Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/63

 

 

 

 

 

 

 

 

 

О.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч О.Г ,

Хохирогч Ө.Саранцацрал,

            Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.Г-т холбогдох 1834002630151 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч болон шүүгдэгч нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О.Г , Төв аймгийн Баянцагаан суманд 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны мэргэжилтэн мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуягт техникийн хадгалалтын инженер ажилтай, ам бүл-4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутад тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: НЗ,

 

Шүүгдэгч О.Г  нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн Дэнжийн 29-10 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Саранцацралыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архи уулаа гэх шалтгаанаар зодож, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор: 

 Шүүгдэгч О.Г ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Шүүгдэгч О.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г ийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн уранхай цамц, цайвар өнгийн дотоож, хөхөвч, хүний үс мэт зүйл, 7 ширхэг төмөр зүү мэт зүйл зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Г  гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би 2018 оны 04 сарын 27-ны орой хамтран амьдрагч Ө.Саранцацрал гурав, дөрвөн хоног архи уулаа гэж шалтгаанаар түүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс надад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэх ял болгуулахаар хүсэлт гаргаж байна. Би гэм буруугаа ойлгож хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг бүрэн барагдуулсан. Миний бие 2016 оны 04 сард Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт тархины хүнд хагалгаанд орсон болно. Цаашид эмчилгээ хийлгэх тархиныхаа хэсгийг нөхүүлэх шаардлагатай байна. Миний энэ ял даах чадваргүй байдлыг харгалзан үзэж миний ялыг тэнсүүлж өгнө үү. Анхан шатны шүүх хурал дээр айж сандарсандаа өвчин зовлон яриагүй болно. Би зэвсэгт хүчинд 11 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа аль болох амьдрал ахуйгаа дээшлүүлэх, цалин мөнгөө  ар гэр, эхнэр хүүхдүүддээ зориулж ирсэн. Эхнэр Ө.Саранцацрал нь ажилгүй тул бид бүхний амьдрал хүнд байна. Миний хувьд 1500000 төгрөгийн цалингийн зээлтэй байна. Цаашид эхнэр Ө.Саранцацралыг ямар нэгэн байдлаар сэтгэл санааны болон бие махбодийн хохирол, хүчирхийлэл хийхгүй. Дээрх байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тэнсүүлж өгнө  үү.” гэжээ.

Хохирогч Ө.Саранцацрал гаргасан давж заалдах гомдолдоо: “2018 оны 04 сарын 27-ны өдөр Ө.Саранцацрал би найз нартайгаа караоке, бааранд дуулж, пиво ууж согтсон байсан. Баарнаас гэртээ  хүргүүлж ирээд хэвтэж байтал миний хамтран амьдрагч О.Г  орж ирээд хэрүүл маргаан болсон. Миний ууж идсэний буруугаас болж ийм хэрэг болсон учир О.Г ийг уучилж, ял шийтгэлгүй болгож өгнө үү. Мөн О.Г  нь нэг жилийн өмнө тархи толгойны том хагалгаанд орж тархиндаа хүнд гэмтэлтэй байгаа. Би саяхан хоёр уушгандаа хатгаа авч, 2 бөөр өрөвсөлтэй оноштойгоор Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн юм. Ийм учраас О.Г ийн биеийн байдлыг харгалзан үзэж би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй учир ял шийтгэхгүй болгож өгнө үү. Би гомдол, саналгүй болно.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтнаас зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдал л харагддаг. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Шүүх, прокурор энэ хүнд өмнө нь 2 удаа боломж олгож байсан. Тэр үед энэ хүн дүгнэлт хийж байсан бол дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээд шийдвэрлэх боломжтой. Хуульд зааснаар оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ө.Саранцацарал гаргасан тайлбартаа: Би энэ хүнийг батлан даалтаар гаргаж авмаар байна. Эрүүл мэндийн шалтгаанаар гаргаж авмаар байна. Энэ хүн хүүхдээ бодоод цаашид ийм хэрэг үйлдэхгүй байх гэдэгт итгэж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Г  гаргасан тайлбартаа: Оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх О.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            Шүүгдэгч О.Г  нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн Дэнжийн 29-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Саранцацралыг “архи уулаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хохирогч Ө.Саранцацрын өвчний түүхийн хуулбар, эмчилгээний зардлын баримтууд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын хуулбар зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

О.Г-т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

 

Шүүгдэгч О.Г ийн эрүүл мэндтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, өмнө нь хохирогч Ө.Саранцацралын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан тэнсэж өгнө үү гэсэн гомдол, хүсэлтийг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд хохирогч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хохирогч Ө.Саранцацрал, шүүгдэгч О.Г  нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Г ийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай. 

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

              ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ