Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 328/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч П.А

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Гантулга

            хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяандорж

            шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн  

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачнууд овогт Б Бид холбогдох эрүүгийн 1834002910164 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Бүрэн” гэх газар 44-91 СЭҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчин явсан зорчигч П.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: " Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

2. Хохирогч П.А шүүхийн хэлэлцүүлэгт: " Би 04 сарын 03-ны өдөр өөрийн байрладаг байранд очсон. Б нартай явж байгаад Бүрэн гэх газрын хавьцаа явж байгаад осолд орсон. Хохиролд 4.346.000  нэхэмжилж байгаа.  1.060.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа” гэв.

3. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт:                ” П.А нь манай байгууллагад тойрч бүртгэл болон зул өргөх ажилд жил гаран ажиллаж байгаа бөгөөд 750.000 төгрөгний цалин авч байсан. Манай байгууллага нь өмнө нь гурван газар тойрдог байсан. Одоо хоёр газар нь цуцлагдсан учир П.Агийн хийх ажил багассан. Манайх шинэ байгууллагдсан компани учраас П.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Б.Боос манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч П.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө Улаанбаатар хотоос хүргэн Баасан, дүү Саруултуяа хоёроор Төв аймгийн Баянцогт сумын нутаг Жирмийн сайхан гэдэг жуулчны баазад манай ажилчид байрладаг тэндээ хүргүүлсэн өглөө 10 цаг болж байсан тэгээд Б, Зоригоо 2 тэнд байсан тэгээд би тэр 2-н машинд суугаад бидний байрладаг газраас 10 км зайд орших “Хашаат” гэх газар луу бид 3 явсан замдаа Б жолоо барьж явсан тэр нүдэндээ массаж хийдэг шил гээд цагаан өнгийн шил зүүсэн байсан тэгээд би замаа харж байгаа юм уу гэж асуусан би харалгүй яахав дээ хараагүй бол хашаа мөргөнө шүү дээ гэж хэлээд дараа нь шилээ авсан цааш явж байгаад замын хувилд нилээн хүчтэй донсолсон юм тэгээд би болгоомжтой яв гэж хэлсэн цааш явж байгаад нэг даваа давсан нэрийг нь мэдэхгүй байна даваа уруудаад явж байгаад тэгш газарт явж ирээд замын хувилд хүчтэй донсолоод баруун гар тал руугаа эргээд онхолдоод 4 дугуй нь дээшээ харсан байсан тэгээд би урд талын суудал дээр сууж байсан нэг мэдсэн хойд талд нь гараад доошоо хараад хэвтсэн байсан миний ард суусан Зоригоо миний хажуу талд унасан байсан тэгээд жолоо барьж байсан Б хаалгаа өшиглөж онгойлгоод гараад би хүн алчлаа миний буруу гээд орилоод байсан тэгээд Б жолооч талын хаалгаараа намайг татсан Зоригоо араас түлхээд тэгээд намайг гаргасан газар жоохон хэвтсэн тэгээд манай дүүгийн утасны дугаарыг аваад сүлжээтэй газар хайгаад Б явсан, тэгээд жоохон байж байгаад манай дүүг дуудчихлаа гээд ирсэн манай 2 дүү ирээд намайг аваад хот руу яваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн, тухайн үед хар саарал өнгийн Старикс маркийн 44- 91 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэх мэдүүлэг /8-9 тал/
  2. Гэрч П.Саруултуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө Улаанбаатар хотоос эгч Аг ажилд нь хүргэж өгөх гээд нөхөртэйгээ явсан ажил нь Төв аймгийн Баянцогт суманд байдаг юм, эгчийгээ 10 цагийн үед ажил дээр нь хүргэж өгсөн тэгээд удалгүй эргээд хот руугаа явсан тэгээд 22-н товчоогоор дөнгөж гараад хот руу орж байтал Б над руу залгаад бид нар онхолдчихлоо гэж хэлсэн тэгээд эргээд очтол машин нь 4 дугуй нь дээшээ хараад онхолдсон байсан....цонх нь хагарч цуурсан тос масло гоожсон байсан урд дугуй нь хий нь гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
  3. Гэрч Д.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...тэр өдөр амралтын газрын гэрт байрлаж байсан, А хотоос ирж байна гээд хүлээж байгаад аваад гарсан хэдэн цаг гэдгийг санахгүй байна, Б, Алтай бид 3 ажил руу хөдөлсөн, хөтөл даваад уруудсан тэгээд шаравсан зогсох болов уу гэж бодож байтал хажуу талруугаа унаад дээшээ харсан нэг мэдсэн Бааскаа та хоёр зүгээр үү гээд би хаалгаар гараад Бааскаа утсаар ярих гэж яваад удаагүй буцаад ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
  4. Хохирогч П.Агийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн 262 дугаартай П.Агийн биед хүзүүний С6 дугаар нугалам, сээрний ТЬ4 ТИ5-р нугалмын хугарал, жийргэвчийн урагдал, дүүн 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/
  5. Замын Цагдаагийн 00000048 дугаартай Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Б-д заасан “ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлт /хх-ийн 33 тал/
  6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураглал / хх-ийн 3-6, 26-27 тал/,
  7. 44-91 СЭҮ автомашины итгэмжлэл /хх-ийн 16 тал/
  8. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 34-35 тал/
  9. 44-91 СЭҮ автомашины автомашины хохирлын үнэлгээ /хх-ийн 39-40 тал/
  10. Хохирогч П.А нь шүүгдэгч Б.Боос нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 71-84 тал/

 

            Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Бүрэн” гэх газар 44-91 СЭҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчин явсан зорчигч П.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Агийн “...Би 04 сарын 03-ны өдөр Б нартай явж байгаад Бүрэн гэх газрын хавьцаа осолд орсон...замын хувилд хүчтэй донсолоод баруун гар тал руугаа эргээд онхолдоод 4 дугуй нь дээшээ харсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч П.Саруултуяагийн: “..2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б над руу залгаад бид нар онхолдчихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, гэрч Д.Зоригтын: ...хөтөл даваад уруудаад машин шаравж хажуу талруугаа унаад дээшээ харсан…гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, шинжээчийн №262 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 тал/, замын Цагдаагийн 00000048 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал / хх-ийн 3-6, 26-27 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 34-35 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Хохирогч П.А нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Боос тээврийн зардалын 86600 төгрөгийн, эмчилгээний зардалын 806090 төгрөгийн, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.000.0000 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нийт 4.392.690 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтын шинжлэн судалхад нотлох баримтын шаардлага хангасан 892.960 төгрөгийн баримт авагдснаас шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Ад эмчилгээний зардалд 560.000 төгрөгийг, шүүхийн шатанд 500.000 төгрөг нийт 1.060.000 төгрөгийг төлсөн байна.

Харин хохирогч П.Агийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Учир нь хохирогч П.А нь 750.000 төгрөгийн цалин авдаг байснаа 2018 оны 4 дүгээр сарын 01-ээс 300.000 төгрөгийн цалин авдаг гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д “хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж, 7.б-д “ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн үеийн цалин хөлсний зөрүүг олгохдоо ажилд шилжүүлэхийн өмнөх 6 сарын дундаж цалин хөлсөөр тус тус тооцногэж заасан байх бөгөөд дээрхи журамд заагдсны дагуу цалингийн дундажыг тооцох боломжгүй, өөрөөр хэлбэл санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан байх тул өмгөөлөгчийн зардлын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр буюу 550.000 төгрөгөөр торгох дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь  хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирлын нөхөн төлсөн зэрэг хувийн байдалыг харгалзан улсын яллагчын оногдуулсан торгуулын ялаас 450.000 төгрөгөөр торгох дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Б.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834002910164 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ачнууд овогт Бы Бийг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ачнууд овогт Б Бийг 550 нэгжтэй тэнцэх буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

 

  1. Шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ачнууд овогт Б Бийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б нь хохирогч П.Ад 1.060.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч П.Агийн өмгөөлөгчийн зардлын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан цалин болох 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА