Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 30 өдөр               128/ШШ2019/0628                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: ТЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ТЕГаас2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дугаар албан бичгээр Ж ХХК-д оногдуулсан 5,418.200 төгрөгийн торгууль, 4,831.100 төгрөгийн алдангийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаартай хяналт шалгалтын актаар оногдуулсан  торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай  хуульд хамруулж чөлөөлж өгөхийг ТЕГт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гадаад худалдаа явуулах чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаартай хяналт шалгалтын актаар тус компанид 2010-2011 оны 18.060.800 төгрөгийн нөхөн татвар, 5.418.200 төгрөгийн торгууль, 4.831.100 төгрөгийн алданги оногдуулсан. Тус актаар оногдуулсан 18.060.800 төгрөгийн   нөхөн татвараас 2013-2014 онд төлөгдсөн 11.660.000 төгрөг, 2015 онд төлөгдсөн 1.579.000 төгрөг, нийт 13.239.000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 4.821.800 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Тухайн хяналт шалгалтын актаар оногдуулсан 5.418.200 төгрөгийн торгууль, 4.831.100 төгрөгийн алдангийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу чөлөөлж өгөх талаар хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ТЕГт  гаргасан боловч, ТЕГын 2019 оны 03 дугаар сарын  20-ны өдрийн 10/809 дугаартай албан  бичгээр “Танай байгууллагад 244019 дугаартай хяналт шалгалтын актаар оногдуулсан нийт 28.310.100 төгрөгийн төлбөрөөс, танай байгууллага нь 2014 онд 12.670.000 төгрөгийг төлсөн байх ба өнөөдрийн байдлаар уг актын нөхөн татвар болох 15.641.100 төгрөгийн үлдэгдэлтэй” байгаа тухай дурдаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх торгууль алдангийн өргүй, гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэг, 251.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаартай хяналт шалгалтын актаар тус компанид оногдуулсан 5.418.200 төгрөгийн торгууль, 4.831.100 төгрөгийн алдангийг 2015 оны 08 дугаар сарын  11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2.1, 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөлд хамруулж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйл дээр татварын өр барагдуулах дарааллыг заасан байдаг. Энэ дарааллын дагуу “Ж” ХХК нь тухайн татварт ноогдох алданги торгуулийг төлөөд явж байсан. Одоогийн байдлаар тухайн байгууллага нь торгууль алдангийг төлж дуусаад, нөхөн татварын өртэй байдлаар явж байгаа. Өршөөл үзүүлэх тухай хууль нь нөхөн татвараа бүрэн төлөөд, торгууль болон алдангиас чөлөөлөх зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь татварын улсын байцаагчийн актаар оногдуулсан алданги болон торгуулийг эхэлж төлж дуусаад, Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсны дараа тухайн хуульд заасны дагуу манай байгууллагыг татвараас чөлөөлөхгүй байгаа нь тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн байгууллагын хувьд өр төлбөрөө төлөхөө илэрхийлээд, энэ ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжээд явж байгаа юм. Манай зүгээс нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хянаж үзээд зохих хариуг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 244019 дугаартай хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “ТЕГаас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/809 дугаар албан бичгээр Ж ХХК-д оногдуулсан 5,418.200 төгрөгийн торгууль, 4,831.100 төгрөгийн алдангийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Б дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаартай хяналт шалгалтын актаар оногдуулсан  торгууль, алдангийг  Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай  хуульд хамруулж чөлөөлж өгөхийг ТЕГт даалгуулах” гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгчээс “...манай компанид оногдуулсан 5,418.200 төгрөгийн торгууль, 4,831.100 төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулахгүй байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс торгууль алдангийг улсын төсөвт  түрүүлж төлөх ёстой тул нэгэнт төлөгдсөн төлбөрийг өршөөлд хамруулах боломжгүй” гэж  маргаж байгаа болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Б дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Н, Э.З нар  нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн татвар төлөгчдөд ТЕГын даргын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн удирдамж, 24/13/0865 тоот томилолтын дагуу “Ж” ХХК-ийн 2010-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн тайлан болон татварын тайлан, анхан шатны баримтыг үндэслэн хэсэгчилсэн хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар нийт 180607.6 мянган төгрөгийн зөрчил илэрч Татварын улсын байцаагчид “Ж” ХХК-ийн 2010-2011 оны 180607.6 мянган төгрөгийн хуурамч падаанаар хасуулалт хийсэн зөрчилд 18060.8 мянган төгрөгийн татвар, 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алданги нийт 28310.1 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаартай актаар тогтоожээ.

“Ж” ХХК нь дээрх актаар тогтоосон төлбөрөөс нийт 13200.0 төгрөгийг төлсөн байх бөгөөд  “...244019 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон  төлбөрөөс 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алданги нийт 10249.3 мянган төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой...” гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3дугаар зүйлийн 3.1-т “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн...” гэж зааснаас үзвэл энэ хуулийн үйлчлэх цаг хугацаа нь  2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарахаар мөн өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байхаар зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн “...Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд татварын өрийг алданги, торгууль, үндсэн өр гэсэн дарааллаар тогтоохоор заасан тул өршөөлийн тухай хуульд хамруулах боломжгүй...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь улсын байцаагч “Ж” ХХК-д 2013 онд хяналт шалгалт хийж зөрчил илрүүлэн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 244019 дугаартай акт тавьж, уг актаар тогтоосон 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн төлөх алданги, торгуулийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 244019 дугаар актаар “Ж” ХХК-д ногдуулсан 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хугацаанд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 244019 дугаартай актаар “Ж” ХХК-д ногдуулсан 5418.2 мянган төгрөгийн торгууль, 4831.1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ