Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00500

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00500

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багт оршин суух, Ботахара сарик овогт М.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багт оршин суух, Жантекей харажан овогт Н.Дд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдээ асрамжид авч, тэжээн тэтгүүлэх, дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Толбо сумын иргэн М.Г би Дэлүүн сумын иргэн Н.Дтэй 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэсний гэрчилгээтэй юм. Н.Д бид хоёрын дундаас өнгөрсөн хугацаанд охин Харахат нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хүү Айдын нь 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн юм. Харин охин Харахатыг хадам эх Зурад 2009 онд хууль ёсоор үрчлүүлсэн тул энэ хүүхдийн талаар маргаангүй юм. Н.Д бид хоёр гэрлэсэн эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд Н.Дий ааш зан өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсаж, намайг байнга сэтгэл санааны дарамтад оруулах, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж, эмэгтэй хүн миний биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд минь удаа дараа халдаж байнга зодож жанчих зэрэг асуудал гаргах боллоо. Энэ асуудлаар Дэлүүн сумын хэсгийн төлөөлөгчид олон удаа гомдол гарган Н.Дий асуудлыг шалгуулж байсан юм. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд 2017 оны 4 дүгээр сард Н.Д нь миний эрх чөлөөнд халдаж жижгээр танхайрсан учраас Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 65 тоот шүүгчийн захирамжаар 10 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны арга хэмжээ авагдаж, 20 цагийн албадан сургалтад хамааруулахаар болжээ.

Би нөхрийн намайг дарамталсан асуудлыг аав ээж, төрөл садан нараас олон жилийн турш нуун тэвчиж хүүхдийн ирээдүйг бодож уучилж ирсэн боловч нөхрийн маань ааш зангаа өөрчлөөгүй өдий хүрлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд надад өөрийн гараас 7 удаа цаашид зүгээр явна, дахиж архи уухгүй, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэхгүй гэж, түүнчлэн сумын хэсгийн төлөөлөгчид 2 удаа бичгээр цаашид зүгээр явна, архи уухгүй гэж амлалт тус тус бичиж байсан юм. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр намайг Н.Д утсаар боож эрх чөлөөнд минь халдаж, биед маань гэмтэл учруулж зодож байсан асуудлыг цагдаад өгч шалгуулж байх хооронд тэрээр дахин зөрчил гаргавал би гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэж бас гарын баримт хийж өгсөн юм. Ингээд би нэг өдөр танхай, архичин этгээдийн гарт нь амь насаа алдах магадлалтай болж байна. Тэрээр сүүлийн үед байнга архи ууж надад дарамт үзүүлж байна.

Би 2017 оны 4 дүгээр сарын 03-наас эхлэн тусдаа хүүтэй хамт амьдарч байна. Миний төрүүлсэн хүү Айдын төрсөн цагаас хойш миний асрамжид байгаа тул би цаашид түүнийг өөрийн асрамжид авахыг хүсэж, хүүхдийн тэтгэлгийг эцэг Дауренээс төлүүлэх саналтай байна. М.Г би төрхмөөс өгсөн хуваарьт хөрөнгөө өөрөө авсан юм. Хуваарьт хөрөнгөө би өөрөө авсан тул маргаан байхгүй юм. Харин дундын өмчид байгаа өвлийн байшин, хуучин УАЗ-469 машин, хуучин суудлын жижиг тэрэг, хуучивтар гал тогооны хэрэгсэл, хуучин хөргөгч, хуучин цахилгаан зуух, зочны өрөөний буйдан, гал тогооны ширээ, хуучин тоос сорогч, хувцасны өлгүүр, цахилгаан махны машин, хувин, гал тогооны ком аяга, таваг, угаалгын өрөөний толь, индүү, хуучин компьютер, хуучин принтер, хуучин мотоцикл зэрэг дундын өмчийн хүү, бид хоёрт ногдох хэсгийг Н.Дээс гаргуулж өгнө үү.

Иймд М.Г, Н.Д бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж, хүү Айдыныг эх М.Г миний асрамжид үлдээж, түүнийг 18 нас хүртэл Дауренээр тэжээн тэтгүүлэх, хүү бид хоёрын дундын өмчийн ногдох хэсэг болох 15116000 төгрөгийг Н.Дээс гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Н.Дий 6 жил хийсэн гэр бүлийн дарамт, шахалт, архидалтаас болж өнөөдөр салахаар шийдэж нэхэмжлэл гаргасан. Хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх, дундын өмчөөс байшингаа авахыг хүсэж байна. Хамгийн гол нь байнга архи уудаг. Архи ууж ирээд гэр бүлдээ агсам тавьдаг. Гэр бүлийн болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг. Намайг зодож, биеийг маань хөхрүүлж гарын хурууны үеийг хүртэл мултруулж байсан. Сэтгэл санааны дарамт үзүүлдэг. Жишээ нь би дуудлагад явж ирэх болгонд намайг доромжилдог. Би өөрийнхөө цалингаар өөртөө хэрэгтэй зүйл авах гэхээр зөвшөөрдөггүй. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний дараагаар миний хүссэн зүйлийг авч өгдөг.

Мөн 2013 онд хүү Айдыныг төрүүлсэн. Төрөхдөө хүртэл чи охин төрүүлбэл чамайг ална гээд сэтгэл санааны дарамт учруулж байсан. Тэгээд хүү төрсөн ч гэсэн би байнгын сэтгэл санааны дарамттай байсан учраас хүү маань тархины даралттай төрсөн. Иймээс хүүгээ эмчлүүлдэг болсон. Уйламхай хүүхэдтэй болсон. Нэг ч удаа хүү бид хоёрт хайр халамж тавиагүй. Хүүгээ уйлж байхад нь асардаггүй. Дандаа архи ууж ирээд агсам тавихыг мэддэг. Одоо хүү маань 4 нас хүрсэн. Одоо хүртэл бид хоёртой хамт хоол иддэггүй. Хүү маань уйлахад та нар цаашаа яв гэж түлхээд өөрөө зурагт үзээд хоолоо иддэг. Бид хоёр зуухны хажууд суугаад хоол иддэг. Хүү бид хоёр хэрэгтэй байсан бол ингэхгүй байсан. Сүүлийн 6 жилд ингэж явлаа. Хүү бид хоёр сарын 11 хоног гэртээ хонодоггүй болсон. Яагаад гэвэл агсам тавьдаг. Хажууд нь байвал алахыг боддог.

Тийм учраас гэрээсээ зугтдаг. Бид нар гэрээсээ гарангуутаа гэрлээ унтраагаад хаалгыг түгжиж аваад унтаад өгдөг. Тиймээс бид хоёр хадам ээж болон хөрш айлуудад хонодог байсан. Хүү маань сүүлийн үед гэртээ хонохоос зугтдаг болсон. Цэцэрлэг тарахаар аав маань архи уусан уу гэж асуудаг болсон. Уусан гэвэл гэртээ хонодоггүй байсан. Байнга хадам ээжийн гэрт хонодог байсан. Намайг очиход гэртээ битгий яваач, энд миний хажууд хонооч гэж хэлдэг болсон. Би хадам ээжийн гэрт 7 хоног хүртэл хонож байсан. Өөрийнхөө гэр байсаар байтал айлуудаар хонох нь хэцүү байдаг юм байна. Тэгээд би зуны байрны шалан дээр намаржингаа хоносон. Гэхдээ би олон удаа сануулж хэлж байсан. Сүүлийн үед би тэссэн ч гэсэн бие махбод маань тэсэхээ больсон. Ядаргаанд орсон, үс маань унадаг болсон, шөнө унтдаггүй болсон. Ийм учраас салъя гэж шийдвэрээ гаргасан.

Дундын хөрөнгийн хувьд жижиг сажиг зүйлүүдийг бичээгүй. Би ажлаа хийгээд мөнгө олж байсан. Гэхдээ би өмч хөрөнгөн дээр маргахгүй. Байшингаа 2012 онд шинэ материалаар барьсан. Эвдэрч хуучирсан зүйл байхгүй. УАЗ-469 маркийн машиныг аймгийн төвөөс 8,5 сая төгрөгөөр, жижиг машиныг хотоос 8 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Зөндөө олон сэлбэг хийж байсан. Нөхөр маань өөрийнхөө арчаагүйгээс болж хуучирсан болохоос биш уг нь хоёуланг нь 8 сая төгрөгөөр авсан. Би сумын комиссын үнэлж өгсөн хэмжээгээр нь аваад ирсэн. Сумын үнэлгээ тогтоох комиссоос Н Дауренийг дуудахад өөрөө татгалзаад ирээгүй. Би өөрөө Толбо сумынх. Ямар ч байсан хүүхдээ асарч: ажиллаж амьдрахын тулд надад байшин хэрэгтэй. Бусад эд хөрөнгө надад хэрэггүй гэж бодож байна гэв.

Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Миний эхнэр болох М.Ггийн гэрлэлтээ цуцлуулах гэх утгатай гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нөхөр нь болох Дэлүүн сумын 2 дугаар багт оршин суудаг, Жантекей харажан овогтой Нурекегийн Даурен би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. М Гүйлсайра бид хоёр 2008 оны 7 дугаар сарын 20-нд гэр бүл болсон.

2. Том охин Харахатыг миний аав, ээжид үрчлүүлсэн.

3. 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Айдын нь М.Г бид хоёрын асрамжид эрүүл чийрэг зөв хүмүүжилтэй өсч байна.

4. Бид гэр бүл болсон үеэс эхлэн одоо хүртэл сайхан амьдарч байна. М.Ггийн нэхэмжлэлд бичсэнчлэн миний ааш зан өөрчлөгдөөгүй, хувьсаагүй бөгөөд би М.Гг байнга сэтгэл санааны дарамтад байлгаагүй ба гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж, түүний биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. М.Ггийн өөрийнх нь огт мэддэггүй үгээр, болоогүй юмыг болсон болгож түүний өмгөөлөгчийн санаагаар бичсэн гүтгэлгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Сумын хэсгийн төлөөлөгчид олон удаа арга хэмжээ авахуулж, бас шалгуулж байгаагүй юм.

5.Харин нэг удаа найранд очиж архи ууж ирснийг минь далимдуулан хэсгийн цагдаагийн төлөөлөгчид М.Г нь намайг муулан, элдвээр гүтгэж мэдүүлснээр би нэхэмжлэлд дурдсан захиргааны арга хэмжээг авахуулсан маань үнэн.

6. Би архинд орсон, амьдралаа алдсан этгээд болоогүй. Миний хааяа архи уудаг явдлыг М.Г тэвчдэггүй бөгөөд энэ байдлаас болж тэрээр байнга хэрүүл өдөж хэрэлддэг юм. Энэ үедээ өөрөө гэр орныг эвдэн сүйтгэж цагдаад мэдэгдэж сүйд болдог байв. Ийм байдлаар хэрүүлийг М.Г нь өөрөө өдөж далимдуулан намайг гүтгэж улмаар цагдаад мэдэгдээд аллаа таллаа гэж явдаг юм. Архи уусан гэх байдлаар миний үйлдэл байдлыг буруутгаад надад хариуцлага тооцсон юм. М Гүлсайра нь: Ингээд нэг өдөр танхай архичин этгээдийн гарт амь насаа алдах магадлалтай байна гэж өмгөөлөгчдөө хэлж бичүүлсэн гэхэд би итгэхгүй байна. Намайг өмгөөлөгч нь хүн биш араатан, бүдүүлэг, танхай этгээд, алуурчин байдлаар санаандаа орсон үгээр бичсэн байна. Шүүх алдсан эндсэн болон араатан тэнэг хоёрын ялгааг харж ялгах байх гэж итгэж байна.

7. Би Анагаах ухааны чиглэлээр хүний эмч мэргэжлээр төгссөн. М.Г маань ч хүний эмч мэргэжилтэй. Бид хоёр тус Дэлүүн сумын Хүн эмнэлгийн салбар буюу Эрүүл мэндийн төвд мэргэжлээрээ ажилладаг. Цалин хөлсөө авч нийтийн жишгээр сайн сайхан амьдарч байна. Бид хоёрт үр хүүхэд байна, гачигдсан дутсан зүйлгүй бөгөөд ирээдүй маань гэрэл гэгээтэй юм.

8. Би ганц хоёр удаа найз нөхөд хамт олны хүмүүстэй архи уусан байсан бөгөөд одоо архи уухаа бүр мөсөн больсон юм. Рамазан сард Ораза мацаг барьж шашны зан үйлийг ч үйлдэж яваа маань ирээдүй, хойш үедээ, гэр бүлээ бодсоны илрэл юм. Би М.Г болон хүүхдүүддээ маш их хайртай, тэднийхээ төлөө сайн сайхныг нь бүтээж чадна гэж итгэж явдаг. Ганц дутагдал маань архи хааяа уух явдал байсан бөгөөд энэ муу зуршлыг хаясан. Иймд би гэр бүлээрээ сайн сайхан амьдарч чадна гэж шүүхэд амлаж байна. Бидний гэрлэлтийг цуцлах явдлыг гэр бүл өрхийг минь хоёр тийш салгах байдлыг, голомт минь унтарч, хүүхдийг минь өнчрүүлэхгүй байх зэрэг бидэнд гарз хохирол учруулахгүй байхыг шүүхээс холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэн гэрлэлт цуцлахыг гурван сараар түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.

9. М.Г маань хуваарьт хөрөнгө авсан. Одоо дундын өмчийг авна гэж баахан эд хөрөнгийн нэрийг нэхэмжлэлд дурдсан байна. Зарим нь огт байхгүй зүйлсийг ч бичжээ. Би эхнэр хүүхдүүдээсээ ямар ч эд хөрөнгийг харамлах, хардахгүй. Авна гэснээ авна биз. Гэхдээ гэрлэлт цуцлах, салж сарних хүртэл ч бас хугацаа зай байна гэдийг хэлье.

10. Би эд хөрөнгөний талаар хийсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгө үнэлэгч гэгчид нь манай гэр оронд ирж аяга таваг, тогоо шанагыг минь болон бусад хөрөнгүүдийг үзээгүй байж М.Г болон түүний өмгөөлөгчийн санаагаар бичсэн үнэлгээг баталж өгсөн гэж үзэж байна. Учир нь аливаа эд хөрөнгийг гарал үүсэл, гарсан он, сар эдэлгээнд орсон хугацаа, шинэ, хуучин болон эвдэрсэн, заасан байдлыг тухайн нутгийн зах зээлийн үнэлгээгээр жишиж гаргах журамтай юм. М.Г нь 15116000 төгрөг болгож үнэлүүлсэн нь тэр новшийн эд хөрөнгийг биш мөнгийг нь надаар тухайлбал цалингаас минь гаргуулахаар бодож өмгөөлөгчтэйгээ тохирч хийсэн заль юм байна гэж би үзэж байна.

Тэгэхээр эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах, шинжээч үнэлгээчин нь томилуулах тухай хүсэлтээ гаргаж энэ байдлыг шийдвэрлүүлэх болно. Учир нь М.Г эд хөрөнгийг өөрийн санаагаар, тооцож үзээгүй үнэлгээчинд үзүүлсэн болгож, гаргасан нийт үнэлгээ 15116000 х 3 = 45348000 орчим төгрөг болсон байгаа юм. Ийм санааны зорилгоор мөнгө хөрөнгө нэхэмжлэхийг М.Гд ямар зальтай этгээд нь зааж сургаад байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна, эхнэр хүүхдүүдээсээ салмааргүй байна. Гурван сараар эвлэрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэсэн. Одоо Айдын гэдэг 4 настай хүүгийн хамт амьдардаг. Бид гуравт унаа машин, байшин, ажил төрөл, хүүхэдтэй гээд бүх зүйл байна. Бид хоёр ажилд ирэхэд байнга уучлалт гуйдаг. Одоо ч гэсэн уучлалт гуйж байна. Би хаяа архи уудаг байсан. Одоо бол архиа больсон. Би хүүхдээ өнчирүүлэхийг хүсэхгүй байна. Иймээс эвлэрүүлж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Га нь Н.Дээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Айдыныг өөрийн асрамжид үлдээж, эцэг нь болох Н.Дээр тэжээн тэтгүүлж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Гэрлэгчид болох М.Г, Н.Д нар нь 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч гэр бүл болсон байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд нэг хүүхэдтэй болсон болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Айдыны Г-125 дугаартай төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нөхөр болох Н.Д нь байнга сэтгэл санааны дарамтад оруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрх чөлөөнд минь удаа дараа халдаж байнга зоддог болсон тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 65 дугаартай шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дугаар зүйлийн 1-д зааснаар Нурекегийн Дауренийг 10 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамааруулахаар захиргааны шийтгэл ногдуулсан байна. Уг шийтгэвэрээс үзэхэд Н.Д нь архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр М.Гг айлган сүрдүүлж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж захиргааны шийтгэл ногдуулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх ба дээрх шийтгэвэр болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон, нэхэмжлэгч нөхөр болох Н.Дтэй эвлэрч хамт амьдрахаас татгалзаж байгаа тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй тул хүүхдийн нас, эхийн халамж, Н.Дий гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдлыг харгалзан 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Айдыныг эх нь болох М.Ггийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг төлүүлэх талаар шаардлага гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Айдыныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Н.Дээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд гэр бүл болсноос хойш Дэлүүн сумын төвд байрлах 9х10 метрийн харьцаатай байшин, Уаз-469 маркийн машин, суудлын жижиг тэрэг, орос улсын гал тогооны олон тасалгаатай шүүгээ, хятад улсад үйлдвэрлэгдсэн хөргөгч, цахилгаан зуух, зочны өрөөний буйдан, гал тогооны ширээ, сандал, тоос сорогч, хувцасны өлгүүр, махны машин, хувин, угаалгын өрөөний толь, индүү зэрэг эд хөрөнтэй болсон болох нь тогтоогджээ. Харин гал тогооны ком аяга, таваг, зөөврийн компьютер, принтер, хятад улсад үйлдвэрлэсэн хуучин мотоцикль зэрэг эд хөрөнгүүд байгаа болох нь, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд тооцох боломжгүй байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9-р багт байрлалтай хувийн сууцны зориулалттай 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Н.Д, М.Г нар болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-0207000232 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон байна. Мөн Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай албан бичгээр Н.Дий нэр дээр 35-14 БӨТ улсын дугаартай Toyota Camy, 49-66 БӨТ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл тус тус бүртгэгдсэн болохыг тодорхойлсон байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын тамгын газраас үнэлгээ тогтоох тухай баримтаар гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох өвлийн байшинг 14000000 төгрөгөөр, хуучин Уаз-469 маркийн машиныг 3500000 төгрөгөөр, хуучин суудлын жижиг тэргийг 2000000 төгрөгөөр, орос улсын хуучивтар гал тогооны олон тасалгаатай шүүгээний үнийг 450000 төгрөгөөр, эдэлж байсан хятад улсад үйлдвэрлэгдсэн хөргөгчийг 350000 төгрөгөөр, Орос улсад үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан зуухны үнийг 380000 төгрөгөөр, хятад улсаа үйлдвэрлэгдсэн хуучин зочны өрөөний буйдангийн үнийг 450000 төгрөгөөр, орос улсад үйлдвэрлэгдсэн хуучин гал тогооны ширээ, сандал ком 250000 төгрөгөөр, тоос сорогч 80000 төгрөгөөр, хувцасны өлгүүр 40000 төгрөгөө, махны машиныг 50000 төгрөгөөр, угаалгын өрөөний толийг 25000 төгрөгөөр, индүүг 20000 төгрөгөөр, хувинг 5000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Дээрх үнэлгээгээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн нийт үнэ нь 21600000 төгрөг болж байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд болох М.Г, Н.Д, Д.Айдын нарын 3 хүнд хуваахад нэг хүнд 7200000 төгрөгийн эд хөрөнгө оногдож байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг дараах байдлаар хуваах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд М.Г, Д.Айдын нарт Дэлүүн сумын 9 дүгээр багт байршилтай, хувийн сууцны зориулалттай өвлийн байшин буюу 14000000 төгрөг, гал тогооны ширээ сандал ком буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 80000 төгрөг, өлгүүр буюу 40000 төгрөг, индүү буюу 25000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан олгож, үлдсэн эд хөрөнгүүд болох хуучин Уаз-469 маркийн машин буюу 3500000 төгрөгийг, хуучин суудлын жижиг тэрэг буюу 2000000 төгрөг, орос улсын хуучивтар гал тогооны олон тасалгаатай шүүгээ буюу 450000 төгрөг, эдэлж байсан хятад улсад үйлдвэрлэгдсэн хөргөгч буюу 350000 төгрөг, Орос улсад үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан зуух буюу 380000 төгрөг, хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучин зочны өрөөний буйдан буюу 450000 төгрөг, махны машин буюу 50000 төгрөг, угаалгын өрөөний толь буюу 25000 төгрөг, хувин буюу 5000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг Н.Дд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Жантекей харажан овгийн Н.Д, Ботахара сарик овгийн М.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Айдыныг эх нь болох М.Ггийн асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Айдыныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Н.Дээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс Уаз-469 маркийн машин буюу 3500000 төгрөг, хуучин суудлын жижиг тэрэг буюу 2000000 төгрөг, орос улсын хуучивтар гал тогооны олон тасалгаатай шүүгээ буюу 450000 төгрөг, эдэлж байсан хятад улсад үйлдвэрлэгдсэн хөргөгч буюу 350000 төгрөг, Орос улсад үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан зуух буюу 380000 төгрөг, хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучин зочны өрөөний буйдан буюу 450000 төгрөг, махны машин буюу 50000 төгрөг, угаалгын өрөөний толь буюу 25000 төгрөг, хувин буюу 5000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг Н.Дд үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Дэлүүн сумын 9 дүгээр багт байршилтай, хувийн сууцны зориулалттай өвлийн байшин буюу 14000000 төгрөг, гал тогооны ширээ сандал ком буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 80000 төгрөг, өлгүүр буюу 40000 төгрөг, индүү буюу 25000 төгрөгийн эд хөрөнгийг Н.Дээс гаргуулан М.Г, Д.Айдын нарт олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304200 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Н.Дээс 304200 төгрөг гаргуулан М.Гд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК