Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Цолмон,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Чид холбогдох эрүүгийн 1808014920502 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-н Ч,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайрханы 1-222 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 179.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Чийг нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдолдоо: “...Хэргийн газрын үзлэгээр миний зүүн гарын хээний дардас цонхны гадна талаас авсан дардастай таарсан гэсэн үндэслэлээр надад ял шийтгэл оногдуулж буйд маш их гомдолтой байна.

Тохиолдлын ямар нэгэн нөхцөл байдал, давхацлаас миний гарын хээ тохирсон байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тухайн хэрэг гарах үед миний тэнд байсныг хөдөлбөргүй тогтоосон байх шаардлагатай. Гэтэл шинжээч Т.Оюунжаргал нь “...Бийн Ч, эсхүл Чийн Б байж болно...” хэмээн анхны дүгнэлтээ маш эргэлзээтэй гаргасан байдаг. Дахин шинжилгээ хийсэн боловч мөн л адилхан гарсан болохоор гарын дардас минийх мөн, биш гэж маргах нь утгагүй юм. Харин ямар нэгэн тохиолдлын давхцал гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг баримтлан, хохирогч талын гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгсөн мөртлөө миний талын надад ашигтай байх гэрчүүдийн мэдүүлгүүдийг огт үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Жишээ нь: Хохирогч Ц.У, гэрч Ө.А нар нь 2017 оны 10, 11 дүгээр сарын орчим дэлгүүрийнхээ цонхыг угаасан тухай нэгнийхээ мэдүүлгийг баталсан байна. Гэхдээ яг хэдийд гэдгийгээ хэн хэн нь нарийн тодорхойлоогүй. Гэхдээ энэ мэдүүлэгт мөрдөгч ач холбогдол өгч, ямар ч байсан хулгай орохоос өмнө цонхоо угаачихсан байсан юм байна гэсэн дүгнэлтийг хийчихсэн. Гэтэл надад ашигтай байж болох, тухайн хэрэг гарах үед миний Улаанбаатар хотод байгаагүйг нотлох гэрч С.Шагдаржав, Н.Г, Б нарын мэдүүлэгт ямар ч ач холбогдол өгөөгүй нь хэт нэг талыг баримтлан өрөөсгөл дүгнэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүрсэн байна.

Учир нь: Эдгээр гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгч, хүний амьдралын тодорхой хугацааны хувь заяа шийдэх гэж байгаа тул мөрдөгч нь хуульд заасан тодорхой хэмжээний зардал гарган Дундговь аймаг орж мянгат малчин Ц гэдэг хүнтэй уулзаж бидний хэрэг гарах өдөр хаана байсныг төвөггүй тогтоох байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм ажиллагаанаас хэн нь худал хэлсэн, гарын дардаст давхцал, эндүүрэл гарсан уу, үгүй юу гэх зэргээр бүх юм батлагдах байсан. Ийм дүгнэлт хийлгүй хилсээр ял шийтгэсэнд маш их гомдолтой байгаа тул хэргийн эргэлзээг арилгаж, хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийж, намайг хилс хэргээс цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн гол гэм буруутайд тооцож буй үндэслэл нь, “Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, далд аргаар явагддаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн газраас буюу дэлгүүрийн цонхны салхивчаас авсан гарын хээ нь Б.Ч-ийн санд авагдсан гарын хээтэй тохирсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба тус баримтыг үгүйсгэх няцаах баримт хэрэгт байхгүй” гэж гол үндэслэлээ болгосон. Гэтэл энэхүү шинжээчийн дүгнэлт болон тус үндэслэлд дараах асуудлууд урган гарч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс үүнийг анхаарч үзээгүй.

1. Тус хурууны хээг хөдөлбөргүй хулгайчийн хурууны хээ гэж шууд дүгнэсэн

үндэслэлийн хувьд:

Гэтэл тухайн цонхны салхивчнаас авсан гэх “гарын хээ”-г яг хулгайчийн гарын хээ гэдэг нь хөдөлбөргүйгээр тогтоосон зүйл байхгүй. Хамгийн гол нь хэргийн газрын үзлэгээр цонхны салхивчнаас 2 ширхэг хурууны хээ /хх-3х/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2310 дугаар Шинжээчийн дүгнэлт /хх-50/, 4-т “Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй” “1б” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн Папилон системд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч  нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү “1б” хурууны хээг үлдээсэн хүн ч хулгайч байх боломжтой. “1а” гэж дугаарласан хурууны хээг Б.Чийнхтой таарсан гэж үзсэнээрээ шууд түүнийг хулгайн хэргийн субъект гэж үзэх үндэслэл болгосон.

Мөн тухайн хурууны хээнүүд нь хулгайчийнх гэдэг нь өөрөө баталгаагүй юм. Учир нь, хохирогчийн мэдүүлэгт /хх-27, 18-19/ “Хяналтын камертай боловч залгуураар нь салгачихсан байсан. Дэлгүүрийн хяналтын камер 01 цаг 10 минутад унтарсан байсан”, “Манай дэлгүүрийн орлогын мөнгө болох 126.000 төгрөг, мөн түлээ нүүрс зарсан мөнгө 50.000 төгрөг, нийтдээ 176.000 төгрөгийг орой дэлгүүрээ хаахдаа дэлгүүрийн ар талын өрөөний орны дэрэн доогуур хийчихсэн байсан юм. Дэлгүүрийн лангуунаас ургамлын тос 2 ширхэг, нийтдээ 7000 төгрөг, өөр яг юу алдагдсаныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлгээс үзвэл Б.Ч нь цонхоор орж, хулгай хийсэн бол анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг анхнаасаа цонхоор орохдоо л өөрийн хурууны хээгээ үлдээсэн юм бол цаашлаад хохирогч, гэрчийн мэдүүлэг дээрх шиг олон үйлдэл хийсэн тохиолдолд яагаад салгагдсан камерын залгуур, лангуу, чихэр, гоймон, мөнгөний хайрцаг зэрэг дээр түүний гарын хээ үлдээгүй байх билээ.

Үнэхээр ийнхүү салгасан, онгичсон эд материал дээр ямар ч хурууны хээнүүд үлдээгүй бол хулгайч нь анхнаасаа хурууны хээ үлдэхгүй буюу бээлийтэй байсан гэж дүгнэж болно. Бээлийтэй байгаад энэхүү хулгайн үйлдлийг хийсэн тохиолдолд цонхон дээр ч мөн хурууны хээ үлдэхгүй байсан.

Мөн тухайн хурууны хээг хэдийд дарагдсан эсэхийг тогтоогоогүй атлаа, Б.Ч-ийн 2017 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө дарагдсан түүний хурууны хээ гэж шууд үзэж, гэм буруутайд тооцоод буй нь үндэслэлгүй болно. Ийм эргэлзээтэй бас хэнийх нь мэдэгдэхгүй 1 хурууны хээ байсаар байхад Б.Чийн нэг ширхэг хурууны хээ олдсон үйл баримтаар түүнд шууд 2 жилийн ял оногдуулж буй нь үндэслэлгүй болно.

Мөн тухайн цонхны тавцан цонхыг угаасан гэх Ө.А-ын гэрчийн мэдүүлэгт “хулгайн хэрэг гарахаас өмнө цонхоо угаагаад авъя гээд бид хоёр хамт угаасан” гэх мэдүүлгээс харахад хулгайн хэрэг гарахаас 5 сар гаруйн өмнө тухайн цонхыг угаасан бөгөөд яг хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр нь цонхыг угаагаад маргааш нь Б.Ч тэднийхээр 2-3 удаа орж гарч, цаашлаад бүүр хоол хүртэл идээд гарч байсан үйл баримтаар тогтоогддог. Хүн өдөр тутмын хийсэн үйлдлээ тухай бүрт нь байнга санаж байна гэдэг боломжгүй бөгөөд аливаа зүйлд хүрэх, шүргэх үйлдлийн дийлэнх нь ухамсаргүйгээр үйлдэгддэг билээ.

2. Тухайн хэрэг гарсан нөхцөл байдал болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн хувьд:

Хулгайч орсон гэх цонхны талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлэгт цонхыг хөшиж онгойлгосон гэх ул мөр байхгүй, өөрөө онгорхой байсан гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хохирогч нь өөрөө анхнаасаа эд хөрөнгөтэй байрны цонхоо онгорхой үлдээсэн бөгөөд ийнхүү бүхэл шөнөжингөө дэлгүүрийн цонх онгорхой байж, дэргэдүүр нь өнгөрөх хэн ч цонхоор орж, эд хөрөнгийг авах нөхцөлийг хохирогч өөрөө бүрдүүлсэн байна.

Ганцхан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолын 9 дүгээр нүүр, 27-28 дугаар мөрөнд анхан шатны шүүх нь “хөшиж онгойлгосон гэх цонхны салхивчаас Б.Ч-ийн гарын хээ илэрсэн” гэж дүгнэсэн. Гэхдээ энэхүү “хөшигдсөн” гэх үйл баримтыг анхан шатны шүүх нь нотлох баримтаар батлаагүй зөвхөн хийсвэрээр энэхүү дүгнэлтийг шууд гаргасан.

Мөн Б.Ч-ийг хулгай хийхээр цонхоор орохдоо хурууны хээгээ үлдээж эхэлсэн гэж байгаа бол камерыг салгахдаа тухайн залгуур дээр тэрээр хурууны хээгээ үлдээх ёстой. Гэтэл тухайн залгуураас хурууны хээ илрээгүй бөгөөд яг хулгайч тухайн камерыг салгасан уу, өөр хүн салгасан уу гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нарийн сайн тогтоогоогүй. Хохирогчийн зүгээс тухайн камерыг  дэлгүүрээ хаахдаа салгасан байх боломжтой бөгөөд ганц хулгайчаас сэргийлэх камераа өөрсдөө салгаад тухайн байрныхаа цонхыг хохирогч нь онгорхой үлдээсэн байх боломжтой бөгөөд тухайн дэлгүүрийн хажуугаар өнгөрөх ямар ч этгээдийг тухайн байр луу нэвтрэн хууль бус үйлдэл хийх бүрэн боломжтой нөхцөл байдалд объектыг үлдээсэн байна.

Хохирлын хэмжээ буюу дэлгүүрийн тухайн өдрийн орлого нь 180.000 төгрөг байсан эсэхийг яаж тогтоосон эсэх нь эргэлзээтэй ба эргэлзээгүй талаас нь тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэгийн зураг дээр ч мөнгө байсан эсэх хайрцаг байхгүй, мөнгө хаана байсан эсэхийг тодорхой тусгаагүй.

3. Хэргийн бусад нөхцөл байдлын хүрээнд: Шалгавал зохих бусад асуудлыг дутуу шалгасан. Учир нь хохирогч Ц.У нь анх цагдаад өгсөн дуудлагыг бэхжүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Илтгэх хуудас”-т “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 122 тоотод оршин суух Ц-ын У-тай уулзаж ярилцахад “2018 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 50 минутын үед дэлгүүрээ хаасан, манай дэлгүүрээс 180.000 орчим төгрөг бэлнээр алдагдсан байна” гэв. Хөвсгөл аймгаас манай хамаатан болох Цогзолмаа над руу утсаар яриад манай хүү Ганбаатарын Өлзийдаваа Улаанбаатар хотод яваа шүү, танай гэр лүү очиж магадгүй, танайхаас эд зүйл хулгайлж магадгүй шүү анхааралтай байгаарай, сүүлийн үед их хулгай хийх болсон гэж ярьсан” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд энэхүү мэдээллийн дагуу ажиллагаа хийж, шалгаж тогтоогоогүй.

Хавтас хэргийн 26-27 дугаар хуудас дахь хохирогчийн мэдүүлэгт “...хойд талын өрөөний цонх онгорхой, орон дээр гутлын мөр шороо тоос болчихсон байсан” хавтас хэргийн 5-9 дүгээр хуудас дахь гэрэл зураг дээрх гутлын улны мөр байх бөгөөд энэхүү ул мөр нь ямар ч эргэлзээгүйгээр цонхоор орж ирсэн хулгайчийн өөрийн үлдээсэн зөвхөн түүнд хамаарах мөр болно. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн улны мөрийг бэхжүүлэн авч, сэжиглэгдэж буй хүмүүсийн гутлын улны мөртэй харьцуулах ажиллагааг хийгээгүй. Цонхны тавцан дээрх хурууны хээг цонхыг угаагаагүй 5 сар гаруйн хугацаанд хэн ч үүсгэж болох бөгөөд харин хулгайчийн гутлын улны мөр нь ганцхан хөдөлбөргүй ул мөр билээ. Мөн хавтас хэргийн 44 дүгээр хуудсанд гэрч Б.Н-ийн мэдүүлэгт: “...надаас замын зардалд 20.000 төгрөг авсан” гэх мэдүүлгээс үзэхэд Б.Ч хулгай хийх мөнгөний хэрэгцээ шаардлага байхгүй байсан ба үнэхээр тэр орой дэлгүүр орж хулгай хийх байсан бол анхнаасаа Б.Нарантуяагийнд очиж, түүнээс замын зардлын мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага байхгүй байсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 648 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй ч Б.Чид ашигтайгаар шийдвэрлэж, түүний цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдээгүй. Надад хамаагүй, мөн би хулгай хийе гэсэн санаа бодолгүй байсан. Би цонхон дээр гарын хээ үлдээгээгүй. ...” гэв.

 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэг болсон гэх газраас Б.Чийн гарын хээ илэрсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Ч хохирогчийн гэрт 2017 оны 9 дүгээр сард, дараа нь 2017 оны 11 дүгээр сард хамгийн сүүлд очиж байсан. Хэрэг үүнээс хойш жилийн дараа гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хулгайн гэмт хэрэг гарсан дэлгүүрийн цонхны шилэн дээрээс хэд хэдэн хурууны хээ олдож, улмаар уг хурууны хээнүүдэд харьцуулах шинжилгээ хийхэд нэг хээ нь Б.Чийн хурууны хээтэй тохирсон талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ.

 

Гэвч Б.Ч нь машинаар эд зүйл зөөж, хэд хэдэн удаа хохирогч Ц.Ундрахын Хашаанд ирж байсан талаар хохирогч Ц.Ундрахын мэдүүлэгт авагдсан байх бөгөөд тэр үедээ хохирогчийн хашаанд байрлах дэлгүүрийн цонхны шилэнд хүрч, хурууны хээгээ үлдээсэн байж болох нөхцөл байдал байна.

Энэ нөхцөл байдлыг тодруулан шалгах, цонхны шилэн дээрээс олдсон бусад хурууны хээ хэнийх болохыг тогтоох, түүнчлэн хүний хурууны хээ цонхны шилэнд ямар хугацаанд хадгалагдах боломжтой байдлыг мэргэжилтнээс тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Иймд, дан ганц хурууны хээ цонхны шилэн дээрээс илэрсэн үндэслэлээр хулгай хийсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

Хүнсний дэлгүүрийн цонхны салхивчаар орж, хулгай хийсэн байдал тогтоогдсон бөгөөд уг салхивч нь ямар хэмжээтэй болох, Б.Ч салхивчаар багтан орох боломжтой зэрэг нөхцөл байдлын талаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч М.А-ийн “мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих ажиллагаа дутуу хийгдсэн талаар” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 648 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ч-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ