Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 02 өдөр           Дугаар 128/ШШ2019/0643           Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

       Гомдол гаргагч: “СХ” ХХК,

       Хариуцагч: НМХГЭИХХЦХУБ Д.Д,

       Гомдлын шаардлага: “НМХГЭИХХЦХУБийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 0066293 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“СХ” ХХК-д холбогдох зөрчлийн актад манай байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийг зөрчиж буюу нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байхдаа шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд манай байгууллагын чанар хяналтын менежер н.Гээс мэдүүлэг авсан байгаа. Тухайн мэдүүлэгт н.Гээс гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу? гэж асуухад хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариулт өгсөн байдаг. Ямар шалтгааны улмаас зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэж асуухад нийлүүлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас тухайн бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн байдаг. Дээрх мэдүүлгийг үндэслэн нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй байна гэж үзэж байна...” гэв.

Хоёр. Хариуцагч Д.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид МХГ-ын даргын баталсан хуваарийн дагуу албан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд “СХ” ХХК-ийн бүтээгдэхүүн орж ирсэн. Тухайн орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд бичиг баримтаар шалгалт хийхэд 110 ширхэг хайрцаг бүтээгдэхүүн нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтад заасан “Импортлох хүнсний гуравны хоёроос доошгүй нь хүчинтэй хугацаатай байх” гэж заасныг зөрчсөн байсан. Бичиг баримтын хяналтын дараа биет үзлэг хийхэд дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байсан нь тогтоогдсон. Тухайн өдөр зөрчил илэрсэн гэдгийг газрын дарга н.Г, н.А нарт мэдэгдсэн. Тухайн үед бүх барааг шалгаж үзэх ёстой байсан боловч гадаа маш их хүйтэн байсан болохоор маргааш өдөр нь “СХ” ХХК нь дээр очиж тоолоход 270 хайрцаг буюу 2200 ширхэг бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байсан. Жишээлбэл милонго хазелнат 6 ширхэг 5 сар хугацаа хэтэрсэн, милонго хазелнат чихрийн набор 4 сар 29 хоног хэтэрсэн 42 ширхэг, милонго хазелнат чихрийн цуглуулга 3 сар 19 хоног хэтэрсэн 36 ширхэг, милонго хазелнат 12 хоног хэтэрсэн 912 ширхэг, милонго рассберри чихрийн цуглуулга 3 сар 19 хоног хэтэрсэн 18 ширхэг, милонго рассберри 9 хоног хэтэрсэн 18 ширхэг, милонго оранж чихрийн цуглуулга 3 сар 13 хоног хэтэрсэн 6 ширхэг,  милонго оранж 3 сар 13 хоног хэтэрсэн 1104 ширхэг, милонго оранж 2 сар 23 хоног хэтэрсэн 48 ширхэг, милонго оранж 16 хоног хэтэрсэн 12 ширхэг буюу нийт 2200 ширхэг чихрийн цуглуулга нь Хүнсний тухай хуулийн 11.2.3 дахь заалтыг зөрчсөн байсан тул Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжээр торгох шийтгэх оногдуулсан...” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “НМХГЭИХХЦХУБийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0066293 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Гомдол гаргагч “...улсын байцаагчийн  торгууль бодит үнэнд нийцэхгүй, газар дээр нь баримт бичигтэй тулгаж танилцаагүй, хэмжилт шалгалт дутуу хийсэн, буруутай этгээдийг зөв тогтоогоогүй” гэж, хариуцагч “...гүний гаалийн хяналтын  талбайгаар “СХ” ХХК-ийн Турк улсаас импортолсон хүнсний бараа нь  Хүнсний тухай хуулийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  торгуулийн арга хэмжээ авсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй...” гэж маргаж байгаа болно.

            Харин хэргийн оролцогчид “СХ” ХХК-ийн  Турк улсаас импортолсон 275 хайрцаг буюу 2202 ширхэг “Milango hazelnut”, “Milgngobitter raspberry”, “Milango orange” нэрийн чихрийн цуглуулга хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх шаардлагыг хангаагүй байсан гэдэг маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэхгүй болно.

            Улсын байцаагчийн хяналт шалгалт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эхэлж, бичиг баримтын хяналтаар дээрх чихрийн цуглуулга Хүнсний тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ.

            Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.3-д “импортлох хүнсний хадгалах хугацаа гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэж заажээ.

            Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчилд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1802000590 дугаартай зөрчил бүртгэж, прокурорын байгууллагаас 02-183/1486 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчлийн хэргийн оролцогч “СХ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Жг тогтоож, түүнд хуульд заасан эрх үүргийн тайлбарласан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үзлэгийн тэмдэглэлээс  үзвэл “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 30 минутад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох үеийн хяналтын хуудсаар зориулалтын чингэлэгт  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 40 минут хүртэл үзлэгийг хийж, өөрсдийнх нь хүсэлтээр агуулах дээр очиж үргэлжлүүлэн шалгалт явуулсан”  талаар тэмдэглэжээ.

            Улсын байцаагч үзлэгээ агуулах дээр үргэлжлүүлсэн шалтгаанаа “... гадаа хүйтэн, уг бүтээгдэхүүнээс гадна шаардлага хангасан бусад хүнсний бүтээгдэхүүн байсан, уг хүнсний бүтээгдэхүүнийг нэмэх 18 градуст хадгалахаар заалттай, мөн зөрчил гаргагч талын хүсэлтээр хүнсний аюулгүй байдал алдагдахаас сэргийлсэн...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд  энэ тайлбар нь тухайн хүнсний  бүтээгдэхүүний эрүүл мэндийн гэрчилгээ дээр заасан хадгалах тээвэрлэх горимд зааснаар тогтоогдож байна.

            Гомдол гаргагчаас “...манай компанийн зүгээс бүтээгдэхүүн захиалахдаа шинээр үйлдвэрлэсэн цувралын бүтээгдэхүүн захиалсан бөгөөд нийлүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан чингэлэг бараа буруу ачигдаж ирсэн, мөн гаалийн бүрдүүлэлт хийгдэж чингэлэг задлахад тус бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгах үүргээ биелүүлээгүй” гэжээ.

            Хавтаст хэрэгт “СХ” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ байгаа бөгөөд  уг гэрээнд заасан үүргээ нийлүүлэгч тал биелүүлээгүйн улмаас тус компанид хохирол учирсан бол уг гэрээнд заасны дагуу хохирлоо шаардах эрх нээлттэй бөгөөд харин хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтан энэ талаар хариуцлага тооцох боломжгүй тул гомдол гаргагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

            Нөгөөтэйгөөр улсын байцаагч 12 сард чингэлгийг саатуулан шалгасан бол гомдол гаргагчийн талд илүү их хохирол учрах эрсдэл өндөр байсан бөгөөд үзлэгийг агуулахад үргэлжлүүлэн хийсэн гэдгээр хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

            Маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын  04-ний өдрийн 0066293 дугаартай шийтгэлийн хуудсаар “СХ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10,000.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.3-д заасныг баримтлан НМХГЭИХХЦХУБ Д.Д-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066293 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

                            ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ