Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00162

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар баг, 21 дүгээр хороолол, 18 дугаар байрны ¹ 48 тоотод оршин суух, 1980 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, Боржигон овогт Жаргалсайханы Нарангэрэлийн /РД:ТД80073020/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Зүүнхараагийн ¹ 28 тоотод оршин суух, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, Алтангэрэлт овогт Балдантогтохын Наранбаатард  /РД:МЗ73121311/ холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Нарангэрэл, хариуцагч Б.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2005 онд Б.Нтай танилцаад 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Мөнхгэрэлийг төрүүлсэн. 2013 онд би ажлын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжин ажилласан. Охин бид хоёр энэ хугацаанд Зүүнхараад гэр лүүгээ байнга ирдэг байсан. Миний аав, ээж хоёр надад Дарханд 2 өрөө байр авч өгсөн. 2014 онд би Улаанбаатар хотоос Дарханы замын 1 дүгээр ангийн орлогч нягтлан бодогчоор шилжин ажилласан. Би Ныг Дарханд шилжин ирж ажиллаач тэгээд нэг дор хамт байя гэж их гуйсан боловч ирээгүй. 2013 оноос хойш бид тус тусдаа амьдарч байна. Сая шүүхээс гэрлэлт цуцлахыг түдгэлзүүлж эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч Б.Н нь нэг л удаа уулзсан. Иймд одоо гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр  2005 онд танилцаад 2006 онд гэр бүл болсон. 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Мөнхгэрэл нар төрсөн. Би яагаад Дарханд очихгүй байсан гэвэл эхнэрийн маань ажил хүний оронд түр орон тоо байсан юм. Тэгэхээр би ажлаасаа гараад очихоор хоёулаа ажилгүй болчихно гэж бодоод эндээ ажиллаад байсан юм. Тэгээд энэ оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Дархан өртөөнд оосорлогчоор ажилд орж шилжин ажиллах болсон. Би замын даргад эхнэрийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийг үзүүлж байж Дархан луу шилжүүлсэн. Одоо би Нийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хоёр хүүхдээ бодоод эвлэрмээр байна гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Б.Н нар нь 2006 онд гэр бүл болж 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Мөнхгэрэл нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн ¹ 0041989 Г 72, ¹ 4322000514 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, № 0014583 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн Дархан-Уул аймгийн  Гос хот Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бололцоотой гэж үзэн тэдний эрх ашгийн үүднээс гэрлэлт цуцлахыг 02 сарын хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ авч энэ хугацаанд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч Б.Н уулзалтанд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр хүрэлцэн ирээгүй, Ж.Н нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг бичгээр болон амаар удаа дараа гаргасан, талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх талаар идэвхи санаачилгагүй хандсан гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь охин Н.Мөнхзул, охин Н.Мөнхгэрэл нарыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа боловч охин Н.Мөнхгэрэл 07 насанд хүрээгүй тул саналыг нь авах боломжгүй, мөн охин Н.Мөнхзулыг асууж авсан санал зэргийг харгалзан үзсэн ба хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд нь тавих анхаарал, хүүхдийн өсөж бойжих орчин зэргийг гол үндэслэлд тооцон эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.   

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Мөн хариуцагч Б.Наас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 37510 төгрөгийг гаргуулж орон нутгийн  төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

                                                                  Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алтангэрэлт овогт Балдантогтохын Н, Боржигон овогт Жаргалсайханы Н нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мөнхгэрэл нарыг эх Ж.Нийн асрамжинд үлдээсүгэй.                         

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мөнхгэрэл нарыг тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Н.Мөнхзул, Н.Мөнхгэрэл нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Наас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 37510 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

                                                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ                Б. ХЭРЛЭН.