Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0355

 

 

 

 

                                                

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0355

Улаанбаатар хот

Ж.Э-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэртэй, иргэн Ж.Э-н нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Э миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр тушаалаар Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдон 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дээрх асуудлаар өргөдөл өгсөн бөгөөд түүний хариуг аваад 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Б-тэй уулзахад Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга болох хүсэлт надад тавьсныг Ж.Э миний бие хүлээн зөвшөөрч ашиг сонирхлын мэдүүлэг авахаар Авлигатай тэмцэх газарт хандсаны дагуу хариу нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/7182 дугаар албан бичгээр ирсэн. Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигт дурдсан асуудалд хамааралгүй болох тухай аймгийн прокурорын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Б-д 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Энэ хугацаанд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга томилогдоогүй байсан бөгөөд удалгүй тушаал гаргана гэсэн хариуг Д.Б дарга өгсөн. Үүний дараагаар өөрийн биеэр дахин уулзахад шадар сайд Тэрбишдагва өөр хүн томил гээд байна та хүлээж бай гэсэн. Тэр хүн нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй иргэн байсан. Ажилд томилоогүй болохоор нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасан. Гомдлынхоо хариуг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлөөс авсан. Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичгүүдэд Мэргэжлийн хяналтын газрын буруу байна ажлын байраар ханга гэсэн байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга шинээр томилогдсонтой холбоотойгоор 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газрын дарга Ш.Р-д өргөдөл өгсөн. Өргөдлийнхөө хариуг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан болно. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Орхон аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын даргаар түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна. Гэтэл Ж.Э би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй байсаар байтал дээрх газруудын даргын албан тушаалд томилохгүй байна. Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчин, ажлаар хангах бүрэн боломжтой байхад санаатайгаар ажлаар хангахгүй байгаа болно. Ж.Э миний бие ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажлаас халагдаагүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд Ж.Э намайг өмнөх албан тушаалын цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Ж.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү албан тушаал чөлөөлөгдсөнөөс хойш түүнийг мэргэжил мэргэшлийн дагуу урьд авч байсан цалин хөлсийг нь бууруулахгүйгээр бусад аймгийн Мэргэжлийн хяналтын даргын албан тушаалд томилох сул орон тоо байсаар байтал өнгөрсөн хугацаанд зохих сонгон шалгаруулалтад орж, хуулийн дагуу төрийн албанд ажиллах эрх нь үүссэн Ж.Э-г томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна. Иймд Ж.Э намайг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш өмнөх албан тушаалын цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалтай адилтгах түвшний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Ж.Э намайг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан цалинг өмнөх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал ТЗ-9-5 зэрэглэлийн 751.488 төгрөгийн үндсэн, зэрэг дэвийн нэмэгдлийг 20 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар тооцон олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр тушаалаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон байна. Гэвч Ж.Э нь өмнө Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Ц-г ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай” 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаар тушаалаар Н.Ц-г Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд томилж, Ж.Э-г мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал, Н.Ц нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 51, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар тогтоолуудаар Н.Ц-г ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан. Ж.Э нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаар тушаалын 1, 4 дэх заалтууд нь иргэн миний эрх ашгийг зөрчиж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын буруутай үйл ажиллагаанаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын адил зиндааны ажил өгөх ёстой. Иймд төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалж Ж.Э надад урьд өмнө эрхэлж байсантай адил хэмжээний ажил олгох шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 268 дугаар тушаалын 1, 4 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн дагуу хүчингүй болгож өгнө үү” гэсэн өргөдлийг Төрийн албаны зөвлөлд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс манай газарт 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичгээр “Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд Н.Ц-г томилсон, чөлөөлсөнтэй холбоотой маргаан холбогдох шүүхийн байгууллагад хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт явагдаж байх хугацаанд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Ж.Э-г томилсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын эрх бүхий албан тушаалтнуудын буруутай шийдвэр байна. Ж.Э-н өргөдлийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрх зүйн актын хүрээнд хянан шийдвэрлэж хариуг Ж.Э-д өгөх” үүрэг чиглэл өгсний дагуу Ж.Э-г Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилох саналыг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О-д хүргүүлсний зэрэгцээ Ж.Э-н хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2/2482 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн “Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийн тухай” 03/7182 дугаар албан бичгээр “...Ж.Э нь нийтийн албанд болон Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын төсвөөс 3.220.000 төгрөгийг бусадтай бүлэглэн завшсан гэх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иймд Ж.Э-д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад түүнийг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дах хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллана уу” гэсэн хариу ирсэн учраас томилгоо хийгдээгүй байна. Мөн Төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежерийн албан тушаалын сул орон тоонд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулахаар Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмаар зохицуулсан байдаг. Уг журмын 40 дүгээр зүйлд “Удирдах албан тушаалтын нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39 дүгээр зүйлд заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдөөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасан. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ журмыг удирдлага болгож, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 12 дугаар сард нийтэд зарлаж, зохион байгуулсан ба сонгон шалгаруулалтын тайланг 2015 оны 01 дүгээр сард хэлэлцэн хамгийн өндөр оноо авсан Б.С-г 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Ж.Э нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрх нь нээлттэй байсан боловч ороогүй учраас энэ албан тушаал томилох боломжгүй байгаагаа түүнд албан бичгээр хариу өгсөн. Ж.Э нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилон ажиллуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Р-д 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дахин гаргасан байдаг бөгөөд уг албан тушаалд сонгон шалгаруулалтын дүнгээр өөр хүн нэгэнт нэр дэвшсэн учраас хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариу өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-г 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу зохих албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 11 сар 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг Ж.Э-д зохих журмын дагуу тооцож олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-г 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш бололцооны дагуу зохих албан тушаалд томилох”-ыг манай газарт даалгасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Ж.Э-г 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай” 268 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлснөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хэлтсийн дарга, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллах санал тавьсан боловч Ж.Э нь тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дамжуулан Н.Ц-тэй ажиллах боломжгүй гэдгийг хэлсэн байдаг.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасны дагуу Н.Ц-с авсан гэрчийн мэдүүлэг, тэмдэглэл нь нотлох баримтын шаардлагыг хангаж байна гэж үзэж байна.

  1. Ж.Э нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг.

            Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс манай газарт 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичгээр чиглэл өгсний дагуу Ж.Э-г Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилох саналыг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О-д хүргүүлсний зэрэгцээ Ж.Э-н хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/2482 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

            Авлигатай тэмцэх газраас 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн тухай” 03/7182 тоот албан бичиг ирүүлсэн учраас томилгоо хийгдээгүй байна.

            Төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежерийн албан тушаалын сул орон тоонд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулахаар Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулсан байдаг. Уг журмын 40 дүгээр зүйлд “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдөөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасан.

            Тиймээс МХЕГ энэ журмыг удирдлага болгож, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 12 дугаар сард нийтэд зарлаж, зохион байгуулсан ба сонгон шалгаруулалтын тайланг 2015 оны 01 дүгээр сард хэлэлцэн хамгийн өндөр оноо авсан Б.С-г 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн МХГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

            Ж.Э нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрх нь нээлттэй байсан боловч ороогүй учраас энэ албан тушаалд томилох боломжгүй байгаа талаар түүнд албан бичгээр хариу өгсөн байдаг.

            Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” гэж заасны дагуу Ж.Э-д тухайн үед манай газраас 3 ажлын байрыг санал болгож хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.

            Тухайн үед байсан дээрх санал болгосон 3 ажлын байрны 2 нь буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар санхүүгийн хэлтсийн дарга, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчаар шууд томилох бололцоотой байсан ба Ж.Э хүлээж аваагүй, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал нь сонгон шалгаруулалтаар томилогдох албан тушаал байсан.

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийг үндэслэл болгон шийдвэрлэсэн тухайд”

            Дээрх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийг үндэслэл болгосон нь маргаан бүхий захиргааны акттай огт хамааралгүй байна.

Ж.Э-г ажлаас  чөлөөлөхдөө дээрх хуулийн заалтыг үндэслэл болгоогүй, шүүхийн шийдвэрийг үндэслэн чөлөөлсөн байна. Мөн маргаан бүхий захиргааны актын 4 дэх заалтад мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан байтал шүүх уг заалтыг хүчингүй болгоогүй байж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасан нь хууль зүйн үр дагаврын хувьд зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай” 268 дугаар тушаалаар өмнө Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Ц-г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Э-г Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Н.Ц-г тус албан тушаалд томилжээ.

Нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга дээрх тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш өмнөх ажил, албан тушаал бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилохгүй байна хэмээн шүүхэд хандсан байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/2483 дугаар албан бичгээр Хэнтий аймгийн Засаг даргад Ж.Э-г Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилох санал хүргүүлсэн байх ба Авлигатай тэмцэх газраас Ж.Э-г Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж мэдэгдсэн тул уг албан тушаалд томилоогүй байна.

Улмаар Архангай аймгийн прокурорын газрын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба ийнхүү нэхэмжлэгчийг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн Авлигатай тэмцэх газрын мэдэгдэлд дурдсан нөхцөл байдал арилсан байна.

Үүний дараа нэхэмжлэгч Ж.Э 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу тус зөвлөлөөс хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Б-д “...удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж томилогдсон Ж.Э-г зохих ажлын байраар хангаж, төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй...” хэмээн мэдэгджээ.

Хариуцагчаас уг мэдэгдлийг хүлээж аваад сул орон тоо гарсан тохиолдолд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх боломжтой хэмээн нэхэмжлэгчид хариу өгсөн байна.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40-д “...өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл  сонгон шалгаруулалтад дахин орно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоход дахин сонгон шалгаруулалтад орох ёстой гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэсгүй.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2015 онд аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг томилохдоо нэхэмжлэгч Ж.Э-г сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгөөгүй гэх үндэслэлээр орхигдуулсан зэргээс үзэхэд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн үед манай газраас 3 ажлын байрыг санал болгож хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлж ажилласан” гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон гэх боловч нэхэмжлэгч Ж.Э эрхэлж байсан албан тушаалаасаа өөр албан тушаалд ажиллахыг зөвшөөрөөгүй, хариуцагч нь аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилох боломжтой байсан боловч “дахин сонгон шалгаруулалтад орох ёстой” гэж үзэн, түүнийг тухайн албан тушаалд томилоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан ажил, албан тушаалд томилох боломжтой байхад тодорхой бус шалтгаанаар тухайн албан тушаалд томилохгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх боломжгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга гэж тодорхойлон түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилох эрх бүхий этгээд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийг баримталсан нь буруу бөгөөд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу ажил, албан тушаалаас чөлөөлсөн байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу тооцож олгосон нь буруу байна.

Иймд, шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 3 дахь заалтыг 2 болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг  “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “нэхэмжлэгч Ж.Э-г 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай” 268 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснөөс хойш өмнөх албан тушаалын цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу удирдах албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнөх албан тушаалтай адилтгах түвшний албан тушаалд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж”, “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 болгож,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ