Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2068

 

 ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01594 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн, хариуцагч Э.Ц, Т.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн төлбөрт 47 633 090 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагч Т.Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Э.Цогт-Ирээдүй, Т.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ц, Т.А нар нь 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус банктай 2012/012/ОСЗГ тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2012/012-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 45 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1.4 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлсэн.

 

Хариуцагч Э.Ц, Т.А нар нь 2012/012/ОСЗГ тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өөрсдийн өмчлөлийн 000299965 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204058020 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжүгийн гудамж, 75 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

 

Зээлдэгч нар нь 2012/012/ОСЗГ тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчсөөр ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул 2012/012/ОСЗГ тоот Орон сууцны зээлийн гэрээний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 41 069 575 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 6 531 716 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 17 799 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 14 000 төгрөг, нийт 47 633 090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Мөн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2012/012/ОСЗГ тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалсан 000299965 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204058020 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намъянжүгийн гудамж, 75 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Цогт-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 6 сараас 2016 оны 3 сар хүртэлх хугацаанд 3 930 424 төгрөгийг үндсэн зээлд, 26 926 644 төгрөгийг үндсэн зээлийн хүүд, нийт 30 857 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүгийн графикийг тохиролцож байгуулсан. Гэтэл Монгол улсын эдийн засгийн хямрал, мөн миний бизнест оруулсан хөрөнгө үр ашиггүй болсноос шалтгаалан, мөн энэ хугацаанд 26 926 644 төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлсөн зэрэг шалтгааны улмаас багахан хугацаанд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн. Би зөвхөн нэг жил ч хүрэхгүй хугацаанд зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний график зөрчигдөж, нэхэмжлэх хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаа байна. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заагдсан. Үүрэг гүйцэтгэх хугацаа болоход банк миний зүгээс төлсөн мөнгийг үндсэн зээлийн өр төлбөрөөс хасалгүй хуримтлагдсан хүүнээс тооцож төлүүлэх нь хууль зөрчсөн.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх байдлаар явах ёстой. Харин банк зөвхөн өөрсдөдөө ашигтай хувилбараар гэрээг тайлбарлаж, зээлийг төлүүлж байгаа нь зээлдэгч миний санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байна, талуудын эрх тэгш байдлыг зөрчсөн. Шүүх хэт нэг талыг бус, хэрэглэгчийн талаас тэгш эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Э.Ц, Т.А нараас зээлийн гэрээний төлбөрт 47 633 090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 000299965 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204058020 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намъяанжүгийн гудамж, 75 дугаар байр, 15 тоот хаягт байршилтай 94.38 м.кв талбайтай, 3 өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Ц, Т.А нараас 396 115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2012 оны 6 сараас 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 3 930 424 төгрөг, зээлийн хүүд 26 926 644 төгрөг, нийт 30 857 068 төгрөгийг төлсөн. Тухайн үед зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүгийн графикийг харилцан тохиролцож байгуулсан. Гэхдээ эдийн засгийн хямрал, бизнест оруулсан хөрөнгө үр ашиг муутай болж, бид мөн ажилгүй болсон. Ингээд гэр бүл орлогогүй болж, 1 жилийн турш үлдсэн бүх нөөц бололцоогоо шавхаж, төлөлтөө хийж байсан ба энэ хугацаанд нийт 26 000 000 гаруй төгрөгийг зөвхөн хүүнд төлсөн зэрэг нь зээлийн гэрээний график зөрчигдөх шалтгаан болсон.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсгийг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн үүрэг гүйцэтгэх хугацаа болох үед банк миний зүгээс төлсөн мөнгийг үндсэн зээлийн өр, төлбөрөөс хасалгүй, хуримтлагдсан хүүнээс тооцож төлүүлсэн нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу эхний ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллаар явах ёстой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуулийн дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Э.Ц, Т.А нараас зээлийн гэрээний үүрэгт 47 633 090.25 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Цогт-Ирээдүй эс зөвшөөрч маргасан байна.

Хамтран хариуцагч Т.Амгалангийн хувьд нэхэмжлэлийг гардан авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтыг няцаагаагүй гэж үзнэ.

Талууд 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2012/012/ОСЗГ тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 45 000 000 төгрөгийг 15 жилийн хугацаагаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 75 дугаар байрны 15 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204058020 дугаарт бүртгэлтэй, 94.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаангүй байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан дээрх зээлийн болон ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-8-21 дүгээр тал/

Дээрх зээлийн гэрээний дагуу авсан зээлээс төлсөн дүнгийн хэмжээ, мөн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болохоо хариуцагч тал зөвшөөрдөг боловч зээлийн төлбөрийг хуульд заасан дараалал зөрчин суутгасан, үүргийг ялимгүй зөрчсөн байхад гэрээг цуцалсан гэж марган, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хоорондын зээлийн гэрээний 9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байх /хх-9 дүгээр тал/ бөгөөд хариуцагч нар 8 сарын хугацаанд гэрээний үүргээ зөрчсөн гэх үйл баримтыг няцаагаагүй, энэ талаар талууд маргаагүй байна. Иймд хариуцагч буюу зээлдэгч нарыг гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх Иргэний хуулийн 255 дугаар зүйийн 255.1.4-т заасан үндэслэл байхгүй байна.

Иймээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэх ба нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчлийг арилгуулах талаар нэмэлт хугацаа олгосон байх тул гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Мөн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардсан талаар зохицуулсан хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоож өгсөн бөгөөд мөн зүйлийн 216.4-т заасан журам нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд хамаарах зохицуулалт юм.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 5.2 дахь заалтаар зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх сарын бүрийн төлбөрийн хуваарийг хавсралт-1-ээр баталж, уг хуваариар үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа, хэмжээний талаар тохиролцсон байна. Худалдаа хөгжлийн банк ХХК уг хуваарийн дагуу зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтөөс гэрээний хугацаанд төлбөл зохих үндсэн хүү, үндсэн зээл гэх дарааллаар суутган авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын, зээлд төлсөн 30 857 000 төгрөгөөс зээлийн хүүд 26 926 644 төгрөгийг суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01594 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Амгалангаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 313 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                              Ч.ЦЭНД