| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00242/И |
| Дугаар | 130/ШШ2017/00471 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2017/00471
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2017/00471 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Шеруши төлек овогт М.К ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ержан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, тус эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.
Нэхэмжлэгч М.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг өөрчлөн томилох тухай 21 дүгээр тушаалаар тус эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд томилогдсон юм. Түүнээс хойш эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд томилсон байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагаас ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргаж байгаагүй юм.
Гэтэл ажил олгогч нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот буюу нэг дугаартай хоёр тушаал гарган М.К намайг нэгдүгээрт Мэс заслын Тасгийн ээлжийн сувилагчаар, мөн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар тус тус томилсон байсныг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдлээ. Гэтэл М.К би тус эмнэлгийн Мэс заслын хагалгааны сувилагчаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 2 дугаар сарын 20-ны хүртэл, 2 дугаар сарын 20-наас эхлэн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар одоо хүртэл ажиллаж байна. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Т.Серикжанд хандаж Намайг яагаад Мэс заслын тасгийн Ахлах сувилагчаас өөр ажилд шилжүүлж байгаа вэ, миний цалин хөлс буурна шүү дээ, би тус байгууллагад 30 гаруй жил Мэс заслын тасагт ажилласан хүн, Ахлах сувилагчийн ажлаас гарах ёсгүй гэж хэлэхэд тэрээр Таныг бид түр хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа, эргээд Мэс заслын тасгийн Ахлах сувилагчаар дахин ажиллуулна, Та одоохондоо түр ажлаа хийж бай, манай байгууллагын зарим тасгуудад ийм түр зуурын өөрчлөлт, зохицуулалт хийж байгаа гэж хэлсэн. Энэ үед би өөр ажилд шилжүүлсэн тушаалыг авья гэхэд дарга маань Та түр хугацаагаар ажиллаж байгаа учраас Танд өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргахгүй гэсэн юм. Ингээд би даргын хэлсэнчлэн тус Мэс заслын тасагт ээлжийн болон боолтын сувилагчийн ажлыг нилээд хугацаанд хийхээр болсон тул байгууллагын захиргаанд хандаж намайг өөр ажилд буруу шилжүүлж байна, би Та нар шийдвэрийг өөрчлөхгүй бол шүүхэд хандана, тушаалын нэг хувийг авна гэж хэлэхэд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай 2 тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 02-ны үед гардан авсан юм. Гэтэл ажил олгогч нь Таныг удахгүй Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эргэн авна гэсэн боловч одоо 4-р сар гарах гэж байгаад аваагүй учраас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Би өөр ажилд шилжин ажилласнаар цалин хөлс маань ойролцоогоор үндсэн цалин 63000 төгрөгөөр буурч байна.
Иймд М.К намайг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Ахлах сувилагчийн ажилд эгүүлэн томилох, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай тушаалуудын өөртөө холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч гаргасан.
Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ахлах сувилагчаар ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ээлжийн сувилагчаар, мөн боолтын сувилагчаар гэсэн тушаал гаргаж өгсөн. Энэ тушаалын талаар надад урьд нь мэдэгдээгүй. Мэдсэний дараа даргад очиж хэлээд асуудал тавьсан чинь эгүүлэн томилно, бүх тасгийн ахлах сувилагч нарыг сэлгэн ажиллуулж байгаа, эргээд тушаал гаргаж өгнө гэсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хагалгааны сувилагчаар ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс боолтын сувилагчийн ажлыг одоо хүртэл хийж байгаа. Энэхүү хоёр тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Тэр үед надад бүр тушаал гарсан гэдгийг мэдсэн. Даргын өмнөх хэлсэнд үгэнд нь итгээд боолтын сувилагчийн ажлыг түр хугацаагаар хийж байгаа гэж ойлгосон. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан шүүхэд ирүүлсэн тайлбартаа; М.Кы гомдолтой танилцаад дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.
М.К нь гомдолдоо ...намайг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот буюу нэг дугаартай хоёр тушаал гарган Мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар, мөн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар тус тус томилсон байсныг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдлээ гэж бодит байдалд үл нийцэх зүйлийг бичсэн байна. М.К нь надад өөрийгөө байгууллагын санхүүжилтээр мэс заслын сувилахуй судлалын мэргэжил дээшлүүлж суралцсанаа хэлж, хэрэв эзэмшсэн мэргэжлээрээ гэрээт газраа ажиллаагүй тохиолдолд сургалттай холбоотой бүх зардлыг эргүүлж төлөхөөр гэрээнд заасан тул мэргэжлээрээ томилон ажиллуулж өгнө үү хэмээн удаа дараа хүсэлт тавьдаг байсан юм.
Нэгэнт гэрээнд заасан мэргэжлийг эзэмшиж ирсэн ахлах сувилагч өөрөө хүсэлт гаргаж байсан тул түүнийг мэргэжлээрээ ажиллуулахаар болж, түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Мэс заслын тасгийн хагалгааны сувилагчаар томилсон билээ. Гэтэл М.К нь тушаал гарсны дараа гэнэт хагалгааны сувилагч хийхгүй, Мэс заслын тасгийн боолтын сувилагч хиймээр байна гэж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр хүсэлт гаргасны дагуу түүний өмнөх тушаалыг Мэс заслын тасгийн боолтын сувилагч хэмээн өөрчилж өгч байсан юм. Нэг өдрийн, нэг дугаартай 2 өөр тушаал гэж ярьж байгаа нь ийм учиртай юм. Үүнийг 2 өөр тушаал гэж ойлгохын оронд ажилтны хүсэлтээр засвар оруулсан нэг тушаал хэмээн ойлгох нь зүйтэй. Мэс заслын тасгийн 2 сувилагчийн мэргэжлийн аль аль нь түүний гэрээгээр эзэмшсэн мэргэжилд таарч тохирч байсан юм. Энэ бүгд зөвхөн түүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа болохоос ажилтны эрх ашигт нь халдсан асуудал биш юм.
Нэхэмжлэгчийг ахлах сувилагчаас Мэс заслын тасгийн сувилагчаар шилжүүлэн томилсон 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот тушаалуудын аль алийг нь хүний нөөцийн менежер түүнд гардуулж өгсөн юм. Хэрэв М.К тушаалуудыг гардаж аваагүй бол нэг дугаартай 2 тушаал гарсан гэдгийг яаж мэдэх билээ дээ. 12 дугаар тушаалыг гардаж авсны үндсэн дээр ахлах сувилагчийн ажлыг сувилагч Бергентайд хүлээлгэж өгсөн билээ. Үнийг нотлох гэрч нар ч байгаа.
Иймд өөрийгөө ахлах сувилагчаас чөлөөлөгдсөнийг 3 дугаар сарын 02-ны өдөр мэдлээ гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч М.К нь ажил олгогчтойгоо харилцан тохиролцож, өөрийн хүсэлтийн дагуу боолтын сувилагчаар ажиллаж байгаа мөртлөө ахлах сувилагчаас чөлөөлөгдөж тушаалаа гардан авснаас хойш 2 сарын дараа гэнэт ухаан орсон мэт эрхэнд маань халдлаа гэж худал хуурмаг дүүрэн гомдол гаргаж байгаа явдалд мэл гайхаж байна. 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажлыг хүлээлгэж өгөх өдөр тасаг дотроо хурал хийж сайн дурын үндсэн дээр сувилагч М.К нь ...ахлах сувилагчийн ажлаа М.Бд хүлээлгэж өгсөн ба хамт олондоо баярлалаа сайн, муу, алдаа дутагдал байсан байх, Одоо ажлаа хүлээлгэж өгнө. Элдэв асуудал гаргахгүй... гэж хэлж байсан.
Сувилагч М.К нь Мэс заслын тасгийн ахлах сувилагчаас чөлөөлөхдөө ямар нэгэн санал, гомдол хэлж байгаагүй, цалин хөлс буурах талаар асуудлыг тавьж байгаагүй болно. Би түүнд түр хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа, эргээд ахлах сувилагчаар томилох болно гэж хэлж байгаагүй. Энэ бол түүний санаанаасаа зохиосон зүйл болно.
Мөн гомдол гаргагч М.К 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Иймээс нэг хүн 2 төрлийн гэрээ байгуулан, 2 орон тоонд ажиллах боломжгүй. Түүний өмнөх Ахлах сувилагчийн хөдөлмөрийн гэрээ нь Боолтын сувилагчаар томилогдож гэрээ байгуулснаар дуусгавар болсон юм.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 183 тоот тушаалын гуравдугаар хавсралтын В хэсэгт заасан ахлах сувилагчид зайлшгүй тавигдах шаардлага болох ахлах сувилагч заавал БАКАЛАВР-ын зэрэгтэй байх гэсэн шаардлагыг сувилагч М.К нь хангахгүй бөгөөд уг шаардлагыг хангаж буй сувилагч Бергентайг Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар томилсон явдал болно. Өөрөөр хэлбэл М.К нь мэргэжлийн хувьд маргаж буй ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй болсон юм.
Иймд нэхэмжлэгч М.Кы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч М.К нь тус байгууллагад 30 гаруй ажил ажилласан нь үнэн. Бид нар нэг хүнийг ажилгүй болгох гээд хөдөлмөрлөх эрхэд нь халдсан зүйл байхгүй. Бүх зүйл харилцан тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн гэж ойлгож болно. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 тоот тушаал гээд хоёр удаа тушаал гарсан юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яагаад ийм хоёр тушаал гарсан бэ гэдэг талаар ярих ёстой. Анх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч Би ахлах сувилагчийн ажлыг хийхээ болилоо, улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж ирсэн, мэргэжлээрээ ажиллах хүсэлттэй байна. Хэрвээ тухайн сургалтад суралцсан мэргэжлийн дагуу ажиллах юм бол улсаас гарсан зардлыг би хариуцахаар болчхоод байна. Тийм учраас мэргэжлийн дагуу ажлаа солимоор байна гэсэн асуудлыг дэвшүүлсэн байдаг. Ажил олгогчоос 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүсэлтийг хүлээж аваад мэс заслын тасагт ээлжийн сувилагчаар томилсон байдаг. Тэгээд нэг сар гаруй ажиллаад Ер нь би ээлжийн сувилагчийн ажлыг хийж чадахгүй юм байна, намайг боолтын сувилагчаар томилоод өгөөч гэсэн хүсэлтийг дахиад гаргасан. Ажил олгогчоос Та ажиллаад нэг сар боллоо, дахин дахин яагаад ингээд байгаа вэ. Гэхдээ таны ажилласан жил болон туршлагыг харгалзан таны хүсэлтийг харж үзье гэдэг утгаар хүлээж аваад өмнө нь гаргасан байсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж боолтын сувилагчаар ажилласан мэтээр өөрчлөлт оруулаад өгсөн байдаг. Тэгэхэд өмнөх тушаалыг авч ирээд хураалгах асуудлыг ярьсан боловч дараа өгье гэж хэлээд сүүлд өөрчлөгдөж гарсан тушаалыг аваад өмнө нь гаргасан тушаалыг эргүүлж өгөөгүй асуудал байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гарт хоёр тушаал явсан байгаа юм. Яагаад энэхүү 12 дугаартай тушаалыг өөрчлөөд хаясан бэ гэхээр ээлжийн болон боолтын сувилагчийн цалин хөлс, цалингийн сүлжээ, албан тушаалын зэрэглэл бүгд адилхан байсан учраас иймэрхүү залруулга хийсэн.
Өөрөөр хэлбэл ээлжийн гэсэн үгийг хасаад боолтын гэсэн үгийг нэмсэн. Өөр өөрчлөлт байхгүй. Уг тушаалыг авчхаад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ажиллаад явж байсан. Энэ дээр нэг зүйлийг хэлэхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалаа авчхаад ажил хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүн гараад ажил хүлээлцэх ажиллагаа явагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэс заслын тасагт бүх ажилчдыг цуглуулж аваад хоёр асуудал яригдсан. Тэрний нэг нь ахлах сувилагчийн ажил солигдсонтой холбоотой яригдсан зүйл, хийгдсэн ажиллагаанууд байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Энэхүү ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүн, мөн тэнд ажиллаж байсан ажилчдын гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Үүнд, Ханат, Бейсен эмч, тэмдэглэл хөтөлсөн Хазыбек гэх мэт хүмүүс байсан. Гэтэл нэхэмжлэгч гэнэт 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ийм тушаал гарсан байсныг олж мэдлээ гээд гэнэт санаж байна гэдэг нь эргэлзээтэй байна. Бид нар үүнийг худлаа ярьж байна гэж ойлгож байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ямар ажил хийж байгааг мэдсээр байж мэдээгүй юм байна гэдэг байдлаар хандаж байгаа нь өөрөө үндэслэл муутай гэж үзэж байгаа. Мэдээж өөрөө ганцаараа хүнгүй газар ажиллаагүй. Эргэн тойронд маш олон хүмүүстэй цуг ажилладаг. Энэ бол зүгээр л нэг ажил биш.
Ийм ажлыг хариуцаад хийгээд 2 сарын дараа энэ ажлыг хиймээргүй байна, өмнөх ажлыг хиймээр байна гэдэг асуудал яригдсан. Энэ дээр анх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримталсан. Энэ бол талууд харилцан тохиролцсоноор нэхэмжлэгчтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод мөн хуулийн 21, 24 дүгээр зүйлийг баримтлаад ээлжийн болон боолтын сувилагчаар томилсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад хоёр хувь үйлдэж нэг хувийг гардуулж өгсөн. Энэхүү хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан байдаг. Тус хөдөлмөрийн гэрээг төвөөс жишиг хөдөлмөрийн гэрээг боловсруулагдаад ирдэг. Тэрнийг нөхөөд бөглөж өгдөг. Үүнийг бол аль аль тал мэдэж байгаа. Энэ дээр танилцаад гарын үсгээ зурсан байдаг. Гарын үсэг зураад тухайн ажлыг хүлээж аваад хийгээд явж байгаад 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа; Миний бие 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны коллежийг сувилагч мэргэжилтэй, БАКАЛАВР-ын зэрэгтэй төгссөн юм.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 6 дахь жилдээ ажиллаж байгаа.
Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 13 тоот тушаалаар Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар томилогдсон билээ. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажлыг сувилагч М.Каас хүлээж аваад одоо хүртэл ажиллаж байгаа болно.
Нөгөө талаар миний бие Эрүүл Мэндийн Сайдын холбогдох тушаалын хавсралтын В хэсэгт заасан зайлшгүй тавигдах шаардлага болох ахлах сувилагч нь сувилагч мэргэжилтэй БАКАЛАВР-ын зэрэгтэй байх ёстой гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.
Сувилагч М.К нь өөрийн хүсэлтээр Мэс заслын тасгийн боолтын сувилагчийн албан тушаалд томилогдсон бөгөөд надад сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ талаар хавтаст хэрэг авагдсан өөрийн гараар бичсэн өргөдөл болон хамт олны хурлын тэмдэглэл зэрэгт тодорхой байгаа юм
Иймд шүүхээс хүсэх нь: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний эрх ашиг хөндөгдөж байгаагаас гадна М.Кы шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ахлах сувилагчаар тушаал гарсан гэдгийг мэдсэн. Тэр өдрийн орой ээлжид гарсан. М.Кы оронд тушаал гарсан байна, та ажлаа хүлээж аваарай гээд 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр тасгийн хурал хийгээд 26-ны өдөр ажил хүлээлгэж өгсөн. Энэ үед би ажлаа ганцаараа хүлээж аваагүй. Энэ үед ажил хүлээлцэх комисс ирээд бүх ажлыг хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулсан. Би даргын тушаалын дагуу ажил авсан гэж үзэж байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.К нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.
Нэхэмжлэгч М.Кыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай тушаалаар тус эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар томилон ажиллуулсан ба 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай 2 удаагийн тушаалуудаар М.Кыг Мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар, боолтын сувилагчаар томилон ажиллуулжээ. М.К нь дээрх тушаалуудыг эс зөвшөөрч өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авсан талаар тайлбарласан ба хариуцагч талаас уг шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гардуулж өгсөн талаар тайлбарласан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй бөгөөд ажил олгогчоос М.Кд ажлаас өөрчилсөн тухай шийдвэрүүдийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гардуулж өгсөн талаар шууд нотлох баримт байхгүй байна. Гэрч Е.Иманжүсипээс боолтын сувилагчаар томилсон тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж мэдүүлж байгаа боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.
Бусад гэрчүүд болох Б.Ханат, К.Күлзира, Б.Хазыбек нарын мэдүүлгүүд нь нэхэмжлэгч М.К нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олны хуралд оролцсоныг, ажил хүлээлцэж өгснийг нотлохоос биш ажил олгогчийн өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалыг нэхэмжлэгч М.К 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авсныг нотлохгүй болно.
Ажил ологчоос 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр М.Ктай боолтын сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулсан явдал нь түүний ажил олгогчийн өөр ажилд буруу шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж үзлээ.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч М.К нь өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай Тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг өөрчлөн томилох тухай тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалт, мөн хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 7.1.2 дугаар заалтыг тус тус үндэслэн Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байсан М.Кыг Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар томилон ажиллуулсан, Мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар тус тус томилон ажиллуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсон үндэслэлээр дуусгавар болохоор заажээ. Хариуцагч талаас уг үндэслэлийг нотлох баримтаар М.Кы 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийг гаргаж өгсөн байна. Гэвч энэхүү хүсэлтийг огнооны хувьд М.Кыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөр ажилд шилжүүлсний дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх тул хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч талаас М.Кыг Мэс заслын тасгийн ахлах сувилагчаас чөлөөлж ээлжийн сувилагчийн ажилд томилсон боловч М.К нь боолтын сувилагчаар ажиллахаар хүсэлт гаргасан тул ажилтны хүсэлтийн дагуу урьд гарсан тушаалын зөвхөн ээлжийн сувилагч гэснийг боолтын сувилагч болгосон ба энэхүү 2 тушаал нь угтаа нэг тушаал юм гэж тайлбарлажээ. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай тушаалаар эхлээд Мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар томилсон гэх боловч тухайн үед ажилтантай тохирсон, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтнаас санаачилсан тухай нотлох баримтгүй болно.
Хариуцагчаас М.К нь ахлах сувилагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэж тайлбарласан боловч М.Кыг өөр ажилд шилжүүлсэн тухай тушаалд уг үндэслэлийн талаар дурдаагүй байх тул уг тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.
Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зохицуулсан бөгөөд энэхүү үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар ажилтанд мэдэгдэх үүрэгтэй болохыг анхаарах нь зүйтэй байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай Тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг өөрчлөн томилох тухай тушаалуудад байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.2, 7.1.2 дугаар заалтуудыг үндэслэсэн боловч нотлох баримтаар байгууллагын дотоод журмыг гаргаж ирүүлээгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна.
Ажил олгогчоос ажилтантай тохирсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тогтоогдохгүй байгаа, М.Кыг өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрүүд нь цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд М.Кыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Кыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК