Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0357

 

2016 оны 6 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0357

Улаанбаатар хот

З.У-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэртэй, иргэн З.У-н нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: Хойд овгийн З-н У миний бие Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг, Даланзадгад сумын зүүн хойно Хаяагийн голд мод тарих зориулалтаар 5 га газрыг мөн сумын Засаг дарга Б.Б-н 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147дугаар захирамжийн дагуу эзэмшдэг. Гэтэл Даланзадгад сумын Засаг дарга Ц.Б 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж надад газар эзэмшүүлсэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүх 2015 оны 6 сарын 26-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тухайн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн юм. Тэгтэл дахин Даланзадгад сумын Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/144 тоот захирамж гаргаж надад газар эзэмшүүлсэн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжийг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож иргэн миний газар эзэмших эрхийг удаа дараалан зөрчсөн болохоор гомдлоо аймгийн Засаг даргад 2015 оны 8 сарын 28-ны өдөр гаргахад хариуг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлаас өөр, бусдын газартай давхацсан байгаа тул олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний эзэмшлийн газар дээр Т ХХК шатахуун түгээх станц барьж ашиглалтад оруулсан байгаа. Энэ компанид 2014 онд миний эзэмшил газрыг давхардуулан аймгийн Засаг дарга захирамж гарган газар олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байгаа. Шүүхээр шийдвэрлүүлсэн байтал дахин дахин хууль бус захирамж гарган надад газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломж өгөхгүй, удаа дараа газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож хохироож байна. Иймд Даланзадгад сумын Засаг даргын Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Зориг овогтой Ууганбаяр нь 2012 оны 01 дүгээр сарын 17-нд Даланзадгад сумаас зүүн хойш 4.5 км-т мод тарих зориулалтаар 5 га газар эзэмших хүсэлтээ Даланзадгад сумын Засаг даргад гарган 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэлийн дэвтрийн 14 дугаарт бүртгэгдсэн. Даланзадгад сумын газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/12 дугаар тогтоолоор Даланзадгад сумын 8 дугаар баг, Хаяагийн голд 5 га газар, мод тарих зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжаар Даланзадгад сумын 8 дугаар баг сумын төвийн зүүн хойно байрлах газарт 50000 м2 газар 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарган гэрээ, гэрчилгээ олгосон байна. Тухайн хугацаанд З.У нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт Газрын мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан ба өргөдөл, материал хүлээн авах, захирамж төлөвлөн гаргуулах, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан, гэрчилгээ олгох ажиллагааг гардан гүйцэтгэсэн. Мөн газрын хэмжилтээ өөрөө хийн, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар кадастрын зургаа хийлгэлгүй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хэмжилт хийсэн газраа баталгаажуулах үедээ дур мэдэн газрын байршлыг өөрчлөн өөрийн анх хүсэлт гаргасан сумаас зүүн хойш 4.5 км зайтай газарт биш мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталгаажин Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд суугдсан Хаяагийн голд биш 8-р баг хуучин нефть хангамжийн баазын хойд талд кадастрын зураг хийлгэж, тухайн газраа эзэмшилдээ авах гэсэн үйлдэл нь дараах хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт /Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/, З.У-н хүсэлт гаргасан газрын байршил нь сумын Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд Хаяагийн голд 5 га газар эзэмшүүлэхээр тусгагдсан. 2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт /Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын байршлыг дур мэдэн өөрчилж хуучин Нефть баазын хойд талд газар эзэмшихээр санаархан кадастр хийлгэсэн. 3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, - Тухайн захирамж төлөвлөн гаргах хугацаанд З.У нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт Газрын мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан ба өргөдөл, материал хүлээн авах, захирамж төлөвлөн гаргуулах, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан, гэрчилгээ олгох ажиллагааг гүйцэтгэхдээ энэ талаар хариуцсан дээд шатны удирдлагад /Засаг даргын Тамгын газрын дарга/ ямар нэг мэдэгдэл гаргалгүй шийдвэрлэсэн. Иймээс сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/147 дугаар захирамжийн хавсралтаас иргэн З.У-дай холбоотой заалтыг хүчингүй болгох тухай сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамж гаргасан. Иргэн З.У-д газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдсан байршилдаа газраа сэргээн авах хүсэлт гаргавал хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой талаар удаа дараа хэлсэн. Урьд нь энэ асуудлаар явагдсан шүүх хурлууд дээр мөн л хэлж эвлэрэх санал гаргасан боловч З.У хүлээж аваагүй. Өнөөдрийн байдлаар Зориг овогтой Ууганбаяр нь хүчингүй болгосон газраа сэргээн авах талаар ямар нэг хүсэлт өргөдөл сумын Засаг даргад гаргаж өгөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компанид Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/670 тоот захирамжаар тус аймгийн Даланзадгад сумын 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хот явах замын урд З500 м.кв газрыг Шатахуун түгээх станц-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газар эзэмших гэрээ-г байгуулан газрын төлбөрийг төлж, кадастрын зургийг хийлгэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэн хүлээн авсан бөгөөд зориулалтын дагуу Шатахуун түгээх станц"-ын зураг төслийг боловсруулан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас үнэлгээ хийлгэн дүгнэлт гаргуулсан. Өмнөд бүсийн Ц ХК-иас 29/2015 тоот техникийн нөхцөлийг холбогдох байгууллагуудаар схем зургаа батлуулан, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2015/37 дугаартай зөвшөөрлийн үндсэн дээр Шатахуун түгээх станцыг байгуулаад байна. Энэ станцыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс-т хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаа эхлэн орон нутгийн 5 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Дээрх ажлууд бүгд Газрын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн, хөдөө орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлээс оруулсан бодит хөрөнгө оруулалт болсныг нутгийн иргэд сайшаан дэмжсэн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйл зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн З.У-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 8 сарын 03-ны өдрийн Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай А/144 дүгээр захирамжийн З.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитой талаас нь үнэлээгүй. Тодруулбал, хариуцагчаас гаргаж өгсөн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд З.У-д эзэмшүүлэх газрын байршлыг Даланзадгад сумын 8 дугаар баг Хаяагийн гол хэмээх газарт нэр зааж шийдвэрлэсэн байна. Гэтэл Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн а/147 дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, маргаан гарсан газар нь Хаяагийн гол гэдэг газар биш огт хамааралгүй газар болохыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Мөн хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн төдийгүй Т ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үнэлсэн нь алдаатай болсон. Хэрвээ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл тус компанийн үйл ажиллагаа явуулж буй газар олгосон шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Ийм байхад гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үнэлэх нь буруу юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ... Шүүх тус компанийг эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж гуравдагч этгээдээр татан оруулсан атлаа тус компанид аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж буй газар нь маргаан бүхий газартай ямар холбоотой болохыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснээс гуравдагч этгээдийн эрх ашигт нөлөөлсөн шийдвэр болсон бөгөөд шийдээгүйн нотолгоо юм. Шүүх маргаан бүхий газрын байршлыг мэргэжлийн байгууллагаар болон нотлох баримтаар тогтоогоогүй зэрэг захиргааны хэргийн нотлох үүргээ гүйцэтгээгүй атлаа Т ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үндэслэлгүй, буруу алдаатай дүгнэлт гарган шийдвэрлэснээрээ гуравдагч этгээд болох тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзэж байна.

Иймд нотлох баримтуудыг бодитойгоор үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/147 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.У-д Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын зүүн хойно байрлах газарт 50000 м.кв газрыг мод тарих зориулалтаар 60 жилийн хугацаагаар  эзэмшүүлжээ.

Хариуцагч Даланзадгад сумын Засаг дарга 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хууль бус захирамжийг хүчингүй болгох тухай” А/144 дүгээр захирамжаар дээрх А/147 дугаар захирамжаа хүчингүй болгосныг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд уг маргаан бүхий захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/12 дугаар тогтоолоор иргэнд мод тарих зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталсан байх бөгөөд уг тогтоолд тухайн байршил нь Даланзадгад сумын 8 дугаар баг, Хаяагийн гол нэртэй газарт олгохоор төлөвлөжээ.

Гэтэл нэхэмжлэгч З.У-г тогтоолд заагдсан байршилд мод тарих зориулалтаар газар эзэмшээгүй, тогтоолд заагдсан байршлыг нь өөрчилж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшихээр дур мэдэн газрын байршлыг сольсон болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 62 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан газрын байршлыг харуулсан зураг, сумын байршлын тойм зураг, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн дур мэдэн байршлыг нь сольсон газар нь гуравдагч этгээд “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхацсан зэргээс үзэхэд тухайн газар нь мод тарих зориулалтаар олгогдсон байршил мөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй байна.

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 33.4 дэх хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасантай нийцээгүйгээс гадна уг газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн гэж үзэхээргүй байх ба Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана” гэсэн зарчмыг алдагдуулсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч З.У нь Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт Газрын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа дээрх газар эзэмшихийг хүссэн өөрийнхөө өргөдлийг бүртгэл, хяналтын картад тэмдэглэн хүлээн авч, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0378720 дугаартай гэрчилгээг 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрөө гарын үсгээ зурж, өөртөө олгож, мөн өдрөөр огноолсон Иргэнд газар эзэмшүүлэх гэрээг  өөрөө өөртэйгөө байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ба газрын гэрчилгээний үнийг гэрчилгээ гарсны дараа буюу 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

   

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88  дугаар  зүйлийн  88.1.1 дэх хэсэгт  заасныг  тус  тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2,  33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харицагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ