Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч А.Нина,

улсын яллагч В.Төгсбаяр,

шүүгдэгч Т.Баярдалай, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг /ҮД:1056/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түмэнбодисын Баярдалайд холбогдох 201626010488 дугаартай, 188/2016/0110/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 41 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,

            Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 сарын 17-ны өдөр 1 жил 01 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан , Боржигон овогт Түмэнбодисын Баярдалай /РД:РЮ91062015/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Баярдалай ялтай байдал нь арилаагүй байхад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар байрны 2 дугаар орцны подволд иргэн М.Ганзоригийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн толгойн тус газар нь тоосгоор цохиж, толгой, хэвлий тус газар хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан гар утас, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж, 206,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав: Үүнд:

 

Шүүгдэгч Т.Баярдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2014 онд Улаанбаатар хотод ирсэн, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяг байхгүй. Хувиараа хөдөлмөр эрхлэн ажил хийдэг бөгөөд ажил хийж байгаа газартаа хоноглоод явдаг юм. Миний хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг Задгай гэсэн хаягтай. Манай ээж Д.Гантуяа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол Депогийн хавьд байдаг нэг байранд орцны жижүүр хийдэг, би ээжийн жижүүр хийдэг байрны тоо дугаарыг нь мэдэхгүй харин очвол сайн мэднэ. Би Улаанбаатар хотыг сайн мэдэггүй юм. 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд манай ээжийн ажилладаг байрны орцонд манай ээж Д.Гантуяа нь төрсөн дүү Д.Ганбаттайгаа нийлж архи уугаад согчихоод хоорондоо архиа булаацалдаж муудалцаад байхаар нь би та нар боль яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Манай ээжийн төрсөн дүү Ганбат нь манай ээж рүү хандан “та шоронгийн хоёр хүүхдээ маллаж чадахгүй байж надтай архи булаацалдаад байхдаа яахав дээ” гэж хэлэхээр нь би уурлаад нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон, тэгтэл манай Д.Ганбат ах над руу уурлаад “чи надад хутга өгчих хоёулаа алалцъя” гээд байхаар нь би хутга аваад өгсөн чинь Д.Ганбат ах би хутгаар хүнтэй зодолдож чаддаггүй юмаа гэж хэлээд хутгаа газар хаячихаар нь би дээрээс нь дарж байгаад нүүр лүү нь гараараа нилээд хэдэн удаа цохисон. Би тоолж цохиогүй ямар ч байсан 10 удаа гараараа Д.Ганбат ахын нүүрлүү нь цохисон. Тэр үед манай ээж миний хажууд суучихсан одоо боль боль гээд сууж байсан. Би тэнд Д.Ганбат ахыг цохиж зодчихоод шууд гараад явсан. Би гарч яваад Цамбагарав орсон, тэнд явж байтал нэг танихгүй ах надаас тамхи асуухаар нь тамхи гаргаж өгөөд тамхилтал тэр ах намайг хоёулаа танилцъя сайхан ах дүүс болъё гэж хэлээд бид хоёр танилцаж нэрээ мэдэлцсэн, тэр ах надад нэрээ хэлэхдээ Д.Ганзориг гэж хэлсэн. Бид хоёр танилцаад Саппоро явсан, явах замдаа Ганзориг “шаах хүүхэн байна уу” гэж асуухаар нь та уух юмаа авчихвал болно гэж хэлээд Саппоро орж замын эсрэг талын буудлаас 1 шил 750 граммын хараа архи аваад хамт ажилладаг хүмүүс дээрээ очихоор гурвалжингийн гүүр ортол намайг байрандаа оруулаагүй учраас би Ганзоригыг дагуулаад буцаад яваад бид хоёр такси барьж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол ээж Д.Гантуяагийн ажилладаг байрны доод подвалд орж авсан архиа уусан. Бид хоёр ууж байхдаа Ганзориг “ах уухаараа эвгүй зан гаргаад байдаг юм чи жаахан гайгүй даадаг юм байгаа биздээ” гэж надад хэлсэн. Тэгээд архиа хувааж уугаад бид хоёр нилээд юм ярьж сууж байтал Ганзориг шорон яриад Багануурын хорих ангид ял эдлэж байсан, би чангын шоронд байсан, чиний сууж байсан шорон бол жирийн шорон гэж хэлсэн, тэгээд бид хоёр баахан шорон орон ярьж байгаад муудалцаж би Ганзоригыг толгой руу нь ар дагз хэсэгт нь уусан архиныхаа шилээр 1 удаа цохисон. Ганзориг тал тоосго барьж ирээд миний нуруу хавьд 3-4 удаа цохисон, би тухайн үед зузаан хувцастай байсан учраас ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тэр подвалд  сул 2-3 метр хэрийн урттай турба байсан, тэр турбаг Ганзориг аваад миний духр уу цохисон. Тухайн үед миний биед хутга байсан учраас би хутгаараа Ганзоригын бөгсөнд нь нэг удаа, гуянд нь нэг удаа ямар ч байсан хутгалсан бусдыг нь сайн санахгүй байна. Ганзоригыг миний араас хөөх байх гэж бодоод хувцасыг нь хутгаар зүсэж бүх хувцасыг тайлаад, Ганзоригыг байрны подвалд хаяад зугтсан. Би зугтаж гадуур алхаж яваад өглөө болгосон, ер нь Ганзоригыг хутгалаад гараад явж байхад үүр цайж өглөө болж байсан, хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна. Манай ээж Д.Гантуяагийн төрсөн дүү Д.Ганбат нь урьд нь манай ээжтэй хамт архи ууж байгаад 2015 оны 08 сарын үед нэг удаа, 09 сарын үед нэг удаа зодсон байсан. Би тэр үед нь байгаагүй Төв аймагт ажиллаж байсан. ...Намайг Д.Ганзоригыг хутгалж муудах үед бид хоёртой ямар ч хүн хамт байгаагүй, зөвхөн Д.Ганзориг бид хоёр хамт байсан. ...Би тухайн үед Ганзоригоос 7000 төгрөг авсан, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг байсан. ...Надад ямар ч гомдол санал байхгүй. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Би ямар нэгэн эд зүйл дээрэмдээгүй.

...Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Ганзориг гэх хүнээс 70.000  төгрөгийг дээрэмдэж аваагүй, тухайн үед архи ууж байгаад түүний утсаар өөр хүнтэй ярьж байгаад өөрийнхөө халаасанд хийчихсэн байж байгаад маргаан болоод хутгалсаныхаа дараа айгаад зугтаах үедээ гар утсыг нь мартаад тэр чигтээ аваад явсан байсан өөр зүйлгүй. …Би түүний өмсөж явсан хувцас бичиг баримтыг нь аваагүй, ганцхан гар утсыг нь авсан өмнө нь такси бариад 21 дүгээр хороололд ирэх үед хариулт гэж авсан 7000 мянган төгрөгийг нь би авсан байсан. Өөр зүйл аваагүй. Хувцасыг нь би ёстой мэдэхгүй байна. Харин маргалдаж байхдаа би Ганзоригын хувцасыг нь тайл гэж хэлээд тайлуулсан нь үнэн. Яагаад тайлсан гэхээр араас хөөгөөд гүйгээд ирж магадгүй гэж бодоод тайлсан юм. ...Би тэр хутгыг өөрийнхөө ажил дээрээ хийсэн. Тухайн үед хотод барилга дээр хонон өнжин ажиллаж байх үед хоол ундгүй болоод ирсэн чинь хамт ажиллаж байсан хүн хоолны мах олж ирэхээр нь махыг нь эвдэх санаатай өөрөө хутга хийж байсан юм. Ганзоригын зүүн хөлний арын гуя хэсэгт, мөн өгзөг хоёрт нь хутгалж байснаа санаж байна бусдыг нь сайн санахгүй байгаа. Гэдэс хэвлий орчимд хутгалсан бол надтай ноцолдож байхад дүрэгдсэн байх гэж бодож байна. Миний гарнаас хутга салгах гээд нилээн ноцолдсон. Би тэр үед нилээн согтуу байсан зарим зүйлээ орон гаран санаад байгаа юм. …Ганзориг мөн нилээн согтуу байх шиг байсан. ...Ганзориг намайг тэр үед өөрсдийнхөө уусан архины шилээр нэг удаа дух руу цохиж авсан, өөр цохиогүй. Би тоосгоор Ганзоригыг цохиж авсан бөгөөд миний цохисон тоосгоор намайг цохих гээд байхаар нь зугтсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй надад цохиулсандаа гомдол санал байхгүй. Авсан гар утсыг нь надтай хамт ажилладаг байсан Өнөрбаатар гэх найздаа өгсөн одоо Өнөрбаатар хаана байдаг эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна 7 буудлаас хойшоогоо байдаг юм. …Би Ганзоригын биед гэмтэл учруулсандаа гэмшиж харамсаж байна, миний буруу, харин дээрэмдээгүй гэж хэлмээр байна. Шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн материалтай танилцлаа санал хүсэлт байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55, 58, 128-129 х/

 

            Шүүгдэгч Т.Баярдалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 02 дугаар сарын 17-ны орой ээжтэйгээ байж байгаад нагац ах Ганбаттай муудалцсан. Би ээжийнхээс гарч яваад Саппоро хавьцаа нэг ахтай таарсан. Би тэр ахаас тамхи гуйсан тэгээд хувааж татаад гоё ах дүү больё гэж юм ярьж явсан. Тэр ах хоёулаа архи уух уу гэсэн тэгэхээр нь би сэтгэлээр унасан байсан учир тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр орой Саппоро тэр хавьд буудлаас орж архи авсан. Тэр үед Ганзоригийн биед 25.000 төгрөг байсан 20.000 төгрөгөөр нь архи авсан. Архиа дулаан газар орж ууя гээд ээжийн ажилладаг подвол руу явсан. Тэнд очоод архиа ууж дуусгасан. Бид хоёр ах дүү хоёр шиг юм ярилцсан. Хохирогч болох Ганзориг ах намайг шоронд явсан гээд яриад байсан. Би шоронд орсон гэдгээ хэлсэн. Тэгсэн чи боорцогны шоронд байсан чангын шорон үзээгүй гэх мэтээр намайг доромжилсон. Намайг эргээд гарах гэтэл хохирогч Ганзориг тоосгоор цохисон. Бид хоёр хоорондоо зодолдож байгаад би тоосгыг нь хаяулсан. Тэгэхэд ууж байсан архины шилийг бариад над руу дайрсан. Миний дух руу цохиход архины шил хагарсан. Хагарсан шилний хүзүүг бариад над руу дайрсан. Миний карманд хутга явсан. Би бөгс гуя хавьцаа нь хутгалсан. Араас хөөх байх гээд гутлыг нь тайлуулсан өөр хувцас тайлуулаагүй. Тэгээд би гараад зугтсан. Тэр үед хохирогчийн утсаар нь би ажлынхаа хоёр эмэгтэй рүү ярьсан байсан. Утсыг нь мартаад кармаалсан. Ганзориг ах утас чамд байж байг цуг архи уух юм чинь очих газраа авъя гэж хэлсэн. Би хүн хутгалчхаад балмагдаад утсыг нь аваад явсан минь үнэн. Хохирогчийн мэдүүлэг дээр дээрэмдсэн гээд байгаа нь худлаа. Ээж эргэлтээр ирэхдээ хувцас байсан ээж нь гаргаад хаясан гэж хэлсэн. Би хувцас дээрэмдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хутгалсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч М.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байхад Саппоро дээр явж байгаад 23-24 орчим насны залуутай таарсан, ба тэр залуу надаас тамхи гуйхаар нь өгсөн, тэр залуу надтай таарч тамхи татаж байх зуураа хойд эцгээ гэсэн байхаа зодсон гэж ярьж байсан тэр үед баруун талых нь гар цус болчихсон харагдсан. Бид хоёр нэрээ мэдэлцэж гар бариад Баярдалай гэдэг залуугийн найзын гэрт очихоор болоод гурвалжингийн гүүр лүү явсан. Бид хоёр явсаар байгаад найзых нь гэрт очиход гэртээ оруулаагүй учраас бид хоёр буцсан, Баярдалай манай ээж орцны жижүүр хийдэг юм, тэнд нэг хоосон подвал байдаг тэнд очоод наад архиа уучихъя гээд бид хоёр 21 дүгээр хороолол руу яваад нэг байранд очоод подвалд орж архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад тэр залуу зүгээр сууж байснаа гэнэтхэн тоосго аваад миний толгой руу цохиж унагаад миний толгойн орой хэсэг, өгзөгөнд хутгаар хутгалчихаад чамайг ална өөртөө байгаа бүх мөнгөө гаргаж өг мөн дансандаа байгаа мөнгөө бүгдийг нь гаргаж өг гэж шаардан миний бүх хувцасыг тайлаад зарим хувцасыг хутгаар зүсэж тайлаад намайг бүр нүцгэлсэн. Тэр залуу өөрийнхөө гарт хутгаа юмаар уячихсан байсан. ...Намайг тэр залуу толгой, чихний ар хэсэгт, хэвлий гэдсэнд, хонгонд хутгалж зүсэн нилээд хэдэн удаа хутгалсан тэгж байгаад гараад зугтаад явчихсан, би өөрөө босож явж чадахгүй байсан учраас тэр хавиас мод, турба зэрэг зүйл олж аваад паар нүдэж байтал орцны жижүүр болох эмэгтэй орж ирээд намайг чи юун хүн бэ гээд уурлаад байсан ба тэр үед өөр хүмүүс ч орж ирсэн, тэгээд цагдаа дуудсан. ...Би 15,000 төгрөгөөр 1 шил архи авсан. ...Ямар ч хэрүүл маргаан хийгээгүй. ...Миний өмсөж явсан хувцас болон, халаасанд байсан группын дэвтэр 1 ширхэг, бэлэн 76,000 төгрөг, цахим үнэмлэх 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийг аваад явсан. ...Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл гэвэл алдсан зүйл болон эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.

... Тэр үед Баярдалай миний толгой руу тоосгоор цохиж авсан архины шилээр цохиогүй. Цохиулаад ухаан алдаад арагшаа унаад нэг сэрсэн чинь намайг баахан хутгалчихсан шалдан байсан ба тухайн байрны орцны жижүүр орж ирээд цагдаа дуудахаас өмнө орцны жижүүрээс өөр нэг эмэгтэй хүн орж ирж байсан. Намайг подволоос гарах үед подволд байсан архины шил, тоосго зэргийг гаргаад хаясан уу яасан алга болчихсон байсан. Одоо миний санаж байгаагаар эхэндээ бид хоёр нээх айхтар маргаагүй архи ууж байгаад дууссан чинь Баярдалай шууд мөнгөө гарга гэж хэлээд толгойруу цохиж аваад хутга гаргаад байгаа бүх мөнгөө өг гээд хутгалж хувцас зүсэж дарамталж эхэлсэн. Түүнээс өөр маргах шалтаг шалтгаан байгаагүй. Одоо би энэ хэргийн талаар нарийн сайн санахгүй зарим юм аа мартаад байна. Яагаад гэхээр тухайн үед согтуу байсан ба хутгалуулсан байсан болохоор шоконд орчихсон, хольж солих гээд байж магадгүй. Би 2016 оны 02 сарын сүүлээр эмнэлгээс гараад шууд өөрийн гэр болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явчихсан байсан бөгөөд цагдаагийн газраас дуудсан үед нь унаа зардлын мөнгө байхгүй болоод очиж чадаагүй юм. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 18-нд хотод ирсэн. Одоо би хэргийн материалтай танилцаад буцаад яаралтай Завхан аймаг руу гэрлүүгээ явахгүй бол болохгүй. Би энэ хэргийн шүүх хуралд оролцохгүй амжихгүй ба дахин дахин Завхан аймгаас хотод ирээд байх боломжгүй учраас дахин ирмээргүй байна. Мөн хотод байгаад байх айл байхгүй болохоор хэцүү. Төрсөн эгчийнхээ гэрт байгаад байхаар бас болохгүй юм. Баярдалай гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, миний хувьд маш их гомдолтой байгаа надад эмчилгээний зардал мөнгө гэж юу ч өгөөгүй би өөрөө эмчилгээний зардал мөнгөө гаргаж эмчилгээ хийлгэсэн. Надад 99894678 гэсэн дугаар бүхий, маркийг нь мэдэхгүй байна жижиг гар утас нэг ширхэг миний эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх, эмнэлгийн карт, өмсөж явсан хувцас буюу хар өнгийн, ханцуй нь саарал өнгөтэй өвлийн богино күртик, ноосон цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хаан банкны виза карт, виза картанд мөнгө байгаагүй, бэлнээр 70.000 /далан мянган/ төгрөг тус тус байсан бөгөөд бүгдийг нь дээрэмдэн авч явсан. Тэгээд гар утасныхаа дугаарыг би өөрөө сэргээлгээд авчихсан. Одоо  паспорт захиалчихсан, эмнэлэгийн картаа нээлгээд, эрүүл мэндийн дэвтэрээ шинээр авсан, виза картаа захиалж амжаагүй. Дээрэмдүүлсэн эд зүйл гар утсаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 2015 оны өвөл 25.000 төгрөгөөр авсан, мобикомын дугаар 5000 төгрөгөөр сэргээлгэсэн, виза картыг үнэгүй сэргээдэг гэсэн, иргэний үнэмлэхээ 23.000 төгрөгөөр захиалсан, эрүүл мэндийн дэвтэрийг 3000 төгрөгөөр, өмсөж явсан хувцасны хувьд хар өнгийн, ханцуй нь саарал өнгөтэй өвлийн богино күртикийг 2016 оны 2 сард 50.000 төгрөгөөр, ноосон цагаан өнгийн цамц 5000 төгрөгөөр, цэнхэр өнгийн жинсэн емд 25.000 төгрөгөөр худалдаж авч байсан болохоор яг авсан үнээрээ буюу саяны хэлсэн үнээр үнэлж хэлмээр байна. Гар утасныхаа маркийг мэдэхгүй байгаа ба нокиа-33 гэдэг гар утаснаас арай нимгэн жижиг утас байсан. Би дээрх эд зүйлийн мөнгийг болон эмчилгээ хийлгэсэн мөнгийг нийлүүлээд нийтэд нь 1 сая төгрөг нэхэмжилмээр байна. Надад бэлнээр 70.000 төгрөг байсан гэдгийг юугаар гэрчилэх вэ гэхээр өдөр нь би өөрийнхөө халамжийн 126.000 төгрөгийг авсан байсан ба 70.000 төгрөг үлдсэн байсан. Подволд би нэг ухаан ороод сэрэхэд хувцас байхгүй юу ч байгаагүй тэгэхээр эд зүйлийг Баярдалай аваад явсан гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 111 х/

 

Гэрч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн задгайд оршин суудаг хаягтай. Манай том хүү Т.Далайбаяр Хөвсгөл аймгийн шүүхээр 2012 онд таслагдаад явчихсан, бага хүү Т.Баярдалай Хөвсгөл аймгийн шүүхээр 2010 онд таслагдаад 6 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ял эдлэж байгаад 2014 онд суллагдаж шоронгоос гарсан ба манай хүү Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд би араас нь 2015 онд Улаанбаатар хотод ирсэн, гэхдээ бид нар Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй. Манай хүү Г.Баярдалай “Хэт хүч” гэдэг барилгын компанид ажиллаж байсан, би хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар 58 айлын 3, 4 дүгээр орцны жижүүр ажил хийж орцондоо амьдарч байгаа. ...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Г.Баярдалай гэртээ байсан, миний төрсөн дүү Ганбат бид хоёрыг Жаргал гэдэг манай нутгийн эмэгтэй ирж цай уу гэж хэлэхээр нь Ганбат бид хоёр хамт орсон. Ганбат бид хоёр Жаргалын гэрт орохдоо дэлгүүрээс 750 граммын шилтэй архи 1 шил, том ундаатай аваад орсон. Жаргалын гэрт орсон хойноо архиа задлаж уугаад талд нь оруулж чадахгүй Ганбат согтоод олон юм яриад согтуурхаад байсан чинь Жаргал эгч манай хүү Баярдалайг дуудаж ирүүлээд Ганбатыг өгч явуулсан, би Жаргалын гэрт үлдээд сууж байтал гармаар санагдаад байхаар нь гарч яваад орцны үүдээрх хогыг жаахан хамж байгаад жижүүрийнхээ өрөөлүү ороход Ганбат, Баярдалай хоёр хоёулахнаа байсан өөр хүн байгаагүй, харин Ганбатыг манай хүү Баярдалай зодчихсон нүд нүүр нь хөхөрчихсөн хэвтэж байсан, намайг яваад ороход Баярдалай зөрөөд гараад явсан ба эргэж эрээгүй. Би Ганбатыг дагуулж цагдаа дээр иртэл цагдаа Ганбатыг эмнэлэг рүү яв гээд эмнэлэг рүү явуулсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 07 цагийн үед миний жижүүр хийж байгаа байрны оршин суугч доор нэг юм цохиод нүдээд байна гэж хэлэхээр нь би яваад ортол подвалд ямар ч хувцасгүй нүцгэн эрэгтэй хүн хоёр хөлөө жийгээд суучихсан гартаа мод барьчихсан дулааны шугам төмөр турба цохиод байж байсан ба тэр хавид нь цус болчихсон харагдсан. Цагдаа нар их хурдан ирчихсэн байсан. Тэр залууг урьд өмнө огт харж байгаагүй, залуу байна лээ.

...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай байр хогоо ачуулдаг бөгөөд ачуулах хүртлээ байрны оршин суугчид хогоо подвол руу хийчихдэг юм. Тэгээд энэ өдрийн өглөө 07.00 цагийн үед намайг хогоо ачуулах гээд мөн подволд нэг юм нүдээд байх шиг байхаар нь би доошоо подволруу яваад орсон чинь подволд хувцасгүй нүцгэн эрэгтэй хүн дулааны трубаг модоор нүдчихсэн зогсож байхаар нь гайхаад юу болж байгаа талаар асуусан чинь танай хүү намайг хутгалчихлаа гэж хэлсэн, би юм асуугаагүй шууд подвол дотор байсан хогоо ачуулах гээд хогоо подволоос ганцаараа зөөж гадаа гаргаад байж байтал хэн цагдаа дуудсан юм бүү мэд цагдаа нар ирээд түргэн дуудаад нөгөө нүцгэн хүнийг түргэний эмч авч яваад цагдаагийн ажилтан намайг авч яваад хүүхэд чинь хаана байна гээд хайж эхэлсэн. Намайг анх подволд орох үед архины шил байсан эсэхийг нь анзаарч хараагүй би аягүй бол хогоо ачуулах гээд хог гаргаж байхдаа архины шилийг хамт аваад хаясан байж магадгүй, тоосгоны хувьд ганц хоёр ширхэг тоосго байдаг байсан тэрийг мөн хамт цэвэрлээд хаясан байх. Яагаад гэхээр сүүлд цагдаа нарыг ирэх үед архины шил тоосго гэх зүйлүүд байгаагүй, би цагдаа нарыг ирэхээс өмнө подволын хогоо цэвэрлээд гаргаад хаясан байсан тэр үед хамт цэвэрлээд хаясан байх. Би одоо сайн санахгүй байна. Тэр үед анх би ганцаараа подвол руу орж дотор байсан хогоо гадаа гаргаж байхад, гэр оронгүй гэмээр сав шил түүдэг танихгүй 2 хүн ирчихсэн хог ухаад хэрэгтэй юм аа аваад байсан. Тэр хоёр хүн яг юу юу авсан эсэхийг нь санахгүй мэдэхгүй байна. ...Манай хүү Баярдалай ажил хийгээд яваад байна гээд л байдаг болхоос би үнэндээ яг ямар ажил хийгээд, хаагуур хэнтэй яваад байдаг талаар нь нарийн зүйлийг нь мэдэхгүй. Хотод ажил дээрээ байрладаг гээд хаа нэг над дээр ирээд 2-3 хоноод явдаг байсан юм. ...Намайг орох үед хувцасгүй шалдан хөлөө газар жийгээд суучихсан байдалтай байсан ба би биеийг нь яасан талаар хараагүй өөрөө надад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж хэлээгүй танай хүүхэд намайг хутгалсан байна гэж л хэлсэн би тэр подвол руу энэ хоёрыг орж архи уусан гэдгийг ч мэдээгүй. ...Манай хүү хүмүүстэй маргалдаад хэрэлдээд байхаар хүүхэд биш хүнд тусархуу их дөлгөөн хүүхэд байгаа юм. Архи дарс хэрэглэж ууж байгаагүй миний хажууд ууж үзээгүй ба хүний үгнээс гардаггүй томоотой хүүхэд. Яагаад ийм хэрэг хийчихдэг юм мэдэхгүй байна. Тэр үед манай төрсөн дүү Ганбат цагдаагийн газар хамт ирээд манай хүүд гомдолгүй гэж хэлээд явсан. Цагдаа нар манай хүүг хаанаас олж баривчилсан юм мэдэхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 113 х/

 

Гэрч С.Сайнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Баярдалайтай 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Бүянт-Ухаа 2 хорооллын барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Би хоёр найз нөхдийн холбоотой. ...Би хэргийн талаар нарийн мэдэхгүй, нүдээр үзэж харсан зүйл байхгүй. 2016 оны 02 дугаар сарын 17, 18-ны үед байхаа би санахгүй байна, Т.Баярдалай өөрөө надруу утсаар залгаж, би Батаа ахыгаа зодчихлоо гэж хэлсэн, Батаа гэдэг нь Т.Баярдалайгийн ээжийх нь төрсөн дүү Д.Ганбат гэж хүн байдаг. Би яасан юу болсон яваад очих уу яамаар байна гэж асуухад “яахав яахав зүгээр энэ бол гэр бүлийн асуудал” гэж надад хэлсэн учраас би очиж уулзаагүй. Хүн хутгалсан асуудлын талаар утсаар яриагүй. Тэгээд надруу утсаар ярисаныхаа маргааш нь Т.Баярдалай дахиад надруу өдөр 12 цагийн үед утсаар залгаж би гадуур явж байна гэж хэлсэн. Би Т.Баярдалайтай Баянбүрдийн хавьд уулзаад, 28 дугаар сургуулийн хавьд интернетэй газар сууж байгаад салсан, би тэр үед Т.Баярдалайгаас өчигдөр юу болсон бэ ахыг зодсон гэсэн гэж асуухад мэдэхгүй байна, би өчигдөр ээж дээр очсонгүй гэж хэлсэн. Т.Баярдалайг яг хаана амьдардаг гэдгийг нь мэдэхгүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяг байхгүй, хамт ажиллаж байхад ажил дээр барилга дээр байрлаад хоноод байдаг байсан. Би Т.Баярдалайг Хөвсгөл аймгийн залуу гэдгийг нь мэднэ, Т.Баярдалай надад ярихдаа Хөвсгөл аймгийн хорих ангид ял эдлэж байсан гэдгээ ярьж байсан, боловч ямар учраас ял эдлэж байсанаа яриагүй. Мөн Т.Баярдалай нэг цус болчихсон хувцас барьчихсан өмсөж явсан хувцас нь нимгэн зутруу харагдаад байхаар нь өөрийнхөө өмсөж явсан малгайтай хар ногоон өнгийн зузаан куртикийг өгч барьж явсан /хөх өнгийн жинсэн яак/ хувцасыг нь би угаагаад өгье гэж хэлээд авч гэртээ оруулсан. Гэтэл Т.Баярдалайгийн өмсөж явсан куртикний халаасанд гутлын үдээсээр ороочихсон хутга байсан. ...М.Ганзориг гэдэг хүнийг би танихгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Т.Баярдалайгийн төрсөн ээж Д.Гантуяагийн төрсөн дүү нь байгаа юм. Т.Баярдалайгийн хувьд би нагац ах нь гэсэн үг. ...Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байгаад 2006 онд Улаанбаатар хотод ирсэн боловч одоо болтол тодорхой оршин суух хаяггүй, шилжүүлэг хийлгээгүй байгаа. Т.Баярдалай Хөвсгөл аймгийн шүүхээр 2010 онд таслагдаад 6 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ял эдлэж байгаад 2014 онд суллагдаж шоронгоос гарсан. Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд ээж нь 2015 онд Улаанбаатар хотод ирсэн, гэхдээ Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, манай эгч Д.Гантуяа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар 58 айлын 3,4 дүгээр орцны жижүүрийн ажил хийж орцондоо амьдарч байгаа. ...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр айлд ажил хийж өгөөд тэр өдөр архи уучихаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар 58 айлын 3,4 дүгээр орцны жижүүр хийдэг эгч Д.Гантуяа дээрээ ирсэн, би ирээд 05 граммын 1 шил архи задлаж эгч бид хоёр уугаад, түүнийгээ дуусгаж эгч бид хоёрыг Жаргал гэдэг манай нутгийн эгч ирж цай уу гэж хэлэхээр нь бид хоёр хамт орсон. Эгч бид хоёр Жаргалын гэрт орохдоо дэлгүүрээс 750 граммын шилтэй архи 1 шил, том ундаатай аваад орсон. Жаргалын гэрт орсон хойноо архиа задлаж уугаад талд нь оруулж чадахгүй эгч бид хоёр хоёулаа согтсон, согтоод олон юм яриад согтуурхаад байсан чинь Жаргал эгч та хоёр одоо явцгаа гэж хэлээд бид хоёр гарахаар болж би тал шил архиа аваад түрүүлээд гарсан ба эгчийн жижүүр хийдэг байрны орц руу орж жижүүрийн өрөөнд ороход манай эгчийн хүү Баярдалай байж байсан, тэр үед цаг 23 цаг өнгөрч байсан байх. Би Баярдалайтай муудалцаж, янз бүрээр хэлээд зодуулсан гэсэн, би өөрөө түүнийгээ мэдэхгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн үед эгч Д.Гантуяагийн жижүүр хийдэг байрны орцонд ямар ч хувцасгүй нүцгэн эрэгтэй хүн байсан мөн цагдаа нар ирсэн байсан. Энэ үед манай эгч намайг дуудаж сэрээсэн. ...Би тэр үед тархины зураг авхуулсан ба ямар нэгэн гэмтэл бэртэлгүй гэж хэлээд намайг эмнэлгээс явуулсан, тухайн үед нүд нүүр жаахан хавдсан байсан. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, төрсөн ах дүү нарын хооронд маргаж муудах асуудал бишгүйдээ л байдаг, миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

Гэрч М.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…М.Ганзориг нь миний төрсөн дүү байгаа юм. 1978 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн. М.Ганзориг нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Хайрхан багт ам бүл ганцаараа амьдардаг. Би хүүхдээ харуулахаар төрсөн дүү М.Ганзоригыг хөдөөнөөс дуудаж хотод 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үед ирүүлсэй. Манай дүү М.Ганзориг хотод ирээд манай хоёр хүүхдийг сургууль цэцэрлэгт нь зөөж өгөөд байж байсан. Тэгээд цагаан сараас хойш 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байхаа одоо он сар өдрийг нь санахгүй байна, манай хоёр хүүхдийг сургуулиас нь авч гэрт хүргэж өгөөд орой 18 цагийн үед би гадуур гарчихаад ирье гэж хэлээд явсан байсан, намайг орой ажил тараад 19 цагт ирэхэд дүү М.Ганзоригыг дөнгөж саяхан гараад явсан гэж манай 3 дугаар ангийн хүү надад хэлсэн. Би тэр үед очих газар байдаг байлгүй дээ нас бие хүрсэн эрэгтэй хүн яахав явж байгаад ирнэ биз гэж бодоод би ардаас нь утсаар залгаж дуудаагүй. ...2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22-23 цагийн орчимд манай хөдөө байдаг эрэгтэй дүү надруу залгаж М.Ганзориг ах надруу залгасан байна, би залгасан чинь утас нь холбогдохгүй байна яасан юм бол гэж надаас асуухаар нь М.Ганзориг гэрт байхгүй байна, орой гараад явсан гэж хэлээд Ганзоригын утасруу залгахад холбогдохгүй байсан, түүнээс хойш хэн ч холбоо барьж чадаагүй. ...2016 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ГССҮТөвөөс ярьж байна би цагдаа байна гэж нэг эрэгтэй хүн ярьсан тэр хүн ярихдаа “та М.Ганзоригын эгч нь мөн үү, М.Ганзориг гэдэг хүн хүнд дээрэмдүүлэн хутгалуулсан, биедээ гэмтэл авсан байна, та өмсөх хувцас аваад ирээ гэж хэлэхээр нь би өмсөх хувцас аваад Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд шарх гэмтэлд нь цэвэрлэгээ хийгээд оёдол тавиулсан байсан, өөрөөс нь юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй байсан. Намайг хархад манай дүү М.Ганзориг нь толгойгоо битүү боолттой, гар нь боолттой харагдсан. Тэгээд их олон газар хутгалуулсан байсан, толгой, гар, өгзөг, нуруу ууц хавьд, хэвлийд тус тус хутгалуулсан шархтай байсан. Гэмтлийн эмнэлэгээс шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад Шүүх эмнэлэгт очиж үзүүлээд тэндээсээ Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэн мэс засал хагалгаанд орсон. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад гадуур явж байгаад нэгдүгээр хороололд нэг танихгүй залуутай таарч танилцсан, гар нь цус болсон байсан бөгөөд би тэр залуутай хамт дэлгүүрээс архи аваад хамт уусан, тэгээд архи ууж байгаад л зодуулж хутгалуулж бэлэн 76,000 төгрөг, бичиг баримт, хувцасаа дээрэмдүүлсэн гэж надад ярисан. М.Ганзориг надад өөр нарийн нэг бүрчлэн юм яриагүй. ...Бид нар эхээс долуулаа манай дүү М.Ганзориг 5 дахь хүүхэд, бага боловсролтой, Завхан амйгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр арван жилд сурч байгаад 7 дугаар ангиасаа гарчихсан, үсчин, тогооч мэргэжилийн курс төгссөн. Хүнтэй гэр бүл болж байгаагүй, ам бүл ганцаараа амьдардаг. ...Баруун гарынхаа шөрмөсийг тасалсан үүнээсээ болоод баруун талых нь гар хатсан, юм барьж чаддаггүй, үүнээсээ болоод 60% группт байдаг. Зан аашийн хувьд хүнтэй их нийтэч цагаан цайлган зантай, ямар нэгэн юмыг бодлогогүй шууд хэлчихдэг зантай, ер нь ямар ч хүнтэй харьцахдаа их эвтэйхэн харьцдаг.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

Гэрч А.Өсөрбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэн ээлжтэй байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар 58-н айлын 2 дугаар орцны подволд согтуу хүн хутгалуулсан байдалтай байна гэсэн дуудлага мэдээллийг Сэлбэ-10-аас буюу цагдаагийн хэлтсийн жижүүрээс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчимд өгсөнийг хүлээн авч 08 цаг 50 минутын үед тус 5 дугаар 58-н айлын 2 дугаар орцны подволд очиж шалгахад тэнд ямар нэгэн хүн байхгүй хутгалуулсан гэх хүнийг түргэний эмч ирээд аваад явсан гэж тухайн үед байсан хэн билээ нэг хүн мэдүүлж байсан ба подволд үзлэгийг явуулан ажилласан. Үзлэг хийх явцад тухайн подволын газар бетонон шалан дээр хэсэг газар цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан ба цус мэт зүйлээр бохирлогдсон газрын ойр орчимд нь буюу хугарсан хэмжээг нь мэдэхгүй байна нарийхан жижиг хэмжээний 2 ширхэг модны тасархай байсаныг үзлэгийн фото зургаар бэхжүүлэн авсан юм. Подвол нь эргэн тойрон олон тасалгаатай өрөөтэй байсан ба хуучин хэрэглэж байгаад хаясан гэмээр цаасан модон хайрцаг, гал тогооны угаалтуур, хуванцар ундааны сав, дулааны паар гэх зэрэг эд зүйлсийг эмх замбараагүй овоолж хаясан байсан. Өөр ямар нэгэн эд зүйл эд мөрийн баримтаар хураах хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрээгүй ба шалан дээр бохирлогдсон байсан гэх цус мэт зүйлээс дээж авч шинжилгээнд хүргүүлэхээр болж үзлэгт тусган үзлэгийг дуусган материалын хамт жижүүрийн ахлах ажилтандаа хүлээлгэн өгсөн. ...Анх манай бүрэлдэхүүнийг тухайн байрны подволд очих үед дотор нь байсан хогийг ачуулах гээд гадагшаа гаргаж байсан болохоор подвол руу орж үзэхэд дотор ямар нэгэн тоосго болон архины шил байгаагүй үзлэг хийх явцад харагдаагүй. Би тийм зүйл олж хараагүй. ...Хогийг хэн нь гаргаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна, тухайн орцны жижүүр Д.Гантуяа гэх эмэгтэй хүн байсан ба тэр хүн бид нарт подволыг зааж өгч оруулсан юм. Хогийг СӨХ-ийн ажилтан нар зөөж гаргаж байсан болов уу гэж бодож байсан. Тэр үед бид нар зогсоож бай гээд үзлэгээ хийсэн. Яг ямар хүмүүс гаргаж зөөж ачуулах гэж байсан талаар нь мэдэхгүй байна. Тэр үед манай жижүүрийн бүрэлдэхүүнд шинжээчээр Батбаяр хамт ажиллаж байсан. Хэргийн талаар тэнд байсан хүмүүс сайн мэдэхгүй байсан ба миний хувьд үзлэгээ хийгээд ойр орчмын хүмүүстэй биечлэн уулзаагүй, эрүүгийн төлөөлөгч Л.Ууганбаяр ажиллаж байсан бөгөөд тэр хавийн хүмүүстэй уулзсан байх. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 х/,

 

            Шинжээчийн дүгнэлт ¹2456 /хх-ийн 32 х/

            Шүүх сэтгэц, эмгэг судлалын №503 тоот дүгнэлт /хх-ийн 116-117 х/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 х/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 х/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-17 х/

            Хохирогч М.Ганзоригын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 61-69 х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 х/

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-77 х/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 130 х/ гэх зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Т.Баярдалай 2016 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар байрны 2 дугаар орцны подволд иргэн М.Ганзоригийг дагуулж очоод хамт архидан  согтуурч улмаар эд хөрөнгийг нь дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэн толгойн тус газар нь тоосгоор цохиж, толгой, хэвлийн тус газар өөрийн биед авч явсан хутгаараа хутгалж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан гар утас, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Т.Баярдалайгийн: “…Би гарч яваад Цамбагарав орсон, тэнд явж байтал нэг танихгүй ах надаас тамхи асуухаар нь тамхи гаргаж өгөөд тамхилтал тэр ах намайг хоёулаа танилцъя сайхан ах дүүс болъё гэж хэлээд бид хоёр танилцаж нэрээ мэдэлцсэн, тэр ах надад нэрээ хэлэхдээ Д.Ганзориг гэж хэлсэн. ... бид хоёр такси барьж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол ээж Д.Гантуяагийн ажилладаг байрны доод подвалд орж авсан архиа уусан. Бид хоёр ууж байхдаа Ганзориг “ах уухаараа эвгүй зан гаргаад байдаг юм чи жаахан гайгүй даадаг юм байгаа биздээ” гэж надад хэлсэн. Тэгээд архиа хувааж уугаад бид хоёр нилээд юм ярьж сууж байтал Ганзориг шорон яриад Багануурын хорих ангид ял эдлэж байсан, би чангын шоронд байсан, чиний сууж байсан шорон бол жирийн шорон гэж хэлсэн, тэгээд бид хоёр баахан шорон орон ярьж байгаад муудалцаж би Ганзоригын толгой руу нь ар дагз хэсэгт нь уусан архиныхаа шилээр 1 удаа цохисон. Ганзориг тал тоосго барьж ирээд миний нуруу хавьд 3-4 удаа цохисон, би тухайн үед зузаан хувцастай байсан учраас ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тэр подвалд  сул 2-3 метр хэрийн урттай турба байсан, тэр турбаг Ганзориг аваад миний духр уу цохисон. Тухайн үед миний биед хутга байсан учраас би хутгаараа Ганзоригын бөгсөнд нь нэг удаа, гуянд нь нэг удаа ямар ч байсан хутгалсан бусдыг нь сайн санахгүй байна. Ганзоригыг миний араас хөөх байх гэж бодоод хувцасыг нь хутгаар зүсэж бүх хувцасыг тайлаад, Ганзоригыг байрны подвалд хаяад зугтсан. Би зугтаж гадуур алхаж яваад өглөө болгосон, ер нь Ганзоригыг хутгалаад гараад явж байхад үүр цайж өглөө болж байсан, хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна. ...Намайг Д.Ганзоригыг хутгалж муудах үед бид хоёртой ямар ч хүн хамт байгаагүй, зөвхөн Д.Ганзориг бид хоёр хамт байсан. ...Би тухайн үед Ганзоригоос 7000 төгрөг авсан, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг байсан. ... Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Би ямар нэгэн эд зүйл дээрэмдээгүй.

... Харин маргалдаж байхдаа би Ганзоригын хувцасыг нь тайл гэж хэлээд тайлуулсан нь үнэн. Яагаад тайлсан гэхээр араас хөөгөөд гүйгээд ирж магадгүй гэж бодоод тайлсан юм. ...Би тэр хутгыг өөрийнхөө ажил дээрээ хийсэн. ... Ганзоригын зүүн хөлний арын гуя хэсэгт, мөн өгзөг хоёрт нь хутгалж байснаа санаж байна бусдыг нь сайн санахгүй байгаа. Гэдэс хэвлий орчимд хутгалсан бол надтай ноцолдож байхад дүрэгдсэн байх гэж бодож байна. Миний гарнаас хутга салгах гээд нилээн ноцолдсон. Би тэр үед нилээн согтуу байсан зарим зүйлээ орон гаран санаад байгаа юм. …Ганзориг мөн нилээн согтуу байх шиг байсан. ... Авсан гар утсаа надтай хамт ажилладаг байсан Өнөрбаатар гэх найздаа өгсөн одоо Өнөрбаатар хаана байдаг эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна 7 буудлаас хойшоогоо байдаг юм. …Би Ганзоригын биед гэмтэл учруулсандаа гэмшиж харамсаж байна, миний буруу, харин дээрэмдээгүй гэж хэлмээр байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55, 58, 128-129 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч М.Ганзоригийн: “…2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байхад Саппоро дээр явж байгаад 23-24 орчим насны залуутай таарч танилцсан ... Баярдалай манай ээж орцны жижүүр хийдэг юм, тэнд нэг хоосон подвал байдаг тэнд очоод наад архиа уучихъя гээд бид хоёр 21 дүгээр хороолол руу яваад нэг байранд очоод подвалд орж архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад тэр залуу зүгээр сууж байснаа гэнэтхэн тоосго аваад миний толгой руу цохиж унагаад миний толгойн орой хэсэг, өгзөгөнд хутгаар хутгалчихаад чамайг ална өөртөө байгаа бүх мөнгөө гаргаж өг мөн дансандаа байгаа мөнгөө бүгдийг нь гаргаж өг гэж шаардан миний бүх хувцасыг тайлаад зарим хувцасыг хутгаар зүсэж тайлаад намайг бүр нүцгэлсэн. Тэр залуу өөрийнхөө гарт хутгаа юмаар уячихсан байсан. ...Намайг тэр залуу толгой, чихний ар хэсэгт, хэвлий гэдсэнд, хонгонд хутгалж зүсэн нилээд хэдэн удаа хутгалсан тэгж байгаад гараад зугтаад явчихсан, би өөрөө босож явж чадахгүй байсан учраас тэр хавиас мод, турба зэрэг зүйл олж аваад паар нүдэж байтал орцны жижүүр болох эмэгтэй орж ирээд намайг чи юун хүн бэ гээд уурлаад байсан ба тэр үед өөр хүмүүс ч орж ирсэн, тэгээд цагдаа дуудсан. ...Би 15,000 төгрөгөөр 1 шил архи авсан. ...Ямар ч хэрүүл маргаан хийгээгүй. ...Миний өмсөж явсан хувцас болон, халаасанд байсан группын дэвтэр 1 ширхэг, бэлэн 76,000 төгрөг, цахим үнэмлэх 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийг аваад явсан. ...Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл гэвэл алдсан зүйл болон эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.

...Тэр үед Баярдалай миний толгой руу тоосгоор цохиж авсан архины шилээр цохиогүй. Цохиулаад ухаан алдаад арагшаа унаад нэг сэрсэн чинь намайг баахан хутгалчихсан шалдан байсан ба тухайн байрны орцны жижүүр орж ирээд цагдаа дуудахаас өмнө орцны жижүүрээс өөр нэг эмэгтэй хүн орж ирж байсан... Одоо миний санаж байгаагаар эхэндээ бид хоёр нээх айхтар маргаагүй архи ууж байгаад дууссан чинь Баярдалай шууд мөнгөө гарга гэж хэлээд толгойруу цохиж аваад хутга гаргаад байгаа бүх мөнгөө өг гээд хутгалж хувцас зүсэж дарамталж эхэлсэн. Баярдалай гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, миний хувьд маш их гомдолтой байгаа надад эмчилгээний зардал мөнгө гэж юу ч өгөөгүй би өөрөө эмчилгээний зардал мөнгөө гаргаж эмчилгээ хийлгэсэн. Надад 99894678 гэсэн дугаар бүхий, маркийг нь мэдэхгүй байна жижиг гар утас нэг ширхэг миний эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх, эмнэлгийн карт, өмсөж явсан хувцас буюу хар өнгийн, ханцуй нь саарал өнгөтэй өвлийн богино күртик, ноосон цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хаан банкны виза карт, виза картанд мөнгө байгаагүй, бэлнээр 70.000 /далан мянган/ төгрөг тус тус байсан бөгөөд бүгдийг нь дээрэмдэн авч явсан. ... Би дээрх эд зүйлийн мөнгийг болон эмчилгээ хийлгэсэн мөнгийг нийлүүлээд нийтэд нь 1 сая төгрөг нэхэмжилмээр байна. Надад бэлнээр 70.000 төгрөг байсан гэдгийг юугаар гэрчилэх вэ гэхээр өдөр нь би өөрийнхөө халамжийн 126.000 төгрөгийг авсан байсан ба 70.000 төгрөг үлдсэн байсан. Подволд би нэг ухаан ороод сэрэхэд хувцас байхгүй юу ч байгаагүй тэгэхээр эд зүйлийг Баярдалай аваад явсан гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 111 х/

 

Гэрч Д.Гантуяагийн: “…Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 07 цагийн үед миний жижүүр хийж байгаа байрны оршин суугч доор нэг юм цохиод нүдээд байна гэж хэлэхээр нь би яваад ортол подвалд ямар ч хувцасгүй нүцгэн эрэгтэй хүн хоёр хөлөө жийгээд суучихсан гартаа мод барьчихсан дулааны шугам төмөр турба цохиод байж байсан ба тэр хавид нь цус болчихсон харагдсан. Цагдаа нар их хурдан ирчихсэн байсан. Тэр залууг урьд өмнө огт харж байгаагүй, залуу байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 113 х/

 

Гэрч М.Батцэнгэлийн: “...Би дүүгээсээ юу болсон талаар асуухад гадуур явж байгаад нэгдүгээр хороололд нэг танихгүй залуутай таарч танилцсан, гар нь цус болсон байсан бөгөөд би тэр залуутай хамт дэлгүүрээс архи аваад хамт уусан, тэгээд архи ууж байгаад л зодуулж хутгалуулж бэлэн 76,000 төгрөг, бичиг баримт, хувцасаа дээрэмдүүлсэн гэж надад ярисан. М.Ганзориг надад өөр нарийн нэг бүрчлэн юм яриагүй.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

Гэрч А.Өсөрбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчимд дуудлага өгсөнийг хүлээн авч 08 цаг 50 минутын үед тус 5 дугаар 58-н айлын 2 дугаар орцны подволд очиж шалгахад тэнд ямар нэгэн хүн байхгүй хутгалуулсан гэх хүнийг түргэний эмч ирээд аваад явсан гэж тухайн үед байсан хэн билээ нэг хүн мэдүүлж байсан ба подволд үзлэгийг явуулан ажилласан. Үзлэг хийх явцад тухайн подволын газар бетонон шалан дээр хэсэг газар цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан ба цус мэт зүйлээр бохирлогдсон газрын ойр орчимд нь буюу хугарсан хэмжээг нь мэдэхгүй байна нарийхан жижиг хэмжээний 2 ширхэг модны тасархай байсаныг үзлэгийн фото зургаар бэхжүүлэн авсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 х/,

 

            Шинжээчийн дүгнэлт ¹2456

1.Ганзоригийн биед хэвлийн өмнөд ханын хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн шарх, духны баруун тал, дагзны зүүн хуйх, зүүн чихний ар хэсэгт 2 ширхэг, зүүн хонгоны дээд, дунд хэсэгт 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Хэвлийн өмнөд ханын хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн шарх, духны баруун тал, дагзны зүүн хуйх, зүүн чихний ар хэсэгт 2 ширхэг, зүүн хонгоны дээд, дунд хэсэгт 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэвлийн өмнөд ханын хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны баруун тал, дагзны зүүн хуйх, зүүн чихний ар хэсэгт 2 ширхэг, зүүн хонгоны дээд, дунд хэсэгт 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар /хх-ийн 32 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Т.Баярдалай хэрэг хариуцах чадвартай болох нь: Шүүх сэтгэц, эмгэг судлалын 503 тоот:Сэтгэцийн онош: Эрүүл

            1.Т.Баярдалай сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

            3.Т.Баярдалай хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

            4.Т.Баярдалай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.Т.Баярдалай хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтээр нотлогдож байгаа болно.

 

            Т.Баярдалай нь би түүний эд зүйлийг дээрэмдэх зорилго агуулаагүй гэж буй боловч хохирогчийн биед явсан гар утас, бэлэн мөнгө бусад эд зүйлсийг авсан болох нь шүүгдэгч Т.Баярдалайн “... Харин маргалдаж байхдаа би Ганзоригын хувцасыг нь тайл гэж хэлээд тайлуулсан нь үнэн. ...Авсан гар утсаа надтай хамт ажилладаг байсан Өнөрбаатар гэх найздаа өгсөн ...” гэх мэдүүлэг, хохирогчийн “...Миний өмсөж явсан хувцас болон халаасанд байсан группын дэвтэр 1 ширхэг, бэлэн 70,000 төгрөг, цахим үнэмлэх 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад явсан ...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байгаа.

            Хохирогч М.Ганзориг өөрийн биедээ бэлэн 70,000 төгрөгтэй явсан талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв болох нь тухайн өдөр банкаар группийн мөнгө болох 126,000 төгрөг шилжүүлж авсан тухай хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд авагдсан харилцагчийн дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байгаа.

 

Шүүгдэгч Т.Баярдалайд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон байна.

 

Хохирлын талаар: Хэрэгт хохирогчийн дээрэмдүүлсэн гэх эд зүйлсийн үнэлгээг 136,000 төгрөгөөр тогтоосон, бэлнээр 70,000 төгрөг алдсан, мөн хохирогчийн өвчний түүхээр 170,250 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хохирогч М.Ганзориг хохирлын төлбөрт алдсан эд зүйлс болох гар утас, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, мобикомын дугаар сэргээсэн, хар өнгийн саарал ханцуйтай богино өвлийн куртик, цагаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, ХААН банкны виза картны үнэ нийт 136,000 төгрөг, бэлэн 70,000 төгрөг, эмчилгээний зардалд нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжилнэ /хх-ийн 111 х/ гэж мэдүүлсэн, шүүгдэгч Т.Баярдалайгийн зүгээс хохирол төлбөр төлсөн зүйлгүй болно.

Шүүх баримтаар нотлогдож байгаа зардал 136,000 + 70,000 + 170,250=376,253 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, эмчилгээний зардлын бусад нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

 

Т.Баярдалай урьд нь онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дууссаны дараа буюу түүний ялтай байдал дуусаагүй байхад дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох нөхцлийг хангаж байгаа тул шүүхээс түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон болно.

 

Т.Баярдалай согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Т.Баярдалайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасан гэмт хэрэг нь эд хөрөнгө хураах нэмэгдэл ял заавал оногдуулахаар заасан тул түүнд хувьд оногдох эд хөрөнгө байхгүй, өөрийн гэсэн орон гэргүй, тэнэмэл амьдралтай тул Т.Баярдалайгаас бэлнээр 100,000 төгрөг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч Т.Баярдалайгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, 168 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсгийг цагаан өнгийн нарийн уяагаар ороосон 13 см урттай 2 см орчим өргөнтэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг /цэнхэр өнгийн жинсэн яак/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Түмэнбодисын Баярдалайг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Т.Баярдалайгаас 100,000 төгрөг хурааж, 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Т.Баярдалайг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Т.Баярдалайд оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Т.Баярдалайгийн цагдан хоригдсон 168 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Баярдалайгаас 376,253 төгрөг гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 0 тоотод оршин суух Бургасан овогт Магсарсүрэнгийн Ганзориг /РД:ИЦ78020334/‑т олгож, хохирогч бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг дурдсугай.

 

7.Т.Баярдалайгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсгийг цагаан өнгийн нарийн уяагаар ороосон 13 см урттай 2 см орчим өргөнтэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг /цэнхэр өнгийн жинсэн яак/ зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Баярдалайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

                                              ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                          Г.МӨНХЗУЛ