Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/01852

 

2017 оны 05 сарын 29 өдөр          Дугаар 101/ШШ2017/01852           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * хороо, * хороолол, * гудамж, * байр, * тоотод оршин суух, 56 настай, эрэгтэй, Ч овогт Т Б /***********/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө * байр, * тоотод үйл ажиллагаа явуулдаг О Төрийн өмчит хувьЦаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Их тойруу ****** байрлах Т газарт холбогдох,

            Урьд эрхэлж байсан ажлын цалин хөлстэй дүйцэхүйц өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Т.Б би О ТӨХК-ний /хуучнаар/ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор нэг жилийн  хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилд томилогдсон. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн * тоот Засгийн газрын тогтоол гарч Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбоотой О ТӨХК-ний удирдлага Сангийн яамны харьяа Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газарт шилжиж шинээр орон тоо бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Сүүлд сангийн яаманд харьяалагдахаа больж дахин өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн яамны харьяа Бодлого зохицуулалтын газарт О ТӨХК-ний удирдлага бүтэц одоогийн байдлаар шилжин ирсэн байгаа юм.

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №102 тоот Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн * дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ш.Б нь О ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн шинээр сонгогдож, зөвлөл байгуулагдаж хуралдаагүй тухайн асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байхад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж гэрээний хугацаа дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэргүйгээр намайг ажилгүй болгож хохироосонд гомдолтой байна.

Миний зүгээс хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь 2015 оны 0* сарын 09-ний өдөр байгуулагдсан Гүйцэтгэх захирлыг хөлсөөр ажиллуулах тухай гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохирч байгуулсан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээ байх тул хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасны дагуу намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаагүй атлаа эрхэлж буй ажлыг булаан авсан ажиллагааг хийсэн. Мөн намайг ямар үндэслэлээр ажлаас халсан, халсан тушаалыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан, хандсан боловч Удирдах зөвлөл байгуулагдаагүй учир шийдэх боломжгүй гэх үндэслэлээр одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй. Сураг сонсох нээ Төлөөлөн удирдах зөвлөл саяхан шинээр байгуулагдсан ба миний бие энэхүү асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байсан бөгөөд О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл шинээр байгуулагдсаны дараа нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Иймд намайг О ТӨХК-ийн ТУЗ-ийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Б би Т газар, О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн Олын гүйцэтгэх захирлын ажлаас намайг чөлөөлсөн албан ёсны шийдвэр гаргахгүй байгаа шалтгааныг тогтоолгох гэсэн шаардлага нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Олын Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн О ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 2/1 тоот тогтоолоор хангагдсан тул нэхэмжлэлээсээ энэ шаардлагыг хасуулж одоо нэхэмжлэлээ дараах байдлаар гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Б би О ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 0* сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолоор тус сувиллын Гүйцэтгэх захирлаар томилогдон сарын 1 324 800 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 17-нд шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоосон ажилтанд уг албан тушаалын ажлаа хүлээлгэн өгөхөд миний хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажил өгөөгүй, миний авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор өгөхгүй байлгасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Энэ хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 28-нд О ТӨХК-ийн ТУЗ-ийн хурал 02/01 тогтоол гаргаж намайг Олын Гүйцэтгэх захирлын ажлаас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөв.

Ийнхүү эрхэлсэн ажилгүй, цалин хөлсгүй хохирсоор байгаа тул намайг урьд ажиллаж байсан ажлын цалин хөлсөнд дүйцэхүйц ажилд эргүүлэн томилуулж 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.Бг О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 0* сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлаар томилсон.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлдөг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төрийн өмчийн хороо болон Т газрын ямар шийдвэрээр хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай дурдаагүй бөгөөд юу ч шаардаагүй байна.

Иймд Т газрын шийдвэрээр Т.Бг ажлаас чөлөөлөөгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  

Т газар болон О ТӨХК-ийн ТУЗ-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг өгч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Т газрын ямар шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай дурдаагүй бөгөөд Т газраас юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд Т газрыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 0* сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

О ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2015 оны 0* сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Т.Бг Гүйцэтгэх захирлаар томилсон юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/0762* шийдвэрээр О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 0* сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хууль бусад тооцож, О.Сэмэрийг өмнө эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилж, О.Сэмэрт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 337 216 төгрөгийг О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан олгож ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан юм.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 102/ШЗ2016/04219 дүгээр захирамж гарсан юм.

Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны * дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ш.Б нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулж, О ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг Т.Бгаас О.Сэмэрт хүлээлцүүлсэн.

Энэ хугацаанд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүйгээс болж, Т.Бг ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэрийг гаргаагүй. Учир нь Төрийн өмчийн хороо татан буугдаж, чиг үүрэг нь Сангийн яаманд, Сангийн яамнаас Т газарт шилжих үйл ажиллагаа явагдаж, эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа жигдрээгүйгээс болж Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох, удирдамж чиглэл өгөх зэрэг ажлууд удаашралтай явагдсан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар хуульчилсан.

Т.Б нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар О ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлаа О.Сэмэрт хүлээлгэн өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй тул 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан.

Мөн Т.Бгийн хүсэлтийн дагуу 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 6 624 000 төгрөгийг О ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 0* сарын 05-ны өдрийн * дугаар тушаалаар олгосон болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газар болон О ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын цалинд дүйцэхүйц өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Т газар хариуцагч биш гэж, хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэлийг шүүхэд гаргах үед ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шийдвэр гарснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх тул тухайн нэхэмжлэлд хамаарах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр үндэслэлийг тодорхойлъё.

Өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын цалинд дүйцэхүйц өөр ажилд томилуулах шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч Т.Б нь О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй О ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан 2015 оны 0* сарын 09-ний өдрөөс Олын Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 762* шийдвэр, тус шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04219 дугаар бүхий захирамж, 548 дугаар бүхий гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Гүйцэтгэх захирлын ажлаа О.Сэмэрт хүлээлгэн өгсөн, О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/01 дугаар бүхий тогтоолоор 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Т.Бг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргасан болох нь хавтаст хэргийн 4-8 дахь талд авагдсан хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, 143 дахь талд авагдсан Гүйцэтгэх захирлыг ажилд томилох тухай 2015 оны 0* сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын хуулбар, хавтаст хэргийн 111-131 дэх талд авагдсан шүүхийн шийдвэр, захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл, баримтууд мөн хавтаст хэргийн 142 дахь талд авагдсан О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсөн О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/01 дугаар бүхий тогтоолын хувьд маргаагүй бөгөөд өөр ажилд томилоогүй талаар дурдан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Т.Б болон О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан боловч тус гэрээгээр тодорхойлогдож байгаа ажил, албан тушаал нь байнгын ажлын байранд хамаарах талаар зохигчид маргаагүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2 дахь заалт, 6.3 дахь заалтын дагуу тус гэрээгээр ажиллагч ажиллуулагчийн эрх, үүргийг зохицуулах агуулга байх хэдий ч Гүйцэтгэх захирлын хөдөлмөрлөх эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаар хамгаалах үндсэн зохицуулалт байгааг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт, Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө. гэж зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалтаар нэг талаас тухайн ажил, албан тушаалд сүүлд томилогдсон ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, нөгөө талаас тухайн ажилтантай хөдөлмөрийн харилцааг шинээр үүсгэх талаар ажил олгогчийн хүлээх үүргүүдийг зохицуулах зорилготой байна.

Хуулийн тухайн заалтын урьдчилсан нөхцөл хангагдсан байх тул Т.Бг ажлаас чөлөөлж, гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Харин тус заалтын дагуу хөдөлмөрлөх харилцааг шинээр үүсгэх буюу өөр ажил олж өгөх үүргээ ажил олгогч тал биелүүлээгүйгээс ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна.

Дурдсан агуулгаар ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус талаар маргаагүй, харин өөр ажилд томилох үүргээ биелүүлээгүй тул тус үүргийг биелүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан нь хуулийн зорилго, зохицуулалтад нийцэж байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн зохицуулалтаар өөр ажил олж өгөх нь ажил олгогчийн үүрэг боловч бололцооны дагуу гэсэн нь санал болгож байгаа өөр ажил нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай аль болохоор дүйх, гэхдээ энэ нь боломжгүй бол /объектив нөхцөл байдалд/ хамгийн боломжтой ажил олж өгөх үүргээр хязгаарлагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч энэ талаар гаргасан шаардлагадаа, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалын цалинтай дүйцэхүйц өөр ажилд эгүүлэн тогтоолгоно гэсэн нь өмнө эрхэлж байсан албан тушаалын хувьд бүрэн агуулгаар хангагдах боломжгүй байж мэдэх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар өөр ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр хууль зөрчсөн гэж үзэн өөр ажилд авахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эс үйлдэхүйтэй холбоотой байх тул шаардлагын энэ хэсгийг хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцагч Т газарт холбогдуулан гаргасан үндэслэл, шаардлага тодорхой бус, нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар өөр ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хариуцагч Т газарт хамааралгүй байх тул тухайн хариуцагчид холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч тус шаардлагаар ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалингийн хэмжээтэй тэнцэх олговор гаргуулна гэжээ.

Ажил олгогч буюу О ТӨХК-ийн  хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар өөр ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр ажилтны буюу нэхэмжлэгч Т.Бгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн.

Энэ агуулгаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагаас ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээгээр ажилтныг хохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт, Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж зохицуулсан нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтанд хамааралтай зохицуулалт юм.

Хэдий тийм боловч тухайн заалтад тодорхойлсон журмаар буюу өмнө авч байсан цалингийн дунджаар тооцон хөлс олгохыг хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөнөөс /өөр ажилд томилох/ үүссэн ажилтны зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Т.Бгийн өмнө авч байсан цалин болох 1 324 800 төгрөгийн /х.х-ийн 6 дахь талд, 98 дахь талд/ дунджаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхээс шийдвэр гарах өдөр хүртэлх буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцон /15 сар, ажлын бодит 8 хоног/ 20 225 280 төгрөг гэж тооцоолов.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан 5 сарын цалинтай тэнцэх 6 624 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Бд шилжүүлсэн гэж тайлбарлах бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал тодорхой тайлбар, баримтаар няцаалт хийгээгүй байна. Иймд тухайн төлбөрийн зорилго нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээр зөрчигдсөн эрхийг сэргээх адил зорилготой гэж үзэн тооцоолсон төлбөр буюу 20 225 280 төгрөгөөс хасч тооцохоор шийдвэрлэв.

Дурдсан агуулгаар хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 13 601 280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн тухайн шаардлага нь хариуцагч Оал ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хөдөлмөрийн хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотойгоор хангагдаж байх тул  хариуцагч Т газарт холбогдох үндэслэл, шаардлага хууль зүйн болон бодит үндэслэлээр тогтоогдохгүй байна гэж үзэв.     

Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагын хувьд,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт, Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах нийгмийн баталгааны нэг төрлийг хуульчилсан бөгөөд хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөд тухайн баталгаагаар хангагдах эрх зөрчигдөх үндэслэл болдог хууль зүйн үр дагавартай байна.

Иймд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбогдуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүднээс хуульд зааснаар ажил олгогчийн хүлээх үүргийг хангуулахаар шаардлага гаргах эрх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3т зааснаар хуульд зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хамгаалалтын аргад нийцэж байна гэж үзэв.     

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан шийдвэрлэх үндэслэлтэй, хариуцагч Т газарт хамааралгүй тул түүнд холбогдуулан шийдвэрлэхгүйг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан байдлаар хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд холбогдуулан шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэл нь талууд хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцааны маргаан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хувьд хариуцагч Т газарт хамааралгүйг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр буюу нэхэмжлэлийн эхний шаардлагыг өмнөх ажил албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний цалинтай ажилд томилуулах шаардлагыг хуульд нийцүүлэн өөр ажилд авахыг даалгах байдлаар, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлагаас тодорхой үнийн дүнг хасч тооцсон, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Т газарт аль алинд холбогдуулснаас хариуцагч Т газарт холбогдуулсныг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 1* зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Бг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалаас өөр ажилд томилохыг хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 13 601 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 225 956 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН