Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 25

 

 

П.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай                        

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 505 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт оршин  суух, Зуутраг овогт Пүрэвжавын Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, Борлууд овогт Жигдэнгийн Содномд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Гэрэлмаа, хариуцагч Ж.Содном, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2009 онд Ж.Содномтой гэр бүл болж 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Урангоо, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин С.Номин-Эрдэнэ, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин С.Хишигзаяа нарыг төрүүлсэн. Бид хамт амьдраад 7 жил болж байна. Гэр бүл болсны дараа бид аймгийн төвд амьдарч байгаад удалгүй хөдөө буюу Улаан давааны цаана хадмын гадаа бууснаас хойш өдөр бүр янз бүрийн хэрүүл маргаан гарч гэдсэнд олдсон анхныхаа хүүхдийг 5 сартайд нь цочрон давчидсаны улмаас дутуу гаргасан. Би 2 дахь охин төрүүлээд 3 сартай болж байтал хэрүүл гаргаж цэргийн израйль хар гутлаар миний өвдөг рүү ээлжлэн 7 хоног хэвтэрт ортол цохисон бөгөөд салах гэхээр амиа хорлох гэж оролдоод уксус ууж эмнэлэгт очиж байсан. Данснаас нь 400.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ тэр мөнгө бид хоёрын дундын хөрөнгө юм. Бага охин маань 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Одоо Ж.Содномтой эргээд хамт амьдарна гэхээр сэтгэл санаа нийлэхгүй, байнга хэрүүл зодоон, дарамттай, айдастай байгаа учраас цаашид Ж.Содномтой хамт амьдрах боломжгүй байгаа тул салахаар шийдсэн. Бид хоёр 2016 оны 9 дүгээр сарын 07-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Би ахынхаа хашаанд гэр бариад 2 хүүхэдтэйгээ амьдарч байна, хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлж чадна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх миний асрамжид үлдээж, эцэг Ж.Содномоос хүүхдүүдэд маань тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй ” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Борлууд овогт Жигдэнгийн Содном би 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. 2009 онд П.Гэрэлмаатай гэр бүл болж 3 хүүхэдтэй болон амьдарч байгаад сүүлийн 2 жил буюу 2015 оноос эхлэн тусдаа амьдрах болж намайг янз бүрээр гүтгэх, доромжлох болсон. 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр надад чацарганы шүүс гээд гашуун зүйл болон өөр нэг ус шиг зүйл өгсөн ба би уугаад удалгүй ухаан алдаж эмнэлэгт очсон байсан. Тухайн үед манай гэр юунаас болж шатсаныг би мэдэхгүй бөгөөд эхнэр хэнтэй яаж унтраасныг мэдэхгүй. Аав маань цагдаа авч ирсэн, ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй, гэр шатахад манай ах дүү нарын хүмүүст мэдэгдээгүй хүүхдийг маань өөрийнхөө ахынд хүргэсэн байсан. Ингээд бодохоор гэр шатсантай холбоотой гэж үзэж байна. Цаашид би П.Гэрэлмаагаас салахдаа 2 хүүхдээ өгөхгүй. Би П.Гэрэлмаад хань болж чадахгүй ч гэсэн хүүхдүүддээ эцэг байж чадна. Иймд хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж өгөхийг хүсье. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Борлууд овогт Жигдэнгийн Содном, Зуутраг овогт Пүрэвжавын Гэрэлмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Урангоо, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин С.Номин-Эрдэнэ нарыг эх П.Гэрэлмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар охин С.Урангоо, С.Номин-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ж.Содномоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 126.762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Содномоос 126.762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Гэрэлмаад олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний үйлчлүүлэгч  Ж.Содномын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх нь зөрчигдсөн. Учир нь  Ж.Содном нь бичиг үсэг мэддэггүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр хангах ёстой байсан. Ж.Содном тухайн үед нэхэмжлэлийн хувийг хүлээн  авч  танилцах, хариу тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, нотлох  баримт цуглуулах, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан гэж үзэх ямар ч боломжгүй. П.Гэрэлмаа, Ж.Содном нар нь 8 жил хамт амьдарсан ба  3 хүүхэд төрүүлсэн өнөр өтгөн гэр бүлийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлиийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4 дэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжтой байна. Хариуцагч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.4 дэх заалтыг зөрчөөгүй бөгөөд  2 хүүхдийнхээ эрх ашгийг бодож гэр бүлтэйгээ хамт  амьдарна гэсэн  тайлбар өгсөн ба харин  эхнэр нь янз бүрийн  ааш зан гаргаад байхаар нь нэг удаа амиа хорлоно гэж айлгасан бөгөөд энэ нь байнга давтагдсан зүйл биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин  хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулжээ.

Гэрлэгчид 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж /хх 8 дугаар хуудас/  2011 оны 09 дүгээр сарын 11-нд охин С.Урангоог, 2013 оны 02 дугаар сарын 01-нд охин С.Номин-Эрдэнийг, 2016 оны 05 дугаар сарын 31-нд охин С.Хишигзаяа нарыг төрүүлж /хх 9-11 дүгээр тал/ хамтран амьдрах явцад охин С.Хишигзаяа 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас баржээ.

Гэрлэгчдийн хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас тусдаа амьдарч байгаа ба эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор /хх 12 дугаар хуудас/ 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  П.Гэрэлмаа гэрлэлт цуцлуулж, охин С.Урангоо, С.Номин-Эрдэнэ нарыг асрамжиндаа үлдээж, эцэг Ж.Содномоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл /хх 1-3 дугаар тал / гаргажээ.

Хариуцагч Ж.Содном хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “цаашид би энэ хүнээс салахдаа 2 охиноо өгөхгүй надад 2 хүүхдийг маань үлдээж өгнө үү. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа.” гэсэн тайлбарыг шүүхэд / хх 24-25 дугаар тал/ болон шүүх хуралдаанд / хх 40-41 дүгээр тал/ гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжийг эх П.Гэрэлмаад үлдээж, тэтгэлгийг эцэг Ж.Содномоор гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар охин С.Урангоо, С.Номин-Эрдэнэ нар 7 нас хүрээгүй тул тэдгээрийн санал авч эцэг Ж.Содномын асрамжинд үлдээх хуульзүйн үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн “гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч Ж.Содном шүүхээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирж /хх 16 дугаар тал / 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авч /хх 17, 20-21 дугаар хуудас/ шүүхэд тайлбар гаргаж, /хх 24-25 дугаар хуудас/ шүүх хуралдаанд оролцон  мэтгэлцсэн /хх 36,39-44 тал/ байх  ба түүний эцэг байх эрхийн хуульзүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлан шүүхээс зохигчдыг хуулинд заагдсан эвлэрүүлэх арга хэмжээ авагдсаны дараа гэрлэлтийг цуцалсан нь  хариуцагчийн хуулинд заасан эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 126.762 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 126.762 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                                   

ШҮҮГЧИД                                                                   Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН