Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

 

 

 

    А.А, Б.Д, Д.Д,

    Л.Г нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Р.Энх-Оюун,

            шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Агваандорж,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Галбадар,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мянган,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн  720 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч Ч.Ням, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Агваандорж, шүүгдэгч Л.Г болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, Ц.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.А, Б.Д, Д.Д, Л.Г нарт холбогдох 1709015310246 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хүрэмт овгийн Б.Д, Улаанбаатар хотод 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвижих” ХХК-д реалтор ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ДО.................../,

 

2. Буянтээл овгийн А.А, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1990 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь-3 гудамжны 87-3 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: МФ..................../,

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 330 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болсон /1-р хх 122/,

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 175 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болсон /1-р хх 144/,

 

3. Мянгад овгийн Д.Д, Улаанбаатар хотод 1984 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарагийн 12 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: УБ...................../,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн /1-р хх 119/,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн /1-р хх 120/,

2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болсон /1-р хх 124/,

 

4. Чонос овгийн Л.Г, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжны 51 дүгээр байрны 4 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Оросын байрны 117 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар: МЮ82062019/,

 

А.А, Д.Д, Б.Д нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчимд автобусанд явж байсан Б.Буянхишигийн халааснаас  448,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утас хулгайлсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дyraap эмийн сангийн автобусны буудал дээр насанд хүрээгүй Б.Хулангийн халааснаас 176,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-1 Эйс” загварын гар утас хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” авто вокзал дээр Д.Пүрэвжавын халааснаас 108,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галкси эс-3 мини” загварын гар утас хулгайлсан,

А.А, Д.Д нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Цэрэндуламын халааснаас 372,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утас хулгайлсан,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” авто вокзал дээр хохирогч  Б.Барын цүнхнээс хэтэвч, мөнгөн гинж, бэлнээр 26.000 төгрөг хулгайлж, нийт 66,800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Д ганцаараа 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вест” бааранд үйлчлүүлж байхдаа Э.Сүнжиндмаагийн 320,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei-Y5” загварын гар утсыг түүний найз Б.Ганжигүүрийн халааснаас хулгайлсан,

Л.Г нь А.А, Д Д нарын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Цэрэндуламын халааснаас хулгайлсан “Самсунг жи-7” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор утасны IMEI дугаарыг нь “BOX” төхөөрөмж, зөөврийн компьютер ашиглан өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Д, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “прокуророос Д.Д-ийг Б.Д, А.А нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Б.Д, А.А нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Д.Дийг ганцаараа болон Б.Д, А.А нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Л.Гийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ийг 2 жил, А.Аийг 3 жил, Д.Д-ийг 4 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 2 жил, А.А-д оногдуулсан 3 жил, Д.Д-д оногдуулсан 4 жил, Л.Г-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д, А.А нарын цагдан хоригдсон 7 хоног хоног, Д.Д-ийн цагдан хоригдсон 17 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Самсунг Жи-7” загварын гар утсыг хууль ёсны эзэмшигч Б.Цэрэндуламд буцаан олгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, “Dell XPS” загварын зөөврийн компьютер, “Box” нэртэй төхөөрөмжийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож, Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1610 0000 0172 8229 дугаартай нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Улаанбаатар смарт” карт 1 ширхэгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, “Бест” баарны камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Л.Гоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 20.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д, А.А, Д.Д, Л.Г нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, Б.Д, Д.Д нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би мөрдөн байцаалтын шатанд маргаж байсан боловч прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгэмд учруулсан хор уршгаа сайн дураар нөхөн төлж, бусдад төлөх төлбөргүй болсон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар анхны хэрэг болж байгаа учир дээд шатны шүүх бүрэлдэхүүн миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан боловч хэргийг шүүн таслах ажиллагаа болохоос өмнө ойлгож ухааран хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хувь тэнцүүлсэн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Эрхэм шүүгчид миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрт ногдох хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэж өгнө үү. Та бүхний итгэлийг алдахгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй шударгаар амьдарч чадна гэдгээ илэрхийлж байна...” гэв.

 

Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Д, А.А нар надтай найз нөхөд биш,  ажил төрлийн холбоогүй, энэ хүмүүсийг хулгай хийдэг байж магадгүй гэж “Хархорин” худалдааны төвд арилжаа, наймаа хийдэг хүмүүс ярьдаг гэдгийг л би хэлсэн. Би тэдний хулгай хийж байхыг шүүгчийн шийтгэх тогтоолд бичсэн шиг “иргэн Б.Цэрэндуламыг автобусанд явж байхад нь халааснаас нь гар утас хулгайлан авсан”-ыг хараагүй, Самсунг жи -7 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж мэдээгүй, мэдэх ч боломж надад байхгүй, ямар нэг хууль бус эх үүсвэрийг нуун далдах, гэмт хэргийн талаар нуун далдлахад туслах бодол санаа, зорилго огт байгаагүй нь бодит үнэн юм. Ямар ч гар утас засварын газарт, ямар ч хүн засвар хийлгэхээр авчирсан зүйлийг, шалгах байцаах эрх надад байхгүй. Бүх гар утасны засварчид компьютер, box төхөөрөмжтэй байдаг. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хэргийг шалгасан хүмүүс өөрсдөө хураагдсан 3 гар утасны кодыг надаар тайлуулж аваад явсан.  Би ямар утас бэ? гэж асуугаагүй, намайг хамтарч ажиллаач гэхээр нь цагдаад хүссэнийг л хийж өгсөн. Тэр хүмүүс утсыг одоо ч хэрэглээд л явж байгаа байх. Төр засгаас утасны засвар, код тайлах ийм үйлчилгээг хориглосон дүрэм, хууль байхгүй. Миний үйлдсэн гэх мөнгө угаах хэрэгт нэг ч гэрч, нотлох баримт байхгүй, урьд захаар хааяа орж ирдэг зүс таних Д.Д, А.А нарын талаар “Хархорин” захын худалдаачдын яриаг цагдаагийн шаардснаар хэлсэн, тэд ч намайг хуурч мэхлэн миний яриаг өөрчлөн найруулж бичснийг хууль мэдэхгүй би гарын үсэг зурж өөрийгөө ялтан, хэрэгтэн болгон хохироосон байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Т.Алтантуяа шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлтэдээ “Л.Г нь хулгайн гар утас гэж мэдсээр /огт мэдэхгүй, тийм боломж ч байхгүй/ байж гар утасны IMEI кодыг сольсон” гэж буруутгасан. Гар утасны засварын газрууд утасны код сольсон IMEI дугаарыг өөрчилсөн үйлдэл мөнгө угаасан гэмт хэрэг мөн үү. Иймд эрхэм шүүгч нар надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийг хянаж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн багаж хэрэгсэл болох зөөврийн компьютер, box төхөрөөмжийг буцаан олгоно уу...” гэв.

 

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Д-ийн хувьд шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шалгуур шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Ц.Агваандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.А-ийн хувьд шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шалгуурыг хангасан гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.А-ыд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, Н.Тэрбиш нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй, нотлогдоогүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Л.Гийг мөрдөн байцаалтанд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж /гэрчээр байцаасан/ мэдүүлэг авсан. Үүнийг өөрийг нь яллах баримт болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн тул өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэг нотлох баримтанд тооцохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд “Эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ “хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргыг хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин цагдаагийн нэр бүхий ажилтнууд Л.Г-той хамтран ажиллана, цаашид бидэнд мэдээлэл өгч бай гэж хуурч мэхлэн “Хархорин” захын худалдаа эрхлэгчдийн дунд Д.Д, А.А нарын талаар ярьдаг байсан зүйлийг мэдүүлэгт авч дараа нь Л.Г хулгайн зүйлийг мэдсээр байж утасны кодыг өөрчилж өгсөн гэж үндэслэлгүй ялласан нь хэргээс бүрэн харагддаг. Тэр ч байтугай хэргийн шалгаж байсан цагдаагийн нэр бүхий 2 албан тушаалтан хураагдсан 3 гар утасны IMEI кодийг Л.Г-оор солиулж одоо хэрэглэж буй нь бодит баримт юм. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан мөрдөн, прокурор, шүүгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдсан эсэх, цугларч байгаа нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн тухай ойлголтыг хэт хялбарчилан Эрүүгийн хууль, Мөнгө угаах тухай Олон улсын гэрээг буруу тайлбарлан утасны засварын ажил үүргээ гүйцэтгэх явцад 1 ширхэг гар утасны кодыг сольж өгсөн 1 удаагийн үйлчилгээ, түүний хөлсөнд 20,000 төгрөг авсан тохиолдлыг мөнгө угаах гэмт хэрэг гэж яллах нь цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх аюултай. Шүүх хуулийн байгууллагын нэр хүндийг сэвтүүлэх хор уршигтай. Мөнгө угаах үйлдэл нь гэмт хэргийн замаар олсон мөнгө, хөрөнгийг цэвэршүүлж хууль ёсны болгох үйлдэл бөгөөд хулгайн гэмт хэргийн эд зүйлийг мэдсээр байж борлуулах, нуух үйлдэл хулгайн гэмт хэргийн хамтран оролцогч байх хуулийн зохицуулалттай.

Л.Г-ийн хувьд Д.Д, А.А нарын авчирсан Самсунг Жи-7 загварын гар утас хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй, үүнийг нотлох нэг ч баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэл, журмыг зөрчиж баримт мэдээлэлийг нотлох баримтаар тооцохгүй. /Л.Г-ийн мэдүүлгүүд үүнд хамраана/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийг үндэслэл болно. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн хэрэгт хамааралтай, энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээтэй байвал тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэр үндэслэл болохгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд зөрчигдсөн байна. Түүнчлэн шүүгч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь шүүгдэгч Д.Д, А.А болон Л.Г нарын харилцаа нь бодит байдалтай нийцээгүй, зөвхөн хулгайн гар утас гэдгийн мэдэх ёстой гэсэн сэжиг, таавраар ялласан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Шүүхийн тогтоол гаргахдаа Л.Г-ийн цагдан хоригдсон хоногийг орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд Л.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны  шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч Ч.Ням давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Б.Д-д ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Д нь 23 нас хүрч байгаа, эцэг, эх, дүү, жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг, “Арвижих” ХХК-д реалтороор ажилладаг. Өмнө нь хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, зөв төлөвшин хүмүүжсэн, ажил амьдралдаа хүрч яваа өсвөр насны хүүхэд юм.

Б.Д нь халаасны хулгайн бүртгэлд байдаг, 1-2 ч удаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан, 34 настай, тодорхой оршин суух хаяггүй, ажилгүй Д.Д, мөн 28 настай, эхнэр, 2 хүүхэдтэй А.А нарын ятгалга, архаг буруу зуршилд хөтлөгдөж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Хулан, Д.Пүрэвжав нарын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Б.Дий хувьд хохирогч Д.Пүрэвжав, Б.Хулан нарын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт оролцсон болох нь бүрэн нотлогдоогүй гэж өмгөөлөгч би үздэг. Б.Д /хх 34/, А.А /хх 35/ нарын мэдүүлгээс үзэхэд Б.Д хулгайн зарим хэрэгт оролцоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Д нь хулгайн хэрэгт холбогдсон үеэс эхлэн мөрдөн байцаалтад мэдүүлгээ тогтвортой өгч ирсэн ба ямар нэгэн саад учруулаагүй, хийсэн хэргээ бүрэн хүлээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэгэн бусдад төлөх төлбөр байхгүй.

Анхан шатны шүүх А.А, Д.Д, Б.Д нарт холбогдох хэргийн талаар үндэслэлтэй, бодитой дүгнэлт өгч шийдвэрлэсэн боловч миний үйлчлүүлэгч Б.Д-д ял шийтгэл оногдуулахдаа нийгмээс тусгаарлаж 2 жилийн хорих ялаар шийтгэснийг өмгөөлөгчийн хувьд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэт яллах талыг барьж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруутай гэдгээ ямар маргаангүйгээр хүлээдэг. Амьдралын хувьд 2018 оны 7 сард сүй тавьж авсан эхнэр Г.Ганзул нь өвчтэй жирэмсэн, ар гэртээ эцэг, эхийнхээ асрамжинд үлдсэн зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлууд байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр маань жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа тул энэ байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Л.Галбадар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, нийгэмдээ засарч хүмүүжих боломж олгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А, Б.Д, Д.Д нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирлоо нөхөн төлөөгүй, гэм буруугийн талаар маргаж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үед шүүгдэгч нар хохирол төлнө гэж завсарлага авч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдаг. Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Шүүгдэгч А.А, Д.Д нар мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдэл дээрээ баригдсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Д.Д, А.А нар “Жи-7” загварын гар утас хулгайлсан үйлдэлдээ маргадаг. Гэтэл хэрэгт авагдсан гүйцэтгэх ажлын материал, бусад нотлох баримтуудаар Д.Дийн биеэс хурааж авсан автобусны виза картаар тухайн өдрийн чиглэлд зорчсон гэдэг нь лавлагаагаар нотлогдсон. Мөн хохирогч өөрөө эх сурвалжаа тодорхой зааж, тухайн гар утсыг зээлээр авсан лизингийн баримтыг гаргаж өгдөг. Шүүгдэгч А.А, Д.Д нар хулгайлсан гар утсаа Л.Г-т өгч имэй кодыг гаргуулдаг. Яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна вэ? гэхээр хулгайд алдагдсан гар утсыг цагдаа, прокурорын байгууллагаас үүрэн холбооны оператор компаниуд руу имай кодыг явуулаад тухайн утсанд ямар сим карт орж ашиглагдаж байгаа талаар олж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ боломжийг Л.Г устгаж байгаа гэсэн үг юм. Имай код устахад өөр сим хийлээ гэж бодоход тухайн алдагдсан утас хаана байгааг мэдэх боломжгүй болно. Гэмт хэргийн улмаас олсон гэдгийг шүүгдэгч өөрөө мэдүүлдэг. Шүүгдэгч нар тухайн гар утасны эзэн байсан бол имай код тайлуулах шаардлага байхгүй бөгөөд гар утас худалдаж авсан баримт дээр тухайн код байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон гар утас гэдгийг мэдэх боломж Л.Г-т байсан. Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, А.А, Д.Д, Б.Д, Л.Г нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

А.А, Д.Д, Б.Д нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчимд автобусанд явж байсан Б.Буянхишигийн халааснаас  448,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утас хулгайлсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дyraap эмийн сангийн автобусны буудал дээр насанд хүрээгүй Б.Хулангийн халааснаас 176,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-1 Эйс” загварын гар утас хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” авто вокзал дээр Д.Пүрэвжавын халааснаас 108,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галкси эс-3 мини” загварын гар утас хулгайлсан,

А.А, Д.Д нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Цэрэндуламын халааснаас 372,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утас хулгайлсан,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” авто вокзал дээр хохирогч  Б.Барын цүнхнээс хэтэвч, мөнгөн гинж, бэлнээр 26.000 төгрөг хулгайлж, нийт 66,800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Д ганцаараа 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вест” бааранд үйлчлүүлж байхдаа Э.Сүнжиндмаагийн 320,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei-Y5” загварын гар утсыг түүний найз Б.Ганжигүүрийн халааснаас хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Буянхишиг /1-р хх 16-17/, насанд хүрээгүй хохирогч Б.Хулан /1-р хх 21/, хохирогч Д.Пүрэвжав /1-р хх 24/, хохирогч Б.Цэрэндулам /1-р хх 207/, хохирогч Б.Бар /1-р хх 27-28/, хохирогч Э.Сүнжидмаа /2-р хх 150/, гэрч С.Оюунбадам /1-р хх 42-43/, гэрч А.Даваасүрэн /1-р хх 50/, гэрч Г.Орхонтуул /1-р хх 52-53/, гэрч Э.Цасцэцэг /2-р хх 99/, гэрч Н.Бат-Эрдэнэ /2-р хх 100/, гэрч Б.Бямбаням /2-р хх 101/ нарын мэдүүлгүүд болон Д.Д-ээс “Самсунг жи-7” загварын гар утас 1 ширхэг, 1610000001728229 дугаарын оюутны “Улаанбаатар смарт” карт 1 ширхэг, Юнителийн сим картны үүр 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл /1-р хх 40/, А.Аээс улаан өнгийн цэцэгтэй, цэнхэр өнгийн даавуун түрийвч, шар өнгийн гинж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, цээж зураг 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 5000 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, нийт 6,530 төгрөг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх 35-36/, 1610000001728229 дугаарын оюутны “Улаанбаатар смарт” картаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр зорчсон талаарх “Улаанбаатар смарт” ХК-ын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2/018 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, хавсралт /1-р хх 193-195/, мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэл /3-р хх 39-41/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /3-р хх 42-44/, гэрэл зургууд /3-р хх 52-53/,  “Дамно” ХХК-ийн НЦ-18-19 дугаар үнэлгээний тайлан /2-р хх 154-155/, “Дамно” ХХК-ийн НЦ-18-48 дугаар үнэлгээний тайлан /2-р хх 157-158/,  “Дамно” ХХК-ийн НЦ-18-47 дугаар үнэлгээний тайлан /2-р хх 160-161/,  “Дамно” ХХК-ийн НЦ-18-03 дугаар үнэлгээний тайлан /2-р хх 151-152/,  “Дамно” ХХК-ийн СХЗ-18-11 дүгээр үнэлгээний тайлан /2-р хх 166-167/, “Дамно” ХХК-ийн НЦ-18-50 дугаар үнэлгээний тайлан /2-р хх 163-164/, яллагдагч А.А, Д.Д, Б.Д, Л.Г нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, дээрх нэр бүхий шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Б.Д, А.А, Д.Д нарыг “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн болон хохирлоо барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

Харин шүүгдэгч А.А, Д.Д нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу, өмнө нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч А.А, Д.Д, өмгөөлөгч Б.Мянган, Ц.Агваандорж нарын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдал, давтан гэмт хэргийн тухай ойлголтыг халсан боловч урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан нь ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Шүүгдэгч Л.Г-ийн холбогдсон “Мөнгө угаах” гэмт хэргийн хувьд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсэн байхын зэрэгцээ тухайн хүний хийсэн үйлдэл нь хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгыг агуулсан байдаг онцлогтой.

 

Хууль тогтоогч мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдлаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдэж, үүний үндсэн дээр хууль бус эх үүсвэрийг нуух, хариуцлагаас зайлсхийхэд туслахтай холбоотой асуудлуудын талаар хэлэлцэж, тохиролцсон байх гэдэг агуулгаар тайлбарлавал зохино. Эдгээр асуудлаар ямар нэгэн хэлэлцээ, тохиролцоо хийгдэхгүйгээр, үйлдлээрээ нэгдэж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх нь хууль зүйн хувьд боломжгүй юм.  

 

Шүүгдэгч Л.Г нь А.А, Д.Д нарын авчирсан “Самсунг жи-7” загварын гар утасны IMEI кодыг өөрчлөх үйлчилгээ үзүүлж ажлын хөлсөнд 20,000 төгрөг авсан хэргийн үйл баримт тогтоогдож байх боловч тухайн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсэн, энэ талаар ярилцаж тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсонгүй. “Хархорин” захын худалдаа, наймаа эрхлэгчдийн дунд “А.А, Д.Д нар хулгайлах гэмт хэрэг үйлддэг” гэсэн яриа гарснаар шүүгдэгч Л.Г-ийг IMEI кодыг өөрчлүүлэхээр өгсөн “Самсунг жи-7” загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх нь учир дутагдалтай.

 

Нөгөө талаар шүүгдэгч Л.Г-ийн үйлдэл нь А.А, Д.Д нарыг эрүүлгийн хариуцлагаас зайлсхийхэд туслахад чиглэсэн гэхээс илүүтэй үйлчилгээ, үзүүлж хөлс авах зорилготой байсан гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Л.Г-т холбогдох мөнгө угаах гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, битүүжилсэн хөрөнгүүдийг нь буцаан олгох талаар гарсан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолд:

 

            а. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Л.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Г-ийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Л.Г-т холбогдох заалтуудыг бүгдийг хүчингүй болгосугай.

 

            б. Тогтоох хэсгийн 3 дахь заалтаас шүүгдэгч Б.Дд холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтаас шүүгдэгч Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

            2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Dell XPS” загварын зөөврийн компьютер, “Box” төхөөрөмж зэргийг Л.Г-т буцаан олгосугай. 

 

3. Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Мянган, А.Аийн өмгөөлөгч Ц.Авгаандорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Д 65 хоног, шүүгдэгч Л.Г 58 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдаж, тэднийг нэн даруй сулласугай.

 

   5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН