Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01594

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр          Дугаар 101/ШШ2017/0*94          Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, Энхтайваны өргөн чөлөө, 19, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, Намъянжугийн гудамж, * байр, * тоотод оршин суух, 38 настай, эрэгтэй, Т овогт Э Ц/***********/,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, Намъянжугийн гудамж, * байр, * тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, Т овогт Т А /*********/-д холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүргийн төлбөрт 47 633 090 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Иргэн Э.Ц, Т.А нар нь 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус банктай №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээ, 20* оны 0* сарын 12-ны өдөр №2012/012-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 45 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,4 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн Э.Ц, Т.А нар нь №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн ** тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол /13371/, Намъянжугийн гудамж * байрны * тоот хаягт байрлах, 94,38 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулдаггүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцалж байгаа болно.

2017 оны 0* сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл: 41 069 575 төгрөг

Зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл: 6 531 716 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 17 799 төгрөг

Шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал: 14 000 төгрөг

Нэхэмжлэлийн шаардлага:

  • Зээлдэгч иргэн Э.Ц, Т.А нартай байгуулсан №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж байгаа тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 47 633 090 төгрөг гаргуулах,
  • Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалсан ** тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол /13371/, Намъянжугийн гудамж, * байрны * тоот хаягт байрлах, 94,38 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ц болон Т.А нар нь нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй байна.

 

Хариуцагч Э.Ц шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Э.Ц миний бие 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Х банктай орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 45 000 000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Миний зүгээс 2012 оны 06 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын хүртэлх хугацаанд 3 930 424 төгрөгийг үндсэн зээлд, 26 926 644 төгрөгийг үндсэн зээлийн хүүнд, нийт 30 857 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүгийн графикийг тохиролцож байгуулсан. Гэтэл Монгол улсын эдийн засгийн хямрал, мөн миний бизнест оруулсан хөрөнгө үр ашиггүй болсноос шалтгаалан мөн энэ хугацаанд 26 926 644 төгрөгийг зөвхөн зээлийн хүүнд төлсөн зэрэг шалтгааны улмаас багахан хугацаанд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэж байна. * жилийн хугацаатай гэрээ. Гэтэл би зөвхөн нэг жил ч хүрэхгүй хугацаанд зөрчил гаргасан. Энэ нь ялимгүй зөрчил гэж үзэж байна. Х банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд: Гэрээний үүрэг ялимгүй зөрчигдсөн. Гэрээний хугацаа нь 180 сар буюу 2017 оны 06 дугаар сард дуусах хугацаатай. Зээлийн гэрээний график зөрчигдөж, нэхэмжлэх хугацаа буюу 2016 оны 1* сарын 23-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаа байгаа. Энэ нь Иргэний хуулийн 2* зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заагдсан байгаа. Үүрэг гүйцэтгэх хугацаа болоход банк миний зүгээс төлсөн мөнгийг үндсэн зээлийн өр төлбөрөөс хасалгүй хуримтлагдсан хүүнээс тооцож төлүүлэх нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх байдлаар явах ёстой. Гэтэл банк зөвхөн өөрсдөдөө ашигтай хувилбараар гэрээг тайлбарлаж, зээлийг төлүүлж байгаа нь зээлдэгч миний санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн энэ нь эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа гэж үзэж байна. Энэ нь талуудын эрх тэгш байдлыг зөрчжээ. Хэт нэг талыг бус хэрэглэгчийн талаас тэгш эрхийг хангаж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.Ц нарын шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Э.Ц, Т.А нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 47 633 090 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Т.А хариу тайлбар өгөөгүй, хариуцагч Э.Ц хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК болон хариуцагч нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №2012/012/* тоот Орон сууцны зээлийн гэрээ, 20* оны 0* сарын 12-ны өдөр №ЗНГ-2012/012/А тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ, 20* оны 0* сарын 12-ны өдөр №2012/012-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээний дагуу Э.Ц, Т.А нар нь 45 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүү, сарын 1,4 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаагаар, орон сууц худалдах авах зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээнүүдийн хуулбар, зээл авахаар гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ** дугаар бүхий гэрчилгээний хуулбар зэргээр /х.х-ийн 8-22 дахь талд/ тогтоогдож байна. 

Тус гэрээнүүдэд зээлдэгчээр Э.Ц, хамтран зээлдэгчээр Т.А  гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэлийн 47 633 090 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,

Зохигчдын хооронд байгуулсан мөнгө зээлдүүлэх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлөлт хийх боломжгүй талаарх зээлдэгч Э.Цтэй 2016 оны 12 дугаар сарын *-ны өдрийн уулзалт, ярианы тэмдэглэлийн хуулбар /х.х-ийн 26 дахь талд/, Х банкинд зээлдэгч Э.Цн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /х.хийн 25 дахь талд/, 20* оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /х.х-ийн 24 дэх талд/, Х банкнаас зээлдэгчид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн 5/6379 тоот мэдэгдлийн хуулбар /х.х-ийн 23 дахь талд/ зэрэг баримтаар тогтоогдох ба гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар хариуцагч маргаагүй байна.

Хариуцагч Э.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа гэрээ байгуулагдсан болон гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй боловч урт хугацаатай гэрээний үүргийг тодорхой хугацаанд зөрчих нь ялимгүй зөрчилд тооцогдоно, энэ нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж маргаж байна.

Зээлдэгч нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүйгээс хойш тус зөрчил шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 0* сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилж дахин давтагдаж байх тул “ялимгүй зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Талууд байгуулсан гэрээний 9.2.2-т, “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн бол” зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ гэж зохицуулжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах үндэслэл, журмыг гэрээний талууд гэрээндээ харилцан тохиролцож тусгасан нь хуульд заасан гэрээний чөлөөт байдалд нийцнэ гэж үзэв.

Иймд зээлдэгчийг төлбөрөө хугацаанд нь гүйцэтгэх үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч талаас гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардаж байгаа нь хуульд нийцнэ гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын хувьд нэхэмжлэлд тусгаснаар, 47 633 090 төгрөгийг гаргуулна гээд үүнд, үндсэн зээлийн үлдэгдэлд 41 069 575 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 6 531 716 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 17 799 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд 14 000 төгрөг гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн тайлбараар зээлдүүлэгчийн төлсөн төлбөрийн тооцооллын дагуу үндсэн зээлд болон төлбөрт төлсөн үнийн дүнд зөрүү байхгүй байх боловч хариуцагч төлсөн төлбөрөө Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар буюу төлбөрийг эхлээд үндсэн үүргээс, дараа нь хүүг төлүүлэх зохицуулалтын дагуу тооцох ёстой гэж маргаж байна.

Иргэний хуулийн заалт бүр өөрийн гэсэн зорилготой бөгөөд түүнийг хэрэглэх тодорхой нөхцөл бүрдсэн байх хууль хэрэглээний онцлогтой байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг нь “гэрээнд өөрөөр заагаагүй бол” гэсэн урьдчилсан нөхцөлгүй тул шууд хуульд зааснаар ойлгож хэрэглэх агуулгатай ч тус заалтын зорилго нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх дарааллыг тогтоох зорилгогүй гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох зорилготой байна.

Гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг болон тухайн үүргийг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээх үүргийг ялган тодорхойлох, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийн дараалал болон тухайн үүрэгт төлбөр төлөх дарааллыг ялган тодорхойлж тус заалтыг зорилгынх нь дагуу хэрэглэх шаардлагатай.

 Иймд талуудын байгуулсан гэрээний 5.4-т зааснаар эхний ээлжид хүүгийн төлөлт, дараа нь үндсэн зээлийн төлөлтөөс тооцохоор тохиролцсоныг хууль зөрчсөн тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч талаас гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр, хүүний төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний заасан үндэслэл, тооцооллоор шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 47 619 090 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар шүүхээр нэхэмжилсэнтэй холбоотой зардалд 14 000 төгрөг гаргуулна гэсэн нь талуудын байгуулсан гэрээний 8.4 дэх хэсгээр зохицуулагдсан байх бөгөөд гэрээний энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх бөгөөд баримтаар /х.х-ийн 27 дахь талд/ тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 47 633 090 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд тус шаардлагыг хариуцагч Э.Ц болон Т.А нар нь Иргэний мөн хуулийн 451.1 дэх хэсэг зааснаар зээлдэгчийн хувиар буюу мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар тус тус хариуцах үндэслэлтэй байна.

Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд болох Т.А нь  нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

            Талууд зээлийн гэрээ байгуулах үедээ барьцааны зүйлээр Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, 170Е байр, * орц, 5 давхар, * тоотод байрлах 94,38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг /гэрчилгээ гараагүй үед нь/ барьцаалахаар тусгасан байна. /х.х-ийн 8 дахь талд/

            Тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ** дугаартайгаар Т.А, Э.Ц нарын нэр дээр олгогдсоноор талууд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр 20* оны 0* сарын 12-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан гэрчилгээнд тусгагдсан хаягаар /Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол /13371/, Намъяанжугийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 94,38 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/ нь нэмж тусгасан байна. /х.х-ийн 12 дахь талд/

Тус нэмэлт гэрээтэй хамтатган 20* оны 0* сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцаа хөрөнгийг тус гэрээнд тусгажээ. /х.х-ийн 13 дахь талд/

20* оны 0* сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний нэмэлт гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлагыг хангасан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн *6 дугаар зүйлийн *6.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу Х банк шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4* зүйлийн 41.1-д, “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.”, түүнчлэн 41.2-т, “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.” гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгч талуудаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* дугаар зүйлийн 1*.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4* зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ц, Т.А нараас зээлийн гэрээний төлбөрт 47 633 090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ** тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол /13371/, Намъяанжугийн гудамж, * байр, * тоот хаяг байршилтай 94,38 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 1* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Ц, Т.А нараас 396 1* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН