Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/132

 

 

 

 

 

  2020          1            28                                      2020/ДШМ/132

                                                       

Ө.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, Л.Л, Ж.Э, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа,

шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2000 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ө.Цт холбогдох 201624000691 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            З овгийн Өын Ц, 1980 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Петровис” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны 200 дугаар байрны 186 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ө.Ц нь 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орой 20 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд “Toyota Land Criuser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэснийг зөрчин зэрэгцээ эгнээнд явсан Х.П жолоочтой “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйгээс “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, “Toyota Land Criuser 200” загварын 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Х.П, зорчигч Г.Л, Д.Э, Л.Ц, Л.Ш, Л.Ш, Э.Б нарын 7 хүний амь хохирсон. Уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Ө.Цын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, Л.Л, Ж.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр Ө.Цт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд, С.Солонго зэрэг автомашины осол болсон байдлыг харсан гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрөө гарсан байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Учир нь шүүгдэгч Ө.Цыг “Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нарын мэдүүлгээр “Toyota Prius” загварын автомашин нь “Toyota Land Criuser” загварын автомашиныг баруун талаар нь гүйцэж түрүүлсэн” гэж, гэрч С.Солонгын мэдүүлгээр “Toyota Land Cruiser” загварын автомашин нь “Toyota Prius” загварын автомашиныг урдуур нь шахаж замын хажуу руу гарч зогссон” гэсэн өөр өөр нөхцөл байдлыг гэрчилж мэдүүлжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө гарсан байвал хоёр хүнийг хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэсэн ажиллагааг хийх шаардлагатай байна.

Энэ хэрэгт Замын хөдөлгөөний дүрэм хэрхэн зөрчигдсөн талаар мэргэжлийн байгууллагыг удаа дараа томилж 6 удаа шинжээчийн дүгнэлт гаргаж байсан боловч прокуророос уг дүгнэлтүүдийг “хэргийн бодит байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад шинжээч томилж дүгнэлт гаргуулсан буюу дүгнэлтүүд нь хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамраагүй, мөн нотлох баримтуудыг тодруулах шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр дахин шинжилгээнүүд хийлгэсэн байх ба мөн шинжээч томилж шинжилгээ хийлгэхдээ хэргийн оролцогчдыг тогтоолтой танилцаж, санал, хүсэлт гаргах, шинжээчид асуулт тавих зэрэг эрхээр нь хангалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, шинжээч нар нь дүгнэлтийнхээ үндэслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь дээрх дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл болж байна” гэж яллах дүгнэлтдээ дурджээ.

Прокурор нь мөрдөн байцаалтын явцад дээрх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа бол уг алдаа, зөрчлүүдийг арилгах буюу “хэргийн бодит байдал бүрэн дүүрэн тогтоох, шинжээчийн дүгнэлтүүдэд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамруулах, нотлох баримтуудыг тодруулах шаардлагатай ажиллагааг хийх, шинжээч томилж шинжилгээ хийлгэхдээ хэргийн оролцогчдыг хуульд заасан эрхийг хангах, шинжээч нараар дүгнэлтийнх нь үндэслэлүүдийг тайлбарлуулах” ажиллагаагаа хийх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж ...” гэсэн заалт, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл ... өөрийн санаачлагаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх ажиллагаа явуулж болно” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах боломжтой байтал зөвхөн “тодорхой бус ерөнхий дүгнэлт хийгээд шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлэхгүй” гэсэн нь прокурор хуульд заасан хянан шалгах ажиллагаагаа хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Энэ хэргийн хувьд тусгай мэдлэгтэй шинжээч нь дүгнэлт гаргахдаа замын хөдөлгөөнд оролцогч нарын хэний, ямар үйлдэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоодог бөгөөд харин уг зөрчил нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хуульчдын зүгээс дүгнэлт өгөх ёстой.

Гэтэл прокуророос шинжээчийн ямар ч дүгнэлтийг үндэслэхгүйгээр гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Прокуророос яллах үндэслэл болж байгаа “Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 12/13 дугаартай дүгнэлтээс харахад “Хэрэв 1-р эгнээгээр явж байсан “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Toyota Land Cruiser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дахь эгнээнд зэрэгцэн явж байгаад захын эгнээ рүү шилжсэн нь нотлогдож байгаа бол ... “ гэж өөр эх сурвалжаас иш татсан шинжтэй хариулт өгсөн боловч ямар нөхцөл байдлыг эх сурвалж болгон ишилж байгаа нь тодорхойгүй болсон.

Мөн тус дүгнэлтийн “... Хариулт 4 ... “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. ...”Toyota Land cruiser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай автомашины жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэхийг техникийн шинжээч тогтоох боломжгүй байна” гэжээ.

Ийм зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдийн зөвхөн ганцхан буюу 3 дугаар хариултыг прокурор яллах үндэслэл болгож байгаа нь шинжээчийн дүгнэлтийн бусад хэсгүүдтэй зөрчилтэй байгаа тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Цт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэрэг гарсан байдал, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.6 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг тогтоох ажиллагаа нэмж хийх шаардлагатай гэж үзэв.

Иймд Ө.Цт холбогдох эрүүгийн 201624000691 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ө.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 3 ширхэг хуванцар, тунгалаг 8 ширхэг хуванцар, мөнгөлөг өнгийн 4 ширхэг хуванцар, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа “Toyota Landcruiser 200” загварын 01-16 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуперын хэсэг 1 ширхэг, 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгчийн захирамжид гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд, С.Солонго нарын мэдүүлгийн зарим хэсгийг дурдаад “...Автомашины осол болсон байдлыг харсан гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд, С.Солонго нарын мэдүүлгээс дүгнэхэд мэдүүлэгт ноцтой зөрөө гарсан байна. Учир нь, шүүгдэгч Ө.Цыг “Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нарын мэдүүлгээр “Toyota Prius” автомашин нь “Toyota Land Cruiser” загварын автомашиныг баруун талаар нь гүйцэж түрүүлсэн” гэж, С.Солонгын мэдүүлгээр “Toyota Land Сruiser” автомашин нь “Toyota Prius” автомашиныг урдуур нь шахаж, замын хажуу руу гарч зогссон. ...” гэсэн өөр өөр нөхцөл байдлыг гэрчилж мэдүүлжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө гарсан байвал хоёр хүнийг хооронд нь нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэсэн ажиллагааг хийх шаардлагатай. ...” гэжээ. Хэрэгт дээрх гэрч нараас хоёроос таван удаа мэдүүлэг авсан ба хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд С.Баатарсүрэн, С.Солонго нарыг оролцуулан мэдүүлгийг нь сонсож, тодруулах асуултуудыг тавьж хариулт авсан. Хавтас хэрэгт болон шүүх хуралдааны үед гэрч С.Солонго нь хэргийн талаар мэдүүлэхдээ “...Баруунаас зүүн тийш зорчиж явсан “Toyota Prius” загварын автомашин зүүнээс баруун тийш зорчиж явсан “Toyota Land Criuser 200” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх агшнаас өмнөх үйл явц буюу баруунаас зүүн тийш чиглэлд зорчиж явсан “Toyota Prius” загварын автомашин нь “Toyota Land Cruiser 100” загварын тээврийн хэрэгслүүдийн байрлан явж байсан байдал, “Toyota Land Cruiser 100” загварын тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд зорчиж явж байгаад хэрхэн 1 дүгээр эгнээ рүү шилжсэн. Түүний дараа хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн талаар өөрийн харсан зүйлээ удаа дараа тогтвортой мэдүүлдэг бол гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нар нь зүүнээс баруун тийш тээврийн хэрэгслээр зорчиж яваад замын өгсүүр хэсгийг давж гарч ирэх үед 1 дүгээр эгнээгээр “Toyota Land Cruiser 100” буюу яллагдагч Ө.Цын жолоодож явсан тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр, түүний баруун талаар шороон хэсгээр “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэл гарч ирсэн гэж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар анх харсан зүйлээсээ эхлэн удаа дараа тогтвортой мэдүүлсэн байдаг. Зам тээврийн осол нь тээврийн хэрэгслүүд тодорхой хурдтайгаар хөдөлгөөнд оролцож явах үед үйлдэгддэг үйл явц байдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгагддаг онцлогтой. Энэ ч үүднээсээ хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд гэрчүүдийн мэдүүлгийг хэргийн газар дээр нь шалгах, мөн тээврийн хэрэгслүүдийн жолооч нар нь бие биенээ олж харах боломжит зайг тогтоох туршилтын ажиллагаа болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийхэд, гэрч С.Солонгын зам руу хараад зогсож байсан газар нь үзэгдэх орчны хувьд тухайн хоёр тээврийн хэрэгслийн зорчиж явсан байдлыг гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нараас түрүүлж харсан байх боломжтой. Харин гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нар нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа эсрэг урсгалаас гарч ирсэн тээврийн хэрэгслүүд нь ямар байдалтай гарч ирснийг анх харснаа мэдүүлсэн болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүх эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нарыг С.Солонготой адил зүйл ярихгүй байна, эсхүл гэрч С.Солонгыг эдгээр 2 гэрчтэй адил зүйл ярих ёстой гэсэн дүгнэлт хийж, хооронд нь нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулахаар заасан нь үндэслэлгүй байна. Прокурор урьд гарсан 6 удаагийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа шалтгаанаа яллах дүгнэлтдээ дурдсан боловч алдаа, зөрчлүүдийг арилгах буюу “хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шинжээчийн дүгнэлтүүдэд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамруулах, нотлох баримтуудыг тодруулах шаардлагатай ажиллагааг хийх, шинжээч томилж шинжилгээ хийлгэхдээ хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангах, шинжээч нараар дүгнэлтийнх нь үндэслэлүүдийг тайлбарлуулах ажиллагааг хийх нь зүйтэй байна. ...” гэж захирамжид дурдсаныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж, шинжилгээ хийлгэнэ”, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэх зэргээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үнэлэх талаар нэр дурдсан субъектүүдийн эрх хэмжээг заасан байдаг. Энэ хэргийн тухайд Тээврийн прокурорын газрын хяналтад ирснээс хойш хэргийн бодит байдлыг сайтар нягтлан тогтоохын тулд гэрчүүдээс мэдүүлэг авах, зарим гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, хэрэг гарсан зам орчны байдлыг тодорхой болгох, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд ойлгомжтой болгох үүднээс хэргийн газарт нөхөн үзлэгийг хийж, өмнөх бүдүүвч зургуудыг нэгтгэж гаргасан, осол гарсан үеийн үзэгдэх орчныг тодорхойлохоор туршилтын ажиллагаа хийх зэргээр мөрдөн шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийсний эцэст урьд гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлэх боломжгүй үндэслэлээ дахин шинжээч томилсон тогтоолдоо зааж, шинжилгээ хийлгэсэн. Ингэхдээ хэргийн оролцогч нарын эрхийг хангаж ажилласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой байхад шүүх урьд гарсан дүгнэлтүүдээс хойш ямар нэг ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэгэнт урьд гарсан дүгнэлтүүд нь хууль зөрчиж гарсан бол алдаа, зөрчлийг арилгах болон нэмэлт ажиллагаа хийсний дараа тогтоогдсон нөхцөл байдлыг тухайн дүгнэлтэд хамруулах гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин прокурорын зүгээс уг дүгнэлтийг үнэлэхгүй байх шаардлагатай бол өөр шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн дээрх ажиллагаануудыг хийсэн гэж үзэж байна. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах хуулийн зохицуулалт байгаа болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/2000 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг гаргаж, нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай гэж үзсэн. Хэргийн нөхцөл байдлаас харахад гэрчүүд ослыг өөр өөр өнцгөөс харсан байдаг.

Иймээс хэргийг өөр өөр өнцөг, зайнаас харж байгаа хүмүүсийг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгийг нэгтгэх боломжгүй гэж үзэж байна. Хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтийг прокурор үнэлэхгүй байх үндэслэлээ яллах дүгнэлтдээ тодорхой дурдсан. Энэ хэрэг өмнө нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцааснаас хойш мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа, таньж олуулах ажиллагаа, мөн механик инженерийн их сургуулийн 3 шинжээчийн дүгнэлт зэргүүд хийгдсэн. Анхан шатны шүүхээс “Toyota Land Criuser 100” загварын автомашин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар тогтоох боломжгүй байна гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамж гарсан. Прокурорын зүгээс хэргийн нөхцөл байдлаас болон криминалистик шинжээч Мөнхдалайгийн дүгнэлт, мөн хохирогч нарын мэдүүлгүүдэд үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой, шаардлагатай бол шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж үндэслэлийг тайлбарлуулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ө.Ц “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөөч гэсэн байр суурьтай оролцсон. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ө.Ц нь буруутай үйлдэл хийгээгүй болох нь хангалттай нотлогдож байгаа. Жишээ нь, хэрэгт авагдсан 7 удаагийн шинжээчийн дүгнэлтэд Ө.Цыг буруутгасан үндэслэл байхгүй. Мөн прокуророос зөвхөн гэрч Солонгын мэдүүлгийг үндэслэн буруутгаж байгаа. Гэвч гэрч Солонго нь “би энэ хэргийн үйл явцыг гэрийнхээ цонхноос харж байсан” гэж мэдүүлдэг боловч мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдээд байдаг. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Иймээс процессын шинжтэй залруулгууд хийгдчихвэл энэ хэрэг цаашаа шийдэгдэх боломжтой. ...” гэв.

            Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүгчийн хэлснээр энэ хэрэг маш удаан шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний зүгээс прокурорт “хэрэв яллах гэж байгаа бол яллах талын нотлох баримтуудаа эргэлзээгүй болгож өгөөч” гэж хүсэлт гаргаж байсан. Тухайлбал, шинжээчийн дүгнэлтүүд Ө.Цт хамааралгүй ба үүнийг прокуророос үнэлэхгүй байна. Энэ хэрэгт тусгай мэдлэг шаардлагатай. Гэтэл тусгай мэдлэгийн хүрээнд гарсан дүгнэлтийг прокурор яагаад үндэслэлгүйгээр үгүйсгээд байгаа юм бэ гэж хүсэлт гаргаж байсан. Шүүгчийн захирамжид зааснаар эргэлзээтэй байгаа зүйлсийг нэг мөр шийдэхгүй бол цаг хугацааны хувьд улам удаашрах магадлалтай. Шинжээчийн дүгнэлтээр тухайн чиглэлд захаасаа 2 дахь эгнээнд явж байгаад захын эгнээ рүү шилжсэн гэх үйлдэл шалгагдсан. Мөн “Toyota Land Criuser 100” загварын автомашин дээрх байдлаар зорчих эгнээгээ өөрчилсөн тохиолдолд...” гэж асуусан. Учир нь, яг эгнээгээ өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй юм. Шүүгчийн захирамжид гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах талаар заасан. Прокурор эсэргүүцэлдээ Солонго, Баатарсүрэн, Энхболд нарын мэдүүлэг тогтвортой гэдэг боловч гэрч Солонго нь 6 удаа өөр агуулгатай мэдүүлгүүд өгсөн байдаг. Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь, энэ хэрэг маш удаан шийдвэрлэгдэж байна. Шийдвэрлэгдэхгүй явсаар байгаад сүүлдээ шүүгдэгч тал цагаатгаад өг гээд сууж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Гэрч Солонго “амь хохирогчид нэгдүгээр эгнээгээр явж байхад нь Баатарсүрэн, Ц нар хоёрдугаар эгнээнд явж байгаад шахаж мөргөлдөөд, амь хохирогч нар замын хажуу тал руу унасан” гэж мэдүүлсэн. Гэрчийг худлаа яриагүй гэж бодож байна. Миний хувьд Баатарсүрэн жолоочийг нэгдүгээр эгнээнд явж байсан машиныг шахаж унагаачихаад хэргийн газраас зугтсан гэж бодож байгаа учир Баатарсүрэнг бас шалгуулах хүсэлтэй байна. Мөн Ө.Цын өмгөөлөгч намайг 7 хүнээ алдчихаад байхад “битгий баашлаад яваад байгаарай чи” гэж хэлсэн. Үүнээс харахад энэ хүмүүс намайг бараг худлаа гүтгээд байна гэж яриад байна. Хэргийн газар бичлэг хийж байхад Ө.Ц найзуудтайгаа нийлж бичлэгийг минь устгуулж, миний эрхэнд халдсан. Энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Энэ хэргийг хурдан, шуурхай, үнэн, зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Ө.Цыг буруутай болохыг нотлох баримтууд хангалттай байна. Шүүгдэгчийн эхнэр нь хүртэл “чиний буруу шүү дээ, чи яах гэж шахаж байгаа юм бэ” гэж хэлсэн байдаг. Би үнэхээр их гомдолтой байна. Тэр машин дотор миний аав, ээж төрсөн эгч, мөн эхнэр, 2 хүүхэд маань байсан. Төрсөн эгч маань осол болсны дараа амьд байсан ба “миний хүүхдийг авраач гээд” өлгийтэй хүүхдээ цонхоороо гаргаж өгсөн юм байна лээ. Тэр хүнийг яагаад аварч болоогүй юм бэ. Иймээс энэ хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 6 сартай Б гэх охины төрсөн эх нь байна. Л.Лийн эгчид нь нялх хүүхдээ өргүүлсэн юм. Би маш их гомдолтой байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхээр 2 дахь удаагаа прокурорт буцааж байна. Шүүгчийн захирамжаас харахад гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах гэсэн байсан. Гэтэл хэрэгт гэрчүүд удаа дараа тогтвортой мэдүүлгүүд өгсөн байдаг тул нүүрэлдүүлэн байцаалт авснаар мэдүүлэг нэгтгэгдэнэ гэж үзэхгүй байна. Мөн энэ хэрэгт 7 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Дахин шинжээчийн дүгнэлт хийхэд өмнө гарсан 7 дүгнэлттэй адил гарвал шүүгчийн захирамжийг биелүүлээгүй үндэслэлээр дахин хэргийг прокурорт буцаах магадлалтай тул хэргийг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүх нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм бурууг шийдвэрлэх ёстой байтал шинжээч нарыг нэг талдаа гаргасан дүгнэлт хийж ир гээд өөрсдөөсөө холдуулаад байна гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт 7 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний 6 удаагийн шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн байх үндэслэлтэй. Үүнийг нь засаад хамгийн сүүлд механик, инженерийн сургуулийн эрдэмтэн багш нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэсэн. Мөн прокуророос шинжээчийн дүгнэлтүүдээр гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байгаа боловч хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдож байна гэж яллах дүгнэлтдээ дурдсан нь үндэслэлтэй байна. Учир нь, энэхүү хэргийн үйл баримтыг харсан ганцхан гэрч байгаа. Гэрч Солонго нь Цыг жилийн дараа таньж байсан. Мөн тухайн үед ямар ямар машин байсан, машинаас хэн хэн буусан зэргийг тодорхойлж, бүх зүйлийг тодорхой мэдүүлээд байгаа учраас үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн энэ хэрэг удаж байгаа шалтгаан нь Төв аймгийн прокурорын газар шалгагдаж байхдаа 3 удаа хэрэгсэхгүй болсон учраас бид холбогдох байгууллагуудад “гэрч Солонгын яриад байгаа хүнийг олох ёстой” гэж хүсэлт гаргасны үндсэн дээр Ө.Ц гэдэг хүнийг жилийн дараа олсон. Мөн энэ хэрэгт хэргийн газрын үзлэг 2 удаа хийгдсэн. Хамгийн эхэнд хийгдсэн нь шүүх бүрэлдэхүүний асуугаад байгаа хэргийн газрын үзлэг байгаа. Дараа нь 2018 оны 10 дугаар сард дахин хэргийн газрын үзлэг хийгдсэн юм. Учир нь, Ө.Цыг олсны дараа хэргийн газрын үзлэгийг нөхөн хийе гээд бид нар гэрчээр очиж үзлэг хийж байсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ө.Цыг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орой 20 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд “Toyota Land Criuser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэснийг зөрчин зэрэгцээ эгнээнд явсан Х.П жолоочтой “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйгээс “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, “Toyota Land Criuser 200” загварын 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Х.П, зорчигч Г.Л, Д.Э, Л.Ц, Л.Ш, Л.Ш, Э.Б нарын 7 хүний амь хохирсон. Уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Прокуророос “Ө.Ц нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь хохирсон” гэх үйл баримтыг дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэдий боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд автомашины осол болсон байдлыг харсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, прокуророос яллах үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2000 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ