсан замын хэсгийг заасан байна.

... Гэрч Ө.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг

Буцаж эргээд нэг их яваагүй байтал тэр Prius буруу талаар гүйцсэн. Бид нар баруун гар тийг эргэх гээд зөөлөн явж байсан. 2 дугаар эгнээнд явж байсан. Буцаж эргээд л 2 дугаар эгнээнд явж байсан юм.

Ослын өмнөх нөхцөл байдлыг дүгнэхэд H.Grace маркийн 97-02 УНБ улсын дугаартай автомашины жолооч Э.Эрдэнэбулганы автомашины хажуугаар эхлээд T.Prius маркийн автомашин, дараа нь land 100 маркийн автомашин гүйцэж түрүүлсэн. H.Grace маркийн автомашин 60 км/цаг хурдтай явж байсан. Land 100 маркийн автомашин баруун гар тийш эргэх гээд хурдаа хасч 40-50 км/цаг байх үед Prius маркийн автомашин 1 дүгээр эгнээгээр явж байгаад шороон хэсэг рүү орж улмаар эсрэг урсгалд орсон.

Ослын аюултай нөхцөл байдал-зөрчил гаргасан, гаргаагүй аль ч тохиолдолд учирч болох ба хөдөлгөөнд ямар нэгэн аюултай нөхцөл байдал дөнгөж бүрэлдэх тогтох үед бий болох нөхцөл байдал юм. Энэ жолоочийн дадлага туршлага, гаргасан шууд шийдвэр ихээхэн нөлөөтэй боловч тэр болгон хор хохирлыг бууруулахад чиглэгдэж чадахгүй байж болох юм.

Гэрч Солонго мэдүүлэгтээ

“Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд маш хурдтай цайвар өнгийн суудлын T.Prius маркийн автомашин нь явж байсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд цайвар өнгийн jeep автомашин нь хот руугаа чиглэлтэй зэрэгцээд явж байснаа гэнэт T.Prius маркийн автомашины урдуур аймар шахаад тэгтэл нөгөө T.Prius маркийн автомашин нь гэнэт тоормослох шиг болсноо зорчих хэсэгт эргэлдээд машиныхаа”

Энэ тохиолдолд T.Prius маркийн автомашины хурд land 100 маркийн автомашинаас илүү хурдтай байсан нь харагдаж байна. Тэгэхээр T.Prius маркийн автомашин 1 дүгээр эгнээгээр land 100 маркийн автомашины араас ирсэн байх магадлалтай байна.

Гэрч Д.Энхболд мэдүүлэгтээ

“гүвээн дээр гараад иртэд эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд цагаан өнгийн T.land cruiser 77 маркийн автомашин явж байхад араас нь буюу 1 дүгээр эгнээ, тал дугуйн нь шороон хөвөөн дээгүүр тоос татуулаад цагаан өнгийн T.Prius маркийн автомашин T.land cruiser 77 маркийн автомашины баруун талаар буюу буруу талаар нь хөндөлдөж гулсаж орж ирээд эсрэг урсгал буюу ХХ-ХХ УБА улсын дугаартай автомашины чанх урдаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон”

Гэрч Д.Энхболд, С.Баатарсүрэн мэдүүлэгтээ “Prius маркийн автомашин буруу талаар гүйцэж түрүүлэн” гэж мэдүүлсэн байна. Энэ тохиолдлыг гүйцэж түрүүлэх үйлдэл гэж үзэхгүй, хурдны ялгавартай яваа үйлдэл буюу 1 дүгээр эгнээгээр чигээрээ явж байгаа үйлдэл гэж үзнэ. Мөн гэрчүүдийн мэдүүлснээр хөндөлдөх байдлаар эсрэг урсгалд орсон нь шороон дээр гарсан 20.6 м мөрний салаалсан байдлаар баталгаажиж байна.

T.land cruiser 100 маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай автомашины жолооч Ө.Ц- нь баруун гар тийш эргэх гэж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.9 “... жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун ... талын захад байр эзэлсэн байвал зохино” заалтыг биелүүлэн 1 дүгээр эгнээнд байр эзэлсэн бол энэ осол гарахгүй байх боломжтой. Хэрвээ 1 дүгээр эгнээнд байрлах эзлэх гэж байсан бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.8 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ...” гэсэн заалтыг баримтлах үүрэгтэй.

Зам тавьж өгөх-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан. Иймд жолооч Ө.Ц- нь Prius маркийн автомашиныг шахаагүй байж болох ч хөдөлгөөний чигээ өөрчлөхөд нөлөөлсөн байх магадлалтай байна.

Prius маркийн автомашины жолооч Х.П- нь Архангай аймгаас Хүй долоон худаг хүртэл автомашин жолоодож хэвийн явсан боловч гэнэт зорчих хэсгээс гарах болсон нь зам тавьж өгөөгүйгээс үүдэлтэй гэж үзэж байна.

Энэ үед T.Prius маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашины жолооч Х.Пүрэвсүрэнсайхан нь 70 гаруй метр замыг туулахдаа автомашинаа залж чадаагүй асуудал тодорхойгүй байна. Энэ нь жолоочийн туршлага, ур чадвар, автомашины техникийн байдал, зорчигчийн байдал зэргээс шалтгаалдаг.

Харилцан үйлчлэл /осол/-Ослын аюултай нөхцөл байдлаас шууд ослын үед шатанд шилжиж байгаа хязгаар нь тодорхойлоход нилээн төвөгтэй хэдий ч энэ үе шат эргэлтгүй процесс буюу ямар нэг байдлаар осол гарах нь тодорхой байдлаараа ялгардаг.

T.land cruiser 200 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашины жолооч С.Баатарсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна. T.land cruiser 200 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашины бодит жин 2800 кг, T.Prius маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашины бодит жин 1591 кг байгаа үед T.land cruiser 200 маркийн автомашин хурд хэтрүүлж явсан бол мөргөлтийн улмаас явж байсан чигнийхээ эсрэг харж зогсохгүй байсан.

Ослын дараах байдал /отбрасывание/-ямар нэг харилцан үйлчлэлээс хойш зам тээврийн осол холбогдогчдын эцсийн байрлалд зогсох хүртэлх үе шатыг үүнд хамааруулж ойлгоно ...” гэсэн /9 дэх хавтаст хэргийн 1-9  дэх тал/ дүгнэлт гаргажээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Ө.Ц- нь Toyota Land cruiser 100 маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай автомашин жолоодож явахдаа зэрэгцээ эгнээнд явж байсан Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашины чиглэлээ өөрчлөхөд нөлөөлсөн гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Шинжээчийн дүгнэлт нь нөхцөл байдал нь гэрч С.Солонгын өгсөн “ ... ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд маш хурдтай цайвар өнгийн суудлын Toyota Prius маркийн автомашин нь явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд цайвар өнгийн jeep автомашин нь хот руугаа чиглэлтэй зэрэгцээд явж байснаа гэнэт Toyota Prius маркийн автомашины урдуур аймар шахаад тэгтэл нөгөө Toyota Prius маркийн автомашин нь гэнэт тоормослох шиг болсноо зорчих хэсэгт эргэлдээд машиныхаа 4 дугуйн дээр бууснаа дахин онхолдоод 4 дугуйн дээрээ зогсох үед эсрэг урсгалаас ирж явсан хар өнгийн jeep автомашинтай мөргөлдсөн” гэж зам тээврийн осол гарсан байдлыг мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэв.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийн дараа дахин 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд:

“а/ Цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн энэ дүгнэлтэдээ ямар нотлох баримтыг үндэслэж жолооч Ө.Ц-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн болох,

б/ Замын Цагдаагийн албаны техникийн шинжээч Г.Золжаргал, Ж.Ганзул, С.Одхүү нарын 2018.01.25-ны өдөр гаргасан 53 тоот дүгнэлтэд ямар нотлох баримтыг үндэслэж жолооч Ө.Ц-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн болох,

в/ Замын Цагдаагийн албаны шинжээч Р.Цогтоо, Л.Ундармаа, Я.Соронзонболд, Б.Эрдэнэхуяг, Ш.Батмөнх нарын 2018.06.04-ны өдрийн 325 тоот дүгнэлтэд дээрхийн адил  Ө.Ц-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн болох,

“а, б, в” дүгнэлтүүд нь мөрдөн шалгах ажиллагаагаар зам тээврийн ослын нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад гарсан нь учир дутагдалтай байна” гэжээ. /хэргийн 10 дугаар хавтас, 132 дугаар хуудас/

“ ... Зам тээврийн осол болсон нөхцөлд Toyota Land Cruiser 100 маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ц- нь зэрэгцээ эгнээнд яваа Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд болон чигт нөлөөлөхгүй “зам тавьж өгөх” үүрэг хүлээх бөгөөд Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байхаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан” гэсэн /хэргийн 10 дугаар хавтас ... дэх тал/ дүгнэлт гаргасан нь гэрч С.Солонгын “ ... jeep машин нь 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр эгнээ рүү Toyota Prius машины урдуур нь шахаж өөрөө замаас гарч зогссон” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “Ө.Ц- нь Toyota Land cruiser 100 маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай автомашин жолоодож явахдаа зэрэгцээ эгнээнд явж байсан Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай автомашины чиглэлээ өөрчлөхөд нөлөөлсөн гэсэн дүгнэлтэд хүрч байна” гэсэн дүгнэлт нь хоорондоо гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар ижил агуулгатай байна.

 

Гэмт хэргийн газрын зориуд орхиж зугтаасан үйлдлийн хувьд гэрч С.Солонгын өгсөн “Тус автомашины жолооч нөгөө Toyota Prius шатааж дууссаны дараа манай хашаанаас зүүн талаар тойроод шороон замаар хашааны баруун хойно байдаг овоо руу чиглээд яваад өгсөн ...” гэсэн мэдүүлгээр /4 дэх хавтаст хэргийн 193-196 дахь тал/ тогтоогдсон бөгөөд тухайн осол болсон газраас явсан талаар талууд маргалдаагүй харин гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүхээс гэмт хэргийн газрыг зориуд орхиж явсан байна гэж дүгнэв.

 

Иймд Ө.Ц- зам тээврийн ослын улмаас хоёроос дээш буюу долоон хүний амь нас хохирсон, уг гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдагдсан гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээч нарын дүгнэлтүүдээр  нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.  

 

Нотлох баримт баримтын үнэлгээ

Энэ хэрэгт удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гаргасан бөгөөд шүүхээс дараах дүгнэлтүүдийг дараах үндэслэлүүдээр нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэв.  Үүнд:

 

Мөрдөгч энэ хэрэгт шинжээч томилох тогтоолдоо “ ... Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota Land Cruiser маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан долоон хүний амь нас хохирсон гэх хэрэгт техникийн шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэжээ /5 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/

Гэтэл Land Cruiser маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар мөрдөгч тогтоолдоо огт дурдаагүй байна.

 

Мөн Энэ хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд шинжээчээс гаргасан хариултдаа:

1. Toyota Land Cruiser маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ц- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэсэн нь ямар нөхцөл байдал, юуг үндэслэж ийм хариулт өгсөн нь тодорхойгүй байна. /5 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/

Нөгөө талаар шинжээч нь дүгнэлтээ ямар нөхцөл байдлыг үндэслэж байгаа нь тодорхойгүй зөвхөн асуулт, хариулт хэлбэрээр гаргасан нь ойлгомжгүй болжээ.

 

Шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 53 тоот дүгнэлтэд:

“... 2. Toyota Land Cruiser маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ц- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэж үзэв” гэсэн /хэргийн 5 дугаар хавтас, 51 дүгээр хуудас/ дүгнэлт гаргасан боловч мөрдөгчийн тогтоолд “Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota Land Cruiser маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан долоон хүний амь нас хохирсон” хэрэгт шинжилгээ хийсэн атлаа “Land Cruiser маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар” дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй болжээ. /5 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/

 

Замын цагдаагийн албаны 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“ ... 2. Toyota Prius маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.П- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн /4 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/ бөгөөд энэ дүгнэлтэд шүүгдэгч Ө.Ц-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байсан талаар дүгнээгүй байна.

 

Шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 325 тоот дүгнэлтэд:

“... 2. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын хэмжилт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Toyota Land Cruiser маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ц- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна”

“... 7. Жолооч Ө.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна.

9. Жолооч Ө.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь /5 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/ ямар нотлох баримтыг үндэслэж ямар нөхцөл байдлыг тогтоосны эцэст дээрх дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй бөгөөд шинжээч нар нь гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлүүдээ тодорхой дурдаагүй байна.

 

Иймд дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн боломжгүй гэж үзэв.

 

Энэ хэргийг өмнө шат шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд “гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй” гэсэн үндэслэл дурдагдсан байна.

Гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрөө байна гэж үзэж мөрдөгчөөс гэрч С.Солонгыг гэрч Д.Энхболд, С.Баатарсүрэн нартай тус тус Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу нүүрэлдүүлж мэдүүлэг авчээ.

Гэрч С.Солонго, гэрч Д.Энхболд нарыг “Нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл”-д:

“С.Солонго: Jeep машин нь баруун гар тал руугаа дараад Prius машиныг шахаад замын урд тал руу манай байшингийн хажууд ирээд зогссон. Харин Prius машин шахуулаад тормос гишгэх шарх гэсэн чимээ гараад өнхрөөд эсрэг урсгалд явж байсан харн өнгийн jeep машинтай мөргөлдсөн.

Д.Энхболд: Би эсрэг урсгалаас өгсөж явж байсан ба шахсан эсэхийг хараагүй, нэг цагаан өнгийн суудлын машин эсрэг урсгалаас хөндөлдөж орж ирэх үеэс харсан, тэрний өмнөх үйл явдлыг харах боломж байгаагүй ээ.

О.Солонго: Гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй тэр хоёр машин зэрэгцээд буюу Prius машин 1 дүгээр эгнээнд, Jeep машин 2 дугаар эгнээд явж байсан.

Д.Энхболд: гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн эсэхийг хараагүй. Миний харсан зүйл бол суудлын автомашин хөндөлдөөд тоос гаргаад манай машиныг чиглээд ирэх үйл явдлыг харсан” мэдүүлснийг тусгажээ.

Гэрч С.Солонго, гэрч С.Баатарсүрэн нарыг “Нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл”-д:

“С.Солонго: Land Cruiser маркийн машин Prius маркийн машиныг шахаад тэр чигээрээ яваад манай байшингийн урд ирээд зогссон. Тэр үед машин зам дээр тоормослох үед гардаг шархирах чимээ гараад зам дээр өнхөрч байгаад цаанаас ирж байсан хар jeep машинтай мөргөлдсөн.

С.Баатарсүрэн: Тэр суудлын машин эсрэг урсгалаас хөндөлдөж өөдөөс орж ирэх үеэс харсан, тэрний өмнөх үйл явдлыг хараагүй харах боломж байгаагүй би доороос өгсөж гарч ирж байсан замаа хараад л явж байсан. ... Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхийн өмнө уг машин өнхөрсөн эсэхийг мэдэхгүй” гэж мэдүүлснийг тусгажээ. /8 дахь хавтаст хэргийн 235, 236 дахь тал/

 

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд гэрч О.Солонго нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон Ө.Ц- нь Toyota Land Cruiser маркийн ХХ-ХХ УНС улсын дугаартай автомашин жолоодож замын 2 дугаар эгнээгээр явж байхдаа 1 дүгээр эгнээнд зорчиж явсан Toyota Prius маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахаж хурд, чиглэлд нь нөлөөлсний улмаас зам тээврийн осол гарсан байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байна гэж дүгнэв.

Харин гэрч Д.Энхболд, С.Баатарсүрэн нарын мэдүүлгээс дүгнэхэд тэдгээр нь “суудлын машин /Toyota Prius/ эсрэг урсгалаас өөдөөс орж ирэх үеэс харсан тэрний өмнөх үйл явдлыг хараагүй” гэсэн мэдүүлэг өгсөн нь Toyota Prius маркийн автомашин зам тээврийн осолд өртсөн шалтгаан нөхцөл байдлыг мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ингэж нүүрэлдүүлж мэдүүлэг авсан ажиллагаагаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаарх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү арилсан байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ө.Ц-ын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүд нь 2016 оны 08 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид энэ хуулийн тусгай ангид ... зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил ... хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэсэн заалтуудад хамаарч байна.

Хууль тогтоогч мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй. гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд хүчингүй болгосон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй болсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-ын гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. /энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/” гэж зааснаар шийдвэр гаргах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ө.Ц-ийн үйлдсэн гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Toyota Prius маркийн ХХ-ХХ УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.П-, зорчигч Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг, Л.Цэнд-Аюуш нарын нийт долоон хүний амь нас хохирсон бөгөөд эдгээр хүмүүс нь ямар шалтгааны улмаас амь нас хохирсон болохыг дараах Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1462 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх биеийн нийт гадаргыг 100% хамарсан 3-4-р зэргийн түлэгдэлт, олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

2. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байх бөгөөд авто ослын улмаас үүсгэгдсэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаач Л.Цэнд-Аюуш нь бүх биеийн гадаргыг 100% хамарсан 3-4-р зэргийн түлэгдэлт, угаарын хийн хордлогын улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 107-108,111 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1464 дугаартай дүгнэлт:

“1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагз, баруун чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай шинэ гэмтэл байна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн амьсгалын дунд болон доод зам гадны биетээр /хоолны үлдэгдлээр/ бөглөрсний улмаас амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачид авто ослын улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл учирсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 114, 117-118 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1459 дугаартай дүгнэлт:

“1.2.7. Талийгаачийн цогцост гавал болон цээж, хэвлийн хөндийн эрхтнүүд, нуруу нугаламын хавсарсан гэмтэл: зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны хөндлөн салсан ба суурь ясны үйрч бяцарсан, олон хэсэг болж салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор хэсэг ба баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, сээрний 4,5-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал ба нугасны бүрэн тасрал, дээрх хугарал орчмын зөөлөн эд, гялтангийн цус хуралт, биеийн бүх гадаргуугийн нүүрсжилт, түлэгдэлт /IY зэрэг/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо болон өндөр хэмийн шатах үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн гэмтлүүд ба нас барсаны дараа цогцосонд шатаж нүүрсжилт, түлэгдэл явагдсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 120-124 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1461 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачид цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны тасрал, няцрал, хоёр талын олон хавирганы хугарал, гол судасны тасрал, цээжний хөндийн цус хураа, зүрх, уушги, элэг, дэлүүний няцрал, задрал, баруун шаант ясны хугарал, биеийн нийт гадаргууг 100 хувь хамарсан 2-4-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны тасрал, няцрал, хоёр талын олон хавирганы хугарал, гол судасны хугарал, цээжний хөндийн цусан хураа, зүрх уушги, элэг дэлүүний няцрал, задрал, баруун шаант ясны хугарал гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

... 4. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны тасрал, няцрал, хоёр талын олон хавирганы хугарал, гол судасны тасрал, цээжний хөндийн цус хураа, зүрх, уушги, элэг, дэлүүний няцрал, задрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцос нь нас барсаны дараа түлэгдэж шатсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 128-129, 132-133 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1460 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачид гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын духны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт, биеийн нийт гадаргууг 100 хувь хамарсан 2-4-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын духны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь зам тээврийн ослын улмаас буюу мохоо зүйлийн үйлчлэлээр биеийн нийт гадаргууг 100 хувь хамарсан 2-4-р зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын духны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцос нь нас барсны дараа түлэгдэж шатсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 137-138, 140 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1453 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархай, баруун дунд хонхор, дагз, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун талдаа 6,7,8,9,10,11, зүүн талдаа 3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины няцрал, бүрэн авчийлт, цээжний хөндийд шингэн хуралдалт /1 литр/ голтын эрхтэний цус хуралт, элэгний няцрал, баруун атгаал, баруун дунд чөмөгний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 144-145, 148-149 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1465 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 5,6,7-р нугалмын их биеийн үйрч, бяцарч, салсан хугарал, нугас, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн бүрэн тасрал, дагз, дагзны том нүх, зүүн чамархай ясны хугарал, хуйхны цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5.6 Талийгаач нь 3 сартай эмэгтэй хүн байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 151-153 дахь тал/.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг

Амь хохирсон Х.П-, Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын оршуулгийн зардал, үнэлгээний төлбөр болон Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.932.000 төгрөг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон нийт 57,809,180 төгрөгийн хохирол учирсан байх тул / 7 дахь хавтаст хэрэг/ уг хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас Итгэлт эстимэйт ХХК-ны үнэлгээгээр тогтоогдсон амь хохирсон Х.П-, Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын алдагдсан боломжийн төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална.

            Гэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

            Мөн Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.2.4-т тайлбарлахдаа “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй” гэжээ. Үүнийг иргэний хуулийн тайлбарт дурдахдаа “... энэ нөхөн төлбөрийг харин хуульд илүү тодорхой тусгасан тохиолдолд шаардаж болно” гэж тайлбарласан байна.

Хохирогч хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал нийт 7,000,000 төгрөг нь тэдгээрийн хууль зүйн туслалцаа авсан хөлс тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гөөс “эд зүйлсээ ломбардад барьцаанд тавьж авсан 3,230,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх боловч энэ мөнгө нь 2016 онд хэрэг гарснаа хойш 2019, 2020 онуудад ломбарднаас авсан мөнгө тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт ямар хамааралтай болох нь тодорхойгүй тул энэ гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцох боломжгүй байна. Гэхдээ тэрээр уг мөнгийг хэрэгт хамааралтай болохыг нотолсон нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Toyota land cruiser 200 маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуперын хэсэг 1 ширхэг, хар өнгийн хуванцар 3 ширхэг, тунгалаг 8 ширхэг хуванцар, мөнгөлөг өнгийн 4 ширхэг хуванцар зэргийг устгахыг Тээврийн цагдаагийн албанд даалгаж, Ө.Ц-ын ХХХХ дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Ц-ын баривчлагдсан 251 хоног баривчлагдсан, цагдан хоригдсон болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Ө-ын Ц-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан /энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ө.Ц-т холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө.Ц- энэ хэрэгт 251 хоног баривчлагдсан, цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ц-аас 57,809,180 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, Л.Л- Ж.Э- нарт тус тус олгосугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-д, Л.Л- Ж.Э- нараас нэхэмжилсэн алдагдсан боломжид нэхэмжилсэн мөнгөн дүн, болон өмгөөлөгчийн хөлс 7,000,000 төгрөг төгрөгийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б- нь эд зүйлсээ ломбардад барьцаалан зээлдэж авсан мөнгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Toyota land cruiser 200 маркийн ХХ-ХХ УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуперын хэсэг 1 ширхэг, хар өнгийн хуванцар 3 ширхэг, тунгалаг 8 ширхэг хуванцар, мөнгөлөг өнгийн 4 ширхэг хуванцар зэргийг устгахыг Тээврийн цагдаагийн албанд даалгаж, Ө.Ц-ын ХХХХ дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ц-т авсан  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ