Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/61

 

 

 

 

                                                                                                                     

 

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, А.Мөнхтулга,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяандорж

            Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Б-д холбогдох 1834002910164 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч болон түүний өмгөлөгч Н.Жамъяандорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б , 1993 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хот хотод төрсөн, 25 настай, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, бэр нарын хамт Улаанбаатар хот .........  тоотод суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар:ШУ.

 

Б.Б нь 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Бүрэн” гэх газар 44-91 СЭҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчин явсан зорчигч П.Алтантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор: 

 

            Шүүгдэгч Б.Б ийг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ачнууд овогт Баярсайхан Баасандоржийг 550 нэгжтэй тэнцэх буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

             Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Энхтүвшингийн Анхбаярыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Балдорж нь хохирогч П.Алтантуяад 1.060.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч П.Алтантуяагийн өмгөөлөгчийн зардлын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан цалин болох 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

           Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.Алтантуяа давж заалдах гомдолдоо: “Би Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхин 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Би “Диваажин хүрээлэн” ХХК-д ажилд ороод 1 жил болж байна. Тус компанид, зулын гол ороох, иргэдийг хүлээн авах, тогтооч зэрэг ажлыг хийж, ажлын байр болох “Хашаат” гэдэг газар ажлын тодорхой цаггүй байрлаж ажилладаг байсан. Цалин 750 000 төгрөг авдаг байсан. Манай компани байгуулагдаад удаагүй учраас хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан. Харин компаниас миний цалинг хувийн хаан банкны дансаар сарын эхэнд болон сарын сүүлээр шилжүүлдэг байсан. Би цалингийн талаарх тодорхойлолт авъя гэхээр компанийн захирал нь Баасандоржийн ах, дүү нар тул өгөхгүй гэж бодоод, би цалинг авч байснаа нотлохын тулд цалин орж ирдэг байсан. Хаан банкны хуулгыг хавтас хэрэгт хавсаргуулсан. Шүүх хурал дээр намайг 750 000 төгрөгийн цалин авдагийг захирал Гантулга мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Хаан банкны дансны хуулга болон захирал Гантулгын шүүхэд өгсөн мэдүүлгээр намайг 750 000 төгрөгийн цалин авдаг болохыг тогтоогдож байхад анхан шатны шүүхээс санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна гэж үзсэнийг ойлгохгүй байна. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмтсэнээс хойш ажил хийх боломжгүй байсан ба өнөөдрийг хүртэл бие эдгэрэхгүй эмнэлгийн магадлагаатай байгаа болно. Би өрх толгойлон амьдардаг бөгөөд цалингаас өөр ямар нэгэн орлого байхгүй. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарч гарч ирж байгаа болно. Иймд миний нэхэмжилсэн цалин болох 3 000 000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

 Хохирогчийн өмгөөдөгч Н.Жамъяандорж давж заалдах гомдолдоо: “ Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхээс хохирогч П.Алтантуяагийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг санхүүгийн анхан шатны баримт байхгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж гэж үлдээсэн нь үндэслэлгүй байна.

Манай үйлчлүүлэгч П.Алтантуяа нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмтсэнээс хойш анхан шатны шүүх хуралдаан болтол эмнэлэгийн магадлагаатай байсан ба МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн  "...35.1.3.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа.." тохиолдолд ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална гэж заажээ.

Мөн хуулийн 3.1.3 “Хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон  гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог, хуулийн... 21.1.3. үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, хуулийн... 21.2.Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг  өөрчилж болохгүй ... байхаар хуульчилжээ.

Гэтэл иргэний хариуцагч буюу ажил олгогч нь дангаараа цалингийн хэмжээг өөрчилсөн тухай тодорхойлолтыг анхан шатны шүүхийн шатанд гаргаж өгсөн ба энэ баримт нь хууль зөрчсөн нотлох баримтын шаардлага хангахгүй тодорхойлолт гэж дүгнэж байна.

Харин хавтас хэргийн 80, 82, 83 -р хуудас дээр хохирогч П.Алтантуяагийн Хаан банкны дансны  хуулгаар цалин орж байсан гүйлгээ нь, гүйлгээний утгын хамт авагдсан байдаг. Энэ баримтаас харахад П.Алтантуяа нь хөдөлмөрийн гэрээний нэг тал, мөн хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин авдаг нь хангалттай нотлогддог. Дээрх баримтаас гадна иргэний хариуцагч Гантулгын анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлгээр, хохирогчийг 750,000 төгрөгийн цалин авдаг байсныг давхар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, ЭХ-ийн 7.3 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч Б.Б-д хохирогчийн нэхэмжилж байгаа цалин болох 3 сая төгрөгийг төлүүлэх талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяандорж гаргасан тайлбартаа: П.Алтантуяагийн цалин авч байсан дансны баримт хавтаст хэрэгт байгаа. Тус компаниас 750.000 төгрөгний цалин авч байсан гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Иймд 3 сая төгрөгийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан тайлбартаа: Хавтаст хэргээс харахад хохирогч Алтантуяа хэдэн төгрөгний цалин авдаг нь тогтоогддоггүй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсайхан гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

                 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “4. “шүүгдэгч Боржигон овогт Энхтүвшингийн Анхбаярыг”, 5 дугаар заалтад “ 5. “шүүгдэгч Д.Балдорж “ гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдсан шүүгдэгчийн нэр нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл дэх шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж тайлбарласан хэсэгт “3 332 690 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Гантөгс нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж” гэж зөрүүтэй бичигдсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт ”шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

                 Хохирогчид учирсан хохиролтой холбоотой нотлох баримтын талаар оролцогчид санал хүсэлт гаргаж байх тул Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАА

 

           ШҮҮГЧИД                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ