| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2023/0603/З |
| Дугаар | 221/МА2023/0703 |
| Огноо | 2023-11-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0703
“С ф” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Э.Б
Хариуцагч Л.А
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 730 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, С.Х
Хариуцагч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0603/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “С ф” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 730 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А нь шүүхээс тогтоосон 30 хоногийн хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “С ф” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж шийдвэрлэсэн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь энэхүү Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу шинэ акт гаргаагүй боловч урьд гаргасан шийтгэлийн хуудас хүчинтэй гэсэн тайлбарыг манайд ирүүлсний дагуу “С ф” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8535 дугаар захирамжаар хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тул уг маргаан бүхий актыг хүчингүй болсон гэж үзэж, гомдолд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдсэн.
Ийнхүү Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “С ф” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А-д холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэж, “С ф” ХХК-ийн зөрчил үйлдсэн гэх хэрэг эцэслэн шийдэгдсэн байхад улсын байцаагч Л.А нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0002362 дугаартай шийтгэлийн хуудсаар “С ф” ХХК-ийг дахин 20 000 000 төгрөгөөр торгож шийдсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улсын дээд шүүхээс даалгасан 58 хоногийн хугацаанд “С ф” ХХК-д холбогдуулан шинэ акт гаргаагүйн дээр нэр бүхий 2 компанийн зөрчил үйлдэхэд хэрхэн оролцсон, хувь оролцоог огт тогтоогоогүй. Нэгэнт дурдсан 58 хоногийн хугацаанд хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинэ акт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны акт буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаартай “С ф” ХХК-ийн 20 000 000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас хүчингүй болно.
Ийнхүү шийтгэлийн хуудас хүчингүй болсон байхад “С ф” ХХК-ийн үйлдсэн гэх зөрчилд дахин шийтгэл оногдуулж байгаа нь түүнийг шүүх дахин авч хэлэлцэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим алдагдсан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон зүйлийг дахин авч хэлэлцсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 730 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх нь “...Хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж Засгийн газрын 2021 оны 135 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-т нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих” гэж тус тус заасныг баримтлан шийтгэл оногдуулсан гэж маргасан нь үндэслэлгүй байна, мөн хариуцагч нь зөрчлийг хамтран үйлдсэн “С ф” ХХК болон “С-О” ХХК-ийг холбогдогчоор татан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан тус бүрд нь шийтгэлийн хуудас бичиж, торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн боловч торгуулийн хэмжээг хуулийн этгээд тус бүрд нь хорин мянган нэгж буюу 20 сая төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан үндэслэлд нийцэхгүй байна” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-д “нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих” гэж тус тус заасныг баримтлан “С ф” ХХК болон “С о” ХХК-д тус бүрд шийтгэл оногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад торгох шийтгэлийн хэмжээг сонгох боломжтой байдлаар зохицуулаагүй юм.
Гэтэл анхан шатны шүүхээс “С ф” ХХК-д дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “С ф” ХХК-д шийтгэл оногдуулсныг анхан шатны шүүхээс үгүйсгэхдээ хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-д заасныг баримтлан шийтгэл оногдуулсан гэж маргасан нь үндэслэлгүй байна гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхээс “С ф” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаартай шийтгэлийн хуудсыг 30 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 730 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаар шийтгэлийн хуудсаар “С ф” ХХК-ийн “шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдаалах болзол тулгасан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д зааснаар 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагч “С ф” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “... эхний удаа 3 шатны шүүхээр яваад дээд шатны шүүхээс “С ф” ХХК зөрчил гаргасан байна. Гэхдээ энэ зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь зөрчлийн хэмжээнээс давсан, хэм хэмжээнд тохирохгүй байна. Иймд 58 хоногийн хугацаа өгөөд боломж олгосон боловч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нөхцөл байдлыг тодруулаагүй, шийтгэлийн хуудсаа ч дахиж гаргаагүй, шүүхийн шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар биелүүлээгүй, одоо оногдуулаад байгаа шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх гомдол гаргагчийн дээрх гаргасан зөрчилд хариуцагчаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг “С ф” ХХК-иас “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “... мах худалдсан “С ф” ХХК-иас гадна шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салгаж үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу “С-О” ХХК-иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд “С ф” ХХК-аас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц “С ф” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
2.4. Улмаар хариуцагчаас дээрх тогтоолын дагуу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар “С-О” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, “С-О” ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалаар “...улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар “С ф” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хүчингүй болсон байхад дан ганц “С о” ХХК-д холбогдох зөрчилд шийтгэлийн хуудас ногдуулсан нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-д заасантай нийцэхгүй байх тул маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар хариуцагчаас өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой, ...маргаан бүхий шийтгэлийн хуудсаар зөвхөн “С-О” ХХК-д хариуцлага тооцсоныг Улсын дээд шүүхийн тогтоол бодитойгоор биелэгдээгүй гэж үзэх бөгөөд уг тогтоолоор нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг нэгэнт зөрчил гаргасан болохыг дүгнэсэн байхад шүүхээс гуравдагч этгээд “С ф” ХХК-д нөхөн шийтгэл ногдуулах боломжгүй” гэж дүгнэн маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
2.5. Дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 183 дугаар магадлалд дурдсаны дагуу хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаар шийтгэлийн хуудсаар “С ф” ХХК-д 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд үндэслэлээ эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна”, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-д “нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих” гэж тус тус заасныг баримтлан “С ф” ХХК болон “С-О” ХХК-д тус бүрд нь шийтгэл оногдуулсан гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна.
2.6. Гэтэл анхан шатны шүүхээс “...хариуцагч нь зөрчлийг хамтран үйлдсэн “С ф” ХХК болон “С-О” ХХК-ийг холбогдогчоор татан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан тус бүрд нь шийтгэлийн хуудас бичиж, торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн боловч торгуулийн хэмжээг хуулийн этгээд тус бүрд нь хорин мянган нэгж буюу 20 сая төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 3.1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан үндэслэлд нийцэхгүй, ... маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг шүүх өөрчлөх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэх дүгнэлтийг хийж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасантай нийцэхгүй байна.
2.7. Эдгээрээс үзэхэд, гомдол гаргагч “С ф” ХХК-ийн хэрэглэгчийг хохироосон зөрчил нь тогтоогдсон, гомдол гаргагчаас гаргасан зөрчилтэйгөө маргаагүй, мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д “...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгайлан зохицуулснаас үзэхэд торгох шийтгэлийн хэмжээг сонгох боломжгүй буюу хувь тэнцүүлэн торгох шийтгэл оногдуулах талаар зохицуулаагүй байгаа энэ тохиолдолд зөрчлийг хамтран үйлдсэн “С ф” ХХК, “С-О” ХХК-иудад тус бүрд нь шийтгэл оногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 730 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С ф” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-д холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0002362 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН