| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0317/Э |
| Дугаар | 2022/шцт/80 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдгва |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/шцт/80
2022 01 14 2022/ШТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “А” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Д.Пүрэвдагва,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нар оролцсон Эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлан мөрдөн байцаагч албан тушаалтай, цагдаагийн хошууч цолтой байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1602 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 4 дэх хэсгүүдэд зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г.Г /РД: 1/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа иргэн Г.Баттөр, П.Болортуяа нарын хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлнэ гэж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн хэргийг гардаж шалгаагүй. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал ирсэн байдаг. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж, хуурамч бичиг баримт үйлдэж, залилан мэхэлсэн үйлдэл нь тодорхой байсан учраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокурорт шилжүүлсэн. Би бусдаас шан харамж нэхээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэлсэн. Эхнэрийн бие муудсан, хүүхдийн баяр болох гэж байна гэх байдлаар мөнгө нэхсэн зүйл байхгүй. Манай эхнэрийн бие өвдөж байгаагүй. Миний бие Удирдлагын академид өөрийнхөө мөнгөөр сурч төгссөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1702000320059 дугаартай хэргээс:
Яллагдагч П.Болортуяагийн мэдүүлэг /2хх-ийн 235 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Баттөрийн мэдүүлэг /2хх-ийн 250 дугаар хуудас/,
Гэрч О.Эрдэнэбаярын мэдүүлэг / 2хх-ийн 76-79 лүгээр хуудас/,
Гэрч З.Дашдаваагийн мэдүүлэг /2хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Гэрч Б.Батдэлгэрийн мэдүүлэг /2хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 132-134 дүгээр хуудас/,
"Скайтел" ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/7246 дугаартай албан бичиг /1хх-ийн 149 дүгээр хуудас/,
2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай Цагдаагийн Ерөнхий
газрын даргын “Цагдаагийн хошууч Гончигийн Г.Гг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн ажлаас энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсугай" гэсэн тушаал /2хх-ийн 171 дүгээр хуудас/,
П.Болортуяагийн "Хаан" банкны 5011307820 дугаарын данснаас Г.Баттөрийн
5027722486 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 45- 46 дугаар хуудас/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлан мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 5 сарын 31-ны өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөг, 2016 оны 08 сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2000.000 ийн хахууль өгөхийг шаардсан, авсан үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Яллагдагч П.Болортуяагийн "…Эрдэнэбаяр 2.000.000 төгрөгийг Г.Гд өгөх гэсэн юм гэхлээр нь юун учиртай мөнгө юм бэ, надад илүүдээ гарсан мөнгө байхгүй, Г.Гд мөнгө өгөх ямар шаардлага байгаа юм гэхэд Баттөр ахын тооцооноос сүүлд нь хасах юм гэж хэлэхээр нь Баттөр ахаас тийм үү гэж асуухад тийм гэж хэлсэн. Тэгээд тэр 2.000.000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Эрдэнэбаяр бид хоёр хамт яваад Г.Ггийн өрөөний наана нь би үлдээд Эрдэнэбаяр цааш явж ороод өгсөн..." гэх мэдүүлэг,
Яллагдагч Г.Баттөрийн "... О.Эрдэнэбаяр гэдэг залуу ...Г.Г байцаагчид 500.000 төгрөг хэрэгтэй байна, надад өгөх мөнгө байхгүй байна... гэхэд нь өгсөн..." гэх мэдүүлэг,
Гэрч О.Эрдэнэбаярын: “...Ахлах мөрдөн байцаагч Г.Гд би өөрийн гараар нийт 2.500.000 төгрөг өгсөн. Хамгийн эхлээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч баяр ёслол болох гээд байна тав арван цаасны боломж байна уу гэж надаас асуухаар нь за би эргээд ярья гэж хэлсэн. Ингээд Г.Баттөр ахтай уулзаад Г.Г байцаагч мөнгө нэхээд байна ш дээ гэсэн чинь ...Г.Баттөр ах 500.000 төгрөг надад өгөөд наад мөнгөө аваачаад өгчих гэхээр нь би Г.Г байцаагчийн ажил дээр очиж өрөөнд нь ороод май хөгшөөн гээд ширээн дээр нь 500.000 төгрөг тавиад гарсан... Үүнээс хойш дахиад арав орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад амралт эхлэх гээд байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, 2.000.000/ хоёр сая төгрөг/ өгөх боломж байна уу гэхээр нь асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би хариу хэлэхгүй байсан чинь над руу хоёр гурван удаа утсаар ярьж "юу болж байна, яасан бэ" гээд асуугаад байсан. Би ингээд Баттөр, Болортуяа хоёрт нөгөө байцаагч чинь 2.000.000 төгрөг нэхээд байна ш дээ гэсэн чинь Баттөр ах уурлаад надад лав мөнгө байхгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн П.Болортуяа танд өгөх ёстой 360.000.000 төгрөгөөс би 2.000.000 төгрөг өгчихье та авах мөнгөнөөсөө хасна биздээ гэсэн чинь Баттөр ах тэгнэ, тэгнэ гээд Болортуяа бид хоёр Засгийн газрын ордны хойд талын цэцгийн худалдааны төвтэй ХААН банкнаас П.Болортуяа мөнгө аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж Г.Г байцаагчийн өрөө рүү бид хоёр хамт орж дугтуйтай 2.000.000 төгрөгийг би цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан... Г.Г байцаагчийн мөнгө нэхээд над руу бичиж байсан мессеж нь миний гар утсан дээр байна лээ...гэх мэдүүлэг,
Гар утсанд үзлэг хийсэн "... О.Эрдэнэбаяраас "Самсунг" маркийн гар утсыг гаргуулан авч үзлэг хийхэд... 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11:11 цагт 91130026 дугаарын гар утас руу "Хөгшин лүүгээ тоо явуулаач хэд хэрэгтэй байна, мөн дээрх минутад хөгшин рүүгээ гэсэн мессеж, ...Г.Ггийн гэх утасны дугаараас хариуд нь 12 цаг 22 минутад "chi ooroo medchihee hogshoon" /чи өөрөө мэдчихээ хөгшөөн/ гэх мессэж илгээсэн байв..." гэх тэмдэглэл, гар утасны гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Скайтел ХХК-аас “91130026 дугаарыг 2013 оны 01 сарын 23-ны өдрөөс хойш Гончиг овогтой Г.Г эзэмшиж байсан” талаарх албан бичиг зэрэг болно.
.
Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 01 сарын 18-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 01 сарын 14-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар тогтоогдож байх ба тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа Г.Батжаргалд холбогдох эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт Им Жүн Үн-г хохирогчоор тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол, гэрч хохирогч сэжигтэн яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, үйл баримтыг хангалттай нотолсон, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах эрх зүйн дүгнэлтийг хийсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн аль алиных нь ашиг сонирхол явагддаг онцлогтой.
Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Им Жүн Үн-гийн хохирсон гэх эрүүгийн хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлж, хохирлын мөнгийг гаргуулан авах нэгдмэл ашиг сонирхол бүхий П.Болортуяа /Им Жүн Үн-ийн хууль ёсны төлөөлөгч/, Г.Баттөр / Им Жүн Үн- ийн хуулийн зөвлөх/ нараас иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан 2500.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан болох нь П.Болортуяа, Г.Баттөр, гэрч О.Эрдэнэбаяр нараас шүүгдэгч Г.Гд 2 удаагийн үйлдлээр 2500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн талаарх мэдүүлэг болон О.Эрдэнэбаяртай холбогдсон гар утасны дугаарыг Г.Г эзэмшдэг болохыг нотолсон Скайтел ХХК-ны албан бичиг, мөнгөний тоо хэмжээ асуусан, түүнд хариу бичиж зурвас илгээсэн тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ггийн дээр дурдсан үйлдэл нь зайлшгүй хахууль өгөгчийн оролцоотой хийгдсэнээр төгссөн байхыг шаардах бөгөөд прокуророос П.Болортуяа, Г.Баттөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад яллагдагч П.Баттөр нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагаагаар тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөн түүнчлэн яллагдагч П.Болортуяа нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад буюу 2018 оны 11 сарын 26-ны өдөр Улаанбаатар Сөүл-ийн чиглэлийн Ке-868 дугаартай аяллын онгоцоор улсын хилээр гарч оргон зайлсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 2-5а/854 дугаартай албан тоотоор тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт 1.4-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гд холбогдох хэргээс тусгаарласан байна.
Яллагдагч П.Болортуяад холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан нь үндэслэлтэй, Г.Гд холбогдох хэргийг дангаар шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Улсын яллагчаас: шүүгдэгчийг гэм буруутайд тооцож өгнө үү...гэж,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс: Прокурор зөвхөн нэг талыг бариад Г.Гг яллаж байгаад гомдолтой байна. Г.Гг яллагдагчаар татсан албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа авлига авсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд байгаагүй. Хуульд заасан ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг Б.Г.Ггийн асуудал дээр хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой бус байдаг. Прокурор сүүлийн мөнгө авсан гэх үйлдлийг 8 сард гэж байгаа боловч 8 дугаар сарын хэдний өдөр гэдэг нь тодорхойгүй. Тиймээс хууль хэрэглээний хувьд асуудал үүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хөдөлбөргүйгээр тогтоох ёстой. Гэрч Эрдэнэбаяр 4 удаа мэдүүлэг өгөхдөө цаг хугацааны хувьд 5 дугаар сарын сүүлээр, 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 01-ний өдөр гэх байдлаар зөрүүтэй мэдүүлдэг. Ямар нотлох баримтаар Эрдэнэбаярын мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэснээ яллах дүгнэлтдээ дурдаагүй. Г.Болортуяагийн мөнгөний эх сурвалжийг тогтоогоогүй. Эрдэнэбаяр, Баттөр нарын утасны билл болон хөрөнгийн орлогын мэдүүлгийг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө тэгш байх гэсэн заалтыг ноцтой зөрчиж, миний үйлчлүүлэгчийг хэт нэг талыг барьж шалгасан баримтуудаар оруулж ирсэн. Миний үйлчлүүлэгч Болортуяа, Баттөр нарт давуу байдал олгоогүй тул шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл: Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 сарын 24-ны өдрийн 537 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн байна. Иймд урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Ггийн хувьд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “ үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268. 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг багасгасан, хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх боломжтой болсон, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хассан зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүхээс гэм буруутайд тооцсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Г.Гг яллагдагчаар татсан албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа авлига авсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд байгаагүй” гэх дүгнэлт дээрх үндэслэлээр няцаан үгүйсгэгдэж байна.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Ггийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2016 оны 05 сарын 31, 2016 оны 08 сар гэж тус тус тодорхойлжээ.
Гэрч О.Эрдэнэбаяр нь 2017 оны 08 сарын 08-ны өдрийн мэдүүлэгтээ: шүүгдэгч Г.Гг 2016 оны 06 сарын 01-ны өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад тав арван цаасны боломж байна уу гэж асуухаар нь Баттөрд хэлж улмаар ажил дээр нь очиж өрөөнд нь ороод 500.000 төгрөгийг ширээн дээр нь тавиад гарсан гэж, 2017 оны 08 сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 2018 оны 05 сарын 31-ны өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөг авч Г.Гд өгсөн, үүнээс хойш 1 сар орчмын дараа эхнэрийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна, 2016 оны 8 сард ээлжийн амралтаа авах гээд байна 2000.000 төгрөг зохицуулаад өгөөч гэж хэлэхээр нь Болортуяагийн хамт Засгийн газрын ордны хойд талын ХААН банкны салбараас 2000.000 төгрөг өгсөн талаар тус тус мэдүүлжээ.
Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг О.Эрдэнэбаяр Г.Г нарын 2016 оны 05 сарын 31-ны өдөр хоорондоо гар утасны мессэжээр харилцсан “Хөгшинлүүгээ тоо явуулаач хэд хэрэгтэй байна” гэх мессэжний хариуд “chi uuruu medchihee hogshoon” гэх агуулга бүхий тэмдэглэлтэй харьцуулан судалж үзэхэд цаг хугацааны хувьд зөрүүгүй,
мөн тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батдэлгэр нь шүүгдэгч Г.Гг 2016 оны 08 сарын сүүлээс 2016 оны 09 сарын сүүл хүртэл 1 сарын хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн талаар мэдүүлсэн ба гэрч О.Эрдэнэбаярын мэдүүлэгт дурдсан “шүүгдэгч Г.Г нь 8 сард ээлжийн амралт авах гээд байна, мөнгөний хэрэг байна” гэх агуулга бүхий үйл баримт нь дээрх гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байна.
Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоогоогүй гэх дүгнэлт нь үндэслэл муутай ба прокуророос хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримтад тулгуурлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2016 оны 05 сарын 31, 2016 оны 8 сар гэж тогтоосон нь үндэслэл бүхий гэж шүүхээс дүгнэв.
Гэрч О.Эрдэнэбаяр нь өөртөө болон бусдад ямар нэгэн давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Г.Гд 2500.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй ба харин О.Эрдэнэбаярын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан “Хээл хахууль зуучлах” гэмт хэргийн шинжийг хангасан болох нь тогтоогдсон боловч 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул О.Эрдэнэбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм.
“Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан шүүгдэгч Г.Г нь “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.
Шүүгдэгч Г.Г нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар буюу О.Эрдэнэбаяраар дамжуулж 2.500.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул “Хахууль авах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Гг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Гд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлээс: Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцно. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийг хүчингүй болгоод, хуулийг буцаан хэрэглэх зарчим үйлчилж эхэлсэн. Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Энэ гэмт хэргийн 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг тус тус гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй. Гэмт хэргийн улмаас 2500.000 төгрөгийн бодит хохирол учирсан хэдий ч энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь хувь хүн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, эдийн засгийн аюулгүй байдалд ихээхэн хор уршиг учруулдаг байна.
Мөн шүүгдэгч Г.Г нь шүүхээс гэм буруутайд тооцсон дээрх үйлдлээс өмнө буюу Чингэлтэй дүүрэг дахь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа 2014 оны 07 сараас 2014 оны 09 сард бусдаар дамжуулж хээл хахууль авсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, удаа дараа энэ төрлийн холбогдож байгаа нь түүний өөрийн үйлдэлдээ хандаж байгаа ухамсарт хандлага, төлөвшил зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хувийн байдалд нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж түүний ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Ггийн үйлдэлд 2017 оны 11 сарын 09 –ны өдрийн 1702000320059 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хуулийг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Гд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 дахь заалтад заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явагдсан тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах өмгөөлөгч О.Сайнгэрэлийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2500.000 төгрөгийг Г.Ггээс гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зан байдал дутагдалтай байсан гэж дүгнэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гончигийн Г.Гг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулж хахууль өгөхийг шаардсан, авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганцэцэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ггээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН