Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 45

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч          Б.Батзориг

                             Шүүгчид                     С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

 

                       Оролцогчид

                                 Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл

                                 Хариуцагч   Б.Наранбаатар

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийлдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 08 дугаар сарын      22-ны өдрийн 270 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Ж.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, Б.Наранбаатарт холбогдох “гэрлэлт цуцлаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2005 онд Б.Наранбаатартай танилцаад 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Мөнхгэрэлийг төрүүлсэн. 2013 онд би ажлын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжин ажилласан. Охин бид хоёр энэ хугацаанд Зүүнхараад гэр лүүгээ байнга ирдэг байсан. Миний аав, ээж хоёр надад Дарханд 2 өрөө байр авч өгсөн. 2014 онд би Улаанбаатар хотоос Дарханы замын 1 дүгээр ангийн орлогч нягтлан бодогчоор шилжин ажилласан. Би Наранбаатарыг Дарханд шилжин ирж ажиллаач тэгээд нэг дор хамт байя гэж их гуйсан боловч ирээгүй. 2013 оноос хойш бид тус тусдаа амьдарч байна. Сая шүүхээс гэрлэлт цуцлахыг түдгэлзүүлж эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч Б.Наранбаатар нь нэг л удаа уулзсан. Иймд одоо гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.

Хариуцагч Б.Наранбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид хоёр 2005 онд танилцаад 2006 онд гэр бүл болсон. 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Н.Мөнхгэрэл нар төрсөн. Би яагаад Дарханд очихгүй байсан гэвэл эхнэрийн маань ажил хүний оронд түр орон тоо байсан юм. Тэгэхээр би ажлаасаа гараад очихоор хоёулаа ажилгүй болчихно гэж бодоод эндээ ажиллаад байсан юм. Тэгээд энэ оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Дархан өртөөнд оосорлогчоор ажилд орж шилжин ажиллах болсон. Би замын даргад эхнэрийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийг үзүүлж байж Дархан луу шилжүүлсэн. Одоо би Нарангэрэлийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хоёр хүүхдээ бодоод эвлэрмээр байна гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 270 дугаартай шийдвэрээр:

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алтангэрэлт овогт Балдантогтохын Наранбаатар, Боржигон овогт Жаргалсайханы Нарангэрэл нарын гэрлэлтийг цуцалж,

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мөнхгэрэл нарыг эх Ж.Нарангэрэлийн асрамжинд үлдээж,

- Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдан,

-Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Мөнхзул, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Мөнхгэрэл нарыг тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Н.Мөнхзул, Н.Мөнхгэрэл нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Наранбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранбаатараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нарангэрэлд олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наранбаатараас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 37510 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Наранбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хүүхдүүдийн асрамжийг ээжид нь үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7 дахь хэсэгт заасан “7 ба түүнээс дээш насны хүүхдийн асрамжийг тогтоохдоо түүний саналыг харгалзана” гэснийг шууд тэдний саналыг үндэслэсэн нь хэт нэг талыг барьсан явдал гэж үзэж байна. Хуульд хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрт үндэслэл болгох талаар заагаагүй бөгөөд хүүхдийн саналыг “харгалзана” гэснийг шүүгч буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ эцэг, эхийн хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдлыг тогтоосны эцэст шийдвэрлэх байтал энэхүү асуудлыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр “хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй” гэсэн өрөөсгөл дүгнэлт хийж, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

    Ж.Нарангэрэл нь одоогоор эрхэлсэн тодорхой ажил болон тогтмол орлогогүй, одоо оршин сууж байгаа байр нь ипотекийн зээлтэй /гэрлэлт цуцлах ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017.06.07-ны өдрийн шүүгчийн захирамж 1 дүгээр тал, Ж.Нарангэрэлийн тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэлийг үзнэ үү/ цаашид хоёр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх эд хөрөнгийн болон санхүүгийн бололцоогүй гэж үзэж байна. Дээрхи асуудлыг тодорхойлуулахаар хариуцагч Б.Наранбаатар миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу охин Н.Мөнхзул, охин Н.Мөнхгэрэл нар нь эцэг, эхийн хэнийнх нь асрамжинд байлгах бололцоотой байх талаарх дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан.  Гэвч шүүгч миний хүсэлтийг хангахаас татгалзан 2017 оны  08 дугаар сарын 22-ны өдрийн 931 тоот шүүгчийн захирамж гарган “Наранбаатар овогтой Мөнхзул, Наранбаатар овогтой Мөнхгэрэл нарыг эцэг эхийн хэнийх нь асрамжинд байлгах бололцоотой эсэх талаарх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах шаардлагагүй байх тул хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна” гэж шийдвэрлэсэн нь хариуцагч миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Миний бие хоёр охиноо өөр дээрээ авч цаашид өсгөж хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Хоёр талын хэн аль нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгааг шүүхийн шийдвэрт шүүгч үнэлсэн атлаа энэ нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Ер нь бол гэрлэлтээ цуцлуулах хүсэлтгүй байгаа тул анхан шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Наранбаатарын  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Миний бие нь Б.Наранбаатартай 2005 онд танилцан 2006 онд гэр бүлээ батлуулан 2007 онд охин Н.Мөнхзулыг, 2015 онд охин Н.Мөнхгэрэл нарыг төрүүлсэн.
Амьдралын эхний жилүүдэд бид Наранбаатарынд амьдарч байсан. Б.Наранбаатар анхнаасаа л хайр халамж муутай байсан. Бид 2013 оноос  хойш тусдаа амьдарч байгаа 2014 оноос би Улаанбаатар хотоос Дархан хотод шилжиж ажиллах болсон. 2014 оноос хойш Наранбаатарыг Дарханд цуг амьдаръя гэж маш их гуйсан боловч өөрөө Зүүнхараад байгаа байшин хашаагаа зарахгүй гэдэг шалтгаанаар ирэхгүй байсан. Үүнээс хойш бид гурван жил тусдаа амьдарч байгаа ба энэ хугацаанд Наранбаатар нь хоёр охиноо ерөөсөө боддоггүй ирээд ганц, нэг хоноод л явдаг. Намайг бага охиноо төрүүлээд Дарханд нялх биетэй байхад эргэж ирээд 7 хоноод л явсан ба хүүхэд гарснаас хойш ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, халамж анхаарал тавиагүй тусдаа л байсанд би үнэхээр их гомддог. 2016 оны 10 дугаар сараас хойш огт холбоо бариагүй 2017 оны 2 дугаар сар хүртэл байсан. Хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ мартсан гэж үзэж болно. Биднийг тусдаа байх хугацаанд 2 хүүхдийг маань болон намайг манай ээж, аав л харж хандаж тусалж дэмжиж өдий хүрсэн. Мөн надад ээж, аав маань банкны зээлээр байр авч өгсөн ба энэ зээлийг маань манай аав, ээж төлдөг. Би одоо байрандаа 2 охины хамт амьдарч байна.

Би хоёр охин ганцаараа өсгөж байгаа эх хүний энгийн үгээр тайлбар хэлмээр байна.  Б.Наранбаатар нь хүүхдээ асрамжинд авна гэж байна гэтэл  бага охин нь эцэгтэй гэдгээ ч бараг мэдэхгүй л байгаа. Б.Наранбаатар өөрөө Дархан-Уул аймагт түрээсийн байр болон гэр хороололд айлаар, мөн ажлын газрын манаачийндаа амьдарч хоног төрүүлдэг шүү дээ. Хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, эрүүл мэндэд анхаардаггүй мөртлөө юун орон сууц, эд хөрөнгийн байдлыг тогтоолгох гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна.Би хамт амьдрах гэж хичээсэн гэтэл энэ хүн өөрөө ямар нэгэн санаачилга гаргаагүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон ирж уулзаагүй л өнөөдрийг хүрсэн шүү дээ. Гэтэл өөр зүйл яриад л зогсож байна. Одоо миний сэтгэл үнэндээ хөрсөн цаашид хамт амьдрах хүсэл итгэл, сэтгэлгүй болсон  тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                                                 Үндэслэх нь:

                                                                                                                                                                            

Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл нь хариуцагч  Б.Наранбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлаж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч гэрлэлтээ цуцлуулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр татгалзсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар зохих дүгнэлт хийж,  хэрэглэвэл зохих  хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

         Хариуцагч Б.Наранбаатарын давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Тус хэргийн зохигч Б.Наранбаатар, Ж.Нарангэрэл нар нь 2007 оны 03 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээр хууль ёсны  гэр бүл болсон байна.  Гэрлэгчдийн дундаас 2007 оны 12 сарын 16-ны өдөр охин Н.Мөнхзул, 2015 оны 12 сарын 16-ны өдөр охин Н.Мөнхгэрэл нар төржээ.  Гэрлэгчид нь 2013 оноос хойш таарамжгүй харьцаатай байсан бөгөөд  шүүх дэх эвлэрүүлэн зуучлал болон эвлэрүүлэх  арга хэмжээг шүүхээс авсан боловч үр дүнд хүрээгүй гэсэн үндэслэлээр шүүх  тэдгээрийн гэр бүлийг цуцлах шийдвэр гаргажээ.

 

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцлахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх талаар авсан хугацааны дотор гэрлэгчид эвлэрээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүх  гэрлэгчид эвлэрэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр гэрлэлтийг цуцласан нь хууль зөрчөөгүй байна.

 

          Хариуцагч Б.Наранбаатар нь шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ эцэг, эхийн хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдлыг тогтоосны эцэст шийдвэрлэх байтал энэхүү асуудлыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээсэнд гомдолтой байна гэх гомдлын үндэслэлийг судлан үзэхэд: Хэргийн хариуцагч Б.Наранбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон байх ба хэдийгээр шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй боловч хүүхдийн санал, хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцөл байдал, хүүхдүүд нь  бага насны  буюу том охин Н.Мөнхзул нь 9 настай, бага охин Н.Мөнхгэрэл нь бага насны  буюу хөхүүл  зэрэг  байдлыг нь тус тус  харгалзан үзэж хүүхдүүдийг эх Ж.Нарангэрэлийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй  байна.

 

         Түүнчлэн хариуцагч Б.Наранбаатар нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авах тухай хүсэлт гаргаж байгаа ба өнөөдрийн байдлаар  ажил эрхэлдэг байнгын орлоготой боловч өөрийн гэсэн орон байргүй, бага насны хүүхдээ асрах нөхцөл бололцоотой эсэх нь тодорхойгүй  байгаа бөгөөд хүүхдээ асрах бололцоотой талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Б.Наранбаатарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж  давж заалдах шатны шүүх үзлээ.

          Гэрлэгчид нь өөр хоорондын үл ойлголцлын улмаас тодорхой хугацаагаар тус тусдаа амьдарч байгаа боловч цаашид гэрлэлтээ сэргээн хамтран амьдрах боломжтой болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь сум дундын  шүүхийн  2017   оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        Г.ДАВААРЕНЧИН